Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд урам зориг өгөх зорилготой сар тутмын “Бизнес Цэнэг” өглөөний уулзалт Ковид-19 цар тахлын улмаас түр зогсоод байсан бол энэ оны аравдугаар сараас дахин явагдаж эхэллээ.
Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийг мэдлэг мэдээллээр хангах, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Бизнес цэнэг” өглөөний уулзалт хоёр дахь удаагаа Галлериа Улаанбаатарын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Сар бүр тогтмол зохион байгуулагдах уг арга хэмжээ өглөөний нарнаас урьтан эхлэх агаад зочид ч цагаасаа хоцролгүй ирж, танхим дүүрч буй нь тэднийг бусдаас илүү хөдөлмөрч, тасралтгүй суралцагчид болохыг харуулж байв. Өөрийн цаг хугацаагаа зарцуулан зорин ирсэн зочдыг “Бизнес цэнэг” уулзалтын зохион байгуулагчид шинэ санаагаар цэнэглэж, тэднийг салбартаа тэргүүлэгч бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүдээс туршлага судлах боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарчээ.
Арга хэмжээний эхний хэсэг буюу Morninspire-ийн үндсэн илтгэгчээр Bat Solution Partners-ийн үүсгэн байгуулагч В.Ганзориг (Ganzorig Vanchig) оролцож, “Брэнд Урлахуй” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр маркетингийн стратеги, брэндийн үнэ цэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Түүний илтгэлээс чихнээ содон туссан хэсгийг нь тоймлон хүргэе.
Түрийвчийг нь нээхээс өмнө сэтгэлгээг нь нээ
Шинэ брэндээ зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татахдаа баримтлах ёстой гурван шат байдаг. Харин манайхны гаргадаг түгээмэл алдаа бол бүтээж буй брэндийн зорилго нь бүрхэг байх нь элбэг. Мөн хөрөнгө босгохдоо шууд мөнгө гуйх байдлаар эхлэх явдал юм. Ингэснээр тухайн брэндийн статусыг бууруулж, нөгөө байгууллагаас хараат болгож орхидог байна. Харин хөрөнгө татахдаа доод түвшнээс бус мэргэжилтэн гэдгээ ухаарч ижил түвшинд харьцах ёстой аж.
В.Ганзориг хэлэхдээ “Бүтээгдэхүүн үйлчилгээ ямар нэгэн зорилгогүй байх нь буддын шашны сургаалд шүншиггүй бурхан гэж байдаггүй гэдэгтэй адил, зорилгогүй брэнд нь шүншиггүй бурхантай адил юм. Зорилгоо зөв тодорхойлсон үед хөрөнгө оруулалт татах, түнш олох, эсвэл бизнесээ хөгжүүлэх боломж бүрддэг” гэж онцоллоо.
Шууд түрүүвчтэй нь ажиллах бус харин эхлээд яагаад хамтрах ёстой талаарх мэдлэг мэдээлэл өгч, хандалгыг өөрчлөх нь чухал ажээ.
Брэндээ зах зээлд нэвтрүүлэх гурван үе шат
- Эхлээд хандлагыг нь өөрчилж, тархи, сэтгэлгээг нь нээх
- Хамтарч ажиллах хаалгыг нээх
- Түрүүвчийг нь нээх
Өнөө цагт хөрөнгө оруулагчид таны бизнес нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд сонирхдог болсон гэдгийг илтгэгч маань санууллаа. Түүний зөвлөснөөр хэрэв хөрөнгө оруулалт татах, экспортод амжилттай гарахыг зорьж буй бол НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 17 зорилтот шаардлагаас заримыг нь ч болтугай хангахаар бизнес моделио боловсруулах шаардлагатай аж. Ялангуяа, тогтвортой хөгжлийн зорилтуудаас Монгол Улстай холбоотой санаачилга, шийдлийг судалж, оновчтой маркетинг хийхийг зөвлөлөө.
В.Ганзориг: “Маркетинг бол өөрчлөлт. Бидэнд байгаа зүйлийг илүү сайжруулж, дараагийн шинэ түвшинд хүргэхийг би маркетинг гэж ойлгодог. Энэ бол өөрчлөлтөөр үнэ цэн бүтээх үйл явц юм”.
В.Ганзориг Монгол улсын анхны зээлийн апп болох Лэнд.МН-ийг зах зээлд нэвтрүүлэлцсэн туршлагаасаа мөн хуваалцлаа.
