Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаатай холбоотой Монгол Улсын Шадар сайдын Төрийн худалдан авах ажиллагаа хариуцсан зөвлөх Д.Энхбаяртай дэлгэрэнгүй ярилцлаа.
Хамтарсан Засгийн газар төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр ямар бодлого, зорилтууд тавиад байна вэ?
Өнгөрсөн жил буюу 2023 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд ХҮН нам манлайлал үзүүлж, иргэд олон нийтэд тогтолцооны өөрчлөлтийг таниулан сурталчилж, тэднийг мэдээллээр хангаж үндэсний хэмжээнд ажилласан. Тус өөрчлөлт нь сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хуралд гарч ирж буй улс төрийн намууд хамтрах гол үндсэн суурь болсон.
2024 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд гурван том нам хамтарсан Засгийн газраа байгуулаад 100 хоногтойгоо золгох гэж байна. Засгийн газар байгуулагдсантай холбогдуулж УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт төрийн худалдан авалтыг тогтолцооны хувьд шинэчлэх, технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх гэсэн маш тодорхой зорилт туссан.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаварт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд чанарын үнэлгээг илүү харгалзан үзэх зохицуулалт тусган шинэчлэн боловсруулах ажил бий. Үүний дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д энэ ондоо багтан өргөн барих үүрэг хүлээсэн нь цаг хугацааны хувьд маш шахуу, өргөн цар хүрээтэй зорилтыг тавиад ажиллаж байна.
Эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын тушаалаар хуулийн төсөл боловсруулах ажлыг хэсэг байгуулагдаж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга ахлаад явж байна.
Манай хөрөнгө оруулалтын орчин гадна дотны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад ээлтэй, эрүүл байх ёстой.
2023 оны зургаадугаар сард энэ хуулийг шинэчлэн баталсан. Үүний гол өөрчлөлтүүд юу байв, мөн одоо шинэчлэн найруулан хэрэгцээ шаардлага нь юу вэ?
Анх худалдан авах ажиллагааны хууль 2000 онд батлагдсан. Тухайн үед олон улсын байгууллагуудын техник туслалцааны дэмжлэгтэйгээр боловсруулж батлуулсан байдаг. Хууль батлагдсанаас гурван жилийн хойно анхны тендерийн зар өдөр тутмын сонинд нийтлэгдэж байсан түүхтэй гэж хуулийн анхны авторууд ярьдаг. Энэ хуулийг хэрэглэж хэвших гэж их л хугацаа орж сургалт, соён гэгээрүүлэх ажил хийгдсэн гэдэг юм билээ. Ер нь ямар ч тендергүйгээр шууд худалдан авах ажиллагааг зогсоож, бүгд зохицуулалтад орж төрийн өмчит аж ахуй нэгж, улсын төсөвт үйлдвэрийн газрууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд худалдан авах хуулийнхаа хүрээнд худалдан авах ажиллагааг хийж эхэлсэн.
Анх тухайн хуулийг боловсруулж байхад энэ тогтолцоо тодорхой хөгжлийн үе шатууд даван туулах явцдаа сайжирч улам төгөлдөрших тэрхүү концепци тухайн үеийн хууль санаачлагч, шийдвэр гаргагчдад байсан байх гэж боддог.
2000 оны анхдагч хууль 2005 онд нэг шинэчлэгдэж дараагийн үе шатандаа гарсан байдаг. Энэ нь төвлөрсөн бус тогтолцоо руу шилжсэн явдал юм. 2011 болон 2022 онуудад тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд хийж Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага үүсгэн байгуулагдаж энэ тогтолцоо улам бүр хөгжих үйл явц үргэлжилсэн.
Харин таны дурдсан 2023 оны шинэчилсэн найруулгын хүрээнд тендерийн лавлагааг цахимжуулах, цахим дэлгүүрийн худалдан авалт, ил тод байдлыг хангах зорилгоор тендерт шалгарсан аж ахуйн нэгж болон тендерийн үнэлгээтэй холбоотой мэдээллийг нээлтэй байлгах, тендер шалгаруулалтын хугацааг багасгах, хариуцлага болон маргаан шийдвэрлэх механизмыг сайжруулах зохицуулалтууд орсон байдаг.
Одоо Засгийн газраас шинэчилж найруулахаар зорьж буй хуулийн төсөл цаг хугацааны хувьд их онцлогтой байгаа. Манай улсын эдийн засаг тэлж хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Аливаа төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэс суурь бол зөв төлөвлөлт, түргэн шуурхай, чанартай худалдан авах ажиллаатай шууд холбоотой.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээнүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс чанарын үнэлгээг харгалзсан хуулийн төсөл гарна. Өнгөрсөн хугацааны нэг доголдол бол үнийн уралдаан. Зарласан тендерт хямд үнээр шалгарч чанар, аюулгүй байдлын стандарт, норм хангагдахгүй бараа, ажил, үйлчилгээ нийлүүлдэг үзэгдэл байсаар байна. Түүнчлэн энэ хуульд тендер сонгон шалгаруулалтад хүний оролцоог багасгах, улмаар авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлийг арилгах агуулгаар дэлхийн технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж хиймэл оюун ухаан ашиглах суурь зохицуулалтыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаараа онцлогтой.
