Нийтлэлээс онцлох нь:
- Одоогоор Монгол Улсын банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хэмжээ ердөө 1.4 хувь байна. Үүнийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьж буй манай улсын хувьд, ногоон бонд бол жинхэнэ “шийдэл” юм.
- ХААН Банкны ногоон зээлийн “сан хөмрөг” илүү зузаарч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүд гараанаасаа хөдөлж байна.
- Өгөөж өндөр, татвар бага бондод хөрөнгө оруулахын зэрэгцээ эх дэлхийгээ хайрлах шийдлийг бодит ажил хэрэг болгоно гэдэг юутай таатай.
- Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийд 0.09 хувийг эзэлдэг. Гэвч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байна.
- Ногоон бонд бол хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий “найрсаг” зохицуулалттай өрийн хэрэгсэл. Тэгвэл давуу нөхцөлтэйгээр босгосон хөрөнгө оруулалтаа санаатай, санаандгүй байдлаар урвуугаар ашиглаж болох уу, “ногоон төсөл”-ийн яг ногоон гэдгийг нь хэн батлах вэ?
- Ковид-19 хүн төрөлхтөнд хэцүү сорилтын хамт хэмжээлшгүй ухаарал бэлэглэсэн.
Монголын “тод ногоон” жишээ
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд монгол ногоон бондууд дотоод, гадаадын зах зээлд нэвтэрч, хөрөнгийн зах зээлийн түүхнээ цоо шинэ хуудас эргэв. Тогтвортой, ногоон хөгжилд тэмүүлж буй хүн төрөлхтний оролдлого, зүтгэлд Монголын хөрөнгийн зах зээлийн “томоохон оролцогчид” хүч түрж буй нь олон улсын байгууллагуудын анхаарлыг ч мөн татаж буй.
“Монголын” гэх тодотголтой хамгийн анхны ногоон бондыг 2023 оны хавар ХААН Банк олон улсын зах зээлд гаргасан. Таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг Олон улсын санхүүгийн корпорац зохион байгуулж, 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Нидерландын хөгжлийн банк (FMO) 35 сая ам.доллар, АНУ-д төвтэй “MicroVest” компани 10 сая ам.долларын санхүүжилт олгосон юм.
Одоогоор Монгол Улсын банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хэмжээ ердөө 1.4 хувь байна. Үүнийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьж буй манай улсын хувьд, ногоон бонд бол жинхэнэ “шийдэл” юм. Ялангуяа банкны системийн нийт активын 32 хувийг дангаар бүрдүүлдэг хамгийн том банк ногоон бондоор санхүүжилт татах “замын зураг”-ийг гаргаж, үнэтэй туршлага, жишиг тогтоосон нь олон улсын байгууллагуудаас онц үнэлгээ аваад байна.
Улмаар ХААН Банк ногоон бондын хөтөлбөрөө дотоодын зах зээлд сойж, мөн л “анхдагч” гэх тодотголоор Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдсэн.
Тодруулбал, нээлттэй хувьцаат компани болсон ХААН Банк өнгөрсөн оны 12 дугаар сар болон энэ оны 10 дугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтдээ 30 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт татав. Ингэхдээ нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16 хувийн хүүтэй, 170 мянган ширхэг бондыг 17 тэрбум төгрөгөөр арилжаалсан бол удаах ээлжинд 250 мянган ширхэг бондыг 25 мянган ам.доллароор арилжиж, арилжаа амжилттай хаагдсан.
Энэ хэрээр ХААН Банкны ногоон зээлийн “сан хөмрөг” илүү зузаарч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүд гараанаасаа хөдөлж байна. ХААН Банк ногоон зээлийнхээ тодорхой хувийг эрчим хүчний төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байгаа. Монгол Улсын хувьд, дотоодын эрчим хүчний суурилагдсан чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ ердөө 10 орчим хувиар хэмжигддэг. Үүнийг манай улс 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр ногоон хөгжлийн бодлогодоо тусгасан байдаг. Энэ зорилтод хүрэхэд ХААН Банкны ногоон бондын санхүүжилт том хөшүүрэг болох нь лавтай.
ХААН Банкны ногоон бондоос гадна “ТЖТБ” ХХК-ийн “Green Recycle” бонд мөн л саяхан Монголын хөрөнгийн биржид бүртгэгдээд байна. 2007 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “ТЖТБ” компани нь шингэн хүнсний хуванцар савыг дахин боловсруулах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн төслийг санаачлан 2021 онд албан ёсоор үйлдвэрлэлээ эхлүүлснээрээ та бидэнд танигдаад буй билээ.
