ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүтэй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн бодлого, хөгжлийн асуудлаар ярилцлаа.
Монгол Улс 2020 – 2024 оныд “Цахим Үндэстэн” болох зорилт тавьсан. Энэхүү зорилтыг хэрхэн дүгнэх вэ? Гол ололт, амжилтыг товчхон дурдвал ?
Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийг технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр 2020 онд анх удаа зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай түвшинд хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж болно.
Энэ ч утгаараа Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг “Цахим Засаглалын хөгжлийн индекс” -р 2024 онд 192 орноос 46 дугаарт энэ жил эрэмбэлэгдлээ.
Үүний зэрэгцээ, хууль эрх зүйн орчныг бий болгож, тасралтгүй сайжруулсны үндсэн дээр “Олон улсын кибер аюулгүй байдлын индекс” – ээр Монгол 2024 онд 17 байр урагшилж, 103-т жагслаа.
E-Mongolia системд төрийн 1258 үйлчилгээ цахимжсан. Таны хувьд төрийн үйлчилгээний тоонд биш чанарт анхаарна гэж мэдэгдсэн. Тэгэхээр цаашид төрийн үйлчилгээг нэмж цахимжуулахгүй гэж ойлгох уу?
Төрийн үйлчилгээг цахимжуулах нь нэг ажил. Гол нь оновчтой болгох нь чухал. Өнөөдөр олон улс төрийн үйлчилгээнийхээ 90 хувийг цахимжууллаа гэж ярьж байна. Гэтэл бид төр хэчнээн үйлчилгээ үзүүлдгийг мэдэхгүй байна. Дарга бүр өөр өөрийн гэсэн цахим үйлчилгээний платформыг санаачилж байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна.
Өнөөдөр бид дижитал шилжилтийг хийсэн хэр нь нэг иргэн 11 байгууллагын лавлагаа авах хэрэгцээ байсаар л байна. Түүнийг нь хувийн хэвшлийн зарим байгууллага хүлээн зөвшөөрдөггүй тал бий.
Тиймээс төрд байгаа өгөгдөл мэдээллийг боловсруулж, төрийн байгууллагууд өөр хоорондоо солилцож, иргэнээс төрд байгаа мэдээллийг нэхэхгүй байх концепц руу явах нь дижитал шилжилтийн суурь шинэчлэл нь юм.
Төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Төрд ямар үйлчилгээ байх ёстой вэ гэдэг бодлогыг гаргана.
Мэдээллийн технологийн салбар ДНБ-ий дөнгөж 2.7 хувийг л эзэлж байна.
Та Монголоос дэлхийд өрсөлдөх юникорн компани “төрүүлнэ” гэсэн амбицтай байгаа. Гэтэл дэлхийд битгий хэл Монгол Улсын ТОП – 100 компанийн жагсаалтад мэдээллийн технологийн компани алга. Энэ хэр бодит зүйл гэж та харж байна вэ?
Тийм ээ. Үнэн. Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Харин мэдээллийн технологийн салбар ДНБ-ий дөнгөж 2.7 хувийг л эзэлж байна. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэх үүднээс дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Цахим гэдэг бол хил хязгааргүй, 3 сая хүний зах зээл гэж ойлгож болохгүй. Тиймээс бидэнд дэлхийн зах зээл дээр гарах бодит боломж нөхцөл нь байна.
Монголын мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх чадвартай болгох гол хүчин зүйлс юу гэж харж байна вэ?
Дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх чадвартай болгоход анхаарч, өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, БНСУ “Smart Nation”, Казахстан улс “Generative Nation”, Израйл улс “Startup Nation” гэх зэргээр улс орнууд тус чиглэл рүүгээ боловсон хүчнээ бэлдэж, компаниуддаа дэмжлэг үзүүлж, бойжуулж байна.
Монгол Улс дижитал шилжилтийг эрчимжүүлэх нэрийн дор бүх зүйлийг хийх боломжгүй. Бид амбицаа зөв тодорхойлж, тодорхой нэг зорилготой олон улс руу гарах нь зүйн хэрэг гэж харж байгаа. Энэ чиглэлд бид бодлогоо тодорхойлоод явж байна.
Мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн хөшүүрэг үзүүлэх үүднээс төрөөс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Хуульд заасны дагуу виртуал бүс байгуулагдаж, түүнд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татвараас гадна найман төрлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар виртуал бүсийн үндэсний зөвлөл болон түүний ажиллах журмыг Засгийн газраас баталлаа.
