Тансаг зэрэглэлийн аялал жуулчлал болон баазын менежмент, тогтвортой хөгжил, удирдлагын манлайлал, Монгол улсын брэндинг, хүний нөөц, шилдэг баг байгуулах гэх мэт сэдвүүдийн хүрээнд Номадик Экспедишнс компанийн захирал, “Гурван тэмээт” аялал жуулчлалын баазын үүсгэн байгуулагч Жалса Урубшуровтай ярилцлаа.
-Тогтвортой хөгжил, эко аялал жуулчлалын хүрээнд оролдлогууд хийж буй ч бодит үр дүн бага хэвээр л байна. Харин зарим улс тогтвортой аялал жуулчлалын үр дүнтэй бодлого явуулж, нөлөө нь практикт гараад эхэлж. Монгол улс хэрхэн энэхүү ахиц дэвшлээс суралцаж, зэрэгцэж ирэх вэ одоо?
-Улс бүр ямартай ч боломждоо тааруулаад зүтгэж л байна. Гэвч эцсийн бүлэгт, хэр түвшинд хэрэгжихийг дийлэнхдээ хувийн бизнес эрхлэгчдийн хүсэл зориг, хичээл зүтгэл шийддэг. Бизнесийн утгаар нь харвал, тогтвортой хөгжил зардалтай ч, ашиг, бас сайныг дагуулдаг. Жишээ нь, эхний санхүүжилтээ нөхмөгц, нарны эрчим хүчийг ашиглах нь уламжлалт эрчим хүчний шугамаас илүү ашигтай буюу хямд өртөгтэй болоод ирдэг. Монголд яг энэ чиглэлээр жил ирэх тусам ахиц гарч, хэрэглээ нэмэгдэж байна. Гэхдээ дэлхий даяар хог хаягдлын боловсруулалтыг сайжруулах томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч учраа олох гээд л явж байна. Америкт хүртэл дахин боловсруулна гэж сүржин цуглуулсан хог хаягдлаа яг үнэндээ дахин боловсруулдаггүй тохиолдлууд гарч, ”ногоон” тархи угаалтууд илчлэгдсээр байна.
Монгол Улс тогтвортой хөгжлийн хүрээнд оролдлогууд хийж буй ч, үүнээс илүү ихийг хийх хол зам байна. Энгийн жишээ гэхэд, өнөөдөр чи бид хоёрын суугаад ярилцаж буй энэ зочид буудал гэхэд тоймгүй олон нэг удаагийн хуванцар хэрэглэгдэхүүнүүд тавьсан байгааг анзаарч байгаа байх. Дэлхий даяар гол ус, далайн голлох дайсан энэ л болчхоод байгаа.
-Одоогийн хязгаарлагдмал нөөц болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй цөөн арга хэмжээнүүдийн хүрээнд Монголын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн бодлогын тэргүүн зорилтууд юу байвал зохилтой вэ?
Жуулчны тоо цөөн байгаа энэ үед, анхаарлаа тогтвортой аялал жуулчлалын хадгалалт, хамгааллын санаачилгуудад төвлөрүүлэх шаардлага нэн тэргүүнд биш. Мэдээж аялал жуулчлал ба тогтвортой хөгжил зоосны хоёр тал байх л болно. Гэхдээ яг одоо энэхүү уудам нутагт дотоодын нислэг жигдрээгүй, савлагаатай байгаа нь аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжихөд саад болж байна. Тогтвортой үйл ажиллагааны заавар зөвлөмж хангалттай байгаа.
Гэхдээ Монголд тогтвортой үйл ажиллагаа гэдэг яг одоогийн түвшинд анхан шатны дэд бүтэц, зөв зохицуулалтыг хийх хэмжээнд байгаад л байна. Тухайлбал, гаднын олон компани энэ салбарт Монголд орж ирээд “шоуг” удирдаад эхэлчихэж. Гаднын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхдээ зохицуулалтыг зөв хийж чиглүүлэхгүй аваас дотоодын иргэд хүртэх хэмжээндээ ашиг шимээс нь авч чадахгүйд хүрч байна. Жишээ нь, ядаж л удирдлагын багийг дотоодын иргэдээр дийлэнхдээ бүрдүүлэх хэрэгтэй. Манай Монголын оффисыг 100 хувь монголчууд авч явдаг бол Америк дахь оффист ч дийлэнх нь монгол хүмүүс байдгаар би хувьдаа бахархдаг. Гаднынхан орж ирээд эзэн суугаад, доогуур шатны ажлыг л монголчуудад хуваарилдаг байж болохгүй.