Нийт 6,000 м2 үйлдвэрийн обьект бүхий 20,000 м2 талбайг хамрах технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий “Ти Эм Эл Пластик” үйлдвэр ижил төстэй үйлдвэрээс зургаа дахин бага ус хэрэглэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгаруулалт харьцангуй багатайд тооцогддогийг бид өмнө нь мэдээлж байсан. Мөн энэ үйлдвэр нь жилд 27 мянган тонн хуванцар сав буюу Монголд хаягдаж байгаа бүхий л ус, ундааны савыг бүрэн боловсруулах хүчин чадалтай. Хамгийн чухал нь нэг хуванцар савыг хэд хэдэн удаа дахин боловсруулж, ашиглах технологийг нэвтрүүлсэн учраас хуванцрын хаягдлыг үлэмж багасгах ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон юм.
“Ти Эм Эл Трейд” компанийн харьяа “ТЖТБ” компани нь энэ оны 10-р сард ногоон бондын хөтөлбөрийнхөө хүрээнд 100 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 110 мянган ширхэг үнэт цаас зах зээлд санал болгож, 15 сая ам.доллар татан төвлөрүүлсэн. Энэ хөрөнгөөрөө тэд хуванцар савыг анхны эх үүсвэр дээр нь ангилах, тээвэрлэх, бэлтгэн нийлүүлэх дэд бүтцийг нийслэлд төдийгүй орон нутагт бий болгож, Монгол Улсын хог хаягдлын менежментийг сайжруулахаар төлөвлөснийг компанийн гүйцэтгэх захирал Ч.Агиймаа цан цохих ёслолын үеэр онцолж байсан.
Мөн тус компанийн андеррайтер “Ти Ди Би Секьюритис” ҮЦК-ийн зүгээс тэдний санал болгож буй ногоон бондод хөрөнгө оруулсан тохиолдолд хүүгийн орлогын татвар нь ердөө таван хувь байхыг тодотгож байсан.
Үүгээр барахгүй “ТЖТБ” ХХК-ийн бондын жилийн өгөөж 10 хувь байгаа нь системд нөлөө бүхий таван банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 7.3 хувиар өндөр байгааг ч онцолж байсан.
Өөрөөр хэлбэл, өгөөж өндөр, татвар бага бондод хөрөнгө оруулахын зэрэгцээ эх дэлхийгээ хайрлах шийдлийг бодит ажил хэрэг болгоно гэдэг юутай таатай.
Монгол ногоон бондын цуваа энэ хүрээд зогссонгүй. Саяхан Худалдаа хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан нийгмийн болон ногоон бондыг хаалттай хүрээнд гаргаж, 50 сая ам.долларын санхүүжилт татаж чадсанаа мэдэгдлээ. Энэ санхүүжилтийн 80 хувийг сэргээгдэх эрчим хүч, тогтвортой газар тариалан, ногоон барилгыг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах гэх мэт ногоон зээлд зарцуулах бол үлдсэнийг нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсролын хүртээмжийг сайжруулах зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх зээлд зориулах аж.
Тус банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох “Climate 30+ Cанаачилга: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд “Ногоон банк” болох урт хугацааны зорилт тавин ажиллаж буй Худалдаа хөгжлийн банк 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт олгох зорилт тавиад байгаа юм.
Дээр дурдсан жишээнүүд бол ердөө эхлэл. Монголын хөрөнгө, санхүүгийн зах зээлд “ногоон уур амьсгал” оруулагч компаниудын тоо цаашид ч өсөх нь дамжиггүй.
Ногоорох шалтгаан: Түүх ингэж эхэлсэн…
Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.25 цельсээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт. Дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ буурч, цөлжилт аюулын харанга дэлдэж байна. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийд 0.09 хувийг эзэлдэг ч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байна. Бүр ижил төстэй эдийн засагтай бусад улс оронтой харьцуулахад ч энэ бол өндөр үзүүлэлт.
НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл жил бүр 280 их наяд төгрөг, 2030 оноос хойш тогтвортой хөгжлийг хадгалах, нэмэгдүүлэхэд жил тутам 28 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол бий. Мөн Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалт өгч, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувьд хүргэхээр тодорхойлсон. Энэ үүрэг амлалтыг биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тухай ч холбогдох судалгаанууд бий.
Олон улс, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дан ганц төсвийн хөрөнгө хаанаа ч хүрэхгүй.
