Өмнөтгөл
Улиран өнгөрч буй 2024 он Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөөлсөн томоохон өөрчлөлтүүд, тэдгээрийг илтгэх том тоонуудаар баялаг байлаа. Тухайлбал, ҮХНӨ-өөр Монголын төр ардчилсан түүхэндээ анх удаа УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, үр дүнд нь бий болсон шинэ парламент түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн улсын төсөвт тавьсан хоригийг хүлээн авч, мөн л түүхэндээ хамгийн их нүүрс экспортлохоор төсвөө баталснаас гадна бас түүхэндээ анх удаа ураны салбарт томоохон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар зэхэж байна.
Үүний зэрэгцээ 14 мега төслийг хэрхэн амьдрал болгох, ипотекийн хөтөлбөрийн хүртээмжийг хэрхэн сайжруулах, эрчим хүчний салбараа яаж өндийлгөх, бизнесийн зардлын ачааллыг хэрхэн бууруулах, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй хэрэглээний зээлийн өсөлтийг яаж багасгах гэх мэт учиртай хийгээд том асуултууд хариултаа хүлээж байгаа.
Монголын парламент 126 гишүүнтэй болов
2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн (91.2 хувь) дэмжсэн нь түүхэн шийдвэр байв. Тодруулбал, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болсон билээ.
Эл нэмэлт өөрчлөлтийн дараа хоёр намын төлөөлөл бүхий УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж баталснаар 2024 оны парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин бүрдсэн.
1992 оноос хойш сонгууль явуулж эхэлсэн ардчилсан Монгол Улс ихэвчлэн мажоритар (томсгосон болон багасгасан) аргыг ашиглаж байв. Хэдий мажоритар тогтолцоо нь энгийн ойлгомжтой, шууд сонгодог, сонгогчид нь хариуцлага нэхдэг гэх мэт давуу талтай ч санал маш их гээгддэг, цөөн төлөөллөөр олонх болох боломжтой, саналын жин нөлөөлөл алдагддаг, популистууд гарах, УИХ-ын гишүүн нь тойргийнхоо сонгогчдоос хараат байдаг гэх мэт сул тал ихтэй юм. Харин 2024 онд эл алдааг засах зорилгоор 78 гишүүнийг мажоритар (тойрогтоо хамгийн олон санал авсан), 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх пропорциональ аргаар (намын жагсаалтаар) сонгох буюу холимог тогтолцоог ашигласан. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд парламентад МАН 68, АН 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авсан юм.
Эдийн засгийг тэлэх 14 мега төсөл
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН, АН, ХҮН гурав хамтарсан Засгийн газар байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх гэрээ байгуулав. Улмаар Засгийн газрынхаа 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Үүнд:
- “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
- Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
- Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
- Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
- Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
- Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
- Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
- Зэс боловсруулах цогцолборын төсөл
- Гангийн цогцолборын төсөл
- Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
- Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
- Үндэсний хиймэл дагуулын төсөл
Эдгээр төслийг хэрэгжүүлснээр:
- Эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд хүргэнэ.
- Инфляцыг нэг оронтой тоонд барина.
- Зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт, Дэлхийн инновацын үзүүлэлтийг тус тус 10 байраар ахиулна.
- Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэнэ.
- Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна үзэж байна.
Улсын төсөв 1.5 дахин нэмэгдэж 33.5 их наяд төгрөг болов
2024 оны төсөвтэй харьцуулахад 30-40 хувийн өндөр зардалтай, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан 2025 оны төсөв “амь орсонгүй”. Хэрэв төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан бол инфляцын дарамт, урсгал дансны алдагдал нэмэгдэх, хэт тэлэлтээс хамгаалах боломжгүй болох, төсөв мөнгөний бодлогын уялдаа алдагдах, хамгийн гол нь эдийн засгийн тогтвортой байдал эрсдэлд орохоор байв. Ялангуяа манай улс шиг нэг салбараас буюу уул уурхайгаас хэт хамааралтай улс төсвийн зардлыг дураараа өсгөх нь тун аюултай.
Улмаар УИХ ирэх оны төсвийг шуурхай горимоор хэлэлцэж, зарлагыг 33.5 их наяд төгрөг болгон өмнөх төслөөс 2.7 их наядаар буурууллаа. Ташрамд дурдахад, хоригт орсон төсөвт зарлагыг 35.7 их наяд төгрөгөөр тусгаад байсан юм. Гэхдээ 2024 оны төсвийн нийт зарлага 30.5 их наяд төгрөг байсантай харьцуулбал 2025 онд төсвийн нийт зарлага 10.9 хувиар нэмэгдсэн төдийгүй төсвийн зарлага хоёрхон жилийн дотор 1.5 дахин нэмэгдээд байна.
