Өмнөтгөл:
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, хүний эрх гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг багтаасан билээ.
Business.mn эдгээр төслийн тухай цувралаар тоймлон хүргэж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС: Эрчим хүчний тусгаар тогтнолд нэг алхам
Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) хамгийн анхны урьдчилсан судалгааг хийж байжээ. Гэхдээ үүнээс 40 гаруй жилийн дараа буюу 2008 онд MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд анхны ТЭЗҮ-г боловсруулж байв. Улмаар 2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр боловсруулж, 2015 онд төслийн нэгж байгуулагдсан.
Харин 2018 онд Засгийн газрын тогтоол гарч Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр (288.5 сая ам.доллар) барихаар шийдэж байв. Үүнээс хойш уг төсөл дээр хоёр улсын компаниуд хамтран ажиллаж, ТЭЗҮ-г баталж, 2021 онд төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдсэн юм.
Төслийн эдийн засгийн ач холбогдол
Эрчим хүчний хараат байдлаас гарах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг гүйцэхийн тулд шинэ эх үүсвэрүүд барих нь манай улсын хувьд онц чухал юм. Нийтдээ манай улс жилд 400 гаруй тэрбум төгрөгийг импортын эрчим хүчинд зарцуулж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС нь 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, Ховд голд түшиглэн баригдана. Тус УЦС нь нийт 400 гаруй хүн ам оршин суудаг, таван аймаг, 91 сумыг хамарсан баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, тус бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах зорилготой, стратегийн ач холбогдолтой төсөл юм. Уг төсөл 2030 онд бүрэн ашиглалтад орж, ингэснээр баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ хэмээн тооцоолж байна.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь УЦС бөгөөд дэлхий нийтэд энэ төрлийг илүүд үздэг. Нар, салхины цахилгаан станцууд нь байгаль, цаг уураас хамааралтай ажилладаг, эрчим хүчний үйлдвэрлэлийг тохируулах боломжгүй байдаг бол усан цахилгаан станц нь усны нөөц бүрдүүлэн хэрэгцээтэй үедээ шаардлагатай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Мөн ашиглалтын хугацаа нь 60-100 жил, ашиглалтын зардал бага гэдгээрээ онцлог. Эрдэнэбүрэнгийн УЦС 19 жилийн дараагаас үр ашгаа өгч эхэлнэ. Одоогоор манайд том чадалтай УЦС байхгүй бөгөөд ашиглалтад орсон арваад станцын хувьд дунд оврын Тайшир, Дөргөний УЦС-аас бусад нь бага чадлынх.
Өнөөгийнн байдлаар баруун таван аймаг эрчим хүчнийхээ 24 хувийг “Дөргөн” УЦС-аас, 74 хувийг ОХУ-аас, хоёр хувийг нь БНХАУ-аас авч, импортын эрчим хүчинд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бүсийн хэрэглээ 35 мВт, хэрэглээ нь жил тутам 8-11 хувиар өсж байгаа бөгөөд ОХУ-аас 1 кВт/цаг эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор 1 кВт эрчим хүчийг 40 орчим төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой болно.
Станцыг барих явцад 1000 орчим түр ажлын байр, барилгын ажлын дараа 60-80 байнгын ажлын байр бий болох юм. Мөн хямд эрчим хүчний эх үүсвэртэй болсноор усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр шинэ бизнесүүд хөгжих орон зай үүсэж, орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлого, амьдралын чанарт эергээр нөлөөлнө. Учир нь баруун бүс хангалттай хөгжиж чаддаггүйн нэг том шалтгаан нь эрчим хүчний хараат, хязгаарлагдмал байдал гэж болно. Ялангуяа хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхайн ордуудыг ашиглахад эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэн чухал.
Байгаль орчин, нийгэмд
Төслийн хүрээнд Ховд гол дээрх боомт, усан сан, усан цахилгаан станц, дэд бүтцийн объектууд (цахилгаан дамжуулах шугам, авто зам, гүүр, ажилчдын хотхон гэх мэт) гэсэн үндсэн бүтээн байгуулалт хийнэ. Төслийн хэрэгцээнд зориулж Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.
Энэхүү станц нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад гэсэн дөрвөн сумын уулзвар дээр баригдаж, нуур үүснэ гэсэн тооцоололтой. Манай улсад 47-240 мм буюу маш бага хур тундас унадаг бол шинээр бий болох усан сангийн усан толионоос үүдэлтэй ууршилт Ховд, Хар ус нуурын сав газарт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, хөрсөнд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Түүнчлэн загас үржүүлэх, усалгаатай газар тариалан хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэх юм байна.
