2000 оноос хойш нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй салбарын анхдагчдын нэг “АэрМаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунчимэгтэй ярилцлаа. Компанийнхаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, салбарын онцлог, гүйцэтгэх захирлын үүрэгт ажлын талаар тэрбээр ийн өгүүлж байна.
-“АэрМаркет” бол манай анхдагч нислэгийн тийзний агентлагийн нэг. Компани байгуулагдаж байсан түүхээс манай уншигчдад сонирхуулна уу?
-Манай компани 2000 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан бол одоо 110 гаруй ажилтантай, Монгол Улсад 6 салбар, БНСУ-д нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн бид 24/7 цагийн дуудлагын төв, байгууллага хариуцсан салбар, nisleg вэбсайт болон апп зэрэг олон сувгаар борлуулалт, үйлчилгээгээ хүргэж байна.
Монгол Улсад Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны албан ёсны эрхтэй үйл ажиллагаа явуулдаг 23 агент байдгаас сүүлийн 18 жилд “АэрМаркет” зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалан ажиллаж байна. Нийт 120 гаруй орны 290 орчим авиа компанийн орон нутаг, олон улсын нислэгийн тийз борлуулдаг. Ттийзнээс гадна зочид буудал, нислэгийн даатгал, датасим, нисэх буудлаас тосох, машин захиалах зэрэг аялалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжийг үйлчлүүлэгч нартаа олгож байна.
Мөн 2011 онд “Аэрмаркет холидэй” охин компанийг байгуулж, чартер нислэг болон хөтөлбөртэй аяллаар үйлчилж байна.
-Та “АэрМаркет” компанитай карьераа хэрхэн холбож байсан бэ?
-Би сэтгүүлч, зураглаач мэргэжлээр Радио, телевизийн дээд сургуулийг 2006 онд төгссөн. Санаандгүй, эсвэл хувь заяаны тохиолоор ч гэх үү ажлын зар тавигдахад нь өргөдлөө өгөөд тэнцэж, ажилд орж байлаа. Анх суудал захиалгын ажилтнаар ороод хоёр жилийн дараа ахлах суудал захиалгын ажилтан, дараа нь салбарын менежер, ерөнхий менежер, улмаар 2019 онд гүйцэтгэх захирал болсон.
-Таны карьерын энэ өсөлтөд юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
-”АэрМаркет” компанийг үүсгэн байгуулсан 2 захиралдаа их баярлаж, талархдаг. Зөвхөн надад төдийгүй ажилтнууддаа үргэлж үнэтэй заавар, зөвлөгөө өгсөөр ирсэн. Мөн манай компанийн соёл нээлттэй, хамт олон маань үргэлж бие биенээ дэмждэг, хамтдаа өсөж хөгжье гэсэн тэмүүлэлтэй байдаг. Бидний үнэт зүйл нь зөв байх, зөв зүйл хийхэд чиглэдэг. Энэ нь эргээд хувь хүний ажил, карьер, хувийн амьдрал төдийгүй үйлчлүүлэгчдэдээ үнэ цэн өгөх, нийгэмдээ тустай зүйл хийхэд нөлөөлдөг учраас бид ажлаа маш сэтгэл хангалуун хийдэг.
Харин хувь хүн талдаа дайчин, аливаа зүйлийн арга эвийг олж бүтээх, амжилттай болгохыг хичээдэг зантай. Энэ ч бас нөлөөлсөн байх. Сүүлийн 18 жилийн хугацаанд олон сорилт бэрхшээлийг туулж, унаж боссон цөөнгүй үеийг манай хамт олон давсан. Бид алдаа, сорилт бүртээ эвлэрэлгүй, бууж өгөлгүй, үргэлж ямар нэг арга зам, шийдэл байгааг зорьж, шинэлэг санаа, тэсрэлтүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.Манай компани жил бүр тухайн жилдээ хэрэгжүүлэх онцгой зорилго тавьж, түүндээ хүрэхийг тэмүүлж ажилладаг соёлтой. Үүнд ажилтнуудаа нэгдэх, тэднийг урамшуулах, хамтдаа уг зорилгын төлөө манлайлж ажиллахыг зорьдог.
-Гүйцэтгэх захирал ямар байх ёстой вэ?
