Монгол орны хөрсөнд ургасан зэрлэг болон тарималжуулсан жимсээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Япон болон БНСУ улс руу чацарганын нэмэлт чихэргүй цэвэр шүүс, нэрсний чанамлыг экспортолж салбартаа анхдагч болсон “Эко Эрдэнэ” ХХК -ийн 24 жилийн тогтвортой өсөлтийн түүх болоод амжилтад хөтөлсөн нөү-хауг хуваалцаж байна.
Үе дамжсан баялаг бүтээгч
Эх орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг болон тарималжуулсан жимс, жимсгэнийг ашиглан дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний дотоодын хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж буй залуу баялаг бүтээгчдийн нэг бол “Эко Эрдэнэ” компанийн гүйцэтгэх захирал О.Мишээл юм. Түүний өвөө шинжлэх ухааны доктор (Sc.D) Л.Лхагваа, эмээ инженер-технологич Б.Билгээ нь бага наснаас нь эрүүл хүнсээр амтлуулан өсгөж, Монголын үнэт түүхий эдээр импортыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх үнэ цэнийг ойлгуулжээ.
Хожим нь Дани улсад аялж явахдаа тус улсын жижиг хувийн зайрмагийн цех болох “Скаро” нь Сингапур улсын агаарын тээврийн компанид дээд зэрэглэлийн амт чанартай, нутгийн онцлогийг бүрэн шингээсэн зайрмагийг цөөн тоогоор нийлүүлэн экспортолж буйг олж харжээ. Үүнийг харсан мөчөөс эхлэн ЖДҮ эрхлэгчид өөрийн брэндийн онцлогийг шингээж, эрүүл түүхий эдийг ашигласан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж, олон улсын тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг О.Мишээл ойлгосон аж.
Ингэснээр тэрбээр зөвхөн сурах бус хийх их хүслээр жигүүрлэж, эх орныхоо хүнсний салбарт гэр бүлийн бизнесээ өргөжүүлэн тэлэх хүсэл эрмэлзлийг өвөртлөв. Өөрийн энэхүү зорилгодоо хүрэх эхний цэгээ О.Мишээл БНХАУ-ын Бээжингийн Олон улсын худалдаа, эдийн засгийн их сургуульд Олон улсын худалдааны мэргэжлээр бакалаврт суралцахаас эхэлжээ.
Үргэлжлүүлэн тус сургуульдаа суралцах хугацаандаа нийгмийн идэвх, зүтгэлтэй тасралтгүй суралцагч оюутан байсан бөгөөд “Торгоны зам”-ын тэтгэлгийн эзэн болж, дэлхийн худалдааны мэргэжлээр магистрын зэргийг амжилттай дүүргэсэн байна. Тэрбээр 2019 онд гэр бүлийн бизнес болох “Эко Эрдэнэ” компанийг үргэлжлүүлэн удирдаж эхэлсэн бөгөөд эзэмшсэн мэдлэг боловсролоо ашиглан инновац шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлж ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй.
“Эко Эрдэнэ” компанийн бүтээгдэхүүнүүд хамгийн энгийн орц найрлагатай бөгөөд ердөө жимс, сахар, пектин агуулжээ.
Өдгөө хүнсний салбарын залуу бизнес эрхлэгч О.Мишээл дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн үнэ цэнэ, урам зоригийг бусад залуу бизнес эрхлэгчдэд үлгэр жишээ болгон харуулахын зэрэгцээ нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна. Тэрбээр “Эко Эрдэнэ” компанийн боловсруулан гаргаж буй эрүүл хүнсээр дамжуулан хүүхдийн шим тэжээлд хувь нэмрээ оруулж, Монголын баялгийг олон улсын зах зээлд экспортлон эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйдаа туйлын бахархалтай явдгаа онцлон дурдсан юм.
24 жилийн амтат түүхийн ард
Залуу энтрепренер О.Мишээлийн эмээ Б.Билгээ ахмад технологич нь Москва хотын Хүнсний үйлдвэрийн технологийн дээд сургуулийг 1968 онд талх, чихэр, гоймонгийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжлээр суралцан төгсөж, улмаар салбартаа 65 гаруй жил ажилласан.
Тэрбээр Монголын хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах шинэ технологийг 2000 онд нэвтрүүлж, хүн амын хүнсний хэрэглээнд хувь нэмрээ оруулах зорилгоор “Эко Эрдэнэ” компанийн суурийг тавьжээ. “Эко Эрдэнэ” компани бүтээгдэхүүндээ будагч бодис, нэмэлт бодисгүйгээр байгалийн шим тэжээлийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс, хийжүүлсэн ундаа үйлдвэрлэж байна. Мөн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас хүний биед хор нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй шилэн сав баглаа, боодол ашигласаар ирсэн нь уг компанийн нэгэн үнэт зүйл билээ.
