Ивээл брэнд хэрэглэгч, ажилтан, түншүүд, нийгэм-олон нийт гэх мэт бизнесийн бүх л оролцогч талд ивээлтэй байж чаддаг брэнд юм. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр нэг компани биш, зүгээр нэг хувцас биш, зүгээр нэг дэлгүүрүүд биш, харин онцгой үнэ цэн юм. “Ивээл”-ийн тойрог замд нэгдсэн хэрэглэгч, ажилтан, хамтрагчид гээд хэн бүхэнд энэхүү үнэ цэн хүртээмжтэй болдог.
Ивээлтэй хос
З.Рэгзэдмаагийн бизнесийн зам мөр “Абигейл жийнс” гадуур хувцасны дэлгүүрээс эхлэлтэй. Эндээс бий болсон хуримтлал нь түүний брэнд хөгжүүлэхэд гарааны хөрөнгө болж, 2017 онд гэр бүлийн хүн Т.Түвшинбаярын хамт “Ивээл”-ийг үүсгэн байгуулсан. З.Рэгзэдмаа брэнд хөгжүүлэх ажлыг хийж, нөхөр нь компанийнхаа үйл ажиллагаа талыг хариуцаж ирсэн нь найдвартай ар тал болж, энэхүү гэр бүлийн бизнест оновчтой хоршлолыг бүтээсэн гэхэд болно.
Т.Түвшинбаяр эхнэрээ “буцалсан эрч хүч” гэж тодорхойлдог. Учир нь хаа ч явсан тэмдэглэлийн дэвтрээс салахгүй, ирээдүйд хаана салбар нээх, тэр нь хэдэн ажилтантай байх гэх мэтээр шинэ санаануудаа тэмдэглэж явдаг. Үргэлж буцалж явдаг хүн мэдээж үргэлж шинэ зүйлд сурч, өөрийгөө цэнэглэнэ. Сүүлийн үед тэр менторшип хөтөлбөрт хамрагдаж, хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэлээр дахин суралцаж өөрийгөө хөгжүүлэх чэлленж эхлүүлсэн. Мөн сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой болж, бизнест хүндрэл тохиолдоход хямрахаа больж, даван гарах сэтгэл хөдлөлийн дархлаа үүссэн гэдгээ ярив.
Тэр нөхрийн хамт анх бизнесийнхээ төсөл, хоёр жилийн төлөвлөгөөг гаргачихсан хэрнээ тохирсон нэр өгч чадахгүй удаан явжээ. Нэгэн өглөө нөхөр нь “Ингэж толгойгоо гашилгаж байхаар охиныхоо нэрээр Ивээл гээд нэрлэчихье” гэж хэлснээр брэндийн нэр тогтсон түүхтэй аж. Тэрээр “Нөхөр бид хоёр ивээл жилтэй, хоорондоо ивээлээр учирсан болохоор бурхнаас бидэнд ивээсэн хөөрхөн охиндоо Ивээл гэдэг нэр хайрласан. Охиныхоо нэрээр брэндээ нэрлэх нь хамгийн зөв шийдвэр болсон. Амьдралын хамгийн нандин зүйл үр хүүхэд учраас тэднийхээ төлөө хичээхээс өөр аргагүй. Бид хоёрын үр үндэс болсон хүүхдийн маань нэрээр овоглогдсон учраас өндөрт өргөж явах учиртай” хэмээн З.Рэгзэдмаа бахархан ярьж байна.
“Ивээл”-ийн зах зээлд бий болгосон гол нөү хау нь эмэгтэй хувцасны S, M размер дээр монгол хүний хувцасны суулгацыг тогтоож, эдгээр размер дээр суултын нийтлэг стандартыг боловсруулж чадсан явдал юм.
“Ивээл”-ийн татах хүч
З.Рэгзэдмаа хүүхэд байхаасаа л дэгжин, ганган хувцаслах дуртай, хувцсыг зүгээр нэг хувцас биш, харин өөрийгөө илэрхийлэх зүйл гэж үздэг байсан. Тэрээр эм зүйчийн мэргэжил эзэмшсэн нь түүнд мэргэжлээрээ ажиллахаас илүү хувцас урлаж, урласан хувцсыг нь хүмүүс өмсөж явахыг харах нь илүү жаргалтай байлаа. Ийнхүү тэр хувцас загварын чиглэлд ажиллах эхлэхдээ уламжлал, орчин үеийн моод хоёрыг хослуулан инновацлаг бүтээгдэхүүн хийх орон зай байгаа гэдгийг анзаарчээ.