-Миний бодлоор зоригтой, үр дүнд чиглэсэн, компанийн стратегийн чиглэлд өөрчлөлт авчрах алсын харааг тодорхойлж, ажилтнууддаа урам зориг, итгэл өгдөг байх нь чухал. Хувь хүн талаасаа байгууллагаа амжилттай авч явахын тулд тасралтгүй суралцаж, дасан зохицох чадвартай, мэдлэг, мэдээллээр байнга өөрийгөө цэнэглэж, инновацад анхаарлаа төвлөрүүлдэг байх нь гүйцэтгэх захирлын хувьд зайлшгүй шаардлагатай чанар гэж боддог.
-”АэрМаркет” компани салбартаа 24 жил ажиллаж байна. Энэ хугацаанд та бүхэн ямар үнэ цэнийг бүтээсэн гэж боддог вэ?
– Бид салбартаа хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж ирсэн. Бидний хувьд үнэ цэн нь ямар нэг тоо хэмжээгээр биш, харин үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бидний үзүүлж байгаа үйлчилгээний чанар үр дүнгээр хэмжигддэг. Мөн бид хамгийн чухал элемент болох ажилтнуудынхаа дуу хоолой, санал хүсэлтийг байнга хүлээн авч анхаарч ажилладаг. Ингэснээр манай компани салбартаа тогтвортой, найдвартай байр сууриа эзлэх боломжийг олж авсан гэж харж байна.
-Тухайн үнэ цэнийг бүтээхэд нөлөөлсөн хүчин зүйл юу вэ? Өөрөөр хэлбэл, танай хамт олон үйл ажиллагаандаа юуг анхаарч ажилладаг вэ?
–Бид 24 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2,8-3 сая хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Үйлчилгээ маань жил ирэх тусам чанаржиж байсан болохоор дахин үйлчлүүлэх хүсэл, итгэл үнэмшил үйлчлүүлэгчдэд маань бий болсон гэж боддог. Үүний тулд манай хамт олон үйл ажиллагаандаа хэд хэдэн хүчин зүйлийг анхаарч ажилладаг.
Нэгдүгээрт, бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг илүү сайн ойлгох, сэтгэлд нь нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэрэгцээг нь байнга анхаарч, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулахад анхаардаг.
Хоёрдугаарт, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар нь компанийн амжилтад нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Тиймээс бид сургалт, семинар байнга зохион байгуулж, ажилтнуудаа хөгжүүлэхэд анхаардаг. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүс, авиа компаниас сургалт авдаг. Энэ нь зөвхөн мэргэжлийн ур чадварыг сайжруулах төдийгүй ажилтнуудын сэтгэл зүйн хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг.
Гуравдугаарт, манай байгууллагын соёл нь нээлттэй, харилцан дэмжлэгтэй байх зарчимд үндэслэдэг. Бие биенээсээ суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урамшуулдаг, энэ нь эргээд хамтран ажиллах чадварыг сайжруулж, шинэлэг шийдэл бий болгоход түлхэц болдог.
Дөрөвдүгээрт, технологийн дэвшил, шинэчлэлийг үргэлж анхаарч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьдог. Бид үйлчилгээг хурдасгах, сайжруулахад технологийг хэрхэн ашиглах вэ гэдэгт анхаарал хандуулж байна.
-Та бүхний ажлын сайхан нь юундаа байдаг вэ?
– Манай ажлын сайхан нь үйлчлүүлэгчдийнхээ мөрөөдлийг биелүүлж, тэдэнд мартагдашгүй, тав тухтай туршлага бүтээхэд оршдог. Үйлчлүүлэгчээ зорьсон газарт нь ямар ч саадгүй хүргээд ирэх нь бидний үүрэг. Тун хариуцлагатай ажил. Үүний тулд маш их хичээж, хянамгай ажиллах ёстой болдог.
Үйлчлүүлэгч маань “сайн яваад ирлээ, та бүхэнд маш их баярлалаа” гэж хэлэх л хамгийн сайхан санагддаг. Нэг жишээ дурдахад, “танай компанийн үйлчилгээ маш том хөрөнгө оруулалт татахад их чухал байсан шүү, хэрэв нислэгээсээ хоцорсон бол асуудал үүсэх байлаа” гэж бидэнд тусгайлан талархал илэрхийлж байсан. Ер нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг мэдрэх нь л бидний ажлын амжилт гэж ойлгож болно.
