Тахлын хэмжээнд хүрээд буй ганцаардал нь АНУ-ын эдийн засагт жил бүр 406 тэрбум долларын хохирол учруулдгийн зэрэгцээ ганцаардлын эсрэг тэмцдэг олон тэрбум доллар эргэлдсэн цоо шинэ салбарыг бий болгов. Хүн хоорондын харилцаа нэн чухал болж байгаа учраас компаниуд төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж буйн дотор хиймэл оюуны чатбот, найз түрээслэх үйлчилгээ зэрэг багтаж байна. Гэхдээ ганцаардлыг бизнес болгож ашиглах ёстой юу?
Ганцаардал нэмэгдэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ? Хүн хоорондын харилцаа нэн чухал болж байгаа энэхүү эрэлт дээр компаниуд хэрхэн “ажиллаж” байна вэ? Нийгмээс тусгаарлагдах үзэгдлээс ашиг олох нь ёс суртахууны хувьд зөв үү? Эдгээр асуултын хариултын талаар судлаачид ямар санал бодолтой байгаатай танилцъя.
Ойлголт
АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь ганцаарддаг гэдгийг харуулсан судалгааг эш татаж, ганцаардал цар тахлын түвшинд хүрсэн хэмээн ерөнхий мэс засалч Вивек Мурти өнгөрсөн жил мэдэгдсэн билээ. Нийгмээс маш олон хүн тусгаарлагдмал, ганцаардмал болж байгаа нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амиа хорлолтын түвшин түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна.
Ганцаардлын цар тахалд дараах хүчин зүйлүүд голлон нөлөөлдөг:
- Ухаалаг утасны хэрэглээ
- Нийгмийн сүлжээний тархалт
- Шашны байгууллага, үйлдвэрчний эвлэл, орон нутгийн клуб зэрэг харилцаа, нөхөрлөл үүсгэдэг уламжлалт институцүүдэд хамрагдах хүний тоо цөөрсөн
- Санхүүгийн хүнд нөхцөл байдал буюу олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах, оролцох хугацаа, мөнгө олон хүнд хүрэлцэхгүй, эсвэл огт байхгүй байна
Хүмүүсийг гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсдаас нь холдуулснаар КОВИД-19 цар тахал дээр дурдсан асуудлуудыг улам ужгируулав.
Ганцаардлыг эдийн засгийн өнцгөөс харвал
Ганцаардлын цар тахал нь АНУ-ын эдийн засагт жил бүр 406 тэрбум долларын хохирол учруулдаг. Зөвхөн ажлын байран дээр гэхэд ганцаардлаас үүдэлтэй бүтээмжийн асуудал болон ажлаас орж, гарах зэргээс шалтгаалж ажил олгогч нар 154 тэрбум долларын хохирлыг жил бүр хүлээж байна. Насанд хүрсэн ажил эрхлэгчдийн бараг 70 хувийг бүрдүүлж буй ганцаардмал ажилтнууд нь стрессээс шалтгаалж илүү олон өдөр чөлөө авдаг аж. Жишээлбэл, тэд ганцаардмал бус ажилтнуудтай харьцуулбал жилд дунджаар таван өдрийн чөлөө илүү авдаг төдийгүй ажлаас гарах магадлал нь хоёр дахин их байдаг.
Ганцаардлыг хэрхэн бизнес болгох вэ
Ганцаардлын цар тахлын талаарх ойлголт нэмэгдэхтэй зэрэгцээд ганцаардлын эдийн засаг хөгжиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүн хоорондын харилцаа тун чухал болж буй эрэлтийг хангах зорилгоор компаниуд төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээ нь тун өргөн юм.
- Дижитал харилцаа: Хүн хоорондын харилцаа улам бүдгэрч байгаа энэ үед болзооны болон найзтай болох апп зэрэг төрөл бүрийн онлайн үйлчилгээ бий болов. Эдгээр нь гишүүнчлэл үүсгэх загвараар ажилладаг бөгөөд хүмүүсийг хооронд нь танилцуулах зорилготой юм.
- Хиймэл оюун болон технологийн инновац: Тухайн хүнд тусгайлан зориулсан ганцаардлын эсрэг технологийг бий болгох төслүүдийг хөрөнгө оруулагч нар санхүүжүүлж байна. Жишээлбэл, олон сая долларын хөрөнгө татан төвлөрүүлж чадсан хиймэл оюуны Meeno чатбот нь хувийн асуудлаа шийдэхэд нь зориулж хүмүүст зөвлөгөө өгдөг. Ганцаардмал өсвөр насныханд зориулагдсан дижитал аватар найз үүсгэдэг Ava зэрэг хиймэл оюун нь цаашид хүмүүсийн харилцааны зуучлагч, дэмжигч байдлаар ажиллах магадлалтай юм.
