Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй ‘’Ложистикс Форум 2024’’ арга хэмжээ энэ сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд Монголын тээвэр логистикийн салбарын хэрэглэгчид болон төр засгийн байгууллагууд оролцсон юм. Тэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээллүүд, дэлхийн тээвэр логистикийн салбарт өрнөж буй үйл явдал, үр дагавар болон салбарын хөгжлийн төлөөх санал санаачилгуудыг хэлэлцсэн юм. Мөн БНХАУ болон Беларусь улсын тус салбар дахь төлөөлөгчид оролцсон бөгөөд ирэх жилүүдэд логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаарх сайн мэдээг хэлэлцүүлгийн үеэр дуулгаж байв.
Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны дарга Н.Энхнасангийн ярьснаар БНХАУ болон ОХУ хоорондын худалдаа дөрвөн жилийн өмнө 80 тэрбум ам.доллар байсан бол энэ оны байдлаар 240 тэрбум болж эрс нэмэгджээ. Учир нь БНХАУ-ын тээврийн бодлогод “Бүс бас зам хөтөлбөр”-т шингэсэн байдаг бөгөөд Ази-Европ, Африк, Латин Америкийг хамарсан томоохон худалдаа тээврийн сүлжээг үүсгэх зорилготой юм. Тэд тээвэр логистикийн дэд бүтцийн салбарт томоохон бүтэн байгуулалтуудыг улсын дэмжлэгээр хийж байгаа юм байна.
Мөн тэрбээр “Манай улсын хувьд Монгол Улс Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвийг түшиглэн хуурай боомт байгуулахаар төлөвлөөд буй. Ингэснээр ачаа тээвэр бөөгнөрч, удаашрах асуудлыг шийдэхээс гадна транзит тээврийг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн бид газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болох замаар транзит орон болох бүрэн боломжтой байна. Ингэснээр олон улсын худалдаа, тээвэр, логистикийн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тодорхой арга хэмжээг авч эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг шийдэх шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.
Давуу тал, боломжуудаа хослуулна
Манай улсын нийт эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг . Тодруулбал энэ оны эхний 10 сарын байдлаар 68 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Уг нүүрсний 62.3 сая тонныг авто тээврээр, 2.1 сая тонныг төмөр зам, 3.6 сая тонныг автомат удирдлагатай жолоочгүй тээврээр гадаад зах зээл рүү нийлүүлээд буй. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээс танилцуулахад Монгол Улсын бүх төрлийн тээврийн орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.5 их наяд болоод байгаа бөгөөд улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 55.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Мөн 2024.04.01-10.01-нээс Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн нь энэхүү эерэг дүнд нөлөөлсөн гэж засгийн газраас дүгнэж байгаа юм байна. Иймд тус боомтыг үргэлжлүүлэн, 24/7 цагийн горимоор ажиллуулах саналыг БНХАУ-д хүргэжээ.
Энэ талаар дэлгэрүүлэн Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгийн хэлэлцүүлэгт оролцогчдод тайлагнасан бөгөөд түүний яриаг тоймлон хүргэе.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн Газраас хэрэглүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын тэргүүн зорилтуудын нэг болох “Боомтын сэргэлт” зорилгын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замд үе шаттайгаар бүрэн холбох, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалын сайжруулах, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх төлөвлөгөөг ирэх онуудад хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт нийт 2650 км хатуу хучилттай авто зам, 4600 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд буй. Мөн шинээр 11 боомтыг авто зам, дөрвөн боомтыг төмөр замаар холбох зорилтыг тавьсан. Харин энэ оны байдлаар бид Боршоо, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг бүрэн ашиглалтад оруулаад байна. Харин ирэх онд Бэлчир, Хавирга, Булган боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байна.
Түүнчлэн “Хурдан хөгжлийн төлөөх зориг” уриатай хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт тээвэр, логистикийн салбарт хэрэгжүүлэх олон том зорилтыг тусган, логистикийн төв цогцолборуудыг барьж байгуулах, нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тусгаад буй. Бид тус салбарт буй давуу тал, боломжуудаа хослуулснаар тээвэрлэлтийг хурдасгах, бүсчилж хөгжих, худалдааны зардлыг бууруулах улмаар Монгол Улс транзит орон болох суурь нөхцөлийг хангах боломжтой юм.
Манай улс болон БНСУ-ын Сангийн яам, Худалдаа хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран “Алтанбулаг тээвэр логистикийн төв”-ийг байгуулах урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж, цаашид хэрэгжүүлэх болсон нь Ази, Европыг холбосон бүс нутгийн логистикийн төвийг байгуулах, дамжин өнгөрөх, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхэд нэг шат ахисан, төсөл гэж үзэж байна.
Тээвэрлэлтийн хөгжил нь авто, төмөр зам, хилийн гарц, боомтын хүчин чадал, логистикийн үйлчилгээний мөн чанараар тодорхойлогддог. Бидэнд уг салбарын дэд бүтэц болон, сонгодог хуурай боомтыг хөгжүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Тээвэр логистикийн салбарын дижитал шилжилтийг глобал сүлжээнд холбогдсон, хиймэл оюунт ухаанд тулгуурласнаар үнэ, өртгийг багасгаж, үйлчилгээг хөнгөвчилсөн үр өгөөжтэй үйл явц гэж ойлгож болно. Энэ бизнес нь логистикийн салбарт цоо шинэ модель байхаас гадна, дижитал буюу цахим тээвэр зэрэг багтсан логистикийн салбарын шинэ эрин үе юм” хэмээв.