10 гаруй жилийн өмнө цөөн хэдэн дээлний салон ажиллаж байсантай харьцуулахад эдүгээ Монголд үндэсний моод гэдэг зүйл эрчээ авч байна. Энэ нь монголчууд өв соёлоо дээдлэх, өдөр тутмын хувцсаараа дамжуулж үндэсний онцлог, identity-гээ тодотгох хүсэл, эрмэлзэлийн нэгэн илэрхийлэл гэж болно. Монгол үндэсний хувцас нь гоёмсог, дэгжин байхын зэрэгцээ пракматик шинжтэй, функционал талаасаа маш олон давуу талтай учраас төрөл бүрийн өвөрмөц шийдэл, нөү хау бүтээх орон зай, боломж их байдаг.
Харин “Ивээл” брэнд бол үндэсний моодыг хөгжүүлэхэд том нөлөө үзүүлж, үндэсний моод гэдэг нь зөвхөн баяр ёслолын үеэр биш, харин ч өдөр тутамдаа хэрэглэж болох шийдлүүдийг анх гаргаж ирснээрээ үндэсний моодыг илүү баялаг агуулгатай болгосон. Эдүгээ уламжлалт хувцас, моод хоёрыг хослуулсан брэнд олон болсон ч “Ивээл”-ийн хувьд тус чиглэлд анхны жим гаргасан юм. Тэдний бүтээсэн хувцаснууд монголчуудын уламжлалт үнэт зүйлсийг залуу, хойч үед өвлүүлэх арга зам болж байна.
З. Рэгзэдмаа бол гоё хувцастай болно гэдэг нь зүгээр хувцсаа сольж өмсөх тухай биш, харин шинэ хувцастай хамт мэдрэмж, өөртөө итгэх итгэлийг давхар олж авахыг хэлдэг гэдгийг сайн мэднэ. Тиймээс өөрийнх нь бүтээсэн хувцас авсан хүн бүрд өөрийгөө, өөрийнхөө бие хүнийг илэрхийлэх боломжийг өгдөг байгаасай гэж хүсдэг.
“Ивээл”-ийн гол хэрэглэгчид нь 18-25 насны залуу эмэгтэйчүүд. Гэхдээ залуучууд гэдэг бол зүгээр нэг хүн ам зүйн ангилал биш, энэ бол өвөрмөц ертөнц гэж З.Рэгзэдмаа үздэг. Тэрээр трендийг дагах биш, харин трендийг бүтээж явахыг эрмэлздэг. Тиймээс ч үндэсний хувцас хот газрын өдөр тутмын амьдралд хэрэглээнд тохирохгүй гэсэн хэвшмэл ойлголтыг бүтээсэн брэндээрээ дамжуулан (stereotype) эвдэж чадсан.
“Ивээл” брэндийн инновацлаг алсын хараа, үйл ажиллагааны үр дүнд үндэсний хувцсыг ойлгох, хэрэглэх соёл өөрчлөгдөж, ялангуяа хотын залуучууд “уламжлал өнгөрсөнд хоцрох ёсгүй, харин өнөөдрийн нэг хэсэг байж, амьдралыг улам баялаг, бүтээлч, сонирхолтой болгодог зүйл” гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, өв соёл гэдэг бол зүгээр нэг магтан дуулж, дурсаж, биширч явахаас гадна танин мэдэж, одоогийн амьдралд өнгө нэмэх мэдлэг оюуны уурхай аж. Тиймээс дээл бол үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд шинэ санаа, инновацын дуусашгүй эх сурвалж. З.Рэгзэдмаа бол энэ том уурхайгаас хамгийн үр дүнтэй “олборлолт” хийж буй бизнес эрхлэгчдийн нэг юм.