Иймээс Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо ногоон өсөлтийн талаар тусгаж, цаашлаад ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Үүний үр дүнд, Монголын хөрөнгийн зах зээл ногоон шийдэл эрэлхийлсэн бизнес эрхлэгч болоод түүнийг санхүүжүүлэх хүсэлтэй хөрөнгө оруулагчийн уулзах гол талбар болон хувирч байна. Ийм шинэ боломж, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгохын тулд зохицуулагч байгууллагуудаас ямар бэлтгэл хангасныг энд онцлох шаардлагатай. Үүний тулд ХААН Банк дотоодын зах зээлд ногоон бонд гаргахын өмнөх үйл явдлаас товч сийрүүлье.
Ногоон бонд бол манай зах зээлд шинэ бүтээгдэхүүн. Иймд эрхзүйн зохицуулалтууд бий болох нь цаг үеийн захиалга болж байлаа. Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болон Олон улсын санхүүгийн корпорац 2020 оны тавдугаар сард Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ бол түүхийн “гол эхлэл” гэж хэлж болох үйл явдал. Мэдээж, үүнээс өмнө ногоон санхүүжилтийг дэмжих алхмууд хийгдэж байсан ч ногоон бондыг хэрхэн зах зээлд нэвтрүүлэх нь тодорхойгүй байсан юм.
Санамж бичгийн хүрээнд, 2021 онд Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн баталсан юм. Үүгээр зогсохгүй Монгол Улс 2022 онд Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталж, шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд бондыг бүхэлд нь том дүнгээр баталж, зах зээлд үе шаттайгаар хэсэгчилсэн байдлаар гаргах нөхцөл бүрдүүлснийг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцолж байсан. Мөн тэрбээр, бондыг хэсэгчлэн гаргаснаар санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох байгууллагаас ногоон бонд гаргахад барьцаа хөрөнгө шаардахгүй болохыг ч тодотгож байсан юм. Улмаар Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны зун Монголын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргах зөвшөөрлийг ХААН Банканд олгож, үүнээс зургаан сарын дараа буюу шинэ оны босгон дээр Монголын хамгийн том зах зээлийн үнэлгээ бүхий хувьцаат компани болох ХААН Банк ногоон бондоо гаргасан.
Ногоон бонд бол хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий “найрсаг” зохицуулалттай өрийн хэрэгсэл.
Тэгвэл давуу нөхцөлтэйгээр босгосон хөрөнгө оруулалтаа санаатай, санаандгүй байдлаар урвуугаар ашиглаж болох уу, “ногоон төсөл”-ийн яг ногоон гэдгийг нь хэн батлах вэ? Энэ “хартай” асуултад хариулахын тулд “Ногоон таксономи”-ийн талаар сөхөх хэрэгтэй болно.
2019 онд Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын хамтын тушаалаар олон улсад мөрдөгдөж буй жишгээс туршлага судлан ногоон эдийн засгийн нийтлэг зарчим, шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэж, Монгол Улсын “Ногоон таксономи”-ийг баталсан байдаг. Ингэснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлт зэргийг нарийн тодорхойлж, банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид энэхүү таксономийг баримтлан ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлдог болсон юм. Энэ мэтээр ногоон, тогтвортой санхүүгийн системийг алхам алхамаар барьж байгуулсны дүнд “Монголын” гэх тодотголтой ногоон бондууд төрөн гарч байна.
Ногоон тэлэлт дэлхий дахинаа
Дэлхий дахинд тогтвортой хөгжил, ногоон өсөлт, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийг санхүүжүүлдэг хамгийн гол эх үүсвэрийн нэг бол нийгмийн болон ногоон, тогтвортой бонд (GSSS bond)-ын зах зээл юм. Энэ төрлийн бондуудыг нийтэд нь зорилтот бонд, тогтвортой бонд, нөлөөллийн бонд гэх зэргээр нэрлэж буй. Тогтвортой бондыг бүтцээр нь авч үзвэл, энэ дунд ногоон бонд урт хугацаанд давамгайлах хандлагатай байна. Цар тахлын өмнөхөн буюу 2019 онд үнэт цаас гаргагчид 300 гаруй тэрбум ам.долларын тогтвортой бонд гаргаснаас 269 тэрбум нь зөвхөн ногоон бондод хамаарч байсан юм. Энэ үзүүлэлт 2021 онд огцом тэлж, шинээр гарч буй тогтвортой бондын хэмжээ нэг их наядын босгыг давсан. Үр дүнд нь шинээр бүртгэгдэж буй ногоон бондын хэмжээ өмнөх оноосоо хоёр дахин тэлж, 582 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ бол Ковид-19 хүн төрөлхтөнд хэцүү сорилтын хамт хэмжээлшгүй ухаарал бэлэглэсний илрэл юм.
