Гадаадын банкийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх талаар улс төр, олон нийтийн хүрээнд үе үе идэвхтэй яригддаг. Гэхдээ гадаадын банкийг оруулахгүй байгаа мэт, эсвэл орж ирвэл иргэн, ААН-д тулгарч буй санхүүгийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн ойлголт, мэдээлэл өгөх нь учир дутагдалтай. Зах зээлийн багтаамж багатай, дархлаа султай, газарзүйн байршлын онцлогтой манай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах суурь орчныг бүрдүүлэх, геополитикийн сонирхлоос бизнесийн сонирхлыг салган харах зэрэг бодож, тунгаах ёстой асуудал олон бий.
Сорилт + өрсөлдөөн
Санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, бие даасан нэгж орж ирвэл чухал уу гэж ерөнхий асуувал, мэдээж тийм гэж хариулна. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зөвхөн мөнгө, санхүүгээс гадна мэдлэг, ноухаугийн шилжилт, шинэ техник, технологийн нэвтрүүлэлт, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улмаар үр ашиг, бүтээмж дээшлэх зэрэг олон эерэг дам нөлөөг эдийн засаг, нийгэмд бий болгоно. Үүнийг ч бид өнгөрсөн хугацаанд үйлчилгээ, харилцаа холбоо, уул уурхайн салбар дээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас бэлээхэн харж байна.
Гадаадын банк дотоодын санхүүгийн салбарт нэвтрэх нь дотоодын банкуудын хангалттай хүрч очихгүй байгаа зах зээлийн орон зайг нөхөх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэвшил гарах, зах зээлд өрсөлдөөн нэмэгдэх, өрсөлдөөний дүнд зээлийн хүү, нөхцөлд нааштай өөрчлөлт гарах, санхүүгийн гүнзгийрэлт бий болох боломжтой.
Энэ тохиолдолд гадаадын банк, санхүүгийн байгууллагыг дотоодын зах зээлд нэвтрэх таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь чухал асуудал болно. Иргэд, бизнесийн байгууллагуудын санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг буюу эерэг нөлөөтэй гадаадын банк, санхүүгийн байгууллага хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд гадаадын банкуудыг татахын тулд маш том өрсөлдөөнд орно. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын 39 орон, хурдацтай тэлж буй 24 орныг хасвал ойролцоогоор 130 орчим оронтой ижил талбарт өрсөлдөх ёстой болно. Үүний тулд гаднын банк, санхүүгийн байгууллагын тавьж буй шаардлага, нөхцөлд нийцсэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг Монголдоо бүрдүүлэх шаардлагатай.
Нөлөөлөгч хүчин зүйл
Тэгвэл гадаадын банк шинэ зах зээлд нэвтрэхдээ ямар хүчин зүйлсийг голлон анхаардаг вэ? Энэ асуултын хариултыг хайсан олон судалгаа бий. Тэдгээрээс харахад:
– харилцагчаа дагах
– дотоодын зах зээлийн орчин, байршлын давуу талыг харгалзах
– толгой компанийн стратегийн хүрээнд
– зардлын давуу талыг харгалзах гэсэн ерөнхий 4 хүчин зүйлсийг харгалздаг нь харагддаг.
Эхний хүчин зүйлийн хувьд гадаадын банкны томоохон харилцагч аль нэг улсын зах зээлд үйл ажиллагаа явуулах болсон тохиолдолд санхүүгийн гүйлгээ, үйлчилгээг нь үзүүлэх, тухайн банкны өрсөлдөгч уг улсад орж ирсэн учраас сул тал хүлээхгүй байх, эсвэл шинэ харилцагчтай болох зорилгоор салбараа нээх гэсэн 3 хувилбар түлхүү яригддаг.
