Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын Хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Г.Жавхлантөгстэй гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад энэ цаг үед яагаад чухал вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улс цар тахлын хүндрэлтэй үеийг амжилттай давж, экспортын орлогоо нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт үзүүлэх гарааны цэг дээр ирээд байна. Энэ түүхэн чухал цаг үед эдийн засгаа хөрөнгө оруулалт, нэн ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) дэмжлэгтэйгээр эрс тэлэх шаардлага бий. Тэр тусмаа манай улсын эдийн засгийн өндөр өсөлт нь ГШХО-ын урсгалаас хамаарч байсныг тоо баримтууд харуулдаг.
Гадаадын хөрөнгө оруулалт яагаад чухал вэ гэвэл манай улс төсвөө хязгаарт нь тултал тэлчихсэн, үүнээс цааш тэлэх боломжгүй болсон. Тийм учраас гаднаас орж ирэх хөрөнгийн урсгал их чухал байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт нь хэд хэдэн давуу талыг бий болгодог. Нэгдүгээрт, эдийн засгийг тэлэх капитал орж ирнэ. Хоёрдугаарт, ноухау, шинэ технологи, мэргэжлийн ур чадвар орж ирдэг, энэ нь шинээр ажлын байр бий болгодог.
Монголд хөрөнгө оруулах гээд олон улс дугаарлаад зогсож байдаг гэж ярьдаг. Тийм зүйл огт байхгүй. Хөрөнгө оруулалт татахын тулд бид байнга бусад улстай өрсөлдөж байгаа гэдгээ санах ёстой. Аль улс илүү таатай нөхцөл бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй хандаж байна тэр хэрээр тухайн улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж, тэлдэг зүй тогтол бий. Бид чухам ийм л бодлогыг гаргах шаардлагатай.
-Олон улсын хөрөнгө оруулагчидтай түншлэхэд бэлэн гэсэн хүсэл сонирхлоо Монгол Улс хэрхэн нотлон харуулах ёстой гэж та бодож байна вэ? Үүнд амлалтаас илүү үйлдэл чухал байх гэж бодож байна?
-Тийм ээ, бид үйлдлээрээ л харуулах ёстой гэж товч хэлмээр байна. Хөрөнгө оруулалт бол эко тогтолцоо, өөрөөр хэлбэл өөрийн гэсэн бие даасан орчин юм. Бизнес, хөрөнгө оруулалтын энэхүү тогтолцооны хууль эрхзүйн орчин нь тогтвортой, ойлгомжтой, таамаглаж болохуйц байх ёстой. Үүнтэй холбоотойгоор манай улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг зайлшгүй батлах шаардлагатай. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт татах орчныг бид бүрдүүлэх юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой яригдах ёстой нэг асуудал бол шийдэгдэлгүй олон сар, жил болж буй хөрөнгө оруулагчдыг хуурч мэхэлсэн хэргүүд. Эдгээр хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэх, хэрэв хөрөнгө оруулагчдыг хохироосон бол гомдлыг нь барагдуулах шаардлага бий. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйсан нь гадаад ертөнцөд чиглэсэн маш том дохио, бидний хувьд хандлагын өөрчлөлтөө харуулсан хэрэг байлаа. Гэхдээ бодит байдал дээр түүнээс хойш ямар өөрчлөлт гарав гэдгийг бодож үзэх л хэрэгтэй.
Үйлдлээрээ харуулах ёстой гэж миний хэлээд буйн цаад учир нь хөрөнгө оруулагчидтай холбоотой шүүхийн асуудлуудыг шийдвэрлэж, гомдлыг барагдуулж, буруутай этгээдтэй хариуцлага тооцох нь их том дохио болно. Хөрөнгө оруулагчид нэг үргэсэн бол эргэж ирэхдээ их уддаг гэдгийг бид санах хэрэгтэй. Зүйрлэж хэлбэл, гэр орноо цэвэрлээгүй, эмх цэгцгүй байгаа хэрнээ бид та бүхнийг урьж байна, манайд хөрөнгө оруулаарай гэж ярих нь учир дутагдалтай юм. Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт нь эдийн засгийг тэлэхүйц хэмжээгээр орж ирэх ямар ч боломжгүй. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулалтын тухай дагнасан хуультай болох замаар гэрээ цэмбийлгээд, гэрийн даалгавраа хийсэн шүү гэдгээ харуулах нь зөв гэж бодож байна.