Ногоон бондын тухайд, хамгийн анхныхыг нь Европын хөрөнгө оруулалтын банк (European Investment Bank) 2007 онд гаргасан бол хамгийн анхны мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан ногоон бондыг Дэлхийн банк 2008 онд гаргаж байжээ. Энэ цагаас хойш ногоон бондын зах зээл хурдацтайгаар тэлж, дэлхийн улс орнууд ногоон бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөө эрчим хүч, барилга байгууламж, тээвэр логистикийн салбарт хамгийн ихээр зарцуулж байна. Дэлхийн тогтвортой зээлийн судалгаанд дурдсанаар 2022 онд ногоон бондын эрэлт нь нийлүүлэлтээсээ ч давсан үзүүлэлттэй байна. Энэ нь томоохон хөрөнгө оруулагчид нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах өндөр сонирхолтой болж байгааг илтгэнэ.
Гэхдээ ногоон зах зээл өсөж байна гээд ногоон ирээдүйн төлөөх тэмүүллээ цалгардуулж болохгүй. Учир нь нийт бондын зах зээл дэх ногоорлын түвшин зулзаган ногоон төдий л байна.
Зулзаган ногоон навчийг дэвсэлсэн нэгэн үйл явдал 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн. Энэ бол Орос-Украйны дайн. Дэлхий нийтийг хамарсан энэхүү хямралт нөхцөл байдлын улмаас инфляц эрчээ авч, төв банкнууд бодлогын хүүгээ нэмсэн. Үр дүнд нь зээлийн хүү өдөөгдөж, үнэт цаас гаргагчид хүлээлтийн горимд шилжсэн юм.
Зөвхөн ногоон бондын тухайд, 2021 онд 62 улсын 976 үнэт цаас гаргагч 582 тэрбум ам.долларын бонд шинээр бүртгүүлсэн бол 2022 онд үнийн дүн нь 16.36 хувиар буурч, 51 улсын 741 үнэт цаас гаргагч 487 тэрбум ам.долларын ногоон бонд шинээр гаргажээ. Тиймээс тогтвортой ногоон санхүүжилтийн үнэ цэнийг ойлгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариуцлагатайгаар нэгдэх нь хүн төрөлхтний мөнхийн үүрэг гэдгийг умартаж болохгүй.
Өдгөө Дэлхийн банк, Олон улсын валютын сан тэргүүтэй байгууллагууд, томоохон арилжааны банкнууд, үндэстэн дамнасан корпорацууд ногоон бондын зах зээл дэх гол оролцогчид болоод байна.
Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ази Номхон далайн бүс дэх ногоон бонд гаргагчдын тоо ч өсөх төлөвтэй байна. 2022 онд Хятад улс 332 хэлцлийн хүрээнд 85.4 тэрбум, Япон улс 69 хэлцлийн хүрээнд 12.6 тэрбум, БНСУ 30 хэлцлийн хүрээнд 7.9 тэрбум ам.долларын санхүүжилтийг ногоон бондоор татан төвлөрүүлжээ. Үүнд банк санхүүгийн салбарынхны үүрэг оролцоо ч өндөр түвшинд байна. Хятад улсад л гэхэд, ногоон бондоор хөрөнгө татан төвлөрүүлэхэд Хятадын банк (Bank of China), Хятадын хөгжлийн банк (China Development Bank) томоохон үүрэгтэй оролцож байна. Европт ч мөн томоохон банкнууд нь гол хэлцлүүдийг хийжээ. Тухайлбал, 2022 онд 5.2 тэрбум ам.долларын 45 хэлцлийг Германы арилжааны Хелеба банк (German commercial bank Heleba) хийсэн байна.
Үүгээр зогсохгүй ногоон бонд гаргаж, гайхам үр дүнд хүрсэн жишээ дэлхийгээр нэг байна. Европын ногоон бонд гаргагч улсууд болох Герман, Бельги, Их Британийн эрчим хүчний хэрэглээ 20 орчим хувиар буурчээ. Энэ бол эрчим хүчний хэмнэлтийн төслүүдэд хөрөнгө зарсны үр дүн юм. Мөн Перу улсад 31 мянга гаруй газар тариаланч үйл ажиллагаандаа шинэ технологи нэвтрүүлсэн бол Хятад улс ногоон бондын хөрөнгөөр 102 мянган га талбайд ус зайлуулах байгууламж барьжээ. Колумб улсад л гэхэд нарийн тоосонцор ялгаралтын жилийн хэмжээг 7.64 тонноор бууруулж чаджээ.
Ийнхүү ногоон бонд нь эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах, ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг багасгах дэлхий дахины хамгийн гол шийдэл болоод байна.