Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ арвин их өв хөрөнгө, эд баялаг өвлүүлэхийг хүсэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг байх. Харин энэхүү нийтлэл уншигч та бүхэнд ямар хөрөнгө хүүхдэд тань насан туршийн баялаг болж үлдэхийг ойлгуулах болов уу. Энэ удаагийн “Хобби” буланд уригдан, оролцож буй “Эйрвинт” ХХК-ийн захирал М.Түмэн-Өлзийгийн нийслэл хотын завгүй амьдралын дундуур хобби, ажил, гэр бүлээ хэрхэн эн тэнцүү аз жаргалтай, амжилттай авч явж буй талаарх сонирхолтой нийтлэлийг хүргэе. Мөн тэрбээр ямар өв хөрөнгийг хүүхдүүддээ бүтээж буй учгийг хамтдаа тайлцгаая.
Хоббигоор гэр бүлийн харилцаагаа бэхжүүлсэн нь
М.Түмэн-Өлзий гэргий Э.Эрдэнэчимэгтэйгээ сурагч наснаасаа үерхэж нөхөрлөсөн бөгөөд 2012 онд гэр бүл болжээ. Тэрбээр ШУТИС-ийн интерьер дизайны ангийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа өдгөө амжилттай үйл ажиллагаа явуулж буй “Эйрвинт” компанийнхаа “шав”-ыг тавьсан ч эхний жилүүдэд амралт, чөлөөт цагаа умартан ажиллаж байж. Энэ талаараа “Яг л залуу хүмүүсийн жишгээр хоёр жил тасралтгүй ажилласан. Тухайн хугацаанд амьдралаа төвхнүүлж, бизнесээ эхлүүлсэн ч эргээд харахад гэр бүлдээ бүрэн анхаарал хандуулж чадахгүй орхигдуулж байснаа ойлгосон. Иймээс өөрийн хоббигоо олж, хөгжүүлж, түүнээсээ эрч хүч авч, ажлаа сайн хийх хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн. Гэхдээ хобби, ажилдаа цаг зарцуулж байгаа шигээ гэр бүлдээ цаг гаргаж чадах уу гэх асуулт гарч ирсэн. Энэ бүгдийг дүгнээд ер нь хүүхдүүдээ сургаж тэдэнд цаг зав гаргая, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлье. Ингэснээр гэр бүлдээ цаг гаргах боломжтой юм байна гэдгийг олж харсан. “Нэг үгээр, нэг сумаар хоёр туулай буудсан” хэмээн дурсан ярьж байлаа.
Тэрбээр багадаа мотоспортоор хичээллэх сонирхолтой байсан ч тийм боломж хараахан олдоогүй аж. Ер нь багын л авто болон техник спортын хорхойтон байсан бөгөөд сурагч байхдаа Техник технологийн олимпиадын улсын аварга болж байжээ. Улмаар уг сонирхлоо хөгжүүлэн 2015 оноос эхлэн гэр бүлээрээ мотоспортоор хичээллэх болжээ. Сонирхолтой нь, гэр бүлийн хүрээнд эхлүүлсэн хоббигоо хөгжүүлж буй түүний хүүхдүүд хэдийнээ снөүбоард, мотокроссын мэргэжлийн тамирчид болсон бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд тухайн төрлөөрөө улсын аваргууд болоод амжжээ.
Манай улсын хувьд мотоспортын бага насны ангилал ойрын хэдэн жил тогтвортой хөгжиж буй бөгөөд М.Түмэн-Өлзий тус спортын хөгжлийг өөдрөгөөр хардаг аж. Гэлээ ч өнөөгийн түвшинд Монголд өрсөлдөөн сул байгаа тул нэгэнт л мэргэжлийн тамирчид болсон хүүхдүүддээ зөв техник, ур чадварыг эзэмшүүлэх мөн туршлага судлах зорилгоор БНХАУ-д зохиогдож буй тэмцээнүүдэд тогтмол оролцуулж эхэлсэн аж.
М.Түмэн-Өлзийгийн гэр бүлээс хүн бүр яагаад ийм эрсдэлтэй спорт сонгосныг нь асуудаг аж. Тэр тоолонд “Экстрим спортын эрсдэл нь ил харагдаж байдаг онцлогтой. Гол нь хүүхдүүд тус спортоор хичээллэснээр эрсдэлийг хэрхэн даван туулах хэрэгтэйг сайтар ойлгодог буюу тэдэнд хэзээ ч мартагдахааргүй туршлага болж үлддэг. Галт тэрэг хөдөлсөн л бол бүх удирдлагыг өөртөө авч, эрсдэлийг тооцдог, улмаар хариу арга хэмжээ авч, буулт хийх, эсвэл ялах боломжийг олгодог гэж би боддог. Энэ үед эцэг эхийн зүгээс зөвлөх боломжгүй тул тэр хүртэл хүүхдэдээ сайн зааж сургах хэрэгтэй” хэмээн М.Түмэн-Өлзий хариулдаг.