Нөгөө талаас моод бүтээнэ гэдэг бол уран зохиол, кино урлагт дүр бүтээхтэй адил сонирхолтой юм. Ялангуяа, уламжлал, орчин үе хосолсон хувцас бүтээнэ гэдэг нь маш онцгой туршлага юм. Энэ утгаараа З.Рэгзэдмаагийн хувьд үндэсний моодны ертөнцийг ойлгоно гэдэг, тэндээс шинэ нээлтүүд хийх нь тун сонирхолтой аялал болсон бөгөөд энэ аялал одоо ч үргэлжилсээр байгаа.
Хэрэглэгчдээ ивээлтэй
Хэрэглэгч бол тухайн бизнесийн хамгийн чухал хамтрагч. Тухайн бизнесийн төсөл амьдрах эсэх, оруулсан хөрөнгө нь үр өгөөжөө өгөх эсэх нь хэрэглэгчтэйгээ харилцаагаа хэрхэн авч явахаа шууд хамаардаг. Тиймээс гаднаас ямар нэгэн хөрөнгө оруулалт эсвэл шилдэг мэргэжилтнүүд хайхаас өмнө хэрэглэгчээ хэр татаж байна вэ гэдгээ анзаарах хэрэгтэй гэж үздэг.
Бүтээгдэхүүн зах зээл дээр гарахад хамгийн түрүүнд хүртдэг хүн нь хэрэглэгч бөгөөд тухайн бүтээгдэхүүн хэр юм гэдэг үнэлгээг тэр л өгнө. Нөгөө талаас бизнесүүд хэрэглэгчдээ юу амласан, амлалтдаа хүрч чадсан уу, тэд сэтгэл ханамжтай байна уу гэдэг нь чухал. Учир нь таны мөнгийг өсгөх эх суурь нь хэрэглэгчийн гар дээр очдог үнэ цэн бөгөөд бизнесийг томруулах үндсэн элемент нь хэрэглэгчид. Тэд хүссэн чанарыг тухайн бизнесээс олон дахин авч чаддаг, баталгаатай хүртдэг үед л бизнес эрийн цээнд хүрч, ашигт ажиллагаатай холбоотой элдэв айдас, болгоомжлол багасна.
Нөгөө талаар, орчин үед бизнесүүд хэрэглэгчтэйгээ хамтарч өсөж хөгждөг, маркетингаа хийдэг, бүтээгдэхүүнээ хамт хөгжүүлдэг руу шилжиж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчээс санаа бодлыг нь тасралтгүй сонсдог, тэдэнтэй харилцах тогтолцоог хамгийн сайн хөгжүүлж чадсан үед хэрэглэгч өөрөө бизнес хөгжүүлэлтийн идэвхтэй оролцогч болж хувирдаг. Ингэснээр тэд компани, хэрэглэгчийн хооронд win-win зарчимд суурилсан урт удаан хугацааны хамтын ажиллагаа бий болж, тэд хамтдаа түүхээ бүтээдэг байна.
Энэ зүй тогтлыг “Ивээл”-ийн жишээн дээр авч үзвэл нэг талаас З.Рэгзэдмаагийн алсын хараа, нөгөө талаас дотоодын хувцас үйлдвэрлэлийн салбарын тодорхой асуудал, хэрэгцээ байв.
Энэ салбарын нэг том бэрхшээл нь брэндүүд материалын шинж чанараас хамаараад размерын стандартууд нь өөр өөр байдаг. Харин “Ивээл”-ийн зах зээлд бий болгосон гол нөү хау нь эмэгтэй хувцасны S, M размер дээр монгол хүний хувцасны суулгацыг тогтоож, эдгээр размер дээр суултын нийтлэг стандартыг боловсруулж чадсан явдал юм.
Зах залгаад л дээл гэдэг хандлага бол З.Рэгзэдмаад тохирохгүй. Тэрээр дизайн, материалын аль алин дээр нь нухацтай хандсанаар биед эвтэй, гэхдээ дэгжин хувцас бий болдог. Ингэхдээ дээлийн үндсэн хэв шинжийг хэт их эвдэхгүйгээр “Ивээл” брэндийг бүтээсэн.
