Эдийн засгийн өсөлт, инновац, холбоосийг урьд хожид байгаагүй ихээр урагшлуулж буй дижитал эдийн засаг нь дэлхийн хөгжлийн үндэс суурь болжээ. Дижитал технологийг өөрийн болгосон цахим худалдаа, онлайн үйлчилгээ, дижитал платформууд, өгөгдөлд суурилсан салбарууд нь уг эдийн засгийн салшгүй нэг хэсэг юм. Бүхнийг “цэнэглэгч” энэхүү дижитал эдийн засгийн цөмд нь 5G технологи бий.
Айсуй шинэ технологи
Дижитал эдийн засгийг бүрдүүлэгч гол эд эс нь холболт, өгөгдөл, платформууд (Amazon, Alibaba, Uber шиг экосистем) юм. Ялангуяа интернэт, үүлэн тооцоолол, 5G технологи нь дижитал эдийн засгийн ноён нуруу болж дэлхий даяар харилцаа холбоо, хамтын ажиллагааг бодит цагаар хөгжүүлж байна. Өдгөө хэдэн тэрбум хүн интернэт, ухаалаг утас ашиглах болсноор өөрсдөө ч мэдэлгүйгээр энэхүү эдийн засгийн салшгүй нэг хэсэг нь болжээ.
Дижитал эдийн засагт харилцаа холбооны компаниудын гүйцэтгэж буй үүрэг нь бизнесүүд, төрийн байгууллага, хувь хүмүүсийг бүрэн хамарч, тэдгээрийг холбосон үл үзэгдэх гар болж хувирчээ. Харилцаа холбооны компаниуд нь мөн дижитал эдийн засгийг хөдөлгөдөг дэд бүтцийг бүтээгчид нь юм. Ялангуяа өргөн зурвас, хөдөлгөөнт сүлжээ (4G/5G), хиймэл дагуулын сүлжээг зөвхөн энэ салбар төдийгүй бусад салбарынхан ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна. Найдвартай холболт нь бизнесүүдийг улс, бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд ажиллах, хэрэглэгчдийг төрөл бүрийн дижитал үйлчилгээ авах, Засгийн газрууд цахим засаглалыг хэрэгжүүлэх боломжийг олгодог билээ.
Энэ талаар Мобиком Корпорац–ийн Технологийн асуудал хариуцсан дэд захирал Ёшижиро Шибано “Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд 5G сүлжээг нэвтрүүлэх нь нэн чухал” хэмээн онцлов. Тэрбээр VoLTE, LTE, өгөгдлийн дамжуулалтын сайжруулалт, 5G NSA, 5G SA төслүүдээр мэргэшин Япон улсын харилцаа холбооны компаниудад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм. Ё.Шибано 2022 оноос хойш өөрийн баялаг мэдлэг, туршлагыг Монголын зах зээлд нэвтрүүлж түүнийх нь үр шимийг Мобикомын нэг сая гаруй хэрэглэгч хүртэж байна.
“Өндөр хурдтай, найдвартай холболт яагаад чухал вэ? Бизнесүүдийн хувьд хурд нь бүтээмж, үр дүнтэй зайлшгүй холбогддог. Өндөр хурдны интернэт нь аливаа компанийн үйл ажиллагааг эрс сайжруулах бүрэн боломжтой. Үүнийг асар хурдацтай хөгжиж байгаа тоглоом, цахим худалдаа зэрэг салбараас харж болно. 5G-ийн ачаар хурдтай, их хэмжээний өгөгдөлтэй ажиллах боломжтойгоос гадна хоцрогдол, хүлээлт бараг байхгүй болно. Ингэснээр илүү хурдан даунлоад, аплаод хийж, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх боломжтой” хэмээн тэрбээр нэмж өгүүлэв.
Мобиком 5G сүлжээний хамрах хүрээг улам нэмэгдүүлэх зорилго, амбицтай ажиллаж, энэ хүрээнд нэмж 100 гаруй байрлалд 5G үйлчилгээг ашиглах боломжтой болгоно.