Дурсамж цуглуулагч
М.Түмэн-Өлзийтэй ярилцаж буй мөчид түүний гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамжууд, хоббигоо хэрхэн хөгжүүлж, амьдралдаа тусгасан бүхэн нь тод томруун мэдрэгдэнэ. Учир нь тэр хүүхдүүдийнхээ анх унаж сурсан дугуйнуудаас өгсүүлээд мэргэжлийн тамирчны хувьд хэрэглэж буй мотоциклуудыг нэг бүрчлэн цуглуулж, гараашныхаа хананд өлгөжээ. Дурсамж гэдэг сэтгэл санааг өргөдөг нэг төрлийн нөөц гэх зүйр үг бий. Харин М.Түмэн-Өлзий тэрхүү дурсамжаа гараашдаа “нөөц” болгон хадгалж буй нь энэ. Тэрбээр “Би хоббитой холбоотой бүхнээ цаг хугацаа, мөнгөөр үнэлшгүй түүх, дурсамжууд гэж үздэг. Экстрим спортоор гэр бүлээрээ хичээллэж, дөртэй болох гэж багагүй цаг хугацаа зарцуулсан. Тэр дунд шантарсан үе бишгүй. Гэхдээ эргээд бодоход зөв зүйлдээ хөрөнгө оруулсан гэдэгт итгэлтэй байдаг” гэлээ.
Оновчтой судалгаа, төлөвлөгөөг хослуулсан экстрим аялал
Тэдний гэр бүл мотоспортоос гадна снөүбоардаар мөн хичээллэдэг. Тухайлбал, урин дулаан цагаар мотоспортоор түлхүү хичээллэдэг бол өвөлдөө снөүбоардад цаг зарцуулах нь элбэг. Манай оронд мөнх цаст хайрхнууд, байгалийн үзэсгэлэнт газрууд цөөнгүй тул эдгээр спортыг хослуулан аялахад тун тохиромжтой гэдгийг хэлж байв. Энэ ч утгаараа М.Түмэн-Өлзийгийн гэр бүл 2021 онд Баян-Өлгий аймагт мотоциклтой аялал хийж Алтай таван богдын Малчин хайрханаас снөүбоардоор бууж байжээ. Эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан тус аяллын талаар М.Түмэн-Өлзий “Хүүхэд сонирхолтой зүйлдээ тун дуртай, эрэмгий байдаг. Ер нь Монгол оронд буй мөнх цаст оргилуудаас снөүбоард, цанаар галгаж байсан аялагчид цөөнгүй бий. Тэднээс заавар зөвлөгөө авч, ойролцоогоор хагас жил гаруйн хугацаанд төлөвлөж, судалсны дараа аялалдаа гарсан. Хэдийгээр аяллаа сайтар төлөвлөсөн ч эрсдэлүүд тулгарч байсныг нуух юун. Хүүхдүүдтэйгээ хамт очиж гулгахад хамгийн аюул багатай, цасны хэмжээ нь ч тохиромжтой газар бол Алтай таван богдын Малчин хайрхан байсан учраас сонгосон. Мотоспорт, снөүбоардын хувьд хүүхдүүддээ анхнаас нь аюул, бартааг бага багаар ойлгуулах, хамгаалалт, хэрэгслээ бүрэн байлгаж, зөв өмсөх дадал хэвшлийг суулгах зарчмаар сургасан” хэмээв.
Мөн тэд Асралт хайрхан болон Хөвсгөлийн тайга, Япон улсын Хакуба хөндийн Цугайя-каке, БНХАУ-ын Бээжин, Харбин, Шанхай хотын цанын баазуудад снөүбоардоор гулгаж, тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтлуулснаа онцолж байлаа.