-Гэхдээ хөрөнгө оруулагчдад таагүй ханддаг, газрыг маань ухаад биднийг хоосон үлдээлээ гэсэн сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Энэ сэтгэлгээ яагаад арилгахгүй байна вэ?
-Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг сурталчлах хамгийн том пиар бол амжилттай үйл явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төсөл юм. Бид гоё мессеж, товхимол, лоозон гаргахаар хөрөнгө оруулалт орж ирнэ гэж буруу боддог. Харин хөрөнгө оруулагчийн төсөл, компани тухай улсад амжилттай ажиллаж байгаа нь бусад хөрөнгө оруулагч нарт мөн адил амжилтад хүрэх боломжтой гэсэн мессежийг өгдөг. Тийм учраас ийм мессежийг өгөхөд бид анхаарах хэрэгтэй.
Таны асуултын тухайд ерөнхийдөө амьжиргааны болон боловсролын түвшин, хандлагаас их хамаарч байна. Тархи угаалт, буруу мэдээлэлд зарим хүмүүс амархан автаж байна. Тийм учраас соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй.
-Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар та ямар бодолтой явдаг вэ? Хөрөнгө оруулагчдыг татах тал дээр Монгол Улсын алдаа оноо нь юу байсаар ирэв?
-Хуулийн болон улстөрийн олон алдаатай шийдвэр гаргасан гэдгийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, урт нэртэй хууль зэрэг олон жишээ бий. Хэдий эдгээр хуулийн санаа нь зөв боловч сайн судалгаа хийгээгүй, бодит байдалд хэрэгжүүлэхэд төвөгтэй байсан. Уул уурхайн зарим компанийн лицензийг нь хүртэл цуцалж, хайгуулын лиценз олгохоо зогсоож байлаа. Үүнээс шалтгаалж эдийн засаг маань дороо эргэсэн, өсөлт үзүүлж чадахгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, итгэлийг нь эвдсэн байдалд ороод байна.
Хууль, эрхзүйн алдаатай шийдвэрүүдээс шалтгаалж манай улсад хайгуулын ажил маш их орхигдсон. Зүй нь хайгуулын төслийг улам ихээр дэмжиж байж уул уурхайн томоохон төсөл хэрэгжих үүд хаалга нээгддэг. Мөн хөрөнгө оруулахаар сонирхож байсан компаниуд өөр улсад төсөл хэрэгжүүлсэн гэх мэт жишээ бий
Түүнчлэн эдийн засагт төрийн өмчийн оролцоо маш их байна. Төр нь нэг гараараа хууль дүрмээ гаргаад, нөгөө гараараа биенес хийдэг болсон. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу Толгой, Тавантолгой зэрэг том компаниудтай, хувийн хэвшилтэй төр шууд өрсөлдөж байна. Уг нь төр хууль тогтоох, дүрэм журам гаргах үндсэн үүргээ л гүйцэтгэх ёстой юм. Бизнест хутгалдаж орох, төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагагүй. Хэрэв тэгэх юм бол ГХО орж ирэхгүй. Тухайлбал, эрчим хүчний салбарт төрийн оролцоо маш их байгаа учраас хөрөнгө оруулалтгүй, технологи нь шинэчлэгдэхгүй, үнэ нь өрсөлдөөнд орохгүй, татаас авдаг салбар болоод байна.