Мобиком компани 2024 оны аравдугаар сард 5G үйлчилгээг туршилтын журмаар ашиглах боломжийг хэрэглэгч нартаа олгосон юм. Энэ үеэр Мобикомын дараа, хосолсон болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгч зөвхөн 5G сүлжээнд ашиглах, 2 хоногийн хугацаатай 25GB дата багцийг үнэ төлбөргүй идэвхжүүлэх туршилтад оролцож интернэтийн супер хурдыг мэдэрч байлаа. Тухайн үед Улаанбаатар, Эрдэнэт хотын 100 орчим байрлалд Мобикомын 5G сүлжээний станцууд ажиллаж байсан юм. Энэхүү санаачилга нь хэрэглэгчдийн санал хүсэлтийг авах, бодит нөхцөлд 5G сүлжээний ашиглалт, нөлөөг судлахад чиглэж байсан юм.
Мобиком 5G сүлжээний хамрах хүрээг улам нэмэгдүүлэх зорилго, амбицтай ажиллаж буй. Энэ хүрээнд цаашид нэмж 100 гаруй байрлалд 5G үйлчилгээг ашиглах боломжтой болгох аж. Гэхдээ зөвхөн сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Шибано онцлов. “Бид илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зөвхөн 5G сүлжээнээс гадна одоо ашиглаж буй 4G сүлжээний дэд бүтцийг ч сайжруулахад анхаарч ажиллах болно” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Ирэх жилүүдэд Мобиком компани Монгол орон даяарх хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, тэдэнд хурдан, шуурхай сүлжээний давуу талыг мэдрүүлэх зорилгоор дэд бүтэцдээ ихээхэн хөрөнгө оруулах, шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Бид илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зөвхөн 5G сүлжээнээс гадна одоо ашиглаж буй 4G сүлжээний дэд бүтцийг ч сайжруулахад анхаарч ажиллах болно.
Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны компануд зөвхөн үйлчилгээ үзүүлэгч төдий бус дижитал шилжилтийг бүтээгчид, эдийн засгийн өсөлтийн хурдасгагчид болжээ. Энэ төрлийн компаниудын инновац, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь дижитал эдийн засгийн хөгжил, хүртээмжтэй байдалд нэн чухал болоод байна. Үүрэн холбооны хамгийн том оператор компанийн хувьд Мобиком манай улсын дижитал эдийн засгийн хөгжилд чухалл үүрэг гүйцэтгэж байгаа нь гарцаагүй юм.
Улам их боломж
Хиймэл оюун, блокчэйн, квант технологийн хөгжил дэвшлийн үр шимээр дижитал эдийн засаг цаашид улам эрчийг авах нь тодорхой. Тэр хэрээр дижитал эдийн засаг нь эдийн засгийн зөвхөн тренд төдий бус, харин өнөөгийн харилцан холбоотой энэ дэлхийгийн ирээдүйг нь бүтээх асар том хүч гэдгийг улам олон хүн ойлгох болжээ. Мобиком Корапораци ч хиймэл оюун, юмсын интернэттэй холбоотой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа үйлчилгээ хүргэх процессыг сайжруулах, өгөгдлийн удирдлагын илүү сайн практикуудыг нэвтрүүлэх, хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах чиглэлийн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэх аж.
Жишээлбэл, хиймэл оюун нь харилцаа холбооны салбарт тоглоомын дүрмийг өөрчлөх хэмжээнд нэвтэрч байна. Хэрэглэгчдийн хоорондын харилцаанд анализ хийх замаар хиймэл оюун нь тухайн хэрэглэгчийн хэрэгцээг таамаглаж чаддаг болсон. Зөвхөн тухайн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг хиймэл оюунд тулгуурласан харилцааны шийдлүүд бий болж эхэлсэн нь үүний нэг илрэл билээ. Өөрөөр хэлбэл, дуудлагын төв рүү утасдаад инженер, техникийн ажилтан, мэргэжилтнээс хариу хүлээхийн оронд хиймэл оюун таны асуудлыг тодорхойлж танд тохирсон хариулт, шийдлийг маш хурдан санал болгоно гэсэн үг юм. Ё.Шибано энэ талаар “Хиймэл оюуныг ашигласнаар хэрэглэгчийн өгөгдлийн санг илүү үр дүнтэй удирдах, үйлчилгээгээ дээд зэргээр сайжруулах боломжтой” гэж өгүүлсэн юм.