Ер нь олон улсын жишгээс харахад төрийн худалдан авалт үндэсний эдийн засгийг хөгжүүлэх чухал хөшүүрэг гэж хардаг. Энэ өнцгөөсөө ямар үндсэн зарчмууд үйлчлэх ёстой вэ?
Эрх бүхий дээд байгууллагаас төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хийж төсөл арга хэмжээг баталдаг. Эдгээр хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг үр ашигтай байлгах нь эдгээр ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаас эхэлнэ. Манай төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны процесс тендер сонгон шалгаруулалтад чанартай, үр ашигтай бараа, ажил, үйлчилгээ шалгаруулахад биш харин хэн энэ тендерт шалгарах бэ гэдэг дээр хэт их төвлөрч ирсэн юм шиг санагддаг. Үр ашигтай, чанар аюулгүй байдлын болон ашиглалтын шаардлага хангасан бараа ажил үйлчилгээний худалдан авалт нийгэм, эдийн засагт өгөөжөө шууд л өгнө.
Төрийн бүтээмж талаасаа бас бодолцох хэрэгтэй. Нэг тендер шалгаруулалтыг 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо дунджаар 3 хоногт шийдвэрлэж байна. Эндээс бид нэг тендер шалгаруулалтын өртгийг тооцож харахад хоёр сая гаруй төгрөгийн өртөг зардалтай, мөн 15 хүн/өдөр зарцуулж байна. Харин төрөөс зарлан шалгаруулж буй нийт тендер сонгон шалгаруулалт 2024 оны байдлаар өссөн дүнгээр 43 мянга гаруй байна. Ингээд харахад төрөөс нийт 90 орчим тэрбум төгрөгийн өртгөөр 600 мянган хүн/өдрийг зөвхөн тендер сонгон шалгаруулахад зарцуулж байна гэж харж болохоор.
Тэгэхээр дээр дурдсан технологийн дэвшлийг нэвтрүүлбэл бүтээмж сайжирч энэ их нөөцийг хэмнэж зохистой чиглэлд нь зарцуулж болохоор. Энэ нь эргээд улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө шууд өгч эхэлнэ.
Энэ оны байдлаар өссөн дүнгээр 43 мянган тендер зарлагдаж, 59 мянга гаруй аж ахуй нэгж оролцсон байгаа нь нэг тендерт оролцогчдын тоо дунджаар 1.3 байна. Товчхондоо, 1-ээс 2 компани ороод аль нэг нь шалгардаг. Энэ дундаж тоо 6-7 руу очиж байж өрсөлдөөн бий болно, чанар гарч ирнэ.
Tender.gov.mn системийн өгөгдөл дээр хиймэл оюуны технологи ашиглахад бэлэн үү? Үүнтэй холбоотой ямар нэг үнэлгээ хийгдсэн үү?
Шууд хэрэгжүүлэхэд бэлэн биш. Бид хууль эрх зүйн орчинд нь концепцын хувьд тодорхой тусгаад шийдэх юм бол бэлтгэл ажил эхлүүлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны систем дээр хадгалагдаж буй 1.5 сая дата бий. Эдгээр өгөгдлийг төрийн бусад мэдээллийн сантай тулгалт хийх, нэгтгэх байдлаар өгөгдөл ашиглалтын дэд бүтцийг бэлдэх болов уу. Ингэснээр тендерт оролцогчдод төрийн үйлчилгээ түргэн шуурхай, амар хялбар, хүнд суртлаас ангид хүрэх юм.
Манай улсын хувьд хиймэл оюун ухааны ашиглалт харьцангуй шинэ зүйл. Иймд олон улсын болон дотоодын мэргэшсэн зөвлөхүүдийг Азийн хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд авч ажиллуулах гэрээ байгуулах процесс явж байна.
Ер нь манай улсад тендертэй холбоотой худалдан авалтууд улирлын мөчлөгөөс ихээхэн хамаарч хүндрэл, хийдлүүд гардаг. Процессын энэхүү бэрхшээлийг хэрхэн сайжруулах ёстой вэ?