– Манай улс Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцэх гэж байна. Тус хуульд оруулахаар хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтүүдийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна. Уг хуульд зарчмын тодорхой өөрчлөлтүүдийг хийнэ. Юун түрүүнд Монгол Улсад гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль байх ёстой гэсэн үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчилнө. Уг хуульд тогтвортой байдал, шударга тэгш байх, ойлгомжтой байх, таамаглахуйц, шуурхай, саад тотгор учруулдаггүй харин аль болох дэмждэг байх, цахимаар асуудлыг шийддэг байх гэсэн үндсэн таван зарчмыг тусгах бөгөөд одоогоор үзэл баримтлал нь батлагдаж гараад байна.
Онцлох өөрчлөлтийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэгт онцлон анхаарч, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд харьцангуй давуу талыг улам нэмэгдүүлсэн, урамшууллын зохих бодлогуудыг тусгахаар хэлэлцэж байна.
Уг хууль нь малгай хууль учраас салбар бүрийн асуудлуудыг зохицуулахгүй. Тийм учраас Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ 4 жилийн мөрийн хөтөлбөртөө тусгаж УИХ-аар батлуулдаг байх концепцыг тусгаж буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эрх барих 4 жилдээ аль чиглэлд илүү анхаарч ГШХО татаж, хэрхэн дэмжихээ тодорхойлох юм.
Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай бодлогуудыг зангиддаг байгууллага болгоно. Уг зөвлөлд хувийн хэвшлийн, бизнесийн танхимуудын төлөөллүүд багтах юм. Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээж авдаг, хөрөнгө оруулагчдын дунд эсвэл төрийн байгууллагатай үүссэн асуудлыг эвлэрүүлэн зуучилдаг, омбудсмэн байдлаар оролцдог байх үүрэг хүлээнэ.
Өнгөрсөн хугацаанд манай улсад бага, дунд хэмжээний хөрөнгө оруулалт их орж ирсэн. Цаашид томоохон хөрөнгө оруулалт татах урамшууллын систем бий болгох, тэр дундаа татварын болон татварын бус урамшуулал олгох боломжийг уг хуульд тусгаж өгнө.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас гаргасан судалгаанаас үзэхэд 100 гаруй улс хөрөнгө оруулалтыг зохицуулсан хуультай байна. Гэхдээ хөгжиж буй орнуудын ихэнх нь ГХО-ын тухай хуультай байдаг бол бусад улс зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хуультай байдаг. Хөрөнгө оруулалтын хуультай улсуудын эдийн засгийн хөгжил сул, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг хангалттай сайн татаж чадаагүй жишээнүүд их бий. Тиймээс хөгжиж буй орнуудын жишгийг дагаж, гадаадын хөрөнгө оруулалтад зориулсан хуультай байх ёстой гэсэн концепцийг баримталж байгаа юм.
Мөн дипломат төлөөлөгчийн газруудыг тухайн улсаас хэр хэмжээний хөрөнгө оруулалт татаж байгаагаар нь эрэмбэлэх, гүйцэтгэлийн урамшуулал өгөх зэрэг зохицуулалтыг хуульд тусгах санал яригдаж байна. Зөвхөн улс дотроо бус гадаад орчинд буюу ЭСЯ-дууд ч хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах ёстой. Магадгүй хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэшсэн ажилтантай болох зохицуулалтыг тусгахаар ярьж байна.
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хууль хэр өөрчлөгдөх вэ?
-Хуулийн шинэчилсэн найруулга учраас нэрнээсээ авахуулаад 50-аас дээш хувь нь өөрчлөгдөнө. Өмнөх Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгад төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, маргаан шийдвэрлэх талаар нааштай алхмуудыг тусгасан. Эдгээр давуу талыг нь хадгалаад шинээр нэмэлт өөрчлөлт оруулах юм. Тиймд энэхүү хууль ихээхэн шинэчлэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
Өмнө дурдсанчлан тус хууль нь малгай хууль байх учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг бусад хуульд өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эко систем маань илүү сайжирна гэж ойлгож болно.
