Супер чип, супер компьютер, супер том толгой өвтгөсөн асуудалд бэлэн байгаарай.
Дэвид Блэквеллийн нэр нас барснаас нь 15 жилийн дараа буюу 2025 онд технологийн салбарын хүн бүрийн үгийн санд орно. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia компани хамгийн сүүлийн супер чипээ Шинжлэх ухааны үндэсний академид багтсан анхны африк гаралтай америк хүн болох нэрт математикч, тоглоомын онолч түүний нэрээр нэрлэсэн юм.
2025 оны эхээр бүрэн хэмжээний үйлдвэрлэл нь эхлэх Blackwell чип нь олон хүний сэтгэлийг догдлуулж байна. Уг чип нь хиймэл оюуны эрин үед зориулагдан байгуулагдаж буй анхны дата төвүүдийн үйл ажиллагааны ноён нуруу нь байх болно. Nvidia-гийн босс Женсен Хуанг тэдгээр төвийг “хиймэл оюуны үйлдвэр” гэж нэрлэсэн билээ. Гэхдээ хиймэл оюуны хөгжил, эрэлттэй холбоотойгоор компьютерийн тооцоолох хүчин чадлыг маш ихээр нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Улмаар чипний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, дата төвүүдийг ихээр барих ёстой болж байгаа нь сорилт, бэрхшээлийг ч дагуулна.
Blackwell бол Nvidia компанийг 3 их наядын үнэлгээтэй болгож чадсан хиймэл оюуны ажлын морь чип гэж болох нэг төрлийн GPU юм. Уг супер чип нь Amazon, Microsoft, Google зэрэг клауд үйлчилгээ үзүүлэгч аварга компаниудыг серверийн шинэ төвүүд барихад нь туслах Nvidia-гийн шинэ платформын хамгийн чухал хэсэг болно. Ингэснээр хиймэл оюуны тооцооллыг асар их хэмжээгээр хийх боломж бүрдэх юм.
Энэ талын эрэлт асар их байна. Хиймэл оюуны үйлдэлд зориулагдсан серверүүдийн борлуулалт 2024 онтой харьцуулахад 2025 онд 75 орчим хувиар нэмэгдэж, 147 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн судалгааны Dell` Oro фирмийн Барон Фунг тооцоолжээ. Үүнд өмнө дурдсан Blackwell чипний борлуулалт хамгийн их нөлөөлөх аж. Үүнээс шалтгаалаад эрчим хүчний хэрэглээ ч өсөж байна. Дата төвүүд өмнө нь 100-200 мегаватт ашигладаг байсан бол өдгөө том төвүүд 300-500 мегаватт цахилгаан ашиглах шаардлагатай болно гэж мөн Dell` Oro фирмийн Лукас Беран үзэж байна.
Дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 2022 онтой харьцуулахад 2026 онд хоёр дахин нэмэгдэж, 1000 тераватт цагт хүрнэ (Япон улсын цахилгааны хэрэглээтэй тэнцүү дүн) юм гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) тооцоолжээ. Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээг өргөтгөх, нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулах зэрэг нь тун адармаатай, биелүүлэхэд хэцүү сорилтууд юм. Гэхдээ Microsoft-ийн дата төвүүдийг ажиллуулах цөмийн станцыг Пеннсильванийн Three Mile Island-д сэргээн ажиллуулах бол Googe компани Kairos Power стартапаас цөмийн реактор захиалжээ.
Хиймэл оюуны үйлдвэр, дата төвүүд, серверийн ферм гэж олон янзаар нэрлэхээс үл хамаарч эдгээр байгууламжууд нь үнэндээ аварга том супер компьютер билээ. Тухайлбал, Мемфист Илон Маскийн барих “тооцооллын гига үйлдвэр” нь 200 мянган GPU ашиглана. Гэхдээ эрчим хүч, чип нь хиймэл оюуныг хязгаарлаж буй бодит саадууд биш юм.
Хиймэл оюуны илүү том, сайн моделийг бүтээх дарамт нь хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд дарамт үүсгэж болзошгүй юм. Тайванийн TSMC компаниар үйлдвэрлүүлж буй Blackwell чипний үйлдвэрлэлд нь инженерчлэлтэй холбоотой саад үүссэн учраас Nvidia уг чипний нээлтийг хойшлуулаад байгаа билээ. Хэрэв уг GPU-ний эрэлт өндөр хэвээр байвал өндөр чадалтай санах ой, тусгай сав баглаа боодлын хомсдол үүсэж магадгүй гэж зөвлөх үйлчилгээний Bain компанийн Дэвид Кроуфорд өгүүлсэн.
Орон нутгийн түвшинд ч асуудал бий. Жишээлбэл, И.Маскийн барих хиймэл оюуны үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээ нь мужийн иргэдэд сөргөөр нөлөөлнө хэмээн Мемфис дэх байгаль орчныг хамгаалах байгууллагууд эсэргүүцэж буй. Харин олон улсын түвшинд зарим улс, тухайлбал Нидерланд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалж дата төв барихыг дэмжихгүй байна. Технологийн зарим компани цахилгаан түгээх сүлжээнд ирэх дарамтыг бууруулах үүднээс дата төвийн дэргэд цахилгаан үүсгэгч байгуулахыг чармайж буй ч эдгээрийг ихэвчлэн байгалийн хийгээр ажиллуулдаг юм. Хиймэл оюуны серверүүдийг ажиллуулахаас гадна хөргөхийн тулд дата төвүүдэд эрчим хүч хэрэгтэй байдаг.
Зарим улсын хувьд хиймэл оюуны дэд бүтцийг байгуулах нь хялбар байгаа юм. Хятадын төвлөрсөн төлөвлөгөөт систем нь серверийн фирм, цахилгаан станц, ажилтнуудыг нэгдэж ажиллах боломжийг олгож байна. Гэхдээ Америкийн худалданы хоригоос шалтгаалж тус улс Nvidia-гийн шилдэг GPU-г ашиглах боломжгүй болсон. Тиймээс хиймэл юуны дараагийн үеийг бүтээх нь Өрнө, Дорнын аль алинд нь амаргүй байх болно.
Эх сурвалж: The Economist