Дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг агуулсан олон улсын бэстселлер The Personal MBA буюу “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номонд онцгойлон авч үзсэн 11 модулийн тав дахь нь буюу “Санхүү”-ийн талаар энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ.
- Зохиогч: Жош Кауфман
- Ном: Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол
- Сэдэв: Бизнес эрхлэх урлагт суралцахуй
- Гол ойлголтууд: Бизнесийн 5 хэсэг, 12 төрлийн үнэ цэн, ашиг орлого олох 4 арга.
- Эрхлэн гаргагч: Юнайтед бизнес паблишинг
- Орчуулагч: М. Цацрал
Бизнес эрхлэгчдийн хувьд санхүү бол хамгийн чухал сэдвүүдийн нэг. Гэвч Жош Кауфманы бичсэнчлэн санхүү гэхээр санхүүгийн дүн шинжилгээнд суурилсан шийдвэр, математикийн томьёо, тоогоор дүүрэн хүснэгт хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд бууж төвөгшөөх нь бий. Гэтэл заавал ч тийм байх албагүй, чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадвал санхүү гэдэг ойлгоход харин ч хялбар гэж тэрбээр олон улсын бэстселлэр The Personal MBA номондоо онцолжээ. Энэ сэдвээр бидний урьж ярилцсан зочин П.Ундармаа ч мөн түүнтэй санал нэгдэж “Санхүүг төвөгтэй гэж харахаасаа урьтаад энэ талын багахан мэдлэгтэй л болчиход тун ойлгомжтой, энгийн, өдөр тутмын зүйл” хэмээн хариулсан юм. БПН компанийн гүйцэтгэх захирал, Coach Lab Mongolia-ийн мэргэжлийн сургагч багш тэрбээр төрөл бүрийн түвшний цөөнгүй компанид санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд орлого, зарлагаа ягштал бүртгэхээс аливаа байгууллагын санхүүгийн сахилга бат эхэлнэ гэлээ.
МҮХАҮТ -ын дэргэдэх Бизнес академийн хамт олон Жош Кауфманы The Personal MBA номын агуулгаар Couch Lab Mongolia -ийн мэргэжлийн көүч нартай хамтран P-MBA хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд 10 мянган залууст бизнес мэдлэг олгох томоохон зорилготой ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хөтөлбөрт багтсан “Санхүү” сэдэвт сургалтыг П.Ундармаа өөрийн туршлагад үндэслэн заасан билээ.
Санхүүгийн боловсрол уу, сайн нягтлан уу?
Энэ асуулт олон бизнес эрхлэгчийн өмнө тулгамддаг. Бизнесмэн өөрөө санхүүгийн боловсрол эзэмших үү? Аль эсвэл сайн нягтлан, санхүүгийн чадварлаг мэргэжилтнийг авч ажиллуулах ёстой юу? Олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, хожим мэргэжлийн нягтлан бодогчоор суралцаж төгссөн П.Ундармаагаас гүйцэтгэх захирал хүн санхүүгийн боловсрол эзэмшсэнээр ямар ялгаа мэдрэгдсэн талаар асуухад “Өөртөө хүлээх үүрэг даалгавар, бусдад хариуцуулж буй ажил үүргийн хувьд эрс өөр болж ирдэг. Цаашлаад зөвхөн санхүү бус тооцоо нийлэх, гэрээнд оролцох, томоохон төслийн тооцооллыг боловсруулах зэргээр илүү том, далайцтай хүрээнд явж ордог. Санхүү гэхээр зөвхөн хэдэн тоо нэмж, хасах биш юм. Хувь хүнийхээ хувьд ч түвшин ахиж, илүү зоригтой хөдөлж чаддаг” хэмээн хариуллаа.
Мөн данхайсан бүтэцтэй байхаас илүү сайн программ авч ашиглах хэрэгтэйг сануулсан юм. Өөрөөр хэлбэл, олон тооны хүн ажиллуулахаас илүү байгууллагын онцлог, боломждоо тааруулан сайн программтай байх нь чухал аж. Зарим программ ашиглахад маш энгийн, хялбар болсныг ч дурдаж байв. Энэ нь нэг талаар, таны бизнесийн датаг маш сайн цуглуулж, эргээд хяналт тавих, ирээдүйгээ тодорхойлох, шийдвэр гаргахад дөхөм болгож, богино хугацаанд маш олон зүйлийг шийдэж чаддаг. Ингэж олон жижиг деталь ажлаас чөлөөлөгдсөнөөр тухайн бизнес эрхлэгч өөрийн манлайллыг өсгөх, бизнесээ илүү өргөн цар хүрээнд харах боломжийг бүрдүүлдэг.