-Хууль шинэчлэгдсэн ч энэ бол зөвхөн ажлын эхлэл. Хөрөнгө оруулагчдыг татах, үйл ажиллагаагаа эхлүүлсэн хөрөнгө оруулагчдыг алдахгүй байх тал дээр манай улс хэрхэн ажиллах ёстой вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдах нь Монгол Улс хууль, эрхзүйн орчноо сайжруулж, хөрөнгө оруулагчдад таатай, ээлтэй боллоо гэдэг мессежийг өгөх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гэрээ “цэвэрлэлээ”, манайд хөрөнгө оруулах юм бол ийм таатай нөхцөл санал болгоно, авлига хээл хахуулийн асуудал, шүүх дээр маргаан уддаг асуудлыг ингэж шийднэ, хөрөнгө оруулах боломжууд бүрдсэн гэдэг мессеж өгнө. Засгийн газар уг хуулийг чухалчлан авч үзэж энэ ондоо багтаж батлуулахаар ажиллаж байна. Тийм учраас 2025 оны эхээр болох Давосын эдийн засгийн чуулганд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг урих төлөвлөгөө бий.
Хөрөнгө оруулагчидтай харилцахдаа бидний алддаг, дутуу хийдэг нэг зүйл бол эргэх холбоо юм. Ямар нэг хуулийн төсөл сюрприз байдлаар гарч ирж, хэлэлцэх хугацаа байхгүйгээр батлагддаг. Манай улс АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ хүрээнд хөрөнгө оруулалт, эдийн засагтай холбоотой хуулийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад урьдчилан танилцуулах, санал авах боломжоор хангасан байх ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн ч шаардлагууд байдаг. Мөн мэдээж соён гэгээрүүлэх, ялангуяа аливаа хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг, буруу ойлголттой хүмүүст зөв ойлголт өгөх ажлуудыг хийх хэрэгтэй.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт нь манай улсын ДНБ-ий бараг тал хувьтай тэнцэхээр том хэмжээнийх. Энэ том хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь маш том. Ийм эерэг үр нөлөөг авчирдаг учраас бид нар хөрөнгө оруулалтын давуу тал, аливаа төслийн ач холбогдлыг ард иргэдэд сайн ойлгуулах зайлшгүй шаардлагатай. 2011 онд эдийн засгийн өсөлт түүхэн дээд хэмжээ буюу 17 хувьд хүрч өсөхөд Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн, ажлын байр ихээр нэмэгдэж, хүмүүс ажлыг голдог, илүү цалинтай ажлын байранд ордог байлаа. Орон сууцны хороолол, оффис барилгууд ч ихээр баригдсаныг мартах учиргүй. Гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөж их гэдгийг бид тухайн үед харсан. Хөрөнгө оруулалтын алтан үе манай улсад чухам тэр үед тохиосон. Харин одоо алтан үе байсан гэж ярих бус, тийм үеийг дахиад бий болгохын төлөө ажиллах ёстой. Ингэснээр нэг биш хэд хэдэн Оюу толгой, Таван толгойг бий болгох бүрэн боломжтой.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийн хэрээр дотоодын ААН-үүд хамтрагч, эсвэл туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрддэг. Ташрамд дурдахад, дотоодын ААН, компани ГХО татах юм бол урамшуулах бодлого үргэлжилнэ. АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Европын холбоо зэрэг өндөр хөгжилтэй бүх улс гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа тэтгэсэн, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулсан. Хөгжилд хүрсэн бүх улс гадаадын хөрөнгө оруулалт татаж байж хөгжсөн байдаг, энэ замаас бид гажиж болохгүй, тэр замаар л явна.
– ГШХО-ын 70 орчим хувь нь уул уурхайн салбарт шингэж байна. Эдийн засгаа солонгоруулахын тулд өөр ямар салбаруудад ГШХО татах боломжтой вэ?