Юмсын интернэтийн чиглэлд Мобиком компанийн хэрэгжүүлэх шийдэл, төслүүд нь цаашид ухаалаг гэрийн аюулгүй байдлыг сайжруулах, замын хөдөлгөөнийг удирдахад мэдрэгчүүд ашиглах, эрүүл мэндийн өгөгдлийг ухаалаг зүүдэг төхөөрөмжүүдтэй холбох зэрэг боломжийг олгох аж. Энэ нь хэрэглэгч, айл өрх, нийгэмд тав тухаас гадна аюулгүй байдал, бүтээмжийг бий болгох юм. Ташрамд дурдахад, 2030 он гэхэд дэлхий даяар 20 сая IoT төхөөрөмж ашиглагдах тооцоо гарсан нь энэ чиглэлд маш том зах зээл, ирээдүй байгааг харуулж байна.
Харилцаа холбооны компаниуд нь мөн дижитал эдийн засгийг хөдөлгөдөг дэд бүтцийг бүтээгчид нь юм.
Дижитал эдийн засгийн хөгжил эрчээ авахтай зэрэгцээд мэдээллийн аюулгүй байдалд зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой болж байна. Улам олон төхөөрөмж хоорондоо холбогдох болсноор сүлжээ тус бүрийн нэг эд эс болсон хэрэглэгч, байгууллагын мэдээлэл алдагдах, устах эрсдэл нэмэгдэж, тэр хэрээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах нь асар чухал болжээ. Тэр тусмаа асар олон хэрэглэгчийн мэдээлэл бүхий харилцаа холбооны компаниудын хувьд энэ нь амин чухалд тооцогдоно. Энэ талаар Ё.Шибано “Хэрэглэгчийнхээ өгөгдөл, мэдээллийг хадгалах нь үүрэг хариуцлагаас гадна тэдний итгэлийг хадгалах хамгийн чухал хөшүүрэг” хэмээн өгүүлсэн юм. Энэ ч үүднээс Мобиком компани хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах олон улсын стандартын стандарт, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Ажилтнуудаа энэ чиглэлээр сургаж, мэдлэгийг нь дээшлүүлэхийг Ё.Шибано онцолсон юм. Ажилтнууддаа өгөгдлийн аюулгүй байдлын ач холбогдол, шинэ аюул эрсдэлийн талаар тогтмол мэдээлэл өгч, сургахад Мобиком компани ихээхэн анхаарч, хөрөнгө оруулдаг. Мэдээж сүүлийн үеийн аюул, эрсдэлтэй тэмцэхийн тулд түүнээс дутахааргүй шинэлэг, дээд зэрэглэлийн “зэвсэг” ашиглах ёстой учраас дэвшилтэт технологи, программ, тухайлбал iIntrusion, вэб аппликэйшний галт хана, хамгаалалтын DDoS систем зэргийг ашигладаг талаар Ё.Шибано онцолж байв. Түүнчлэн эдгээр төрлийн шинэлэг апп, программыг Мобиком Корпораци ХХК, охин компаниудын бүхий л түвшинд оновчтой ашиглахад анхаардаг байна.
Харилцаа холбооны салбар өдгөө эрс шинэчлэл, хувьслын үедээ ирээд байна. Тус салбарт нэвтэрч буй уулга алдуулам инновацууд нь хүмүүсийн холбогдох, хамтрах, ажиллах үйл явцыг шинэчлэн өөрчилсөөр байгаа юм. Олон улсын төдийгүй дотоодын харилцаа холбооны салбарт гарч буй сүүлийн үеийн ололт амжилт, нээлтүүдээс харахад эл салбар нь дижитал эдийн засгийн тасралтгүй өөрчлөлтөд дасан зохицож байгаа төдийгүй тэргүүлэгчдийн эгнээнд явж байгааг харж болно. Технологийн дэвшил, инновацад хөрөнгө оруулах замаар Мобиком компани энэхүү дижитал өөрчлөлтийн тэргүүн эгнээнд бичигдэж байна.