- Инфлюнсер маркетинг: Дотно нөхөрлөлийг хүсэмжлэх сэтгэл, бусадтай харилцах хүслийг бий болгодог контент хийх нь инфлюнсерүүдийн хувьд орлогын томоохон эх үүсвэр болж эхэлжээ. Хүн хоорондын харилцааны контентыг бүтээгдэхүүний сурталчилгаатай хослуулсан 60 секундын видео хийгээд 70 хүртэлх мянган долларын орлого олдог инфлюнсерүүд ч бий.
- Нөхөрлөлийг бизнес болгох: Ганцаардлыг мөнгө олох арга болгон хувиргах хамгийн шулуухан арга бол найз түрээслэх үйлчилгээ юм. Зарим компани найз түрээслэх, тэврэх үйлчилгээг нэг цагийг нь 40-60 ам.доллароор үнэлэн борлуулж байна.
- Эрүүл мэнд, эрүүл оршихуйн санаачилгууд: Ганцаардлын эдийн засаг нь эрүүл мэндийн салбарт ч нэвтэрч эхэллээ. Жишээлбэл, Pyx Health компани даатгалын гэрээ эзэмшигчдийг ганцаардлын эрсдэлээс хамгаалах үйлчилгээг эхлүүлсэн бол SoulCycle-ийн захирлуудын байгуулсан Peoplehood төсөл нь 7.2 сая долларын хөрөнгө оруулалт татаж, энэхүү хөрөнгөө хүн хоорондын харилцааны ур чадварыг сайжруулах, харилцан яриаг эмчилгээний зорилгоор ашиглах үйлчилгээнд зориулж эхэлсэн байна.
Ганцаардлыг бизнес болгох нь зөв үү
Ганцаардлын эдийн засаг улам хүчээ авч байгаа нь ёс суртахуунтай холбоотой маргааныг эхлүүлэв. Байгаль орчныг болон биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдийн адилаар бизнесүүд нь ганцаардлын эсрэг тэмцэх ёстой гэж зарим хүн үзэж байна. Компаниуд хэрэглэгч нартайгаа өдөр бүр харилцах замаар тэдний хувьд утга учиртай харилцаа үүсгэж, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих ёстой гэж тэд маргадаг юм.
Гэхдээ ганцаардлын уг шалтгааныг шийдвэрлэхийн оронд хувь хүмүүсийн эмзэг сул талыг ашиг олох боломж болгон хувиргаж байна гэдэг шүүмжлэгчид ч бий. Жишээлбэл, Фэйсбүүк нь хэрэглэгчдийнхээ хариу үйлдлийг нэмэгдүүлэхийн тулд өгөгдөлд тулгуурласан, дээд зэргээр хөгжүүлсэн стратеги ашигладаг. Судлаачид энэ мэт тактикийг донтуулах механизмтай адилтгаж, эдгээр арга нь хэрэглэгчийг тухайн платформ дээр аль болох удаан байлгадаг учраас ганцаардал, стрессийг нь улам нэмэгдүүлж байна гэж үздэг. Эдгээр компанийн бизнес загвар нь хэрэглэгчийг тусгаарлах, дижитал бие даасан байдалд оруулахад чиглэдэг бөгөөд оффлайн орчинд хэрэглэгч аз жаргалтай байх нь ашгийн хэмжээнд нь сөргөөр нөлөөлөх учраас тэд үүний эсрэг арга хэмжээ авдаг гэж үзэж болох юм.
Цаашдын төлөв
Ганцаардалд зориулсан стартапуудад хөрөнгө оруулах нь ирээдүйтэй гэж венчюр хөрөнгө оруулалтын компаниуд үзэх болсон ч ганцаардлын эдийн засагтай холбоотой шийдлүүдээс чухам аль нь урт настай вэ гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн ганцаардлыг цар тахлын хэмжээнд хүрэхэд технологийн салбар ямар нөлөө үзүүлсэн болон өөрийн бий болгосон бэрхшээлээ шийдвэрлэх хүсэл зориг байгаа эсэхэд нь олон хүн эргэлзэж байгаа юм.
Ганцаардал үүсэхэд нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн суурь хүчин зүйлүүдийг шийдвэрлэхийн тулд бодлогын арга хэмжээ авах зэргээр нийгмийн илүү өргөн хүрээний өөрчлөлт хийх ёстой гэж экспертүүд дүгнэж байна.