Дээрх нөү хауг бий болгохын тулд З.Рэгзэдмаа олон жил уйгагүй судалгаа хийжээ. Ер нь тэр судалгаа, тооцоон дээр тун няхуур суудаг, тухайн брэнд яг хэрэглэгчийн асуудлыг шийдэж чадах эсэхийг, бизнесийн болон санхүүгийн моделийн хувьд ашигтай байж чадах эсэхэд нарийн дүн шинжилгээ (projection) хийдэг бизнес эрхлэгч юм.
Өөрөөр хэлбэл, түүний мөрөөдөл, passion, судалгааны ур чадвар, төслийн оновчтой тооцоолол зэрэг нь “Ивээл”-ийн бүтээгдэхүүний USP (Unique Selling Proposition) буюу зах зээлд санал болгох онцгой шинж чанарыг аяндаа бий болгожээ. Харин борлуулалт бол энэ хөдөлмөрийн шагнал хэлбэрээр орж ирсэн гэж болно. Тиймдээ ч 2016 онд гаргасан анхны коллекцоо ширхэг ч үлдэгдэлгүйгээр борлуулж чаджээ. Өлгүүр дээр ганцхан ширхэг үлдсэн дээлийг нь ч хүмүүс үнэ хаялцуулах нь холгүй худалдан аваад дууссан тухай тэр дурсаж байв.
З.Рэгзэдмаа шинэ санаа төрөхөөс эхлээд худалдан авагчаас санал бодлыг нь авах хүртэлх бизнесийн үйл ажиллагааны бүх л шатанд бүтээлчээр ажилладаг. Ийнхүү хэрэглэгчтэй харилцаагаа хөгжүүлэхдээ технологийн дэвшлийг ашигладаг. Жишээ нь, хувцасны захиалга авахдаа лед дэлгэцийн өмнө зогсоож байгаад биеийн хэмжээ авдаг.
Даавууны өөдөс, хаягдал материалаар ахин бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна буйдангийн үйлдвэрлэлд чихээс материал болгох зэргээр дахин ашиглах болжээ. Ингэснээр “Ивээл” нь хаягдалгүй үйлдвэр болсон.
Цар тахал, хуулийн гэнэтийн өөрчлөлт гэх мэт сорилт, савлагаа нь Монголын хувьд хэвийн гэмээр жишиг болсон ч “Ивээл”-д хямралын шинжтэй эдгээр мөчлөгийг давж гарах чадамж (business intellegence) бий. Харин ч энэ мэтийн бэрхшээл шинэ шийдлийг бий болгох нь бий. Жишээ нь, цар тахлын үеэр цахим захиалга нэмэгдэж, онлайнаар захиалга авахад буцаалт гарах нь цөөнгүй болов. Үүнтэй холбоотой бүтээгдэхүүнээ хэрэглэгчид тохирсон байхаар суулт, размерыг илүү нарийн тооцож чаддаг болжээ. Ингэснээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт шинэ түвшинд гарч, эдүгээ гадаадаас болон орон нутгаас захиалга хийхэд буцаалт ирэх вий гэж санаа зовох нь бараг үгүй болжээ.
Ажилтнууддаа ивээлтэй
Бизнесийн өрсөлдөх чадварыг тодорхойлдог өөр нэг хүчин зүйл бол багийн ажил болон мэргэжилтнүүдийн ур чадвар. З.Рэгзэдмаа анх хувцасны дэлгүүрийнхээ ар талд жижигхэн үйлдвэртэй, таван оёдлын машин, найман ажилтантайгаар үйлдвэрлэлээ эхэлж байжээ. Тэгвэл өнөөдөр “Ивээл”-ийн дизайнер, оёдолчид салбартаа хамгийн өндөр мэргэшсэн хүмүүст тооцогдож байна. Жишээ нь, дизайнерууд эсгүүр хийхдээ бор цаас, хайч гэх мэт уламжлалт аргыг хэрэглэхээ байж, үүний оронд компьютерын программ руу бүрэн шилжжээ. З.Рэгзэдмаа таван жилийн өмнө гаднын дизайнерууд орчин үеийн технологи дээр хэрхэн ажиллаж байгааг хараад сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон дизайнеруудынхаа технологийн ур чадварт харамгүй хөрөнгө оруулах болжээ. Ингэснээр тэд чадварлаг мэргэжилтнүүд болоод зогсохгүй салбартаа мэдлэг, ур чадвар түгээдэг болж, зохион бүтээх чиглэлийн сургалтууд хийж эхэлсэн байна.
