Хүн төрөлхтөн өдгөө маш олон худалдааны дайны өмнө ирээд байна. Тарифыг “хүний бий болгосон хамгийн агуу зүйл” гэж магтдаг Д.Трампын сэтгэлийн хөөрлөөс шалтгаалж зарим дайн эхэлнэ. Харин бусад дайныг нь гадаад зах зээлтэй хэр сайн холбогдсон эсэхээс хөгжил цэцэглэлт нь шалтгаалдаг блок, улсууд аргагүйн эрхэнд эхлүүлэх магадлалтай байна. Хэрэв худалдааны дайнд орохоос өөр аргагүй болох юм бол өнөөгийн системийг бүрмөсөн нураах бус харин зах зээлийг нээлттэй, өрсөлдөөнийг шударга байлгах зорилго тавьна гэж Бээжин, Брюсселийн уур нь хүрсэн “дайчид” мэдэгдэх болов уу.
Протекционистууд эдийн засгийг түйвээж, сүйрүүлсэн олон жишээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Гэхдээ олон улсын худалдаанд таатай ханддаг Засгийн газруудад ч дотоодын үйлдвэрлэлээ тоохгүй орхилоо гэж шүүмжлүүлэхээс илүүтэй хариу үйлдэл үзүүлэх шаардлага гардаг юм.
Д.Трамп худалдааны тарифыг түүхэн дээд хэмжээнд хүргэж өсгөх бодолтойгоор эрх мэдэлд эргэн ирж байна. 1930 онд батлагдсан Smoot-Hawley Act нь импортын барааны тарифыг дунджаар зургаан хувиар өсгөсөн. Уг хуулийг дагалдсан протекционист үйлдлүүд болон түүний эсрэг хариу үйлдлүүд нь удаах он жилүүдэд дэлхийн худалдааг олон жилээр хойш нь татаж, агшаасан юм. Харин Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр үүнээс илүү өндөр хувийн тариф ногдуулахаа зарлав. Тодруулбал, Хятадаас импортлох бүх бараанд 60 хувийн тариф, Мексикээс гаралтай машинуудад 500 хувийн татвар, бусад импортын бараанд 10-20 хувийн тэгш тариф тавьна гэж тэрбээр мэдэгдсэн. Эдгээр тоог нухацтай авч үзэх ёстой ч яг тэр чигээр нь ойлгох шаардлагагүй юм. Д.Трампыг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд засаг захиргаанд нь худалдаа хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байсан Р.Лайтайзерын үзэж буйгаар худалдааны тариф тогтоох нь тодорхой боловч Хятадын бараанд шууд 60 хувийн тариф ногдуулах нь эргэлзээтэй аж. Д.Трампын баримталж буй худалдааны дайны гол зорилго нь “хөшүүргийн хүчийг ашиглах”, гэрээнүүдийг цуцлахад л чиглэж байгаа гэж өөр нэг удирдах албан тушаалтан хэлжээ. Д.Трамптай ойр ажилладаг хүмүүсийн үзэж буйгаар тэрбээр хоёр ялгаатай арга барил ашиглана: нөхөрсөг харилцаатай улсуудтай дахин тохиролцохын тулд харин муу талынханд дарамт үзүүлэхийн тулд тарифыг ашиглана.
Гэрээ хэлцэл хийхэд нээлттэй хандаж байгаа нь Д.Трамын амбиц, далайцыг огтхон ч сулруулахгүй. Америкийн зах зээлийг олон улсын өрсөлдөөнд нээж өгсөн долоон арваны турш үргэлжилсэн алдааг яаралтай дуусгах талаар Вашингтонд болсон сонгуулийн өмнөх хэлэлцүүлгийн үеэр Бүгд найрамдах намынхан ярилцаж байв. Экспортын маш том салбаруудтай болж, америкчуудыг “эцсийн худалдан авагч” мэтээр дүгнэж эхэлснийх нь төлөө бусад улсыг буруутгах ёсгүй хэмээн энэ үеэр нэг оролцогч мэдэгдэж байв. Мөн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд өртөг зардал багатай улсуудыг эрж хайсных нь төлөө Америкийн компаниудыг ч буруутгах хэрэггүй. Гэвч даяарчлалаас үүдэлтэй зардал нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэт өндөр болсон учраас тохируулга шаардлагатай байгаа аж. Тиймээс эдийн засгийн гол салбаруудаа дахин сэргээн босгож, шинэчлэх нь Д.Трампын хувьд зарим улстай байгуулсан хоёр талт худалдааны гэрээний улмаас хүлээж буй алдагдлын хэмжээнээс ч илүү чухал юм.
Д.Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Америк БНХАУ-тай худалдаа хийсээр байна. Гэхдээ өргөн хэрэглээний бараа, таваар зэрэг ноцтой аюул, эрсдэл учруулахгүй чиглэлд л худалдаа хийхийг зөвшөөрөх бололтой. Хоёр улсын Засгийн газар харилцан худалдан авалтын хэмжээгээ тохиролцох шаардлагатай болох бөгөөд нэмэгдүүлсэн тариф нь АНУ-ын хувьд орлогын шинэ эх үүсвэр болох учиртай. Гэхдээ энд эргэлзээ төрүүлмээр нэг асуудал бий: Д.Трампыг 2016-2020 онд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Хятадын экспортлогчид Америкийн зах зээлд эзлэх хувиа хадгалахын тулд барааны үнээ ихээхэн бууруулж, өвдөлтийг өөрсөд дээрээ авсан хэмээн Бүгд найрамдах намынхан дүгнэдэг. Харин ирэх жилүүдэд АНУ тарифаа нэмснээр Хятад барааны “бодит бус хямд үнэ” нэмэгдэхээс аргагүй болох бөгөөд энэ нь худалдааны урсгалыг өөрчлөхөөр хэмжээний эдийн засгийн сэдлийг төрүүлж, ингэснээр Америкийн компаниуд улам олон америк ажилтан авах хүсэлтэй болно гэж тус намынхан таамаглаж байна.