Монголчуудын нүүдлийн амьдралын хэв маяг нь эртнээс байгаль орчны асар бага сөрөг нөлөөлөлтэй байж ирсэн түүхтэй. Монголын хүлэмжийн хийн ялгарал Америк, Хятад, Энэтхэг гэх зэрэг гол бохирдуулагч орнууд шиг өндөр биш, байгаль орчны асуудал арай ч хоолойд тулчхаагүй. Гэхдээ цэвэр усны багасаж буй нөөц болон бэлчээрийн талхлалтаас үүдэн энэхүү хүн байгалийн зохицол эвдэгдэж байна. Бэлчээрийн доройтол бол Монголын тал нутгийн хамгийн том асуудал. Ноолуурын зах зээлийн эрэлтээс үүдэн мал сүргийн бүтэц алдагдаж, даацаас хэтэрсэн ямаатай болчихсон. Энэ бол бүгдэд нөлөөлөх нэн тэргүүний асуудал бөгөөд үүнд нь бүх салбар өртөж байна.
Тансаг зэрэглэлийн түр баазыг 10 гаруй байршилд өдөр бүр барьж, хурааж, нүүж байсан.
Аялал жуулчлалаар жишээлэхэд, жуулчин Монголд ирэх үү үгүй юу гэдэгт ч эцэстээ нөлөөлнө. Жуулчид нүүдлийн амьдралтай танилцах гэж л гол нь Монголыг зорьдог байтал тэрхүү амьдралын хэв маяг эвдэгдчихсэн байвал юу болох вэ. Дээр нь нэмээд дэлхий даяарх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө одоо цаг агаарын огцом савлагаануудаар илэрч, зуд, үер тэргүүтэй гамшгуудыг олшруулж мөн л нүүдэлчдийн хүнд нөхцөлийг улам хүндрүүлж байгаа.
-Та салбарын олон мэргэжилтэн, бодлого тодорхойлогчид, бизнесийн удирдагчидтай уулздаг. Тэдний хандлага, санаачилгуудаас та юу суралцаж, хэрэгжүүлж байна вэ?
Би одоо удахгүй 70 нас хүрнэ. Байгаль орчны хамгаалалт, хадгалалт бол миний амьдралын хамгийн чухал ач холбогдол байж ирсэн. Би амьдралын дийлэнх хугацаандаа барилгын салбарт бизнес хийсэн. Бид Нью Жерси дэх барилга болон аялал жуулчлалын компанидаа зориулаад шинэ барилга бариад, саяхан нүүж орлоо. Энэ барилга LEED стандартын дагуу байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөгдсөн. Жишээ нь дээвэр дээр 200 ваттын хүчин чадал бүхий нарны самбарууд байрлаж, эрчим хүчээр бүрэн хангадаг. Хэрвээ энд ингэж болж байгаа юм чинь Монголд яагаад болохгүй гэж, тийм биз? Олон газрууд энэхүү жишгийг дагаж буйг бас өөрийн нүдээр үзлээ. Карибын арлууд дахь ресорт, лоджууд бүтэн жил тасралтгүй шардаг нарныхаа эрчим хүчийг тултал ашиглаад эхэлж. Монголд 280 гаруй өдөр нартай гэхээр энэ төрлийн эрчим хүч гаргаж авах бүрэн дүүрэн боломжтой орон.
Тэгэхээр, жуулчны баазууд технологио улам сайжруулахад тогтвортой үйл ажиллагаа руу чиглэж, нэг удаагийн хуванцруудаас салах, хаягдал усаа боловсруулах, цэвэршүүлсэн ус, олон дахин хэрэглэдэг сав суулга ашиглахаас эхлэх хэрэгтэй. Манай компани эдгээрийг тодорхой түвшинд хийж байна, улам сайжруулах болно. Хажуугаар нь байгаль хамгаалах, моджуулах, нутгийн иргэдтэй хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ жил бид 100 хувь нарны эрчим хүч рүү шилжихээр өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Ингэхээр уламжлалт эрчим хүчийг зөвхөн хэрэгтэй үед нь хавсарч хэрэглэхээр тохируулна гэсэн үг.