Технологи, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулснаар өнөөдөр “Ивээл”-ийн үйлдвэрлэлд олон процесс автоматжиж, өмнөхтэй харьцуулахад харьцангуй цөөн хүний нөөцөөр илүү их бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлаа ч бууруулж чадсан байна. Тэдний үйлдвэр жилд 60 мянган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадлынхаа 40 хувиар ажиллан гаргаж байна.
З.Рэгзэдмаагийн ярьснаар цаашдаа тэд салбартаа мэргэжлийн болон технологийн мэдлэг, ур чадвар өндөртэй мэргэжилтнүүд бэлдэж нийлүүлдэг платформ болж хөгжих зорилготой байгаа бөгөөд үүнтэй холбоотой судалгааны ажлыг ч хэдийнээ эхлүүлжээ. Учир нь олон жил салонд ажилласан туршлагатай дизайнеруудын хувьд ч орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах нь сорилт болдог. Түүнчлэн шинээр төгсөж ирсэн залуучуудыг ч сургаж, дасан зохицуулах хэрэгцээ их байдаг учраас сургалтын чанартай хөтөлбөр, агуулгатай болох нь чухал юм.
Энэ брэндийн үнэ цэнийг илтгэх өөр нэг онцлог нь үүсгэн байгуулагч болон ажилтнуудын харилцаа буюу компанийн соёл юм. Компанид бий болсон уур амьсгал, итгэлцэл нь энэ бизнес тогтвортой хөгжих нөхцөл болдог. “Би ашиг олж, үнэтэй байшин авахад яарахгүй. Харин манай брэндийн үнэ цэнийг тодорхойлж буй хүмүүс сайн явах эсэх нь миний хувьд санаа зовох зүйл” гэж З.Рэгзэдмаа ярьж байв.
Тэрээр санхүүгийн тооцоолол хийхдээ сайн, гэхдээ компанийн амжилт зөвхөн ашигт ажиллагааны үзүүлэлтээр бус, харин ажилтнуудаа хэр үнэлж, хөгжүүлдгээр тодорхойлогддог гэж үздэг. Учир нь хөгжсөн ажилтан бизнесийн хамгийн том капитал болдог учраас ажилтнууд өсөж, хөгжих орон зайг бий болгох хэрэгтэй. Ажилтан өөрийгөө үнэ цэнтэй, хүндлэгдсэн гэдгийг мэдэрч байгаа цагт илүү сэдэлтэй, урам зоригтой, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Энэ нь бизнес тэлэлтэд ажилтан бүр өөр өөрийн хувь нэмрийг оруулах онцгой уур амьсгалыг бүрдүүлдэг.
З.Рэгзэдмаа ажилтнууд дээрээ фокусласан бодлого явуулснаар шилдэг мэргэжилтнүүдийг бэлдээд зогсохгүй зургаан хүнээс бүрдсэн туршлагатай менежментийн баг, удирдлагын залгамж халаагаа бэлдэж чаджээ. Мөн байгууллагадаа гурваас дээш жил ажилласан дөрвөн дизайнертай гэрээ байгуулан үндсэн ажлаасаа гадна шинээр нэвтрүүлсэн брэндээ удирдан авч явах боломжийг олгосон. Ийнхүү ажилтнуудаа бизнесийнхээ түнш болгосноор нэгдүгээрт тэд нэмэлт орлоготой болж, хоёрдугаарт илүү урам зоригтойгоор бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулж, гуравдугаарт хүний нөөцийн тал дээр тогтвортой механизмыг үүсгэж байна.
Байгальдаа ивээлтэй
Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, нийгмийн хариуцлага гэх мэт ойлголт нь маркетингийн зорилгоор ашигладаг хэрэгсэл байхаа хэдийнээ больж, ямар ч бизнесийн урт хугацааны хөгжил, оршихуйг тодорхойлдог болсон.
