Одоогоос 11 жилийн өмнө Монголын бүх арилжааны банкнууд Тогтвортой Санхүүжилтийн тунхаг бичигт сайн дураар нэгдэн, ТоС хөтөлбөрийг эхлүүлсэн түүхтэй. Өдгөө уг хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 гаруй жилийг үдсэн бөгөөд сүүлийн гурван жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Тогтвортой Санхүүгийн Форум хэлэлцүүлэг зохиогдож байна.
Ногоон санхүүжилт яагаад чухал вэ?
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум” 2024 арга хэмжээ арван нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Монгол Улс Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Энэ жилийн ТоС Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо ТоС Холбоо, ХААН банк (ТоС холбооны 2024 оны “Манлайлагч банк) болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран бусад дотоодын болон олон улсын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттайгаар зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын тэргүүн шадар сайд ба эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, ТоС холбооны удирдах зөвлөлийн дарга, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Монгол дахь НҮБ–ын төлөөлөгч М.Тапан нар оролцож нээлтийг үг хэлж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ хэлэлцээрээр Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргаснаа дуулгасан юм. Хэрэв энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болох юм.
Учир нь манай улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ. Дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ жилээс жилд буурч, цөлжилт аюулын харанга дэлдэж байна. Хамгийн анхаарууштай нь сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.25 цельсээр нэмэгдсэн бөгөөд дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдож буй юм. Энэ байдал даамжирваас зөвхөн байгаль эх дэлхийгээр дуусахгүй хүн болоод амьд буй бүхний дайсан болох эрсдэлтэй.
Эдгээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэхээр Монгол Улсад ТоС холбоо үүсгэн байгуулагдсан бөгөөд тэд Монгол Улсын санхүү, бизнесийн салбарт байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, ногоон эдийн засгийн өсөлтийг манлайлан ажиллахад чиглэж байна. Эл дээд түвшний уулзалтад Монголын Тогтвортой Санхүүгийн холбооны бодлого боловсруулагчид, зохицуулагчид, санхүүгийн салбарын оролцогчид, бизнесийн байгууллагууд, дотоодын болон олон улсын экспертүүд, иргэний нийгмийн төлөөллүүд зэрэг голлох төлөөллүүд нэгдэн мэдлэг туршлагаа солилцов.
Энэ уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешын хэлсэн анхаарал татам эшлэлийг онцлон сийрүүлж байна.
Тэрбээр хэлэхдээ: 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн аагим халуун жил болон тэмдэглэгдэхээр байна. Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол цэнхэр дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох замаа сонгох болно.
Харин хамтдаа нэгдэн нийлж, энэхүү өөрчлөлтийн төлөө нэгэн зэрэг урагшлах гэхээр зарим улс орнууд боломжгүй болоод буй юм. Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаа гэх мэт шалтгаанаас улбаалан эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулгарч байна.
Тийм учраас НҮБ-ын 29-дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар төсөвлөдөг байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна хэмээлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешын дурдаж буй Парисын хэлэлцээрийн үеэр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх амлалт, үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм.
Өдгөө дээрх амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг. Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул жил бүр энэхүү салбарын мэргэжилтнүүд уулзаж, хамтран ажилладаг болжээ.
Энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэв.
Тогтвортой хөгжилд ХААН Банк
Сүүлийн 10 гаруй жилд ХААН Банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт татах, хувийн секторын чадавхийг бэхжүүлэхэд манлайлан ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2024 оны эхний 9 сарын байдлаар ХААН Банкнаас олгосон ногоон зээл 627 тэрбумд хүрч, 2023 онтой харьцуулахад 61 хувийн өсөлттэй байна. Тус банк 2026 он гэхэд нийт зээлийн 10%-ийг ногоон зээл болгох зорилт тавьжээ. Салбар хуралдааны үеэр ХААН Банк Монгол Улсын анхны ногоон технологи, ногоон санхүүжилтийн порталыг танилцуулсан. “Green database” төсөл гадаад орчны эерэг нөлөөлөлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгтгэх онлайн платформ болох green.khanbank.com-ыг хөгжүүлж байгаа нь онцлог юм.
Энэхүү платформоор дамжуулан иргэд ногоон зээл авах, ногоон ангилалд ямар бүтээгдэхүүн багтахыг мэдэх, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ бүртгүүлэх, ногоон зээлээр санхүүжилт авах боломжтой.