Олон улсын болон бүс нутгийн хэмжээний хямралуудтай тэмцэж буй дэлхийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) орчны эмзэг тэнцвэрийг хангах нь тун амаргүй болжээ. Тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр болдог гадаадын хөрөнгө оруулалт нь зөвхөн статистик үзүүлэлт төдий бус хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийг нь тэтгэх амин дэм билээ.
Оршил
Өдгөө хөрөнгө оруулалтын салбарт тулгарч буй сорилтууд нь олон талт бөгөөд харилцан хамааралтай болжээ. Гео эдийн засгийн хуваагдал нь олон улсын хөрөнгө оруулалтын газрын зургийг өөрчилж байна. Худалдааны сувгууд задарч, зохицуулалтын орчнууд хуваагдаж, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Эдгээр өөрчлөлт нь саад тотгороос гадна тодорхой хэмжээний боломжуудыг бий болгож байгаа бөгөөд нэмүү өртгийн гинжин хэлхээний үйлдвэрлэлд оруулж буй хөрөнгө оруулалтаас зарим улс үр өгөөж хүртэж, зарим нь дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болж чадахгүй үлдэх эрсдэлтэй нүүр тулав. Олон улсын хэмжээнд ГШХО-ын урсгал 1.3 их наяд ам.долларын түвшинд гацаад байна.
Олон улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал цаашид улам муудах төлөв ажиглагдаж байна. Өнгөрсөн жил ГШХО олон улсын хэмжээнд 10 хувиар, хөгжиж буй буй орнуудад 7 хувиар буурсан. Тэр дундаа дэд бүтцийн хөгжүүлэлтэд нэн чухал үүрэгтэй олон улсын төслийн санхүүжилт хамгийн ихээр буюу 26 хувиар багасжээ. Сул өсөлтийн таамаг, худалдаа, геополитикийн сөргөлдөөн үргэлжлэх төлөвөөс шалтгаалж 2024 оны хөрөнгө оруулалтын орчин сорилт ихтэй байх бололтой.
Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн хөрөнгө оруулалт 2023 онд 10 гаруй хувиар буурсныг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас гаргасан 2024 оны Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурджээ. Хөдөө аж ахуй, хүнсний систем, ус болон цэвэршүүлэх байгууламж гэсэн хоёр секторт 2015 оноос бага тооны төсөл 2023 онд хэрэгжсэн нь үүний нотолгоо юм. Санхүүжилтийн нөхцөлүүд улам чанга болсон, тогтвортой санхүүгийн зах зээлийн удаашралаас хамаарсан энэхүү бууралт нь тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах төслүүд рүү хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэх ёстойг харуулж байна.
Олон улсын хөрөнгө оруулалтын тренд
Олон улсын хэмжээнд ГШХО 2023 онд 2 орчим хувиар буурч, 1.3 их наяд ам.доллар болжээ. Гэвч энэхүү тоон үзүүлэлт нь Европын санхүүгийн зуучлагч цөөн улсаар дамжин өнгөрч буй санхүүгийн урсгалын хэмжээнээс хамааралтай бөгөөд эдгээр улсын үзүүлэлтийг хасах юм бол олон улсын хэмжээнд ГШХО нь 2022 онтой харьцуулахад 10 гаруй хувиар буурсан нь харагдана.
Олон улсын хөрөнгө оруулалтын орчин 2024 онд сорилттой байх төлөвтэй байна. Сул өсөлтийн таамаг, эдийн засгийн таагүй трендүүд, худалдаа болон геополитикийн хурцдал, аж үйлдвэрийн бодлого, нийлүүлэлтийн гинжин хэлхээний ялгарал нь ГШХО-ын зүй тогтлыг эрс өөрчилж байгаа бөгөөд энэ нь үндэстэн дамнасан компаниудыг (ҮДК) хилийн чанад дахь үйл ажиллагаагаа тэлэхэд болгоомжтой хандахад хүргэв. Гэхдээ ҮДК-иудын ашгийн хэмжээ өндөр байгаа, санхүүжилтийн нөхцөл хялбаршсан, 2023 онд зарласан грийнфильд төслийн тоо нэмэгдэж буй зэрэг нь ГШХО-ийн хэмжээнд нөлөөлөх боломжтой. Тиймээс харьцангуй эерэг өсөлт ажиглагдах боломж бий юм. Ялангуяа грийнфильд хөрөнгө оруулалт бүхий төслийн тоо өсөж байгаа нь сайн мэдээ болж байна. Аж үйлдвэрийн салбарт төвлөрсөн грийнфильд төслийн тоо 2 хувиар нэмэгдсэнээр сүүлийн 10 жилд аажмаар буурч байсан энэ төрлийн хөрөнгө оруулалтын тренд өөрчлөгдөв. Ийм төслүүд хөгжиж буй орнуудад илүүтэй төвлөрч, төслийн тоо 15 хувиар нэмэгджээ. Харин хөгжингүй орнууд дахь ийм шинэ төслүүд 6 хувиар буурсан байна.
