Нийслэлд амьдарч буй хүн бүр их хотын чимээ шуугиан, түгжрэл, завгүй амьдралын хэмнэлээс түр ч болов амсхийхийг хүсдэг. Тэр тусмаа өвлийн саруудад цэвэр агаар, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон амралтад гэр бүлээрээ цагийг ая тухтай өнгөрүүлэх нь завгүй амьдралын хэмнэлээс бага ч болов амсхийх алтан боломж. Харамсалтай нь Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд бүрэн зохицсон, дулаахан, тухлаг ресорт харьцангуй цөөхөн. Ялангуяа цаг хэмнэсэн буюу Улаанбаатараас холгүйхэн, сэтгэлд нийцсэн, үйлчилгээ сайтай амралтын газрууд өдрийн од мэт ховор. Харин энэ удаагийн Green entrepreneur буландаа зочлох үйлчилгээний салбарын стандартыг бүрэн хангасан, амтлаг хоол, найрсаг хамт олонтой мөн байгалийн унаган төрхийг алхам бүртээ мэдрэх боломжтой Suld resort -ийг онцолж байна.
Цар тахлыг даван туулсан бүтээн байгуулалт
Suld resort-ийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэтунгалаг 2022 онд дотоодын аялал жуулчлалын салбарт жишиг болохуйц, уламжлалт монгол гэрийн хэв шинжийг орчин үеийн интерьерийн шийдэлтэй хослуулсан амралтын газар байгуулахаар төлөвлөж байжээ. Бүтээн байгуулалтын ажил цар тахлын нөлөөгөөр удаашралтай байсан ч зорьсон зорилгодоо тууштай байсны үр дүнд тэрбээр энэ оны зургаадугаар сард Suld resort-ийнхоо үйл ажиллагааг албан ёсоор эхэлсэн аж. Нийт амрагчийн 12 байр, 20 гэрээс гадна 20 метрийн диаметртэй 150 хүний багтаамж бүхий их гэртэй бөгөөд халаалтын системийг цахилгаанаар шийдсэнээрээ онцлог аж. Мөн эрүүл ахуйн нөхцөлийг сайтар хангаж ажилладаг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан байдлаар тусгайлан ажиллах боломжтойг ч Г.Эрдэнэтунгалаг дурдаж байв.
Цэвэр агаарт оддыг тольдох агшин
Нийслэлээс зүүн хойш 50 гаруй километрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн амьтадтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ихэнх амралтууд газар хоорондоо тун ойрхон зайтай бөгөөд дэд бүтэц нь нэг дор байрладаг. Тэдгээрийн зарим нь “нүцгэн” уулын бэлд үйл ажиллагаа явуулах нь бий. Харин Suld resort-ийн тухай Г.Эрдэнэтунгалаг “Анх ресортоо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тэр дундаа, хусан ойн захад байгуулахад тус газрын байгалийн үзэсгэлэнд сэтгэл татагдсан. Ялангуяа төв замаас километр гаруй зайд, ойн захад, нам гүм орчинд нь татагдсан” гэдгийг хуваалцаж байлаа. Мөн ресортын байршил дахь орчны гэрлийн нөлөө бага учир шөнийн цагаар тэнгэрийн оддыг тольдох боломжтой аж.
Хаягдал усыг цэвэршүүлэх технологи
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн өндөр эрэлттэй салбар хэмээн онцолсон. Түүний хэлснээр тус салбарын стандарт, хууль дүрмийг сайжруулж буй нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын хууль эрх зүйн орчныг сайжруулж, бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгааг давхар харуулж байна гэсэн. Гэхдээ өнгөрсөн зун Өмнөд Солонгос улсын нэгэн аялагч Монголын амралтын газруудын ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн талаар цахим орчинд хуваалцсан нь шуугиан тариад амжсан. Ер нь манай улсын амралтын газруудын хувьд хуримтлагдсан хог болон усны хэрэглээ, ариун цэврийн өрөө зэргийг хэрхэн байгальдаа ээлтэй байдлаар шийдэх вэ гэдэг гол асуудал болдог. Харин Suld resort уг асуудлыг ногоон зарчмаар шийдэж чадсан нь салбартаа үлгэр жишээ болж буй.