Стратегийн ач холбогдолтой бараа, технологийн хувьд Д.Трамд үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө өмнө нь өөрийн батлаж байсан Америкийн Худалдааны хуулийн 301-р зүйлд багтаасан торгуулиудыг шинэчлэх замаар тарифыг өсгөх магадлалтай. Мөн “Хятадын шинэ нүгэл”-ийг хашраах зорилгоор хуульд шинэ заалтууд нэмж магадгүй талаар тус намын дээгүүр албан тушаалтан дурдсан. Нэмэгдсэн тарифыг 2025 оноос Татварын хуульд оруулах магадлалтай, ингэснээр дотоодын татварыг бууруулснаас үүсэж болзошгүй төсвийн алдагдлыг бууруулах боломжтой болно гэж Бүгд найрамдах нам үзэж байгаа юм. Харин дэлхийн бусад улсын тухайд тухайн улстай хийж буй худалдаа яагаад алдагдалтай байгааг судлуулахаар худалдааны төлөөлөгчид томилох тушаалыг Д.Трамп гаргах бололтой.
Ижил дайн, ялгаатай шийдлүүд
Европын ган, хөнгөн цагаанд Д.Трампын ногдуулсан тарифыг Ж.Байдены засаг захиргаа цуцалж, улмаар байгаль орчинд ээлтэй “тогтвортой” метал үйлдвэрлэх талаар гэрээ байгуулахыг оролдож байв. Мөн Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компанид Д.Трампын үед ногдуулсан тарифыг тэрбээр цуцалсан. Хэрэв Д.Трамп эдгээр тарифыг дахин сэргээж, илүү их татвар ногдуулах юм бол Европын холбоо амаргүй сонголт хийх ёстой болно. Хэдий гахайн мах, бусад бараанд нь тариф ногдуулах замаар эрс тэс хариу арга хэмжээ авна гэж БНХАУ мэдэгдсэн ч Европын холбоо саяхан Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудад өндөр тариф ногдуулах замаар өөр нэг фронтод худалдааны дайн өрнүүлж буй билээ. Хоёр улстай нэгэн зэрэг дайтах нь Европт хэцүү учраас Д.Трамп дахин сонгогдсон нь Хятадтай хийх худалдааны дайных нь хүчийг сулруулж магадгүй. Хятадын эсрэг сөрж байгаа нь огт өөр учир шалтгаантай хэмээн Европын албаны хүмүүс хаалганы цаана шивнэлдэж буй. Тодруулбал, асар их татаасаар тэтгэж, экспортод чиглэсэн үйлдвэрлэл нь улс төрийн хувьд тогтвортой арга зам биш гэдгийг БНХАУ-д ойлгуулахын тулд ийм хатуу байр суурь баримталж байгаа гэж тайлбарлаж байна. Мөн Европын холбооны зорилго нь худалдааны урсгалыг сүйрүүлэх бус харин дахин тэнцвэржүүлэхэд чиглэж байгаа юм. Чөлөөт Европ, хаалттай Хятад бүхий дэлхийг бусад улс хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой юм.
Харин БНХАУ-ын байр суурийг өөрчлөхийг Вашингтон дахь тэрс үзэлтнүүд огт сонирхохгүй байна. Тэдний үгээр бол Д.Трамп Америкийг дахин аж үйлдвэржүүлэхийг л хүсэж байгаа юм. Тэрбээр ерөнхийлөгч болоод Хятадыг сөгдүүлж, эсвэл Хятадыг зогсоож чадахгүй ч дотоодын эдийн засгаа “Хятадын шок 2.0”-ээс хамгаалж чадна гэж намынхан нь үзэж байна.
Хятадын удирдагчид чөлөөт худалдааг хамгаалах талаар аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ зөвхөн улсынхаа эрх ашиг, аж үйлдвэрийн бодлогыг дээдэлсэн худалдааг эрхэмлэж байгаа нь нууц биш. БНХАУ худалдааны дайны уршгийг багасгахын тулд цахилгаан машин үйлдвэрлэгчид, бусад салбарын томоохон компаниудаа гадаадад үйлдвэрээ байгуулах, шинэлэг технологио гадаадын хамтрагч нартай хуваалцахыг нь дэмжих боломжтой. Зах зээлд нь нэвтрэх боломжийг олгосны төлөө Хятадын Засгийн газар гадаадын компаниудаас чухам ийм зүйлийг шаардаж байснаа тэд мартаагүй болов уу. Гэвч Хятадын албаны хүмүүс ийм алхам хийхээс өнөөг хүртэл татгалзсан хэвээр байна. Бээжин дэх Европын нэгэн дипломатчаас The Economist-ийн сэтгүүлч худалдааны дайн гарцаагүй дэгдэх эсэх талаар лавласан юм. Тэрбээр “арга барилаа өөрчлөх ёстойг ирэх саруудад Хятад улс ойлгох эсэхээс л шалтгаална. Гагцхүү ийм өөрчлөлтийг цаг тухайд нь хийж чадахыг би мэдэхгүй” хэмээн хариулсан. Гэхдээ ноён Д.Трампын ялалт бүх зүйлийг хурдасгаж байгааг сануулъя.
Эх сурвалж: The Economist