Өмнө нь бүх дотор, гадаа гэрэлтүүлгүүд 95 хувь нарны эрчим хүчээр асдаг байсан. Яг одоо инженерүүдтэй үүнийг ажил болгох шийдлүүдээ сонгох процесс дээрээ явж байна. Дараа жил гэхэд бүрэн шилжинэ. Мөн “Гурван Тэмээт” лоджийг улирал хамаарахгүй ажилладаг болгоход зориулан, хоёр метрийн гүнд шугамуудаа байрлуулан дулаалж өвөлд бэлдэж байна. Өвлийн хүлэмжтэй болохоор төлөвлөж байна. Говь нутаг өвөл ч үнэхээр үзэсгэлэнтэй байдаг учраас жил тойрон ажиллах болсондоо маш их баяртай байгаа.
-Дэлхийн хамгийн шилдэг 20.000 аяллын зөвлөх болон 2000 мянган тансаг зэрэглэлийн аяллын компани, зочид буудал, ресортуудын нэгдэл болох “Virtuoso”-д Та ямар чиг үүрэгтэй оролцдог вэ?
-“Virtuoso”-ийн үйл ажиллагааны хүрээнд Тогтвортой аялал жуулчлалын зөвлөлд удирдах зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол аялал жуулчлалын салбарын шилдэг зөвлөхүүд, тур оператор, хөрөнгийн эздүүдийг нэгтгэсэн хүчтэй байгууллага. Тэр дундаа тогтвортой хөгжил, байгаль хамгаалалд жинтэй хувь нэмэр үзүүлдэг, орон нутгуудад үр өгөөжөө өгдөг байгууллагуудыг л эгнээндээ элсүүлдэг. Дэлхий даяар хамгийн үр нөлөөтэй байгаа шилдэг санал санаачилгуудыг хуваалцдаг энэхүү зөвлөлийн нэг хэсэг байгаадаа талархаж, хэрэндээ хичээж байна.
Үүнээс гадна манай гаригт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд залуусыг оролцоог дэмжих, чадавхжуулах зорилготой the “Captain Planet Foundation” болон шонхор шувууг устахаас сэргийлж чадсан “the Peregrine Fund” гэсэн байгаль хамгааллын хоёр байгууллагын удирдах зөвлөлд үйлчилдэг. Тэдгээрийн гишүүд, дэмжигчид Монголд зочилж байсан.
Тогтвортой хөгжлийн төлөө байна гэдэг аялагчийн хувьд ч тэр, аяллын компанийн хувьд ч илүү их мөнгө зарцуулна гэсэн үг. Гэхдээ аялагч илүү их мөнгө өгнө өө гэдэг бол илүүг хүснэ, хүлээнэ гэсэн үг. Ялангуяа компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой үйл ажиллагаа бол өндөр хүлээлтийн том хэсэг гэдгийг онцгойлон сануулъя. Жишээ нь, Карибын арлуудад хуванцрын хог хаягдлаа цэвэрлэхэд зочид буудал ресортууд маш их мөнгө хаяж гал унтраасаар байгаа атал далайруу хог хаях асуудлыг барьж авч шийдэх нь бага байгаа нь харамсалтай. Тиймээс л Virtuoso шиг байгууллага асуудлыг угаас нь ухамсарлан шийдвэрлэхэд шийдлүүд санал болгох дундын талбар хэлбэрээр хөгжиж ирсэн. Одоо бизнесийнхэн улам илүү байгаль нийгэмдээ ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах шахалтад орно. Бидний хувьд тогтвортой хөгжлийн төлөө илүү их мөнгө зарцуулж ирсэн, цаашид ч нэмэгдүүлнэ.
Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр болон Баян-Өлгийн зан заншлыг хадгалах хөгжүүлэх зорилготой Монголын Бүргэдчдийн холбоотой бид мөн ойр хамтардаг. Бүргэдийн баярыг анх хамтран санаачилж байсан зохион байгуулагчдын зарим нь мөнх бусыг үзсэнээс хойш энэхүү баярын анхдагч зорилго болох соёл уламжлалаа хадгалах, орон нутгийн иргэдийн амьдралыг дэмжих гэдэг балартаж, ил тод бус байж ирлээ.