Үүн дээр нэмээд, жилдээ, эсвэл улиралдаа нэг удаа мэргэжлийн хүмүүсээс санхүүгийн зөвлөгөө авч байвал тун зүгээр хэмээн П.Ундармаа зөвлөлөө. Ингэхдээ болж өгвөл ямар нэг санхүүгийн асуудалд орж, нөхцөл байдал хүндрэхээс өмнө буюу тайлан баланс гарахаас урьтан зөвлөгөө, үйлчилгээ авах хэрэгтэй аж.
Хувийн сахилга батаас бизнесийн амжилт
Санхүүгийн хувьд амжилттай ажиллаж байснаа гэнэт л байдал хүндэрч, зардлууд нэмэгдэх, ашиг багасаж, хасах руу орчих шахам дэнжигнэж эхэлсэн байгууллагыг та эргэн тойрноосоо анзаарч байв уу? Энэ бол бизнесийн орчинд тохиолддог нийтлэг үзэгдэл. Гэтэл ийм санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан маркетинг, хүний нөөц, байгууллагын алсын хараа, үйл ажиллагаа гээд бүх зүйл хөдөлгөөнд орж эхэлдэг аж. Тэгвэл энэ мэт санхүүгийн бэрхшээл үүсэх нийтлэг шалтгаан нь тухайн компанийн эзэмшигч, удирдлагын хувийн санхүүгийн сахилга бат байх нь элбэг гэдгийг П.Ундармаа онцолж байна. БПН компанийн гүйцэтгэх захирал тэрбээр “Танай компанийн борлуулалтын орлого гэдэг таны үрэх ёстой мөнгө биш. Харин таны ашиг бол таны үрэх ёстой мөнгө. Санхүүгийн сахилга бат тал дээр бизнесүүд маш их алддаг” хэмээн хэллээ. Нэг үгээр, таны бизнесийн орлого гэдэг хувийн хэрэглээний мөнгө байж болдоггүй гэдгийг л маш сайн анхаарах хэрэгтэй гэж тэр ахин захилаа. Зардлууд, татвар, ноогдол ашиг зэргийг бодсоны дараа л цэвэр ашиг тооцогддогийг бодолцох учиртайг зөвлөж байв.
Үүнтэй төстэй санааг The Personal MBA номонд “Бизнес бол хэр ихийг олсонд биш, хэр ихийг хуримтлуулсанд оршдог. Ашиг бол маш энгийн ойлголт. Зарцуулж буйгаасаа ихийг олох. Бизнес оршин тогтнохын тулд хуримтлуулсан нийт орлого ойрын ирээдүйд тодорхой нэг цэгт нийт зарлагаасаа илүү байх ёстой. Эс тэгвээс бизнес биш болно” гэж бичжээ.
Зардлаа хяна, тэгээд тана
“Хэрэв бизнес зардлаа л дөнгөж нөхөх орлого олж байгаа бол зардал гэнэт өсөхөд маш их асуудалд орно. Бизнес ашигтай байх тусмаа тодорхойгүй байдал болон өөрчлөлтийг даван гарах чадвар сайтай байх ба урьдчилан харах боломжгүй зүйлсэд хариу өгөх сонголт ч олон байна” гэж Жош Кауфман бидний онцлон буй The Personal MBA номондоо бичээд “Хамгийн шилдэг бизнесүүд үр ашигтай тойргийг бүтээдэг. Тэд зардлаа аль болох бага байлгаж, маш их хэмжээний үнэ цэн бүтээн, үнэ цэнээсээ хэтэрхий их хороохгүйгээр хангалттай мөнгө олдог” хэмээжээ. Энэ талаар P-MBA хөтөлбөрийн сургагч багшаар ажилласан П.Ундармаа “Орлого хэвийн, тогтмол өсөлттэй байгаа цагт ашиг орлого багасаж байвал зардалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Зардал, өртгүүддээ анхаарч, аль болох бууруулах талаас ажиллах нь чухал. Энэ тохиолдолд бизнесийн үнэ цэнийн тухай мөн яригдана. Бизнес эрхлэгчдийн гаргадаг гол алдаа бол бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг гэнэт нэмдэг. Үр дүнд нь, орлого сайжрах ч нөгөө талд, бизнесийн үнэ цэн нурж унаж байдаг” гэлээ.
