-Монгол Улс хөрөнгө оруулалтын маш өрсөлдөөнтэй бүсэд оршдог-
Хамтарсан Засгийн газар 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээ зарласан. Ингэхийн тулд ирэх 4 жилд 1 хүнд ногдох ДНБ-ийг 2023 оныхоос даруй 2 дахин өсгөж байж амлалтаа биелүүлнэ. Арга зам нь 14 мега төслийг хөдөлгөх. Өнгөрсөн түүхийг аваад үзвэл мега төслийн тусламжтай 1 хүнд ногдох ДНБ-ийг богино хугацаанд тэлж байсан тохиолдол бий. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд үзэглэснээр 1 хүнд ногдох ДНБ-ийг хэмжээг 1759 ам.доллараас 2012 он гэхэд 4493 ам.доллар болгож, 2.5 дахин өсгөж чаджээ.
Гэхдээ мега төслүүд хөдөлж, эдийн засаг одоогийнхоос 2 дахин тэлэх боломжтой гэдэгт итгэж найдахад тулах цэг хэрэгтэй. Тэрхүү тулах цэг нь гадаадын хөрөнгө оруулалт юм.
Манай улсад 1990-2023 онд нийт 44.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 73.3 хувь нь уул уурхайн олборлолт, 10.4 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 3.9 хувь нь санхүүгийн үйлчилгээ, 2.2 хувь нь барилгын, 2.8 хувь нь бусад салбарт байна. Үндсэндээ 2011 оноос ганц Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт жил бүрийн ГШХО-ын тал хувийг бүрдүүлж ирэв. Нөгөө талдаа, энэ хугацаанд манай эдийн засгийг тэлэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг бид татаж чадаагүй байна гэсэн үг. Илрэл нь, 2013 оноос хойш 1 хүнд ногдох ДНБ-ээ 5000 мянган ам.доллар давуулж чадаагүй 10-аад жил болчихжээ.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын Хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Г.Жавхлантөгс “Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдыг татах тал дээр хуулийн болон улс төрийн олон алдаатай шийдвэр гаргасан гэдгийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, урт нэртэй хууль зэрэг олон жишээ бий. Хэдий эдгээр хуулийн санаа нь зөв боловч сайн судалгаа хийгээгүй, бодит байдалд хэрэгжүүлэхэд төвөгтэй байсан. Уул уурхайн зарим компанийн лицензийг нь хүртэл цуцалж, хайгуулын лиценз олгохоо зогсоож байлаа. Үүнээс шалтгаалж эдийн засаг маань дороо эргэсэн, өсөлт үзүүлж чадахгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, итгэлийг нь эвдсэн байдалд ороод байна” гэж ярив.
Монголд хөрөнгө оруулах сонирхол гадаад хүчин зүйлээр л тодорхойлогдож байгаа тул дотооддоо эрх зүйн орчноо сайжруулахад энэ удаагийн хуулийн өөрчлөлт чиглэгдэж байгаа юм.
Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын сүүлийн 10 жилийн статистик тоон мэдээнээс харахад 2013 онд Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй буурсан ч 2017-2019 оны хооронд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. Гэсэн ч дэлхий дахинаа тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан байна. Энэхүү үзүүлэлтээс дүгнэхэд, манай улсын хууль тогтоомж нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хангалттай нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэж болохоор байна.
Тиймээс хөрөнгө оруулалт татах ээлтэй орчин бүрдүүлэхээр Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж, одоогоор үзэл баримтлалыг нь боловсруулаад байна. Өнгөрсөн хугацаанд олж авсан алдаа, сургамжийг шингээснээрээ энэ удаагийн Хөрөнгө оруулалтын хууль ач холбогдолтой.
Юуны өмнө, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэгт хуулийн агуулга зангидагдаж байгаа. Үүний тулд Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ 4 жилийн мөрийн хөтөлбөртөө тусгаж УИХ-аар батлуулдаг байх концепцыг тусгаж буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эрх барих 4 жилдээ аль чиглэлд илүү анхаарч ГШХО татаж, хэрхэн дэмжихээ тодорхойлох юм. Ингэснээр хөгжлийн бодлогод туссан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад оруулах гадаадын хөрөнгө оруулалтад таатай болон нэн таатай нөхцөл, шууд болон шууд бус урамшууллуудыг илүү тодорхой болгох юм байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулалтаа хийж буй эсэхэд хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд манай улсад бага, дунд хэмжээний хөрөнгө оруулалт илүүтэй орж иржээ. Тиймээс цаашид томоохон хөрөнгө оруулалт татахын тулд урамшууллын систем бий болгох, тэр дундаа татварын болон татварын бус урамшуулал олгох боломжийг уг хуульд тусгаж өгөхөөр зорьж байгаа юм байна.