Тэдний баг арван жилийн өмнө банканд ялгаварлан гадуурхагдсан хүмүүст зээл олгохыг зорьж байсан. Энэ хүрээндээ тогтвортой орлоготой ч банк зээл олгохгүй байгаа сегмент рүү чиглэсэн бага дүнтэй зээлийг олгож эхэлжээ. Ингэснээр хэрэглэгчдийн буцаан төлөлтийн хувь маш өндөр гарч амжилттай хэрэгжиж чадсан бөгөөд ар араасаа маш олон зээлийн аппликэйшн үүсэх нөхцөлийн бүрдүүлж чаджээ. Тиймээс хэсэг бүлэг хүмүүсийн асуудлыг олж хараад түүнийг бизнес хийх замаар шийдвэрлэх боломжтой. Харилцагч төвтэй, хүн төвтэй бүтээгдэхүүнийг анхнаасаа хийж хөгжүүлж чадах нь амжилтын жор ажээ.
В.Ганзориг илтгэлдээ сүүлийн жилүүдэд олны танил хүмүүст итгэх итгэл жил ирэх тусам буурч байгаа бол жинхэнэ хэрэглэгчдийн туршлага, түүхэд суурилсан маркетинг нь худалдан авалтын шийдвэрт илүү их нөлөөлдөг болсон тухай ярилаа. Тиймээс хэрэглэгчдийн энгийн бөгөөд үнэн түүхийг оновчтой ашиглах нь брэндийн хувьд амжилт авчрах гол стратеги байдаг аж.
Sharing is caring
Мөн энэ уулзалтын Sharing is caring хэсэгт бизнесийн салбарт өөрсдийн өвөрмөц замнал, онцгой туршлагаа бүтээсэн үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд оролцсон бөгөөд өөрсдийн тэргүүн туршлагаас таван минутын хугацаанд товчхон хуваалцсан юм. Тэдний бизнес хийх явцдаа хуримтлуулсан туршлагаас тоймлон хүргэж байна.
“Кластер: Брэнд бүтээх шийдэл” сэдвийн хүрээнд Blu Clothing Studio-ын үүсгэн байгуулагч Г.Энхтөгс
Монголын хувцасны салбарын үйлдвэрлэгч компаниудын олон захиралтай уулзаж байхад ажиглагдсан нэг нийтлэг зүйл нь үйлдвэрлэл, борлуулалт хоёрыг хольж ойлгоод байдаг. B2B бизнес загварт бол үйлдвэрлэгч байх нь илүү тохирдог.
Үйлдвэртэй бизнесүүдэд брэнд үүсгэхэд үйлдвэрийнхээ хүчин чадалд тулгуурлаж бодохоор өөртөө хязгаар тавиад байдаг талтай. Брэнд үүсгэх нь ямар нэг зүйлд хязгаарлагдалгүйгээр, илүү өргөн хүрээнд бизнес хийхийг шаарддаг гэж боддог. Энэ чиглэлд Кластерын зарчмаар ажиллах нь олон эрсдэлийг хаадаг давуу талтай.
- Нөөцийг зөв хуваарилалтад оруулдаг.
- Хүний нөөцийн хомсдолд ордоггүй.
- Урсгал зардлыг маш ихээр хэмнэдэг. Жишээ нь, үйлдвэр байгуулахаас авхуулаад тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлт, ашиглалтын зардал зэргийг бид хэмнэдэг.
Stora компанийн Гүйцэтгэх захирал О.Энхжин Тасралтгүй суралцдаг CEO дадал
Зах зээлд цацагдаж буй маркетингийн кейс судалгааг анхааралтай ажиглаж, шинжилж байх нь чухал. Ялангуяа сошиал медиа платформууд дээр хэрэгжиж буй стратеги, кампанит ажлуудыг аналитик сэтгэлгээгээр задлан шинжилж, үр дүн, хандлагыг ойлгохыг хичээгээрэй.
- Ном бол тасралтгүй суралцах зуршил мөн. Гэхдээ хүн бүр ном унших дадалгүй. Тиймээс та ямар номыг сонгож унших вэ? гэдгээ бодолцож шүүлтүүртэй хандаарай. Миний хувьд бизнесийн бодит кэйсийг дурдаж, аргачлалыг заасан номыг сонгохыг илүүд үздэг. Мөн монгол хэл дээр орчуулагдсан чанартай ном ховор байдаг учраас гадаад хэл дээр нь уншдаг. Номоос гадна Харвард бизнесийн тойм review хэсгийг уншиж байгаарай.
- Уулзалтуудыг хийх
Цагаа хэмнэхийн тулд lunch meeting хийдэг. Бизнесийн салбарт илүү туршлагатай хүмүүстэй уулзаж, ярилцах. Ингэхдээ цагийг нь хэмнээд зөв асуулт тавих нь чухал учраас асуулт тавих ур чадварыг сайжруулаарай.