Амжилтын үндэс бол ажил, амьдралын тэнцвэр
Экстрим спортод дурлагч М.Түмэн-Өлзийгийн үүсгэн байгуулсан барилгын агааржуулалт, халаалт, хөргөлт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эйрвинт” компани 12 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж, өргөжсөөр буй. Анх бизнес болтол нь өргөжнө гэж бодоогүй эхэлж байсан хэмээн тайлбарлах түүний компани 30 гаруй ажилтан, байнгын хамтрагч компаниуд болон барилгын агааржуулалтын үйлдвэр болтлоо бизнесээ тэлжээ. Энэ тухай тэрбээр “Манлайлагч хүн гэдэг ажил, бизнесээ амжилттай байлгахын сацуу ар гэрийн амьдралаа ч амжилттай авч явахыг хэлнэ гэж уншиж байсан юм. Эргээд бодоход бизнес нь амжилттай яваа хэрнээ гэр бүл орхигдоход амьдрал ер болж өгдөггүй. Нөгөө талаар, хоббигоо хөгжүүлж, тордож явахын тулд мөнгө санхүү хэрэгтэй учраас ажлаа сайн хийх ёстой” гэдгийг онцолж байлаа. Үүний зэрэгцээ амжилтай яваа бизнесийн үр ашгаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн спортод зарцуулж, энэ оноос Налайхын “Бизон” багийг дэмжин ажиллаж эхэлжээ.
Санхүүгийн боломждоо тулгуурлаж хоббигоо хөгжүүл
Бизнесээ тогтвортой болгосны дараа хоббигоо хөгжүүлэх боломж зав гарч ирж буйтай тэр санал нийлж байлаа. Тэрбээр “Өөрт байгаа боломжийнхоо хүрээнд хоббигоо шат дараатай хөгжүүлэх хэрэгтэй. Манай гэр бүлийн хувьд бүхнийг эхнээс нь тогтвортой, аажмаар суралцсан учир эрсдэл тэр бүр тулгарч байгаагүй. Хүүхдүүд маань ой гарантайгаасаа balance bike унаж эхэлсэн. Хүүхдийн нас, биед тохирсон, шаардлага хангасан хэрэгсэл байгаа цагт хүүхдийг хэтэрхий бага насных гэдэг асуудал гарч ирэхгүй. Цаг заваа гаргаж тууштай зааж сургах нь л хамгийн чухал. Шат дараалалтайгаар заасан тохиолдолд хүүхэд маш амархан сурдаг бөгөөд уйддаггүй. Хүн бүр гэр бүлдээ цаг гаргаж хоббигоо бага багаар хөгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна” хэмээв.
Спортоос “мундаг” хувь хүн болох аялал
Энэхүү нийтлэлээр бид ямар эд баялгийг хүүхдэдээ өвлүүлэх хэрэгтэй талаарх ойлголтыг хайж буй. Тэрхүү нууцыг нийтлэлийнхээ сүүлийн хэсэгт шингээлээ. Дижитал эрин зуунд амьдарч буй бидний хувьд гэр бүлдээ тэр бүр цаг гаргаад байдаггүй. Заримдаа нүүр тулж ярилцах зав ч гардаггүй. Хангалуун сайхан амьдралын төлөө бүгд тэмүүлж байдаг ч гэр бүлийн нандин харилцааг заримдаа гээгдүүлж орхидог. Мэдээж үр хүүхдээ сайн явахыг харах шиг жаргал гэж юу байхав.
Гагц бид ямар баялгийг үр хүүхдүүддээ өвлүүлж, юугаар тэдэнд үнэлж баршгүй хөрөнгө оруулах талаар М.Түмэн-Өлзий “Хэдийгээр би өдий зэрэгтэй, амжилттай яваа ч хүүхдүүддээ том компани, бизнес өвлүүлэхээс илүүтэй чөлөөтэй сэтгэж бодох нөхцөл боломжоор хангахыг зорьдог. Одоо хичээллэж, дурлаж буй спортуудаасаа хүүхэд хариуцлагатай, бусдад төвөг уддаггүй, эрсдэлийг тооцож, хянаж чаддаг төлөвшилтэй хувь хүн болоосой гэж хүсдэг.
Үүнийг энгийн хобби гэж харж болно. Гэхдээ энэ бол миний гэр бүл, үр хүүхдэдээ хийж буй нүдээ олсон хөрөнгө оруулалт юм. Нэг үгээр, хүүхдийг хобби, хүсэл сонирхлоор нь хөгжүүлэх юм бол хүчирхэг хувь хүн бий болно шүү дээ. Тэр ч утгаараа анхны зорилго мундаг тамирчин болгох биш мундаг хувь хүний чадваруудыг бүрэлдүүлэх байсан. Ер нь эдгээр спортоор хүүхдүүдээ өсвөр нас хүртэл нь хичээллүүлнэ гэж төлөвлөж байгаа. Тэдэнд өсвөр насанд очихоороо өөрсдийн сонирхол, хүсэл мөрөөдөлд тулгуурлан мэргэжлээ сонгох сонголтыг атгуулна” хэмээв.