Монголд барилга, бүтээн байгуулалтын ажил хийхэд уур амьсгалын хувьд маш их хүндрэлтэй. Хувийн хэвшил аль болох хурдан шуурхай цаг хугацаатай уралдаж бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэхгүй бол хугацаа алдах тусам алдагдал хүлээдэг. Төсвийн жил эхэлснээс хойш тендер сонгон шалгаруулалтууд хийж аливаа бүтээн байгуулалтын ажил инженер геологийн судалгаа, зураг төсөл боловсруулалт, түүнд магадлал хийх хугацаа гэх мэт явсаар барилга угсралтын ажил гүйцэтгэхэд хамгийн таатай улирлаа өнгөрөөх хандлага байдаг. Энэний нэг шийдэл нь зураг төсөл, техникийн үзүүлэлт зэрэг тендер зарлахад шаардлагатай суурь баримт бичгүүд төсвийн жил эхлэхээс өмнө тодорхой болсон байвал тухайн жилдээ барилга угсралтын ажлаа улирал алдахгүй гүйцэтгээд явах боломж бий.
Тендер сонгон шалгаруулалт дээр бас нэг хугацаа хойш татдаг асуудал нь гомдол, маргаан. Хуулиараа гомдол маргааныг Сангийн яам хянан шийдвэрлэдэг. Жилдээ 2000 гаруй тендертэй холбоотой гомдол маргаан Сангийн яаманд ирдэг гэсэн статистик байна. Эндээс улирлаар нь авч үзвэл хоёр дугаар улиралд буюу бүтээн байгуулалтын улирал яг эхлэх үед хамгийн их гомдол ирдэг тоон үзүүлэлт гарсан. Маргаан шийдвэрлэх механизмаа улам сайжруулж хялбаршуулж түргэн шуурхай болгох арга замыг бодохгүй бол Сангийн яаманд ирэх ачаалал, эдгээрийг шийдвэрлэх хүний нөөцийн дутмаг байдал, цаг хугацаа зэргээс хамаарч хугацаа алдаж буй төсөл арга хэмжээнүүд бас бий.
Зураг төсөв гэснээс зарим ажлууд ижил төстэй зураг төсвөөр явж болно. Зураг төсвийн ажлуудыг хэрхэн зөв зохион байгуулах вэ?
Энэ бол миний хариулахаас илүүтэй бусад салбарынхны хариулах асуулт л даа. Зарим нь тендерийн хуулиас болж чанаргүй барилга байгууламж баригдлаа гэдэг. Чанаргүй зам тавигдлаа гэдэг. Энэ уг нь зураг төсөл, ажлын төсөв, норм стандарттай л холбоотой.
Нэг маягийн зургаар сургууль цэцэрлэгүүдийн барилга угсралтын ажил хийгддэг. Зарим нь асуудалгүй ашиглаад болж байхад яагаад заримд нь ан цав үүсээд, суулт өгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт болж хүүхэд багачуудад аюултай орчныг бий болгоод байдаг юм? Зураг төсөлдөө асуудал нь байна уу, ажлын төсөвт өртөгтөө байна уу? Эсвэл барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж байгаа инженерүүдэд байна уу гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Зураг төслийн дагуу хийгдэж, норм стандарт хангасан байна гээд Улсын комисс хүлээж авсан барилга байгууламжууд дээр асуудал гарсан тохиолдол олон байдаг. Тэгэхээр энэ асуудлыг салбарын хууль тогтоомж, норм дүрэм, стандарт, хяналт хариуцлагаар шийдэх ёстой болов уу гэж бодож байна.
Манай хуулийн ажлын хэсэг салбаруудын төлөөлөлтэй уулзалт хийгээд тендерийн хуулийг сайжруулах санал солилцход жишээ нь эрчим хүчний салбар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ хүсэж байна. Энэ нь EPC (Engineering, procurement and construction) гэрээ. Эрчим хүчний эх үүсвэр, үйлдвэрийн барилга, байгууламж, станц шинээр барихад тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, тохируулга, зүгшрүүлэлт, технологи, горим, техникийн шаардлагаас үүдээд зайлшгүй л түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг салбарын мэргэжилтнүүд нь хүсээд байна. Нөгөө талдаа зарим салбар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд тийм ч таатай хандахгүй байна.
Тэгэхээр зураг төсөлтэй холбоотой асуудлууд дээр бид салбарын бүтээн байгуулалтын онцлогт нийцүүлж бэлэн зураг төсөл дээр тендер зарлах уу эсвэл түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер зарлах уу гэдэг хувилбар сонголтуудыг нээж өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гэж улс орон бүр зорьж буй. Иймд бид хариуцсан салбартаа буюу төрийн худалдан авах ажиллагаанд ногоон худалдан авалтыг дэмжих тодорхой хөшүүргүүд бий болгох тал дээр судалж байна.