Хоёр дахь бүлэг хүчин зүйлсийн хувьд тухайн улсын эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, өндөр ашиг хүртэх боломж (зээл, хадгаламжийн хүү, дотоод, гадаад хүүний зөрүү), татварын орчин, урьж буй орны банкны зах зээлийн хэмжээ, тухайн орны хүн амын банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ, эдийн засгийн тогтвортой байдал, улс төрийн тогтвортой байдал, валютын ханшийн тогтвортой байдал, тухайн зах зээлд нэвтрэхэд тавигдах хууль, эрх зүйн орчин, банкнаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн дүрэм журам зэрэг багтдаг ажээ.
Гуравдахь хүчин зүйлийн тухайд толгой банкны хэмжээ, олон улсын туршлага, банкны нэр хүндээ өсгөх зэргээс хамаарч бусад зах зээлд нэвтрэх эсэхээ шийдвэрлэдэг байна.
Дөрөвдэх хүчин зүйлийн хувьд газар зүйн байршил, адил хэлээр ярьдаг эсэх буюу зардлын хүчин зүйлийг харгалзаж шийдвэрээ гаргадаг аж.
Боломж + Эрсдэл
Монголын банкны салбар энэ тал дээр юуг анхаарах ёстой вэ? Корпорэйт харилцагчаа дагах, байршлын хувьд ойр байх гэсэн шалгуурыг авч үзвэл Оюутолгой болон бусад уул уурхайн төсөл (жишээ нь, Францтай хамтрах ураны төсөл)-ийг дагасан хэлбэрээр, хөрш орнууд руу экспортлогч, эсвэл хөршөөс импортлогч компаниудын харилцагч болох зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллага манай зах зээлд орж ирж үйл ажиллагаа явуулах боломжтой.
Харин банкны зах зээлийн хэмжээ бага, эс төрөлжилттэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй, төлбөрийн тэнцэл, валютын ханшийн гадаад шоконд өртөх эмзэг байдал өндөр, нэг хүнд ногдох ДНБ харьцангуй бага, эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал өндөр зэрэг нь гадаадын банкны сонирхлыг бууруулах магадлалтай юм. Иймд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах бодлого, чиг үүргийн хүрээнд эдгээр асуудлыг цогцоор шийдвэрлэх нь гадаадын банк нэвтрэх асуудалд гол үүрэг гүйцэтгэнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх мэдээлэлд тулгуурлаж хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ гаргадаг. Гадаадын банкны дотоод зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин, түүний сурталчилгаа, дотоодын хүүний түвшин, зөрүү өндөр байх зэрэг нь дангаараа хангалтгүй. Гэхдээ дотоодын банк, санхүүгийн зах зээлийн онцлог, боломж, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх, сурталчлан таниулах нь хөрөнгө оруулагчдад дахин нэг удаа харгалзан үзэхэд дэм болж мэдэх юм.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан яам, татах чиг үүрэг хүлээсэн агентлаг, институц манлайлаад асуудлыг бодитоор харж эрх зүй, эдийн засаг, бизнес, санхүү, татварын тогтвортой, зохистой орчныг бүрдүүлж, бусад бүх түвшинд, шат шатандаа гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийг дотоод зах зээл рүү татахын тулд тууштай, нийцтэй ажиллавал үр дүнд хүрэх ёстой.
Монгол Улс “дундаж орлогын хавх”-наас салах, нэмүү өртөг шингээсэн экспортын болон эдийн засгийн төрөлжилт хийх, аж үйлдвэржих, тогтвортой орлогын өсөлт, хөгжилд хүрэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг л татахаас бүх зүйл эхэлнэ. Гэхдээ жижиг, буурай орны хувьд, үндэсний урт хугацааны эрх ашигт ноцтой асуудал үүсгэж болзошгүй зүйлс дээр бат зогсож, хөрөнгө оруулагчдад үнэхээр чухал бусад нөхцөл, орчны талаар хангалттай “ажиллах” шаардлагатай.
Эх сурвалж: Д.Ган-Очир, Г.Эрдэнэбаярын “Монголын банкны салбар: Зууны сургамж, шийдэл” номоос ашиглав.