Харин шинээр 2020 онд байгуулагдсан Бүргэдчдийн шинэ холбооны удирдах зөвлөлд зэрлэг амьтдыг судалдаг эрдэмтэд, нутгийн аяллын компани, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа учраас өдгөө хүчтэй өөрчлөлт сайжралтыг авчирч байгаа. Төлөөллүүд төрөлжиж, оролцоо сайжирсан одоогийн бүтцэд итгэх итгэл нэмэгдэж, сум бүрийн бүргэдчид нэгдсэн. Тиймээс дээр дурдсан анхдагч зорилгын төлөө хүчирхэгжиж байна. Бидний зүгээс өөрсдийн чадах бүхнээрээ тусалж, тухайлбал, соёлын дархлааг бий болгох зорилготой “Cultural Sanctuaries Foundation” сангийн үүсгэн байгуулагчид болох Chris Rainier болон Olivia McKendrick гэх зэрэг байгаль, өв соёл хамгаалагчдыг оролцуулан туршлагыг нь хуваалцаж байна. Үүний хүчинд Бүргэдийн анчид мэдээлэл солилцооны соёлын төвтэй болж байгаа.
Өнөөдөр би өөрийгөө шилдэг баг байгуулж чадсан гэж боддог.
–Цар тахлаас хойш Дэлхийн аялал жуулчлалын салбарт гарсан бодлогын ба бизнесийн гол өөрчлөлтүүдээс Та юуг онцлох вэ?
Салбарын хүрээнд хүнд цохилт байсан ч аялал жуулчлал амин чухал гэдгийг тодотголоо. Нислэгүүдийн шатахуун зарцуулалт болон байгалийн унаган төрхөд халдаж буй гэх мэт байгаль орчин, нүүрсхүчлийн хийн ялгарлын нөлөөг аялал жуулчлалтай холбон ихээхэн шүүмжилдэг байсныг санаж байгаа байх. Гэтэл аялал зогссоны нөлөөлөл жишээ нь Ботсвана тэргүүтэй Африкийн зүүн хэсгийн олон оронд гүнзгий мэдрэгдсэн. Дэлхий даяар зочлох үйлчилгээний салбарт хүн амын 10,3 хувь нь шууд ажилладаг. Айл өрхүүдийн орлого тасрахад, өнөө зэрлэг ховордсон ан амьтад руугаа дайрч агнах, идэж болох бүгдийг түүж зохилдлогоог алдагдуулах гэх мэт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эсрэгээрээ нэмэгдсэн. Нөгөө талаас аялал жуулчлалын ажлаа алдсан хүмүүс байгаль орчинд илүү сөрөг нөлөөтэй салбарууд руу шилжиж буй нь ажиглагдсан. Тэгэхээр энэ бол өмнө нь огт тооцоогүй байсан үр дагавар.
Тэгэхээр бид цар тахлаас ихийг сурлаа. Дараагийн цар тахлууд болох нь ч тодорхой болоод байна. Цаг уурын өөрчлөлтийн нөлөө хүн бүрд мэдрэгдэж, гал, үер, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшгууд нэмэгдсээр. Монголд зуд, үерийн тоо ихсэж, малын хорогдол нэмэгдэж, маш халуун зун болдог боллоо. Говьд энэ зун хурдтай, урсгаад аваад явчих хэмжээний хохиролтой үер болсныг харсан байх. Цар тахал намайг болон бусад олон хүнийг ядаж эрүүл мэндийнхээ хувьд анхаардаг болгож хувиргалаа. Цаашлаад энэхүү зайлж боломгүй өөрчлөлтүүд хүн бүрийг байгаль орчин, соёл уламжлал бүхий эх дэлхийгээ хамгаалах хариуцлагад дуудаж байна.
-Тэгвэл аялагчдын зан төлөв, ач холбогдлын дараалалд ямар өөрчлөлт оров? Ялангуяа шинээр зах зээлд хүч түрж буй залуусын хүлээлт энэ салбараас юу байна вэ?
Цар тахлаас хойш өрсөлдөөн улам ширүүсэж, тэднийг авчрахын тулд илүү бүтээлчээр ажиллах хэрэгтэй болсон. “Ардчиллын баянбүрд” гэдгээрээ танигдаж буй онцгой байр суурь нь эергээр анхаарлыг татаж байна. Жишээ нь, Буддын шашны хувьд ижилсэх үнэ цэн, хоёр аварга хөрштэй гэх газарзүйн төстэй байршилтай Бутаны хаан, хатан Монголд айлчилсан нь түүх соёлын хувьд Монголыг нэлээд онцгойрууллаа. Гэхдээ цаашид дотоодын нислэгүүд олширч, сайжрахгүй бол олны анхаарал татаад ч Монгол шиг уудам газраа туулж аялахад их цаг зарцуулдаг газар үр өгөөж нь бага л гарна.