-Сүүлийн жилүүдэд аялагч, аялал жуулчлал, хэрэглэгчдийн зан төлөв, сонголтод ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
-Ковидын өмнө ба дараах өөрчлөлт хүчтэй мэдрэгдэж, үйлчлүүлэгчдийн зан төлөв, сонголтод томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Тийз захиалга хийхдээ ковидын өмнө салбараар үйлчлүүлэх, тийзээ биетээр нь авах сонирхолтой байсан бол өнөөгийн завгүй амьдралын хэв хаяг, гаднын хүчин зүйлсээс шалтгаалж одоо утсаар болон онлайн платформуудаар тийз худалдан авах илүү сонирхолтой болсон. Аяллын зорилго, хэв маяг нь бас их сонирхолтойгоор өөрчлөгдөж байгаа. Жишээ нь, ковидын өмнө группээр нэг тугийн дор аялах сонирхол их байсан бол одоо эсрэгээрээ хүмүүс сонирхлын бүлгээрээ нийлж аялах, ганцаарчилсан аялал хийх, гэр бүл, найз нөхдийн аяллыг илүүд үзэх болсон. Мөн сонголт хийхэд хүртэл өөрчлөлтүүд гарч байна. Өмнө нь хямд тийз авъя гэдэг байсан бол тухайн нислэгийн үеийн тав тух, үйлчилгээ ямар байгааг анхаардаг болсон, авиа компанийн милийн карт болон бусад давуу талыг харж сонголтоо хийдэг болсон.
Энэ нь аялал жуулчлалын салбарт шинэ урсгалыг бий болгож, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, хүсэлтийг хангахын тулд дижитал шийдлүүдийг эрчимтэй нэвтрүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм. Мөн аяллын үйлчилгээ, бүтээгдэхүүний стандарт, үйл явцыг шинэчлэх, үүнийгээ дагаад агаарын тээврийн компаниуд ч үйлчлүүлэгчийн хүсэж буй нөхцөл шаардлагад нийцэж, өөрчлөгдөх боллоо.
Монгол Улсын агаарын тээврийн салбар сүүлийн жилүүдэд өргөжин, олон улсын чиглэл, нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа нь салбарын өсөлтийг дэмжиж, аялал жуулчлал, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлж байна. Ингэснээр агаарын тээврийн чөлөөт зах зээл хөгжиж, олон улсын харилцааг өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа нь Монгол Улсад эерэг үр нөлөөтэй юм.
Манай компанийн соёл нээлттэй, хамт олон маань үргэлж бие биенээ дэмждэг, хамтдаа өсөж хөгжье гэсэн тэмүүлэлтэй байдаг.
-Та ярилцлагын эхэнд зөвхөн байгууллагад зориулсан салбартай гэж дурдсан. Танай компани байгууллагад зориулсан ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог вэ?
-Аливаа байгууллага нь бизнес аялалтай холбоотой дараах 3 хүчин зүйлийг онцгойлон авч үздэг. Үүнд, цаг хугацаа хэмнэсэн түргэн шуурхай үйлчилгээ, аяллын төсвийг хамгийн бага зардлаар үр ашигтай байхаар төсөвлөх, тухайн зорчигчийн аюулгүй байдлыг хангасан найдвартай үйлчилгээ багтаж байгаа юм. Эдгээр хэрэгцээнд тулгуурлаад манай компани 2018 онд зөвхөн байгууллагад зориулсан салбараа нээснээс хойш дотоодын болон гадаадын томоохон компани, олон улсын байгууллага зэрэг 800 гаруй харилцагчтай болсон байна.
Энэ салбарт маань илүү мэргэжлийн, тодруулбал 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, IATA болон хэрэглэгчийн үйлчилгээний сургалтанд хамрагдсан мэргэшсэн аяллын зөвлөхүүд ажилладаг нь харилцагч байгууллагуудад илүү үнэ цэн өгөх зорилготой маань холбоотой юм.