Тодруулбал, энэ асуудлыг орчин үеийн дэвшилтэт технологи болох ОХУ-ын “Эколос ХХК”-ийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин боловсруулах системээр шийджээ. Энэ төрлийн систем нь хаягдал усан дахь органик бодис, бохирдлыг микро организмуудын тусламжтайгаар задалж цэвэршүүлдэг аж. Үүний тусламжтай Suld resort ахуйн бүх төрлийн хэрэгцээнд ашигласан усаа 98 гаруй хувь цэвэршүүлж хөрсөндөө шингээдэг. Ингэснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангаж буй ногоон амралтын газрын тоонд зүй ёсоор багтах болсон юм. Түүнчлэн тэд хог хаягдлаа ангилж, харьяа нутаг дэвсгэр болох Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний газарт нийлүүлдгийг ч дурдах хэрэгтэй.
Хариуцлагатай үйлчилгээ, шинэ боломжууд
Энд гэр бүлийн гишүүдээс гадна байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө цуглан арга хэмжээ, тусгай хөтөлбөрийн дагуу цагийг хөгжилтэй өнгөрүүлэх тухлаг орчныг мөн бүрдүүлжээ. Тэр ч бүү хэл хосуудад зориулан тусгай багц гаргаснаа ч хуваалцаж байлаа. Үүнээс гадна ажлын өдрүүдэд 20 хувь, хэрэв тухайн амрагчийн төрсөн өдөр тохиож буй бол 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Харин зуны улиралд ардын урлагийн тоглолт, явган аялал зэргийг зохиодог аж. Гол нь улирал бүрийн онцлог, тэмдэглэлт баяруудыг тохиолдуулан үйлчилгээний багц болон хямдралуудыг амрагчдад санал болгодог. Жишээлбэл, энэ удаагийн шинэ жилийн баярт зориулан байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлийн 30-100 хүний хүлээн авалтын захиалга авч байгаа аж. Тодруулбал, үйлчилгээний багцад:
- Угталтын халуун дарс
- 5 цагийн заал ашиглалт
- Шалны халаалттай тохилог байшин
- Шинэ жилийн чимэглэлтэй,
- Тайз болон бүжиглэх хэсэгтэй
- Үйлчлүүлэгчийн хүсэлтэд тулгуурлан арга хэмжээ хөтөлбөрийг санал болгох
- Мастер тогоочийн гарын хоол
- Сүүлийн үеийн дуугаралт бүхий хөгжим, техник, гэрэлтүүлэг зэрэг үйлчилгээ багтжээ.
Suld resort -ийнхон тогтвортой үйл ажиллагаа явуулаад хэдий дөрвөн сар болж буй ч хэдийнээ өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Энэ талаар Р.Эрдэнэтунгалаг “Цэвэр агаарт амарч буй амрагчдад зориулан нэмэлт амтлагч, өнгө оруулагч зэргээр баяжуулаагүй ази, европ хоолоор үйлчилдэг. Гол нь эдгээр хоолны материалыг эрүүл ахуйн бичигтэй, чанарын стандарт хангасан “Амтат маркет”-аас базаадаг” хэмээв. Мөн тухайн ресортын мастер тогооч нар хоолны амт чанар болон эрүүл ахуйд нэн анхаардаг. Мөн гал тогооны бүх хэрэгслийг дэлхийд танигдсан гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэгч Electrolux-ын төхөөрөмжүүдээр тоноглосныг онцолж байв. Энэхүү брэндийн бүх төхөөрөмж нь интуитив удирдлагатай, энгийн тохиргоотой тул мэргэжлийн түвшний хоол хийхэд ч хялбар байдаг юм байна.
Мөн тэрбээр Монгол Улсын аялал жуулчлалын салбар улирлаас хамаарахгүй хөгжих боломжтой бөгөөд тус салбарын ирээдүйг өөдрөгөөр төсөөдөг аж. Тэр дундаа, сүүлийн жилүүдэд гадаад жуулчид Монголыг сонирхох болсон. Энэ хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бидний оролцоо нэн чухал. Зочлох үйлчилгээний салбар үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангадаг хариуцлагатай салбар. Манай салбарын бусад бизнес эрхлэгчид олон улсын жуулчдыг хүлээж авах хэмжээний хүчин чадалтай болж, үйлчилгээгээ сайжруулж, хөгжих хэрэгтэй хэмээж байлаа.
Ойн захад учир аль ч улиралд явган аялал хийхэд таатай Suld resort-ийн хамт олон ирэх жил бүтээн байгуулалтын зураг төслийнхөө хүрээнд Clubhouse буюу үйлчлүүлэгчид зориулсан тусгай үйлчилгээний байрыг барихаар төлөвлөжээ. Амралтын газрууд бол хүмүүс стрессээ тайлах, амрах, эрч хүчээ сэлбэх орчин бөгөөд гол зорилго нь зочдод тав тухтай орчин бүрдүүлж, дахин ирэх хүсэл төрүүлж, сэтгэгдэл үлдээх явдал билээ.