Мөн хүний оролцоогүй автомат удирдлагатай тээвэр, логистикийн системийг хөгжүүлж, хил дамнасан ухаалаг тээврийн системийг Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомт дээр нэвтрүүлсэн нь Монгол улсдаа анхдагч болж чадсанаараа төдийгүй хөрш улс болох БНХАУ-тай хуурай боомтууд дээр хийгдсэн дэвшилтэд ажил болсоныг хэлэлцүүлэгийн үеэр онцолж байлаа. Цаашид ногоон технологийг ашиглахад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч ажиллах юм байна.
Бодлого болон хэрэгжилтийг огтлолцуулна
Зам тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Логистик гэх концепцид тээвэрлэлт, түгээлт, хадгалалт, валютын урсгал, хэрэглээнд нийцэх урсгал зэрэг өргөн хүрээний асуудал яригддаг. Мэдээж эдийн засаг тэлэхэд логистикийн оролцоо зайлшгүй чухал. Учир нь манай улсын ДНБ-ны 20 хувь, экспортын орлогын 71 хувийг бүрдүүлэгч салбар бол уул уурхай. Тус салбарын өсөлттэй логистикийн зогсолтгүй үйл ажиллагаа, зөв менежмент салшгүй холбоотой.
Хэдийгээр манай улс газар зүйн байршлаасаа хамаарч олон улсын худалдаанаас хязгаарлагдмал оршдог. Мөн худалдааны барааны бүтээгдэхүүний үнийн 30 орчим хувийг тээвэр логистикийн зардал эзэлж буй. Гэхдээ уг хоцрогдол бидний хувьд давуу тал юм. Учир нь бид урт хугацааны оролдлого, их хэмжээний мөнгө шаардахгүйгээр тус салбарын тэргүүлэгч улсуудын туршлагаас суралцаж, хөгжих боломжтой байгаа юм. Нэг үгээр, хялбар, хямд хэрэгжүүлэх боломж байна гэж харж байна. Зам тээврийн яамнаас баримталж буй бодлогыг танилцуулахад 2024-2028 онд хэрэгжүүлэх төслийн 20 орчим хувийг улс төсвөөр, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна хэмээв.
Монголын салхи
‘’Ложистикс Форум 2024’’ хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Беларусь Улсын төмөр замын үндэсний оператор Белинтертранс Сладкевич А.Н хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр Транс Евроазийн маршрутыг хөгжүүлэх “Монгольский вектор” төслийн талаар илтгэл тавьсан юм.
Тодруулбал “Монгольский вектор” төсөл нь Европ болон Монгол Улсын хооронд ачаа тээврийг хурдан шуурхай хүргэх зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд анхны контейнерыг 2002 онд Беларусын Брест хотоос Улаанбаатар хүртэлх чиглэлд тээвэрлэж байжээ. Энэхүү галт тэрэгний үйлчилгээ нь ачааг далайн тээврээр хүргэхэд шаардлагатай 30-40 хоногийг 10-12 хоног хүртэл хугацаанд багасгаж буйгаараа нэн чухал бөгөөд Орос, Монгол болон бүс нутгийн бусад орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн геополитик, эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл аж.
Сүүлийн жилүүдэд Беларус, Орос, Монголын хамтын ажиллагааны хүрээнд галт тэрэгний үйлчилгээний хугацааг богиносгож, тарифыг далайн тээвэртэй өрсөлдөхүйц түвшинд бууруулжээ. Төслийн хүрээнд Европоос Монгол хүртэл ачаа тээврийн замнал бий болсон ба өнөөдөр тус маршрут олон улсын тээвэрлэлтийн чухал коридор болж байгаа юм байна.
Тээвэр зуучлагч байгууллагууд ба ГИТ
Гаалийн ерөнхий газраас гаалийн үйл ажиллагааг тогтмолжуулахын тулд хүний оролцоог багасгасан, технологид суурилсан хяналтын тоног төхөөрөмжийг ашиглахыг зорьж байгаа юм байна. Гэсэн хэдий ч ачаа шалгах рентгенд илрэхгүй хэлбэрийн ачилтуудыг хийсэн тээврийн хэрэгсэл маш ихээр орж ирдэг бөгөөд энэ нь ямар зорилготой, яагаад орж ирж буй гэдэг нь ойлгомжгүй учир хил дээрх нөхцөлийг бүрдүүлж буй гэдгийг Гаалийн ерөнхий газрын ХБГ-ын Гаалийн улсын байцаагч Д.Ням-Осор хэлэлцүүлэгт оролцогчдод тайлбарлаж байлаа.
ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван:
-Тээвэр зуучийн байгууллагууд үүргээ биелүүлэх тал дээр хамтран ажиллаасай, олон улсын хилийн боомтод явж буй ачаа тээвэр яагаад стандартгүй явж байгаа нь 100 хувь гаалийн үйл ажиллагааг саатуулахад хүргэж байна.
Гаалийн байгууллагаас тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд итгэмжлэл олгодог. Өмнө нь захиалга дуудлагаар үйлчлэх гаалийн улсын байцаагч тухайн тээврийн хэрэгслийг дагалдаж явдаг байсан. Харин бид тус үйл ажиллагааг цэгцэлж тээвэрлэгч байгууллагад нь ГИТ буюу Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, лац, ломботой ачааг хилийн гаалиас гүний гааль руу илгээдэг болсон. Жишээ нь Зам-Үүд хилийн боомтод 102 аж ахуй нэгж бүртгэлтэй бөгөөд 1280 гаруй тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд явж байна. Эдгээр тээврийн хэрэгсэл байршил тогтоох системд холбогдсон ГИТ бүхий тээврийн хэрэгслүүд юм. Энэхүү итгэмжлэлд тээвэр зуучлагч байгууллагууд цахимаар нээлттэй бүртгүүлэх боломжтой юм хэмээв.