Одоогоор бид байгууллагад зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. Нэгдүгээрт, байгууллагын үйл ажиллагаа, цар хүрээ, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн гэрээний уян хатан нөхцөлүүд санал болгодог. Хоёрдугаарт, олон улсад авиа компаниуд нь зөвхөн байгууллагад зориулсан хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Монгол улсад Туркиш аэрлайнс, Корэйн аэр, Ашиана аэрлайнс авиакомпаниуд энэхүү үйлчилгээг санал болгож байна.
Манай компани байгууллагуудыг энэхүү хөтөлбөрт хамрагдахад нь хамтран ажиллах боломжтой. Ингэснээр зөвхөн манай байгууллагаас санал болгож буй үйлчилгээнээс гадна нэмэлтээр авиакомпаниас олгодог 3-30 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх, нэмэлт ачаа тээшний эрх авах, олон улсын нисэх буудлын бизнес лоунжаар үйлчлүүлэх, тийзний нөхцөлийг сайжруулах буюу тийзний үнийн дүнгээс хамаарч харилцан адилгүй хураамж, торгуультай байдаг, энэхүү хураамжаас чөлөөлөгдөх зэрэг боломжийг эдлэх юм. Эдгээр үйлчилгээ нь байгууллагуудад аяллын зардлаа бууруулах, аялагчдын тав тухыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.
Аялал нь хүнийг тайван болгож, эрч хүч, мотивац өгдөг. Тийм учраас байгууллагууд өмнө нь ажилтнуудаа мөнгөн шагналаар шагнадаг байсан бол одоо хүний нөөцийн бодлогоо өөрчилж, аяллын эрх бэлэглэдэг болж байна. Ажилтнаа гэр бүлээр нь аялуулдаг компаниуд ч бий. Манай компани байгууллагуудад зориулж худалдан авалт бүрт нь бодит мөнгөн дүнгээр хуримтлал үүсгэх боломжтой Эйрбонус хуримтлалын картыг санал болгодог. Уг карттай байгууллага нь зөвхөн хуримтлал үүсгэхээс гадна нийт худалдан авалт, зарцуулалт зэрэг байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах мэдээллийг харах боломжтой. Түүнчлэн чиглэлийн судалгаа ч бид гаргаж өгдөг. Энэ үйлчилгээнүүдийг зөвхөн манай байгууллагын салбараас авах боломжтой юм.
Миний бодлоор гүйцэтгэх захирал зоригтой, үр дүнд чиглэсэн, компанийн стратегийн чиглэлд өөрчлөлт авчрах алсын харааг тодорхойлж, ажилтнууддаа урам зориг, итгэл өгдөг байх нь чухал.
-Эдгээр өөрчлөлттэй зэрэгцээд танай компани ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байна вэ? Ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танай хамт олон зах зээлд санал болгож байна вэ?
-БНХАУ-ын дотоодын нислэгийн тийзийг nisleg.mn сайтаас нэмэгдэлгүй үнээр авах боломжийг бид олгож эхэлсэн. Ингэснээр хэлний асуудал бэрхшээл гарахгүй, тун хялбар аргаар Монголоосоо урд хөршөөр зорчих тийзийг авах юм.
-Аливаа бизнесийг хөл дээрээ босох, улмаар өсөж томроход туслах макро болон микро орчин манай улсад хангалттай байна уу?
-Монгол Улсад бизнесийг хөл дээр нь босгож, улмаар өсөж томруулах макро болон микро орчны нөхцөлүүд тодорхой түвшинд бүрдэж буй ч, сайжруулах шаардлагатай талууд ч бий. Макро түвшинд эдийн засгийн өсөлт тогтвортой байдлыг харуулж байгаа ч улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн өөрчлөлтүүд бизнесийн урт хугацааны төлөвлөлтөд тодорхой эрсдэл үүсгэж болно. Үүний зэрэгцээ, дэд бүтцийн хөгжил, олон улсын худалдааны харилцаа чухал хүчин зүйлс боловч эдгээр нь улс орны хэмжээнд тэнцвэртэй хөгжих шаардлагатай байна.