Үүний зэрэгцээ, хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Казахстан улстай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. “Астана хаб”-д дэлхийн олон орноос гарааны бизнесүүд бойжиж байна. Монгол Улс дижитал бизнесийг цогцлоохын тулд хөрөнгө оруулагчдыг хамгаалж, гарааны бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Их өгөгдөл, хиймэл оюуны технологийг төрийн том өгөгдөл дээр ашиглахад бэлэн болсон уу? Цаашид энэ чиглэлд ямар бодлого хэрэгжих вэ?
Хиймэл оюун нь дэлхийн улс орнуудын хувьд стратегийн чухал ач холбогдолтой салбар боллоо. Тэд өөрсдийн эдийн засаг, аюулгүй байдал, инновацыг дэмжих зорилгоор хиймэл оюуныг хөгжүүлэхэд анхаарал хандуулж, амбицтай зорилтууд дэвшүүлж байна.
2024 оны байдлаар 69 улс хиймэл оюуны үндэсний стратегиа баталж, түүний хөгжүүлэлт, зохицуулалт, ёс зүйн асуудлыг чиглүүлэх бодлого боловсруулсан.
Гэсэн хэдий ч нийтийн сайн сайхны төлөө хиймэл оюуныг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх нь дэлхийн улс орнуудын хувьд сорилт хэвээр байна.
Oxford Insight байгууллагаас жил бүр Засгийн газрууд төрийн үйлчилгээнд хиймэл оюуныг нэвтрүүлэхэд бэлэн эсэх талаарх судалгааг олон нийтэд танилцуулдаг.
Монгол Улсын хувьд 2020 онд 172 орноос 93 дугаарт жагссан бол 2023 онд Монгол Улс хиймэл оюуны бэлэн байдлаараа 193 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Тодруулбал, Монгол Улс хиймэл оюуны алсын хараагүй байгаа нь дээрх үзүүлэлтийг хойш татах нөхцөл болсон.
Иймээс бид 2025 оны эхээр “Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын үзэл баримтлал ба Хиймэл оюуны үндэсний стратеги”-г олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Шуудан хүргэлтэд дроныг нэвтрүүлэхээр зорьж, судалгааны ажил эхэлсэн.
Манай улсад өгөгдлийн дэд бүтэц гэдэг зүйл бий болсон уу?
Өгөгдлийн дэд бүтцийн тухайд өнөөдөр Монгол Улс нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар нийтэд ил болгох төрийн 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа. Энэхүү өгөгдлийг цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгтэй адил төрийн их өгөгдлийг хаана хадгалах вэ, түүний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал байна. Тиймээс бид Үндэсний дата төв дээр “Data Warehouse” бий болгож, зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай улсын өргөн уудам орон зайд дроны технологийг хэрхэн оновчтой ашиглах вэ? Үүнд бид бэлэн үү?
Олон улсад дроны хэрэглээг зохицуулах тусгайлсан журам, хууль эрх зүйн орчныг эхнээсээ бүрдүүлж байна. Дроны агаарын орон зайг тусгайлан авч үзэх тухай ч хөндөгдөж эхэлсэн.
Дроны зах зээл дэлхий дахинд 2025 онд 42.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Манай улсад ОУЦХБ-аас гаргасан зурвасын дагуу жижиг оврын дрон нисгэж байна. Эхний ээлжид бид дрон хүргэлтийг цус зөөхөд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ хараад байна.
Цаашид шуудан хүргэлтэд дроныг нэвтрүүлэхээр зорьж, судалгааны ажил эхэлсэн. Тус салбарт дрон нэвтрүүлэхийн тулд эхний ээлжид дэд бүтцийг шийдвэрлэх асуудал гарч ирнэ. Шуудангийн төв салбараас бусад салбар луу түгээх үү, эцсийн хэрэглэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудлыг судалж байна. Ингэхдээ дроны буух цэг, талбай, маршрутыг нарийн гаргах судалгааны ажлыг эхлүүллээ.
2025 оны эхээр “Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын үзэл баримтлал ба Хиймэл оюуны үндэсний стратеги”-г олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Интермэд эмнэлэгтэй холбоотойгоор кибер аюулгүй байдал өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд орлоо. Энэ яг иргэн хүнд хэр чухал асуудал вэ?
Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэл бий болсон. Энэхүү аюулаас 100 хувь хамгаалсан улс орон гэж үгүй. Интермэд эмнэлэг рүү чиглэсэн халдлага нь нийгэмд хувь хүний мэдээлэл нууц байх ёстой гэдгийг санууллаа.
Мөн иргэдийн хялбар аргаар мөнгөтэй болох сэтгэлгээг хакерууд ашиглаж, таны овог нэр, утасны дугаар, регистрийн дугаар, картын дугаарыг олж авдаг.
Олон улсын судалгаагаар кибер аюулгүй байдалд өртөх эсэх нь 95 хувь хүний өөрийн үйлдэлтэй холбоотой байдаг.
Кибер аюулгүй байдлын дархлааг бий болгохын тулд иргэдийг соён гэгээрүүлэх, цахим ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын хэмжээнд ажилтан нэг бүрээ байгууллагын сүлжээ системээ хамгаалах, аюулгүй байдлын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгох зэрэгт онцгой анхаарч байна. Харин үндэсний түвшинд хүн нэг бүрээ мэдлэгжүүлэх нь чухал.
Мөн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох, улсын төсөв болон тухайн байгууллагын төсөв батлахдаа мэдээллийн технологийн зардал гэх ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангилалтай болж, кибер аюулгүй байдлын технологийн шинэчлэл, тэр дундаа албан ёсны лицензтэй программ хангамж ашиглах шийдвэрийг гаргалаа.
Цахим гарын үсгийн нэвтрэлтийг сайжруулахад цаашид яах ёстой вэ?
Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхийн тулд төр өөрөөсөө эхлэн манлайлж, “Цаасгүй Засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр яамдын бичиг хэргийн зардал болох 1.2 тэрбум төгрөг хэмнэх тооцооллыг Засгийн газраас гаргасан.
Энэ хүрээнд бид албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэсэн. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна.
Цаашид төрийн бүх байгууллага цахимаар бичиг, баримт солилцох ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Түүнчлэн цахим хэлбэрээр баримт бичиг үүсгэдэг системд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, Гадаад улсын мэдээллийн системд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг Дэлхийн банк, “Ухаалаг Засаг -2” төслийн хүрээнд ажил хэрэг болгохоор анхаарч байна.
Дижитал шилжилт гэдэг чинь хотод л хэрэгжээд байна гэж үздэг хүмүүс бий. Алслагдмал бүс нутагт амьдарч байгаа малчин иргэдэд яаж хүрч байгаа вэ?
Хэдийгээр бид 330 сумыг шилэн кабелиар холбосон гэж ярьж байгаа ч өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд нь л үүрэн холбооны сүлжээ нэвтрээд байна. Иймд бид яг аль суманд үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх вэ гэдгээ тодорхойлсон. 2024 онд 74 цэгт бид үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлсэн бол 2025 онд 55 цэгт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
2024 онд баталсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар виртуал бүс байгуулагдаж, түүнд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татвараас гадна найман төрлийн дэмжлэг үзүүлнэ.
Үндэсний хиймэл дагуул хөөргөчих юм бол улс даяар үүрэн холбооны сүлжээ нэвтэрнэ гэж ярьж байгаа. Гэтэл газрын дэд бүтцийг ашиглан шилэн кабелиар сүлжээ оруулах ажил зогсох уу?
Монгол Улсын Засгийн газар 2027 онд Үндэсний хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан үүрэн холбооны сүлжээ оруулах ажил үргэлжилнэ.
Тэгвэл “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх ажил ямар ач холбогдолтой вэ?
“Үндэсний хиймэл дагуул” мега төсөл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, харилцаа холбооны тусгаар тогтнолтой холбоотой реформ. Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, харилцаа холбооны бие даасан байдлыг нэмэгдүүлэх төсөл юм.
Гэхдээ “Үндэсний хиймэл дагуул” гэдэг төсөл маань зөвхөн энэ жил яригдаагүй. Энэ бол Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны сүүлийн 10 гаруй жилийнх нь мөрөөдөл.
Хоёрдугаарт, байгалийн гамшиг, эрсдэл тулгарсан үед уламжлалт сүлжээ тасарвал хиймэл дагуулын тусламжтайгаар Монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэд маань харилцаа холбооны үйлчилгээг тасралтгүй авах боломж бүрдэх юм. Мэдээж, үндэсний хиймэл дагуул төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гарна.