Эдгээр аргаас гадна өдөр тутамд тулгарч буй асуудлыг шийдэх замаар бид тасралтгүй суралцаж байдаг гэдгийг санаарай.
Т.Аягүль “Борлуулалтаа өсгөхөд технологи ашиглах нь” сэдвээр өөрийн туршлагаас хуваалцлаа.
Байгууллагуудад түгээмэл ажиглагддаг алдаа бол гоё дугаар авахдаа их мөнгө зарцуулдаг хэрнээ хэрэглэгчийн датаг цуглуулах, түүнийг удирдах ажилд хангалттай хөрөнгө хуваарилдаггүй явдал юм.
Гэтэл технологийн хурдацтай хөгжлийн дунд хэрэглэгчийн зан төлөв насны ангиллаас хамааран маш хурдан өөрчлөгдөж байна. Судалгаагаар хэрэглэгчдийн 64 хувь нь тааруу хэрэглэгчийн туршлага (customer experience)-тай байгууллагыг орхиход бэлэн байдаг. Иймд байгууллагын утсанд ирсэн дуудлага бүр, сошиал хаяг руу хандсан хандалт бүрийг ирээдүйн боломжит хэрэглэгч гэж үзэх ёстой бөгөөд эдгээр нь байгууллагын хамгийн үнэтэй дата болж чадна.
Мөн өөр нэг чухал асуудал бол ажилтан ажлаас гарахад байгууллагын хэрэглэгч хамт явчихдаг тохиолдол юм. Үүнийг шийдэхийн тулд Customer Feedback-ийг тогтмол сонсож, хэрэглэгчтэй бат бөх харилцаа үүсгэх нь оновчтой шийдэл болно.
Датаг цуглуулах замаар үр дүнтэй ашиглаж чадвал хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, байгууллага урт хугацаанд тогтвортой хөгжих боломжтой.
Зарим оролцогчийн сэтгэгдэл:
Баянхонгор аймгийн бизнес эрхлэгч З.Нямдулам:
“Манай компани фитнес, кашмер худалдаа, нарийн боовны үйлдвэрлэл, кофе шоп зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа эрхлэх явцад хог хаягдал ихээр гардаг тул байгальд ээлтэй үйлдвэрлэлд шилжихийг зорьж байна. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой бизнесийн байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтын ажиллагаа үүсгэх зорилгоор энэхүү уулзалтад оролцож байна.
Мөн үүгээр дуусахгүй өөрийгөө CEO-ийн түвшинд хөгжүүлэх зорилготой учраас энэ салбартаа ажиллаж буй туршлагатай илтгэгчдийн зөвлөгөөг сонсохоор ирлээ”.
Түүний хувьд “Бизнес цэнэг” өглөөний уулзалтад оролцохоор өмнөх орой нь 23:00 цагт Баянхонгор аймгаас гарч, өглөө 05:00 цагт Улаанбаатар хотод иржээ. Төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай тэрбээр декриттэй байх хугацаандаа хувийн компани байгуулж, худалдаа, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлээд гурван жил болжээ.
Рестораны цогц систем Qmenu-ийн үүсгэн байгуулагч Г.Ач-Эрдэнэ
Сүүлийн 20 гаруй жил технологийн салбарт ажиллаж байна. Монголын технологийн салбарт жижиг компаниуд хоорондоо маш их өрсөлдөөнтэй байдаг нь нууц биш юм. Цаашид технологийн компаниуд нэг нэгээ өрсөлдөгч гэж харахаас илүүтэй хамтарч чадвал цаг хугацаа, нөөц, хөрөнгийг хэмнэх асар их боломж бий.
Жишээ дурдахад, бид компанийнхаа эхэн үед ухаалаг QR меню бүтээх санаачилга гаргаж, түүнийгээ кассын системтэй холбох зорилго тавьж байсан. Гэвч тухайн үед кассын системтэй холбогдох гэж оролдоход бусад компаниуд бидэнтэй хамтран ажиллах хүсэлгүй, өөрсдөө хийхийг илүүд үзсэн. Энэ нөхцөлд бид ч мөн кассын систем хөгжүүлэхэд хүн хүч, цаг хугацаагаа зарцуулсан бол тэд ч адил QR меню хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.
Эндээс би юуг олж харсан бэ гэхээр нэг зүйлийг олон талд дахин хийх нь цаг хугацаа, нөөцийг үр ашиггүй зарцуулж, зах зээлд томрох боломжийг хязгаарлаж байсан. Иймээс цаашид хамтын ажиллагааг эрэлхийлж, зөв түншлэл үүсгэх нь чухал юм. Энэхүү уулзалтын хүрээнд ирээдүйн хамтрагчдаа олно гэдэгт итгэж байна.