14 мега төсөл зэрэг томоохон дүнтэй төслүүдийн худалдан авалтын эрх зүйн орчин яаж шийдэгдэх ёстой вэ?
Зарим мега төслийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт эхнээсээ тодорхой болоод хэлэлцээрийн шатанд явж байх шиг байна. Бусад төслийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжгүй. Манай төсөвт ч тийм орон зай байхгүй. Тэгэхээр томоохон төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэл, концесс, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж таарна. Ингэхийн тулд манай хөрөнгө оруулалтын орчин гадна дотны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад ээлтэй, эрүүл байх ёстой. Энэ утгаараа Шадар сайд Т.Доржхандын тушаалаар ажлын хэсэг байгуулан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Дээрээс нь бид Өрсөлдөөний хуулийг шинэчилж, найруулна. Энэний үр дүнд хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд, эрүүл шударга өрсөлдөх боломж бүхий эрх зүйн орчинд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа дэмжих, төрийн оролцоог хумих чиглэл рүү явж байгаа гэж ойлгож болно.
Өрсөлдөөний хууль гэснээс энэ хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бид тендер сонгон шалгаруулалтын өрсөлдөөнийг зохицуулах асуудлыг анхаарахгүй бол 2024 онд ойролцоогоор 43 мянган тендер зарлагдаж, 59 мянга гаруй аж ахуй нэгж оролцсон байгаа нь нэг тендерт оролцогчдын тоо дунджаар 1.3 байна. Товчхондоо, 1-ээс 2 компани ороод аль нэг нь шалгардаг гэсэн үг. Энэ дундаж тоо 6-7 руу очиж байж өрсөлдөөн бий болно, чанар гарч ирнэ.
Төрийн худалдан авалтын систем бий болсноос хойш 12 жил болсон. Нэг үгээр, тодорхой дүгнэлтүүд хийх дата бүрдсэн. Энэ өгөгдлийн сан дээр суурилаад тендерт оролцогчдыг ангилах, үнэлэх боломж бий болсон гэж ойлгогдож байна?
Бид гадаадын болон дотоодын экспертүүдтэй уулзаад энэ хуулийнхаа асуудлуудаар санал солилцож байхад олон төрлийн саналууд гардаг. Зарим нь тендерт оролцогчдыг тендерт амжилттай оролцсон байдлаар, ажлаа чанартай гүйцэтгэсэн байдлаар гэх мэт олон үзүүлэлтээр систем дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг оноожуулах, эрэмбэлэх санал гаргасан. Энэ асуудлыг нарийн судлахгүй бол бас сөрөг үр дагавар ч гарч мэдэхээр. Мөн бидэнд ирсэн нэг санал нь томоохон төсөл арга хэмжээний тендерт оролцогчдод олон улсын стандартаар зээлжих зэрэглэлийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар тогтоох асуудал байсан. Олон талаас нь судалж, зардал, үр ашгийг тооцож хувилбар гаргаж ажлын хэсэг дээрээ хэлэлцэж шийдээд хуулийн шинэчлэлд тусгаад явах байх.
Засгийн газраас шинэчилж найруулахаар зорьж буй хуулийн төсөл цаг хугацааны хувьд их онцлогтой байгаа.
Credit rating тогтоох тусгай агентлаг байх ёстой гэсэн үг үү?
Монголд үүнийг тогтоодог тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд байдаг гэж сонссон. Судлаад үзэхэд Монголд олон байхгүй. Эдгээр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд олон улсын стандартын дагуу гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг юм билээ. Тэгэхээр бид хөндлөнгийн хараат бус байгууллагаар аж ахуй нэгжүүд дээр rating хийлгэчихвэл засаглал, санхүү, үйл ажиллагааны хувьд доголдолгүй, найдвартай, чанартай, тогтвортой компаниуд томоохон төслийн тендерт илүү орж ирэх боломж гарч магадгүй юм.
Төрийн худалдан авалтад ногоон худалдан авалтын ач холбогдол ямар байх ёстой вэ?
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гэж улс орон бүр зорьж буй. Энэ хүрээнд бид хариуцсан салбартаа буюу төрийн худалдан авах ажиллагаанд ногоон худалдан авалтыг дэмжих тодорхой хөшүүргүүд бий болгох тал дээр судалж байгаа. Тендерт оролцогч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлбэл, ногоон технологийн шийдэл санал болговол, дахин боловсруулсан эко бараа, материал ашиглавал тодорхой давуу эрх тооцох, төрийн байгууллагууд ногоон худалдан авалт хийсэн тохиолдолд тодорхой урамшуулал, дэмжлэг эдлэх зэрэг төсөөллүүд боловсруулж байна. Энэ талаар бид Байгаль орчин, уур амьсгалын яамтай бас зөвлөлдөнө.