– Нэгдүгээрт, эрчим хүчний салбар. Томоохон төслүүд, уул уурхайн салбарыг тэтгэх эрчим хүч манай улсад хараахан алга. Өмнө дурдсанчлан шинэ эх үүсвэр, цахилгаан станц барихаас гадна түгээх, дамжуулах сүлжээнд ч хөрөнгө оруулалт татах боломжтой. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч бол гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татдаг салбар. Бид ч хөрөнгө оруулах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Энэ салбар хөрөнгө оруулалт татах маш их потенциалтай, манай улсын хувьд харьцангуй давуу тал болох салбар. Хөрөнгө оруулалт хангалттай хэмжээгээр татаж чадахгүй байгаа ч уг нь мах, сүүн бүтээгдэхүүн, ноолуур, хөөвөр зэрэг чиглэлээр төрөлжиж, гадаадын хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой.
Түүнчлэн финтек, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбаруудыг дурдах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Ази, Европт хэт халж байгаа нөхцөлд бид сэрүүн уур амьсгал, үзэсгэлэнт байгалиараа жуулчин татаж болох юм. Улмаар аялал жуулчлалаа дэмжихийн тулд агаарын тээврийн салбарт давхар хөрөнгө оруулалт татах боломжтой. Жишээлбэл, карго нислэг, ерөнхий зориулалтын агаарын тээвэр, нисэхийн академи, гадаадын авиа компаниудын онгоцонд техник үйлчилгээ үзүүлэх зэрэг боломжууд бий. Ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулахаар АНУ-ын компани сонирхож байсан. Сая дурдсан боломжуудыг бид хөрөнгө оруулагчдад нээж өгвөл Монгол Улс агаарын тээврийн төв (hub) болох ирээдүйтэй.
Миний бодлоор бид эдийн засгаа солонгоруулна гээд бүх салбар луу орох бус харьцангуй давуу талдаа түшиглэж “хөдлөх” ёстой. Эдийн засгийн төвөгшлийн индекст (Complexity index) багтсан 133 улсаас Монгол Улс 122-р байрт бичигдэж байна. Учир нь манай улс зэс, нүүрс, алт, ноолуур зэрэг экспортын гол бүтээгдэхүүнүүдээ огт боловсруулахгүй, эсвэл анхан шатны боловсруулалт хийгээд борлуулж байна. Үүнийг өөрчлөх шаардлага бий. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн бүх салбарт анхаарах бус гол салбаруудаа илүү төрөлжүүлж, гүнзгий боловсруулалт хийж хөгжлийн түвшнийг нь ахиулах ёстой. Уг индексийн эхний байруудад ордог Япон, АНУ, БНСУ зэрэг улс өөрийн кластерыг хөгжүүлж, мэргэшиж байж хөгжсөн. Үүнийг харгалзаж үзээд бид хөрөнгө оруулалт татах салбаруудаа оновчтой зөв сонгох хэрэгтэй.
-Хууль баталдаг ч хэрэгжүүлэх эрх зүйн орчин, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг яаж шийдвэрлэхээс ГШХО Монголд орж ирэх эсэх шалтгаална гэдэгтэй та санал нийлэх үү?
-Бид хандлага, сэтгэлгээний өөрчлөлт хиймээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад чухал, эдийн засгийг хөгжүүлэхэд нэн хэрэгтэй гэдгийг Засгийн газраас эхлээд орон нутгийн засаг захиргааны нэгжид ажиллаж байгаа албан тушаалтнууд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд бүгд ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг дэмждэггүй, эс үйлдэл болон үйлдлээрээ саад болж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг хуульд тусгахаар төлөвлөж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд татварын болон татварын бус урамшуулал гэж тусгахад зарим нэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч болох юм. Гэхдээ татварын орлого бүрдүүлэх нь чухал ч татварын бааз сууриа нэмэгдүүлэх нь үүнээс ч чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Өнөөдөр орж ирсэн хөрөнгө оруулалтаас авах татвар болон уг хөрөнгө оруулалт орж ирээд ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлж, үржүүлэгч нөлөөгөө үзүүлсний дараа авах татварын хэмжээ, нөлөөг тооцож үзвэл маш их ялгаа харагдана. Ийм нөхцөлд татварын урамшууллыг дэмжих нь зөв юм. Энэ асуудалд ухвар мөчид бус алсын хараатай хандаж, том зургаар харах ёстой гэдгийг онцлон хэлье.