Ялангуяа байгаль орчинд хамгийн сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн нэг гэгддэг загварын салбарт энэ бүр хамаатай. Дэлхийн Байгаль хамгаалах сангийн (WWF) мэдээллээр нэг футболк үйлдвэрлэхэд 2700 литр ус шаардлагатай аж. Мөн үйлдвэрлэлийн явцад хаягдал материал их гардаг, хүмүүс хувцсыг харьцангуй богино хугацаанд өмсөөд хаядаг нь дэлхий даяар хог хаягдлын хэмжээг нэмдэг. Жишээ нь, Greenpeace байгууллагын судалснаар хоёр секунд тутамд нэг тонн нэхмэл материал хаягдал болдог байна. Үүнээс үүдэлтэйгээр олон брэнд органик материал ашиглах, хаягдлыг дахин боловсруулах зэрэг тогтвортой хөгжлийн хандлагыг нэвтрүүлж эхэлсэн.
“Ивээл” бол үндэсний хэмжээнд ийм санаачилга өрнүүлсэн брэндүүдийн нэг юм. Тэд цар тахлын үеэс “Ээлтэй ивээл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь цаг үеэ мэдэрсэн чухал алхам байв. Тодруулбал, даавууны өөдөс, хаягдал материалаар ахин бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна буйдангийн үйлдвэрлэлд чихээс материал болгох зэргээр дахин ашиглах болжээ. Ингэснээр “Ивээл” нь хаягдалгүй үйлдвэр болсон.
Эдийн засагт ивээлтэй
Монгол Улс бүтээмж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр олон улсын түвшинд нэлээд сул. Учир нь энэ хоёр үзүүлэлт хувь хүний түвшинд гэхээс илүү системийн түвшинд бий болох учиртай. Тэгвэл системийн түвшинд бүтээмжтэй байж, Монголын бизнесүүд дэлхийд өрсөлдөх чадвартай болоход төрөлжих, хорших замаар кластерын үйлдвэрлэлийн зарчимд шилжих нь илүү үр дүнтэй. Ялангуяа манайх шиг жижиг зах зээлд.
Кластерын тогтолцоо нь ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт, маркетинг гэх мэтээс бүрдэх нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хүчийг нэгтгэж, өрсөлдөх чадварыг бий болгодог. Нэгэн салбарт ажилладаг, төстэй зорилго, сонирхол бүхий жижиг, дунд бизнесүүд кластер болсноор олон давуу тал үүсдэг. Нэгдүгээрт, түүхий эд худалдан авах, тээвэрлэх үед нөөц бололцоогоо хуваалцан зардлаа бууруулна, хоёрдугаарт, тухайн бизнес эрхлэгч нэмүү өртгийн сүлжээний аль нэг хэсэгт илүү мэргэшсэнээр чанар, хурд сайжирч гарц нэмэгдэнэ, гуравдугаарт, төсөл дээр санаа солилцож хамтарснаар шинэ технологи, шинэ хандлагууд бий болдог.
Байгууллагадаа гурваас дээш жил ажилласан дөрвөн дизайнертай гэрээ байгуулан үндсэн ажлаасаа гадна шинээр нэвтрүүлсэн брэндээ удирдан авч явах боломжийг олгосон.
“Ивээл” брэндийн хувьд энэ чиглэлд хийж бүтээсэн зүйл багагүй бөгөөд З.Рэгзэдмаа бол бизнест үнэ цэнийг хэрхэн нэгтгэхийг сайн мэддэг нэгэн гэж болно. Цар тахлын нөлөөгөөр тэдний хийсэн нэг том өөрчлөлт бол бизнес моделио шинэчилж, оёдлын салбарт кластерын системийг бүрэн утгаар нь ажиллуулж чадсан явдал юм. Тэд оёдлын жижиг цехүүдтэй хамтран ажиллаж, 22 дагуул үйлдвэртэй болж өргөжжээ. Хамтраад зогсохгүй тэдгээр үйлдвэрийн бүтээмж, чадамжид анхаарч ажилласнаар массын үйлдвэрлэлд хамгийн сайн эсгүүр, хамгийн цэвэрхэн оёдлыг нэвтрүүлж чаджээ. Энэ хэрээр илүү олон ажлын байр бий болж, эцэстээ 100 гаруй хүн “Ивээл”-ийн хувцсыг урлах болжээ.