Ажилтнуудаа халамжлах нь бидний хувьд зочдоо тухлуулж, халамжлахтай адил чухал
Байгаль орчны хамгаалал болон орон нутгийн хөгжийн хүрээнд компаниудыг өндөр ёс зүйтэй, эерэг оролцоотой байхыг шинэ үеийн аялагчид илүү анхаарч сонголтоо хийхээр байна. Аялагчдын хувийн үнэ цэнтэй зохицох утга учиртай аяллыг тэд хүсэж байгаа учраас аялал жуулчлалын салбарынхан онцгой чухал нөлөөтэй үе рүү орж ирлээ. Эцэг эх, өвөө эмээгийнхээ хүртэл сонголтыг өөрчилж, хамт аяллаа төлөвлөхдөө байгальд ээлтэй, ёс зүйтэй компанийг сонгохыг уриалж, сонголтод нөлөөлж байна. Тэгэхээр одоо ба ирээдүйд шинэ үеийнхэн давамгайлаад ирэхэд, юу болох нь тодорхой. Бидний хувьд дэлхий даяар маш олон орны соёлтой танилцаж аялаад сурчихсан, хаа явсан газраа эергээр нөлөөлөх хүсэлтэй аялагчдыг хүлээж авдаг учраас бидэнд хүлээлгэж буй хариуцлага нь ч өндөр байдаг.
Манайхыг баазаа байгуулж байхад, Өмнөговьд дахиад хоёр л бааз байдаг байсан бол одоо бараг 30 давсан. Тэдний зарим нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаагаа хадгалсан хэвээр. Тийм учраас өнөөдөр би энэ бүгдийг дэлгэрэнгүй яриад юу хийж байгаагаа тоочоод байгаа юм.
-Салбарын яамны Монголыг сурталчлах одоогийн ажлуудыг хэрхэн үнэлж дүгнэх вэ?
Одоо Аялал жуулчлал, Соёл, Спорт, Залуучуудын яам болсон нь оновчтой алхам. Харин Байгаль орчны асуудлын хувьд тусдаа яам байж, аялал жуулчлалын салбартайгаа уялдаагаа сайн хангахад болохоор харагдаж буй.
Сурталчилгааны хувьд нэг зүйлийг сануулъя. Монгол улсыг “ITB Berlin”-д үндсэн гол партнер орон болгон зарлаж, олон сая евро зарцуулж, жуулчны урсгал татсанаа, дараа жил нь ASEM-ийн өндөр түвшний уулзалт зохион байгуулаад, Наадам ойртсон өдрүүдэд голлох зочид буудлуудын өрөөнүүдийг засгаас нь өөрөө аваад, тур операторуудаас булаачихсан. Энэ хэр оновчтой бодлого вэ? Ингээд тур операторуудаа өрөөний дутагдалд оруулчихсан нь үнэхээр ойлгомжгүй, уялдаагүй ажил болсон. Наадам бол энэ салбарын хувьд үндсэндээ сурталчилгаа хэрэггүйгээр бүх хүчин чадалдаа тулж ажилладаг үе. Цаашлаад яг энэ үеэр, баяр наадам үзэх тасалбарын тэгш хүртээмжтэй байдал, зохион байгуулалтын асуудлыг хариуцах ёстой болохоос, сурталчилгаанд оролцох шаардлагагүй. Ямартай ч, хувийн хэвшилтэйгээ төр нь өрсөлдөхгүй байх чухал. Энэ бүх хуучин тааруу туршлагаасаа суралцаж, илүү үр дүнтэй ажиллана гэж найдаж байна.
-Энэ салбарт хөл тавьсан 1990 онтой харьцуулахад Таны менежментийн арга барилд ямар өөрчлөлт орсон бэ? Одоогоос 15 жилийн өмнө Тантай танилцаж байхад, юм болгонд оролцон зааж, сургаж байгаа харагддаг байсан. Та эрх мэдлээ хэр хэмжээнд шилжүүлсэн бэ? Таны баг өнөөдөр ямар түвшинд ирэв?