Хөгжингүй орнуудын ГШХО-ын хэмжээнд ҮДК-иудын санхүүгийн гүйлгээ хамгийн их нөлөөлсөн байна. Тухайлбал, Европт ГШХО-ын урсгал -106 тэрбум ам.доллароос +16 тэрбум болж хамгийн их өсөлтийг харуулсан юм. Харин хөгжиж буй орнуудыг чиглэсэн ГШХО-ын урсгал 2023 онд 7 хувиар буурч 867 тэрбум ам.доллар болоход Азийн хөгжиж буй орнуудын ГШХО 8 хувиар буурсан нь голчлон нөлөөлжээ.
Олон улсын төслийн санхүүжилтийн гэрээний тоо 2023 онд өмнөх жилтэй харьцуулахад 25 хувиар багассан. Гэхдээ хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх грийнфильд төслүүдийн тоо 1000 орчмоор нэмэгдсэн бөгөөд эдгээр төслийн бараг тал хувь нь Зүүн Өмнөд Ази, 25 хувь нь Баруун Азид төвлөрч байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд
Далайд гарцгүй дэлхийн 32 улсыг чиглэсэн ГШХО-ын орох урсгал 2023 онд 3 хувиар өсөж, 24 тэрбум ам.долларт хүрсэн. Эл урсгал цөөн хэдэн эдийн засагт төвлөрсөн бөгөөд нийт ГШХО-ын урсгалын 55 хувийг гол таван улс буюу Этиоп, Казахстан, Уганда, Монгол, Узбекистан эзэлжээ. Далайд гарцгүй улсууд руу хийж буй ГШХО-ын дийлэнх хувийг цөөн хэдэн улс бүрдүүлж байна. Тодруулбал, БНХАУ, Тайланд, Канад, Нидерланд улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудад хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ.
Эдгээр улсад аж үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн өндөр дүнтэй грийнфильд төслүүд хэрэгжих төлөвтэй байна. Тухайлбал, энэ чиглэлд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс зөвхөн 7.7 тэрбумыг нь Казахстан улсад хэрэгжүүлэх полиэтилений үйлдвэрийн төсөлд зоруилна. Мөн үүнээс гадна Францын TotalEnergies компанитай салхин цахилгаан станц, батерей хураагуурын станц байгуулах 1,4 тэрбум ам.долларын гэрээг тус улс үзэглээд байгаа юм. Харин Узбекистаны Засгийн газар нарны хэд хэдэн цахилгаан станц барих зөвшөөрлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгснөөр 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой болжээ.
Олон улсын төслийн санхүүжилтийн гэрээний тоо, үнийн дүн дэлхий даяар буурсан нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад ч нөлөөлөв. Ийм гэрээний тоо 2023 онд 2022 онтой харьцуулбал 33 хувиар, үнийн дүнгийн хэмжээ 13 хувиар буурсан. Гэхдээ энэ чиглэлд ахиц гаргасан цөөн хэдэн улс бий. Ялангуяа Латин Америкт өсөлт ажиглагдсаны дотор Боливи улс нийт 3,7 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий литий олборлох, боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн гэрээг байгуулжээ.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарын гэрээний үнийн дүн 24 хувиар нэмэгдэж, 15 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний тал хувийг Казахстан, Узбекистан улс эзэлж байна. Харин Африк тивийн хамгийн том төслүүд нь зэсийн салбарт хэрэгжиж, Замби улс 2 тэрбум ам.доллар, Ботсван улс 1.9 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.