-Хөрөнгө оруулагчийн нүдээр Монгол Улсыг бид харж сурах хэрэгтэй байх. Тэдний нүдээр бид ямар харагддаг гэж та бодож байна вэ?
-Тун хэцүү л харагддаг гэхэд болно. Хэлсэн ярьсандаа байдаггүй, улс төр нь тогтворгүй, албан тушаалтнууд нь солигддог. Хэдхэн жилийн хугацаанд хэд хэдэн сайдтай харилцах ёстой болдог, тэр бүү хэл төрийн байгууллагын ажилтнууд нь байнга өөрчлөгддөг, тохиролцсон зүйл нь тухайн албан тушаалыг хашиж буй хүнээсээ хамаараад янз бүр болдог гэх мэт бэрхшээл бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Халзан бүрэгтэйн орд руу иргэд хүчээр дайрч орсон. Энэ бол байж болохгүй асуудал. Ийм дүр зургийг өөрчлөхийн тулд бид нар хэлсэндээ хүрдэг, хөрөнгө оруулах орчноо сайхан болгож, тогтворжуулсан гэдгээ харуулах шаардлагатай.
Гэхдээ Хятадын аварга том зах зээлтэй манай улс ойр байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд том давуу тал болох боломжтой. Энэ боломжийг Монгол Улс болон гадаадын хөрөнгө оруулагчид ашиглах ёстой. Монгол Улсыг жижиг зах зээл гэсэн нүдээр битгий хараарай, харин манай улсад бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээг Хятад руу экспортлох боломж байгаа гэдгийг анзаарч хараасай гэж хүсэж байна.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хууль эрхзүйн орчин бүрдсэн бөгөөд энэ нь цаашид голдуу эвслийн Засгийн газар бүрдэж ажиллах нөхцөлийг бий болгосон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтвортой байдалд ахиц гарсан. Тиймээс Монгол Улсад итгэлтэйгээр хөрөнгө оруулах ойлголт, дүр зураг гадаадын хөрөнгө оруулагчдад бий болж байгаа гэж найдаж байна.
– Цар тахлаас хойш олон улсын хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
– Хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгө оруулалт буурсан. Геополитикийн нөхцөл байдал, худалдааны дайн, Орос-Украин, Палестин-Израйлийн дайн, логистикийн сүлжээний хүндрэл зэрэг эрсдэл хүчтэй хэвээр байна. Ойлгомжгүй, цаашид юу болох вэ гэдэг нөхцөл байдал хөрөнгө оруулалтын орчинд ажиглагдаж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад тус улс протекционист бодлого баримтлах юм байна гэсэн болгоомжлол бий болсон.
2022 онтой харьцуулахад олон улсад ГШХО 2023 онд 1,3 их наяд болж 10 хувиар буурсан. Гэхдээ үндэстэн дамнасан компаниудын ашиг орлого нэмэгдсэн, грийнфильд буюу шинээр хөрөнгө оруулалт татсан төслийн тоо 1000-д хүрсэн зэрэг эерэг мэдээ бий.
Мэдээж хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутаг бүрт ялгаатай. Шинэ төслийн хөрөнгө оруулалтын 50 орчим хувь Зүүн Өмнөд Ази, 25 хувь Баруун Азид ногдож байна. Мөн дижитал эдийн засгийн салбарт хийх хөрөнгө оруулалт багассан бол нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, уран, батерейны түүхий эд, газрын ховор ашигт малтмалын салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Энэ нь технологийн шилжилт, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн бэрхшээлтэй холбоотой юм.
Ташрамд дурдахад, хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалтыг дэмжих, харин хөгжингүй орнууд хязгаарлах шинж ажиглагдаж байна.