Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж, ачааллаа дийлэхээ болиод буй эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэрийг бий болгох гэгээлэг мэдээг Герман, Австралийн компаниудын шинэ хамтын ажиллагаа авчирлаа.
Тодруулбал, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компани Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь төслийн талбайгаас байгалийн хийг арилжааны зорилгоор олборлож үйлдвэрлэх чиглэлд томоохон ахиц гаргаж, Германы Jens Energie компанитай цахилгаан станц байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар албан ёсны вэб хуудсандаа мэдээлсэн байна. Түүнчлэн уг хамтын ажиллагааны тухай мэдээллийг байгалийн хийн төдийгүй түүхий эд, таваарын талаар дагнасан олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээжээ.
Уг цахилгаан станцыг Германаас 2025 оны эхээр импортлон авчирч суурилуулах бөгөөд TMK компаниас ямар нэг зардал гарахгүй гэж онцолсон байна. Ингэснээр тус компани байгалийн хийнээс цахилгаан эрчим хүч гаргаж авах Монолын анхны төсөл хэрэгжүүлэгч болох бөгөөд Гурвантэс XXXV талбайгаас үйлдвэрлэсэн эрчим хүчийг ирэх жил гэхэд дотоодын шугам сүлжээнд нийлүүлж эхлэх аж.
Уг харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Jens Energie компани Германаас оруулж ирэх байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцыг ТМК-ийн зургаан цооног бүхий Lucky Fox талбайд суурилуулж, ирэх оны дөрөвдүгээр сараас цахилгаан үйлдвэрлэнэ. Харин ТМК компани санхүүгийн жилийн эцэс гэхэд өдөрт 5000 куб.м байгалийн хийгээр уг цахилгаан станцыг хангах үүрэг хүлээжээ. Улмаар нийлүүлэлт нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд хүрсэн цагаас эхлэн Jens Energie эхний хоёр жилд өдөр бүр 15 мянган куб.м хүртэлх байгалийн хийг худалдаж авах агаад гэрээг нэмж хоёр жилээр сунгах боломжтой аж.
Дотоодын эрчим хүчний сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх, үйлдвэрлэхтэй холбоотой зохих зөвшөөрөл авах үүргийг Jens Energie хариуцах бол ТМК компани нэмэлт өрөмдлөг, үйлдвэрлэлийн зардлыг нөхөх орлогыг олох боломж бүрдэж байна.
Jens Energie компани нь Европт 15 жилийн турш байгалийн хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцуудыг амжилттай ажиллуулж ирсэн туршлагатай бөгөөд уг төсөл нь Монголын хөгжиж, тэлж буй эрчим хүчний зах зээлийн хувьд томоохон үйл явдал болно гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин нүүрснээс илүү цэвэр, байгалийн хийнд суурилсан эрчим хүчний эх үүсвэртэй болохоор тэмүүлж буй Монгол Улсын хувьд уг харилцан ойлголцлын санамж бичиг нь томоохон шийдэл болно гэж ТМК компани үзжэ байгаа аж.
Нүүрсний томоохон ордуудтай, ашигт малтмалын баялаг нөөц бүхий Өмнөговь аймагт байрлалтай Гурвантэс XXXV төсөл нь нийт 1,2 их наяд куб футын (TcF) баталгаат нөөцтэй бөгөөд энэ хэмжээ цаашид 5,3 их наяд фут куб болж нэмэгдэх боломжтой аж. БНХАУ-ын хойд бүс нутгийн байгалийн хийн хоолойнуудтай ойр байрлахын зэрэгцээ цаашид хөгжүүлэлт, экспортын асар их боломжтой Гурвантэс төслийг ТМК компани нэг жилийн өмнөөс 100 хувь эзэмших болсон билээ. Энэхүү төсөл нь ТМК компанийг Азийн эрчим хүчний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх томоохон тоглогч болох боломжийг олгож байгаа гэж болно.
Хайгуулын компаниас үйлдвэрлэгч болох шилжилт хийж буй ТМК компани тогтвортой орлого, санхүүгийн эерэг тайлан гаргах хүлээлттэй байна. Байгалийн хийнээс цахилгаан эрчим хүч гаргаж авах станцыг шуурхай угсарч ашиглалтад оруулснаар энэхүү хүлээлт биелэх төдийгүй цаашид нэмж цооног өрөмдөх боломжийг олгосноор компанийн үйл ажиллагаа улам өргөжих боломжтой хэмээн судлаачид дүгнэж байна.