Гэвч “Харамч хүн хоёр төлдөг” гэх үгийг санаж, зардлаа танах нэрийдлээр ухаалаг хөрөнгө оруулалтуудыг алгасаж болохгүй гэдгийг ч сануулж байв. Жишээлбэл, зах зээлд олон төрлийн аппликэйшн, программууд их болсон өнөө цагт өөртөө тохирох хувилбарыг сонгон ашигласнаар ирээдүйд ихээхэн хэмнэлт хийж болох атал тухайн үед худалдан авах төлбөр нь маш өндөр санагдаж татгалзах тохиолдол цөөнгүй. Гэтэл тухайн санхүүгийн, хүний нөөцийн, борлуулалтын гэх мэт программ, бүтээгдэхүүн, үйлчилгээнд төлөх таван сая төгрөг ирээдүйд олох 50 сая төгрөгийн эхлэл байсан байж болно. Үүнд, компаниуд хэмнэлт нэрийдлээр ирээдүйн ашиг орлогоо хаах хандлагатай байдгийг ч тэр мөн хэлж байлаа. Нөгөө талаар, зардал хянах тухайд тохиромжтой программ, аппууд ашигласнаар хяналт сайн тавьж, улмаар маш бага өртгөөр зардлаа бууруулах бүрэн боломжтой гэдгийг ч онцолсон юм.
Бизнесийн үнэ цэн үү, ашиг уу?
Үнэ цэнийг бүтээж байгаа учраас таны бизнесийн ашиг нэмэгддэг. Тиймээс түүнд илүү анхаарал хандуулж, шинэ компаниуд үнэ цэн бүтээхийн төлөө ажиллавал ашиг орлого яах аргагүй нэмэгдэнэ. Ашиг гээд ярихаар бизнесийн гол зорилго бол өндөр ашиг олох гэж зарим хүн боддог. Гэвч энэ бол бизнесийн ганц зорилго биш гэдгийг зохиогч Жош Кауфман өөрийн номондоо тодорхойлсон билээ.
П.Ундармаа ч мөн энэ санааг дэмжин “Аливаа бизнесийн үнэ цэнийг нэмэхээр зорьж байгаа бол эхлээд бүтээгдэхүүн, үйлчилгээ тань тухайн хүний асуудал, хэрэгцээ шаардлагыг шийдэж байна уу гэдэгт анхаарал хандуулах нь чухал. Хэрэв асуудал шийдэж чадаж байвал хэрэглэгч мөнгө төлж эхэлнэ. Үр дүнд нь, эрэлт үүснэ, борлуулалтын орлого нэмэгдэнэ. Гэхдээ захирал, бизнес эрхлэгч ч гэсэн хүн. Тиймээс өөрийн дуртай, хайртай зүйлээ хийх хэрэгтэй. Хүмүүс энэ талыг орхигдуулж, сэтгэл хөдлөлөөр бизнес эхлэх нь түгээмэл. Статистикаас ч энэ бүхэн тодорхой харагддаг. Тэгэхээр тухайн хувь хүний хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, зорилго нь бусдад сайныг түгээж, үнэ цэн хүргэж чадаж байвал тэр бизнес болж хувирдаг. Ер нь бизнесийн үнэ цэн, тэр дундаа, санхүүгийн үнэ цэн гэдэг боломжит зардал, өртгөөр хэрэглэгчийн хүсэл шаардлага, хэрэгцээг шийдвэрлэж байх явцад олж буй ашгийг хэлнэ. Бизнесийн үнэ цэнээ урт хугацаанд хадгалах тусам олон нийтэд илүү сайн хүрч, улмаар борлуулалтын орлого нэмэгдэж, зардал буурдаг хуультай” хэмээлээ. Тэрбээр компаниа удирдаж, мэргэжлийн сургагч багшаар ажиллан, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн хажуугаар UnDara брэндийг үүсгэн байгуулсан нь ч ийм шалтгаантай бөгөөд өөрийн хүсэл тэмүүлэл, үнэт зүйлийг дагасан сонголт хийсэн гэдгээ тайлбарласан юм. Уг брэндээс олж буй ашгаа цэвэр сайн үйлсэд хандивладгаа ч хэлж байсан юм.
Дараагийн дугаарт Жош Кауфманы “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номын зургаа дахь модуль болох ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ МӨН ЧАНАР сэдвээр бэлтгэсэн агуулгыг уншигч та бүхэнд хүргэх болно.
Та P-MBA сургалтад бүртгүүлэхийг хүсвэл МҮХАҮТ -ын фэйсбүүк хуудсанд хандаж, бүртгэлийн холбоос дээр даран мэдээлэл авна уу.