Түүний санаачилгаар оёдлын салбарын мэргэжлийн холбооныхон цэцэрлэгийн хүүхдийн хувцсыг кластер хэлбэрээр үйлдвэрлэдэг бөгөөд уг төсөл гурав дахь жилдээ явж байна. Тэд 2023 онд 20 мянган ширхгийг үйлдвэрлэж байсан бол энэ жил 40 мянган ширхгийг үйлдвэрлэж гурван цэгээр борлуулалтаа хийж байгаа. . Дээрх холбооны удирдах зөвлөлд ажиллах явцдаа олон хүмүүс нэг зорилгын доор нэгдэх нь ямар том үр дүнг авчирдгийг мэдэрсэн гэдгээ тэр ярьж байв.
Ийнхүү З.Рэгзэдмаа тархай бутархай байсан хөнгөн оёдлын салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэдлэг, ур чадвар, нөөцийг нь нэгдсэн менежментэд зангидсан. Ингэснээр тэр зах зээлд бүх талд өгөөжөө өгөх үнэ цэний төвлөрлийг хэрхэн бий болгодог вэ гэдгийг харуулжээ. Энэ нь зүйрлэвэл хоорондоо холбогдож чадаагүй байсан хувцасны деталиудыг өвөрмөц загварын дагуу холбон оёж, урьд хожид байгаагүй бүтээл урлахтай ижил юм.
Ивээлгүй орчин
Бизнес эрхлэгч хүн заримдаа маш том шийдвэрийг хурдан гаргахаас аргагүй үе байдаг. Энэхүү нийтлэл дээр ажиллах явцад З.Рэгзэдмаагийн бизнест нэгэн том өөрчлөлт гарсан нь хуулийн орчинтой холбоотой байв. Тодруулбал, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр тэр гурван тэрбумын хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээ тэлэх төлөвлөгөөгөө зогсоогоод байна.
Учир нь шинэчилсэн хуулиар ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл тооцдог болсон нь түүний бизнес загварыг ямар ч ашиггүй болох эрсдэл оруулаад байна. Яагаад гэвэл Ивээл шиг кластерын зарчмаар ажилладаг томоохон брэндүүд хөл дээрээ бүрэн зогсож амжаагүй хамтрагч дагуул үйлдвэрүүдийнхээ ажилтнуудын НДШ-ийг төлөх хэрэгтэй болжээ. Энэ нь зардлыг ихээр нэмэв.
Тиймээс З.Рэгзэдмаа дагуул үйлдвэрүүдтэй хөгжүүлсэн хамтын ажиллагаагаа түр зогсоож, үндсэн үйлдвэрийн хэмжээгээ 40 ажилтнаас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ. Ингэснээр гурван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больж, зарим бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхгийг хязгаарлаж, салбар дэлгүүрийнхээ тоог хүртэл цөөлөхөөс аргагүйд хүрчээ.
Ер нь НӨАТ-ын төгс бус тогтолцоо, НДШ зэрэг нь үйлдвэрлэлийн салбарт сөргөөр нөлөөлж компаниуд хаалгаа барих эсвэл сүүдрийн эдийн засаг руу шилжихэд түлхэж байгаад харамсаж буйгаа тэр ярьсан юм.
Гэхдээ тэр үйлдвэрлэгч байх, эмэгтэйчүүдийн хувцасны L размерын суултын стандартыг тогтоох, кластерын системийг хөгжүүлэх гэх мэт зорилгоосоо мэдээж ухраагүй бөгөөд эрх зүйн орчин сайжирч, тохироо бүрдэх хүртэл энэ бүхнийг “пауз”-ын горимд оруулаад байна.
Энэ хооронд тэр өмнө нь эхлүүлэх гээд зав гардаггүй байсан хувцасны гоёл чимэглэл, контент гэх мэт шинэ чиглэлд дөрвөн төсөлд хөрөнгө оруулж, завгүй ажилласаар байна.
Ер нь “Ивээл” шиг хэрэглэгчээ мэдэрч чаддаг бизнес өсөж тэлдэг, эдийн засгийн, эрх зүйн орчны гэх мэт гаднын савлагаанд тэсэж үлддэг. Хэдийгээр НДШ-ийн асуудлаас болоод үйлдвэрлэлээ тэлэхэд хүндрэлтэй болсон ч тус брэнд хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон учраас зах зээлд өрсөлдөх чадвар өндөр хэвээр байх болно.