Гэхдээ Монгол Улс хөрөнгө оруулалтын маш өрсөлдөөнтэй бүсэд оршдог. Дэлхийн хөрөнгө оруулалтын орчин 2024 онд сорилт дагуулсан хэвээр байна. Хөгжиж буй орнуудад оруулсан ГШХО 2023 онд 7 хувиар буурч, 867 тэрбум ам.долларт хүрсэн ч, бүс нутгуудаар ихээхэн ялгаатай байна. 1000 гаруй шинэ төслүүд нэмэгдсэний хагас нь Зүүн Өмнөд Азид, дөрөвний нэг нь Баруун Азид ногдож байна.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч, сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгож чаддаггүй. Иймд хууль тогтоомжийг ил тод боловсруулж, урьдчилан таамаглахуйц тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид зах зээлээ хэтэрхий эрсдэлтэйд тооцож, илүү таатай орчин, өрсөлдөх чадвар бүхий улс орнуудыг сонгодог зүй тогтолтой.
Тиймээс энэ удаагийн хуулийн шинэчлэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх, тэдэнд таатай орчин бүрдүүлэх чиглэлд одоо байгаа бүтцийг илүү сайжруулахаар төлөвлөсөн байна. Шинээр гадаадын хөрөнгө оруулалтын талаарх Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын эрх, үүргийг шинээр тусгаж, төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангах зохицуулалтууд оржээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрын үйл ажиллагааг өргөтгөж, хөрөнгө оруулагчид тусгай зөвшөөрөл авах, маргаанаа шийдвэрлүүлэх, төртэй харилцах гол суваг болгох аж. Үүнээс гадна, гадаад харилцааны аппаратыг ч эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гадаад дахь ЭСЯ-уудад тус агентлагийн бүтэн цагийн ажилтнуудыг томилох юм байна.
Шинэчилсэн хуулиар Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл Засгийн газартай шууд харилцаж ажиллана. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол, итгэл үнэмшлийг бууруулдаг хамгийн том хүчин зүйл бол хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргааныг шийдвэрлүүлэх тогтолцоо нь шуурхай бус, оновчтой биш байгаа явдал. Хөрөнгө оруулагчид хууль ёсны ашиг сонирлоо хамгаалах, төртэй маргаан үүсгэсэн тохиолдолд шүүхээр шийдвэрлэх хугацаа хамгийн ихдээ 16.2 жил, дунджаар 6 жилийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. 6 жилийг шүүхийн маргаанд зарцуулдаг улсад хөрөнгөө оруулахыг хүсдэг хөрөнгө оруулагч гэж юу байх билээ. Тиймээс төр, хөрөнгө оруулагч хоёрын дунд үүссэн маргааныг хялбаршуулсан горимоор шийдэх, эвлэрүүлэн зуучлах, гомдлыг нь барагдуулах цогц механизм, олон улсын туршлагыг хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөл анхаарч ажиллахад хууль эрх зүйн орчин бүрдэх юм байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, хуулийн төсөл энэ шинэчилсэн хувилбараар батлагдвал хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулагчдын харилцаа нь босоо удирдлагаар өргөн хүрээнд явагддаг болох нь. Өмнө нь байсан 1 цэгийн үйлчилгээ, агентлагийн түвшинд авч үздэг байсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг Засгийн газрын дэргэдэх зөвлөлөөс эхлээд орон нутаг, дипломат албанд хүртэл анхаарч, бодит орон тоотой болно гэсэн үг.
Түүнчлэн хөгжлийн урт хугацааны бодлогод туссан эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд онцлогоос нь хамаараад ялгаатай хөрөнгө оруулалтын урамшуулал, нөхцөлүүд үйлчлэх бөгөөд түүнийг тухай бүр шинэ УИХ, Засгийн газар шийдэх юм байна. Монгол руу мөнгөө бариад ирсэн хөрөнгө оруулагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд тодорхой, ойлгомжтой, шуурхай байхаас эхлээд маргааныг шийдвэрлэх олон улсын жишигт нийцсэн хувилбаруудтай болох аж.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн мөнгөний тухай ойлголт биш. Шинэ мэдлэг, шинэ технологи, ур чадварууд дагалдан орж ирдэг бөгөөд үүний үр дүнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч, ажиллах хүчний оролцоо, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, улмаар цалин хөлсөөр дамжиж айл өрхийн орлого, амьжиргаа дээшилдэг зүй тогтолтой. Тиймээс хууль эрх зүйн орчиндоо өсөлт авчрах өөрчлөлтийг хийх цаг үе ирээд байна.