Ардчилсан зарчмаар сонгогдсон анхны ерөнхий сайд Д. Бямбасүрэн гуай надад барууны жуулчдыг авчрахад туслах хүсэлт 1992 онд тавьж байлаа. Түүнээс хойш жуулчдын урсгалыг үүсгэх гэж нэлээд олон жил оролдсон, үр дүн ч гаргасан. Тэгээд жуулчдыг аялуулах ажлыг ч мөн давхар хийж эхэлсэн. Тэр үед бүгд шинэ байсан учраас бүгдийг бид эхнээс нь эхэлсэн, замдаа сурсан, хөгжсөн. Одоо бол өндөр ур чадвартай, туршлагатай менежерүүд, удирдлагуудтай болсон учир дийлэнх ажлаа даалгаад өгчихсөн. Манай удирдлагын баг өдөр бүр товч хуралдаж, долоо хоног бүр хоорондоо хэлэлцэж, нэн тэргүүний ажлуудаа тохирч, нөөцийн хэмжээгээ тодорхойлж, цаашид чухал ажлуудаа эрэмбэлж системчлээд явдаг.
Номадик Экспедишний баг олон аяллын сорилтод орж хөгжин, аливааг даван туулах, бүтээлчээр шийдэх ур чадвар, туршлагыг хуримтлуулсныг онцолмоор санагддаг. Өнгөрсөн жил аяллын логистикийн хувьд бид нэгэн онцгой зочны аяллыг зохион байгуулсан. Манай зочин 1929 оны Bentley машин Монголд авчран, өөрөө жолоодоод аялсан. Энэ аяллын туршид тансаг зэрэглэлийн түр баазыг 10 гаруй байршилд өдөр бүр барьж, хурааж, нүүж байсан. Монголын тал нутаг, уул хад, их элсийг туулсан 5000 км аялалд 30 өдрийн турш 450 монгол хүн олон тусдаа багт хуваагдан, урд хойноо орон ээлжлэн баазаа барьж, нүүж нөр их хөдөлмөр оруулж гайхамшигтай дурсамж бүтээсэн.. Ийм хэмжээний зочныг хүлээн авч, 450 гаруй хүнийг баг болгон ажиллуулж, тансаг зэрэглэлийн үйлчилгээг дэд бүтэцгүй тал нутагт өгнө гэдэг хүчтэй удирдлагын баг болон маш сайн ажил даалгах арга барил шаарддаг. Дээрх аялал шиг олон аялал биднийг өнгөрсөн жилүүдэд чадавхжуулж, алдаагаа засан сайжрахад нөлөөлсөн. Өнөөдөр би өөрийгөө шилдэг баг байгуулж чадсан гэж боддог. Би багаараа маш их бахархдаг.
Манай баазын ерөнхий менежер, дарга өндөр чадвартай, санаачилгатай. Манай ерөнхийлөгч Ч.Ундраа Америк болон Монголын үйл ажиллагааг ерөнхийд нь чиглүүлээд ажиллаж байна. Жижиг сажиг ажлуудад оролцдоггүй. Манай багууд өөрсдөө мэдээд ажлаа сайн хийх хэмжээнд бид ирчихсэн.
-Тантай хамт ажиллаж байсан зарим нь явсан, зарим нь үлдсэн. Одоо ба хуучин ажиллаж байсан эдгээр хүмүүсийг нэтгэдэг үнэ цэн, ажлын арга барил байгаад байх шиг. Та тэдэнд хэрэг болох юу өгсөн гэж боддог вэ?
Манай баг гэр бүлсэг уур амьсгалтай. Гэхдээ манайх хамаатан садны компани биш. Би төрөл садандаа ажил өгдөг, өвлүүлдэг арга барилд итгэдэггүй. Хэн зүтгэж, хөгжиж байна, тэр хүн манай гэр бүл. Бүгдэд өсөх, ахих боломж бий. Манай ерөнхийлөгч Б.Ундраа миний гэр бүл биш, гэхдээ одоо манай хувьцаа эзэмшигч. Бизнесээ өсгөж өргөтгөж, бялууг томруулбал, манай гишүүн бүрийн хүртэх зүсэм томорно шүү дээ. Цар тахал хэцүү байсан ч, бид цомхотгол хийлгүй бүрэн багаараа давж гарсан.