Төсөлтэй холбоотой байгаль орчин, нийгмийн нөлөөллийг тогтоох олон тооны судалгаа хийгдэж, “сөрөг нөлөөгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэвч Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл нь байгаль орчныг сүйтгэнэ хэмээн үзэж буй иргэдэд төслийн ач холбогдлыг ойлгуулах нь уг төслийн нэгэн томоохон сорилт болж байна. Төслийн нөлөөллийн бүсэд оршин амьдардаг 270 өрхийг нүүлгэн шилжүүлэх, 1200 гаруй иргэнд нөхөн олговор олгох, 84 байршлын 206 түүх соёлын дурсгалыг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ 2022 оноос эхэлсэн, одоо хүртэл үргэлжилж байгаа, жил бүрийн төсөвт шаардлагатай санхүүжилтыг суулгасаар яваа.
Гэхдээ уг төсөл хэрэгжих нь цаг хугацааны асуудал болсон, эсэргүүцэж буй иргэд төслийн үр өгөөжийг удахгүй хүлээн зөвшөөрнө гэсэн хүлээлттэй байна. Учир нь энэ төсөл эдийн засгаас гадна манай улсын тулгамдсан асуудлын нэг болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад том нөлөө үзүүлнэ. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавьсан манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдтэй болох нь маш чухал. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сан нь цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, 756 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний 1.3 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулна гэсэн тооцоотой байна.
Эгийн голын УЦС
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд баригдах Эгийн голын УЦС бол үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой төсөл юм. 2024 оны байдлаар төслийн төсөвт өртөг 3.7 их наяд төгрөг байна.
Эгийн голын УЦС баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Мөн оргил ачааллын үед импортыг орлон бүс нутгийн эрчим хүчний хараат байдлыг алга болгоно. Энэ төсөл хэрэгжсэнээр жилд ОХУ-аас 25 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой.
Түүнээс гадна, түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438.7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулхаас гадна 5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана.
Засгийн газраас 1991, 1996, 2007 онд 220 МВт-ын хүчин чадалтай УЦС барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор ирсэн. Тодруулбал, 2006 онд Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан ч улс төрийн шалтгаанаар төслийн ажил зогсонги байдалд оржээ.
Үүний дараа 2013 онд төслийн нэгжийг байгуулж, албан ёсоор ажлаа эхлүүлсэн. Улмаар 2014 онд уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулж байв. 2015 онд энэ төслийг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирч байсан ч ОХУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан.
Өнгөрсөн хугацаанд “Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК” ШУА- тай хамтарч судалгаа хийсэн. Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Түүнчлэн ОХУ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, БОННҮ болон буфер далангийн ТЭЗҮ-г боловсруулна. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал ОХУ-тай нэгдсэн ойлголцолд хүрч, Эгийн голын УЦС-ын санхүүжилтын эх үүсвэр шийдэгдэж, төсөл үргэлжлэх боломж бүрдэх юм.
Тавантолгой ДЦС
Тавантолгой дулааны цахилгаан станц нь Дэлхийн банкнаас тавьсан байгаль орчны шаардлагуудыг хангасан, усны хэрэглээ багатай, химийн хорт хаягдалгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, шинэ техник технологи нэвтрүүлсэн цахилгаан станц байх юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших энэүү ДЦС нь 450 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
Станц ашиглалтад орсноор Оюутолгойн 2,242.5 сая кВт.ц хэрэглээг хангаж, тус компанийн БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлоход зарцуулдаг 110-120 сая ам.долларын валютын урсгалыг зогсооно. Мөн Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой. Түүнээс гадна коксжих нүүрсний олборлолтын үед хаягдаж буй бага илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, барилга угсралтын явцад 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр үүснэ.
Төслийн ажил 2013 онд эхэлсэн ч төлбөрийн баталгаа, үнийн асуудлаас үүдэлтэй 2016 онд зогсонги байдалд орсон. Улмаар 2020 онд төслийн ажлыг эрчимжүүлэхийн тулд “Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК”-ийг байгуулсан. ТЭЗҮ-г мөн оны төгсгөлөөр баталж, 2023 оны хавар шинэчилсэн. Дулааны станц барих болон 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс татахад хэрэгцээтэй газрын асуудлыг шийдсэн. Байгаль орчны үнэлгээ, хэрэглэх усны тооцоог ч хийсэн.
2022 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Гэвч 2021, 2022 онд төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр зарласан ч амжилтгүй болсон. Тиймээс Засгийн газраас төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхлээд 300МВт дээр тендер зарласан. Тендерт “Mitime International” компани, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл хоёроос санал ирж, “Mitime International” шалгарсан.
Гэхдээ “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх шийдвэр гарсан билээ. Гэвч дахин үнэлэх хуулийн хугацаа өнгөрч тендер хүчингүй болсон. Тендер хүчингүй болсонтой холбоотойгоор дээрх түншлэлээс ЭХЯ-ны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тендерийн шүүхийн маргаан үргэлжилж байна. Хэрэг шүүхээр шийдэгдэж, гэрээ байгуулагдвал төслийн дараагийн ажлууд эхлэх хүлээлттэй байна.