Микро түвшинд зах зээлийн эрэлт хэрэгцээ, хэрэглэгчийн хандлага, технологийн шинэчлэл зэрэг нь бизнесийн өсөлтийг дэмжиж байгаа ч дотоодын зах зээлийн хязгаарлагдмал байдал, зарим салбарын хөгжлийн түвшин нь томоохон саад байж болзошгүй юм. Энэ бүхнээс үүдэн бизнес эрхлэгчид маань зах зээлийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан мэргэжлийн төлөвлөлт хийж, инновацыг дэмжих болон үйл ажиллагаагаа оновчтой удирдвал амжилтад хүрэх үндэс болно гэж бодож байна.
-Та ажлын ачааллаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Ачааллаа үр дүнтэй зохицуулахын тулд би ажлын өдрөө нарийн төлөвлөж, тэргүүлэх ач холбогдолтой ажлуудаа тодорхойлдог. Хийх ажлаа эрэмбэлэх, богино хугацаанд төвлөрч ажиллах техникийг ашиглан томоохон ажлуудыг хэсэгчилж хуваагаад дэс дараатай гүйцэтгэхийг зорьдог. Мөн бүтээмжээ хадгалахын тулд амралтын богино завсарлага авах нь төвлөрлийг сайжруулдаг гэж үздэг. Ингэснээр ажлын бүтээмж өндөр байж, ачааллыг үр дүнтэйгээр зохицуулж чаддаг юм.
-Та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Өөртөө болон ажилтнууддаа урам зориг өгдөг нууцаас сонирхуулна уу?
-Өөрийгөө хөгжүүлэхийн тулд олон арга ашигладаг. Би тасралтгүй суралцахыг зорьж, салбарын чиг хандлага, шинэ технологи болон зах зээлийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг үргэлж авч байдаг. Багийнхандаа ч гэсэн энэ хандлагыг бий болгохын тулд мэргэжилтнүүдээс сургалтууд авч, ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Компани зорилгоо тодорхойлох нь маш чухал. Бид бүгд нэг зорилгын төлөө зүтгэж, хэзээ ч зогсохгүй урагшилна гэдгээ ойлгох ёстой. Хамт олноо нэг зорилгод нэгдэхийг уриалж, амжилтыг нь тэмдэглэж, урам зориг өгөх нь хамтын амжилтыг маань нэмэгдүүлж, үнэ цэнтэй болгодог. Эдгээр хүчин зүйлс нь миний хувьд зөвхөн өөрийгөө хөгжүүлэх бус хамт олноо ч гэсэн хөгжүүлж, хамтдаа амжилттай ажиллахад тусалдаг гэж боддог.
Үйлчлүүлэгч маань “сайн яваад ирлээ, та бүхэнд маш их баярлалаа” гэж хэлэх л хамгийн сайхан санагддаг.
-Удахгүй өвлийн улирал эхэлж, монголчууд гадаад улс руу аялах нь нэмэгддэг. Та эдгээр аялагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нислэгийн тийз, зочид буудлаа эрт захиалвал илүү хямд үнээр хүссэн хугацаа, газартаа тохирсон газарт зорчих боломжтой. Монголчууд аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг нийтлэг дутагдалтай. Хэзээ явах вэ гэхээр 10 хоногийн дараа ниснэ гэдэг, тухайн үед тийз нь аль хэдийн үнэтэй болсон байдаг. Гэтэл европчууд, япончууд өвлийн нислэгийг зун, зуны нислэгийг өвөлд нь захиалдаг учраас маш хямд тийз авдаг. Хоёрдугаарт, очиж буй газартайгаа холбоотой мэдээллийг сайтар судлаарай. Хэрэв гэр бүлээрээ бие дааж аялах гэж байгаа бол хөтөлбөрөө сайн гаргаж, аюулгүй байдлаа бодолцох хэрэгтэй. Гуравдугаарт, аяллын зөвлөхүүдтэй холбогдохыг зөвлөж байна. Манай мэргэшсэн аяллын зөвлөхүүд танд аяллын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, сэтгэл амар авах боломжийг олгоно. Түүнчлэн, санхүүгийн боломж нь хараахан бүрдэхгүй байгаа бол манайх олон төрлийн зээлийн боломжуудыг санал болгодог.
Амьдралдаа дурсамж бүтээх нь хол биш шүү. Аялалд гарахдаа эдгээр зөвлөгөөг анхаарч, зугаатай, аюулгүй аялж, таатай дурсамжуудтай буцаж ирээрэй гэж хүсье.