Бидний аялал 30 жилээр хэмжигдэх учраас бид ихийг үзсэн, туулсан, суралцсан. Энэ замд хүмүүс ажлаас гарч орохдоо, зарим зүйлсийг тасдаад аваад гарах тохиолдлууд цөөнгүй байсан. Гэхдээ одоо тэгэх хэмжээнд бидний үйл ажиллагаа явахаа байсан. Бид хүн бүрд өсөх, өөрийн болгох боломжийг өгч байгаа учраас дээрх асуудал дахиж гарахааргүй болсон. Бид аялал жуулчлалд байгаа ихэнх компаниас илүү удаан ажиллалаа. Зарим зэрэгцээд гарч ирж байсан нь ч үгүй болж эсвэл өөрчлөгдсөн түүх олныг замдаа үзлээ. Энэ дунд бидэн шиг өсч сайжрах гээд зүтгэж буй, бие биедээ сайн үлгэр дуурайлал болох компани бас олширч буйд талархаж байна.
“Гурван тэмээт” бааз нь өнөөгийн олон баазын суурь, хөгжлийн жишиг загвар байж ирлээ. Бааз барих гээд туршлага судалж буй эздүүд, барилгын хүмүүсийг бид хүлээн авч, үзүүлж тайлбарлаж, чиглүүлсээр байна. Үйлчилгээний чанар, аялагчийн замын дагуух төлөвлөлтөөс эхлүүлээд барилга байшин, өрөөний үнэ тогтоох гэх зэрэг олон талаар туршлага судалж, жишиг нь болдог.
Та хүний авьяас, чадварыг хэрхэн таньж, тогтоон барьдаг вэ?
Сайн хүмүүс олно гэдэг мөнхийн сорилт. Бид 1990-иэд онд анхны хувийн хэвшлийн хөтөч тайлбарлагчийн сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Шинжлэх Ухааны Академитай хамтраад хөтчүүдээ академик түвшинд болон талбарт нь практикаар дадлагажуулж эхэлснээр хурдтай ахиц багтаа гаргасан. Бид жилдээ тийм олон хөтөч сургаж дийлдэггүй ч, бүгд бас манайд ажилладаггүй. Зарим нь гараад бусад компанийн чадварлаг ажилтан болоод явж буй нь бас салбартаа ч эерэг нөлөө үзүүлж буйн илрэл. Бид мөн шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд, эрдэмтдийг зундаа хамтарч ажиллахыг санал болгодог. Энэ салбарт хэсэгчлэн ажиллах нь боломжийн орлоготой байхад ч нөлөөлдөг.
Амжилттай аялал бол Монголыг хаа очсон газраа ярьж явах сайн дурын элч төлөөлөгчтэй болгодог.
Баазын хувьд 40 гаруй ажилтантай, зуны ид үед оюутнуудыг ажиллуулдаг. Манай баазын ажилтнууд маш тогтвортой ажиллаж байгааг анзаарч байгаа байх. Оюутнууд маань ч жил бүр зуны амралтаараа эргэж ирсээр байгаад, төгсмөгц бүтэн цагийн ажилтнууд болох нь түгээмэл. Мөн бид замын ядаргаа ихтэй явдаг хөтөч, жолооч нараа ч жуулчнаас ялгаагүй тавтай байлгахыг хичээдэг. Бааз дээр ажилтнууддаа зориулаад шинэ хоолны танхим, байрлах байшин ашиглалтад оруулсан. Манай ажилтнуудын өрөө цэлгэр, тохижилт сайтай, илүү тухтай шинэ болсон. Өмнө нь ч тийм тухгүй байгаагүй. Ажилтнуудаа халамжлах нь бидний хувьд зочдоо тухлуулж, халамжлахтай адил чухал. Цаашид тэдний төлөө илүү ихийг хийнэ, халамжилна. Энэ л нөлөөлдөг болов уу.
Аялал жуулчлалын салбарт ажиллахын чухам юу нь танд хамгийн их баяр баясал өгдөг вэ?
–Монгол гэдэг гайхам улсыг аяллын туршлагаар бусадтай хуваалцах нь хамгийн их баяр баясал өгдөг. Дэлхийн хаана ч очих чадалтай, олон газар очсон сонирхолтой хүмүүс Монголыг, тэр дундаа биднийг сонгоно гэдэг онцгой мэдрэмж. Тэгээд хаа ч давтагдахгүй аялал боллоо гэж зочин маань нүүр дүүрэн баясалтай, эрч хүчтэйгээр гэртээ буцах нь зорилго биелсэн сэтгэл ханамж өгдөг. Амжилттай аялал бол Монголыг хаа очсон газраа ярьж явах сайн дурын элч төлөөлөгчтэй болгодог.