Энгийнээр онцгойрно
“Эко Эрдэнэ” компани 2019 онд сав баглаа, боодлоо шинэчилсэн бөгөөд зах зээлд энгийнээр онцгойрох загвар дизайнаар бүтээгдэхүүнээ брэндинг хийсэн. Улмаар 2019, 2020, 2021 онуудад дараалан “Жижиг дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа”-аас шилдэг сав баглаа, боодолтой бүтээгдэхүүнээр шалгарахаас гадна олон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн билээ. Мөн тун удахгүй зах зээлд дахин шинэхэн сав баглаа, боодолтой бүтээгдэхүүнээ танилцуулахаар зорьж байгаа юм.
Чанараар ялгарна
Дотоодын үйлдвэрлэгчдийн нэгэн тод төлөөлөл болсон “Эко Эрдэнэ” компани үндсэн түүхий эдээ эх орны эрүүл хөрсөнд ургасан, Хөвсгөл, Завхан аймгийн ой тайгын зэрлэг жимс болон Монголын хөрсөнд суулган тарималжуулсан чацарганыг ашиглан инновац шингээсэн, олон улсын стандартад нийцсэн чанамал, өтгөрүүлсэн шүүс, хийжүүлсэн ундаа зэргийг үйлдвэрлэдэг.
2004 оноос эхлэн чанарын шаардлага хангасан чацарганын цэвэр шүүсийг дэлхийн нарийн технологийн шалгууртай Япон улсад нийлүүлэхийн сацуу зэрлэг нэрсний чанамлыг БНСУ-ын И-Март сүлжээ дэлгүүрүүдэд амжилттай нийлүүлэн, Монгол Улсаас жимс, жимсгэний салбартаа анхдагч экспортлогч болж байсан амжилтын түүхтэй.
Үүгээр зогсохгүй тус компани НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шалгаруулалтад шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр тодорч, олон улсын зах зээлд өндөр чанараараа танигдан өөрийн гэсэн нэр хүндтэй болжээ. “Эко Эрдэнэ” компанийн хувьд бизнес хийх явцдаа хүний эрүүл мэндэд чиглэсэн түгээмэл маркетингийн аргаас татгалзаж ирсэн нь компанийн философитой нягт холбоотой билээ.
“Эко Эрдэнэ” компани БНСУ-ын И-Март сүлжээ дэлгүүрийн органик тасагт нэрсний чанамлыг амжилттай нийлүүлж, Монгол Улсаас анхны экспортлогч болжээ.
Харин байгалийн гаралтай түүхий эдээр бүтсэн чанамал, өтгөрүүлсэн шүүс нь шим тэжээл, поливитамины өндөр агууламжтай учраас хэрэглэгчдийн хэрэгцээний тодорхой хувийг хангасан эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүн болохыг олон улсын жимс судлаач эрдэмтэд нотлоод байгаа юм. Тэр ч утгаараа тус компани нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ Монголын Жимс, жимсгэний үндэсний холбоо, Олон улсын чацарганы холбоотой хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн худалдаа, судалгаа шинжилгээнд идэвхтэй оролцон, салбарын хөгжилдөө хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Мөн нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор 15 жилийн турш Улаанбаатар хотын сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг аньс, нэрсний өтгөрүүлсэн шүүс, чанамлаар тасралтгүй хангасаар ирсэн.
Цаашид ч гарал үүсэл нь тодорхойгүй импортын бүтээгдэхүүнийг орлохуйц амт чанар, өнгө үзэмж сайтай, шим тэжээлээр баялаг хүүхдийн хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Дэлхийд өрсөлдөх үндэсний брэндийг бий болгох нь энтрепренер О.Мишээлийн алсын хараа юм. Тэрбээр үндэсний баялгийг экспортын зах зээлд үр дүнтэй гаргахын тулд өмнөө тавьсан зорилгодоо тууштайгаар зүтгэж, өөрсдийн дотоод нөөц боломжоо кластер хэлбэрээр ашиглан, илүү үр дүнтэй зохицуулалтын менежментийн тусламжтай, дотоодын болон олон улсын тусламж, дэмжлэгтэйгээр өргөжин тэлэхээр төлөвлөөд буй.
Энэ хүрээнд өөрсдийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд шинээр хэд хэдэн бүтээгдэхүүн гаргахаар тун завгүй ажиллаж буйгаа хуваалцсан юм.
“Эко Эрдэнэ” компани НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шалгаруулалтад шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр тодорч, олон улсын зах зээлд чанараараа танигдаж чаджээ.
Цаашид Монголын хөрсөнд ургасан жимс бүрийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргаж, өөрсдийн бүтээсэн брэндээрээ дамжуулан дэлхийн тавцанд монгол зэрлэг жимсний амтыг хүргэж илүү амжилттай өрсөлдөхөөр “Эко Эрдэнэ” компанийн гүйцэтгэх захирал О.Мишээл мэргэшсэн хамт олны хүч дэмжлэгийн хамтаар өсөн дэвжих томоохон алсын хараатайгаар ажиллаж байна.