2012 оноос хойш манай улсын төсвийн тэнцэл ердөө дөрвөн удаа эерэг гарсан. Гэхдээ энэ удаад төсвийг алдагдалгүй баталснаар цаашид сайн жишиг тогтохын эхлэл байх боломжтой юм. Аливаа улс төсвөө дор хаяж 3-4 жилийн турш алдагдалгүй баталж чадвал эдийн засагт үр дүн нь бодитоор мэдрэгддэг жишиг бий.
89.3 сая тонн нүүрс ашиг уу, эрсдэл үү?
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын хоруу чанар багасаар. Учир нь улс орон бүрийн эдийн засаг тус тахлын үеийн сэхээнээс ахин өндийж буй. Сүүлийн хоёр жилд нийт экспортын орлогын 80 гаруй хувийг бүрдүүлэгч нүүрсний экспорт 2022 онд 36 сая, 2023 онд 69.6 сая тонныг экспортоллоо. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 65.9 сая тонн нүүрс экспортолсон нь нийт экспортын 55.3 хувийг буюу 7.3 тэрбум ам.долларыг бүрдүүлжээ. Энэ онд нийт 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 84.4 хувь биелэлттэй явж буй. Энэхүү эрчээрээ ирэх онд 89.3 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байна.
Бид төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөлдөг. Учир нь эдийн засгийн төлөв байдлын хувилбартай таамаглал тооцоолол хийх, экспортын орлого буурах зэрэг эрсдэлүүд төсвийн орлогын бүрдэлт, зарлагад хэрхэн нөлөөлөх, ямар арга хэмжээ авах, нөхцөл байдлын хувилбарууд ямар байх зэрэг тооцооллыг ер хийдэггүй.
Манай улсын экспортолж нүүрсний 80 гаруй хувийг Хятад улс худалдаж авдаг бөгөөд тус улсын гангийн үйлдвэрлэлд ашигладаг. Гэтэл тус улс ирэх оноос гангийн үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарал, эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилготой “хос нүүрстөрөгч”-ийн зорилтуудын хүрээнд зардал хүчин чадлаа бууруулах дарамттай тулгарч байгааг олон улсын мэдээллийн агентлагууд онцолж байна. Мөн Европын холбоо тус бүсийн автомашины үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах, Хятадын төрийн дэмжлэгтэй машины борлуулалтыг хязгаарлах зорилгоор Хятад улсаас ирж буй цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулсан. Энэ татварын улмаас Хятадын үйлдвэрлэгчид Европын зах зээлд өрсөлдөх чадвараа алдвал гангийн зах зээлийн үнэ, тэр дундаа чанартай гангийн үнэд нөлөөлөх магадлалтайг “Deutsche Welle”-гаас танилцуулсан.
Хэрэв 83 сая тн нүүрс экспортолж чадахгүй бол төсвийн өр нэмэгдэх эсвэл төсвийг дахин тодотгохоос өөр аргагүй болно. Дэлхийн нүүрсний зах зээлд манай нүүрс харьцангуй хямд. Ер нь Хятад улс нүүрс ихээр авах үгүй нь тус улсын гангийн хэрэгцээнээс шууд хамааралтай. Иймд аль болох эрсдэлийг тооцож боломжит 50-60 сая тонн нүүрсийг үнэтэй зарсан нь манай улсад ашигтай гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байна.
Орон сууцны үнэ орлогын боломжоос 2.5 дахин их болжээ
Ипотекийн зээлийн хүүг 2020 оны 10 дугаар сараас эхлэн 6 хувьтай болгон бууруулсан ч бодит байдал дээр орон сууцны үнийг өсгөж ипотекийн зээл авахад улам хүндрэлтэй болж байгааг СЭЗИС-аас хийсэн “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх боломж, арга зам” судалгаа харуулав.
- Олон улсын жишгээр өрхийн орлогын гуравны нэгийг орон сууц худалдан авах эсвэл түрээслэхэд зарцуулж байвал орон сууц худалдан авах чадварт нийцтэй гэж үздэг. Гэтэл манай улсад энэ үзүүлэлт 2023 оны байдлаар 7.8 байна. Өөрөөр хэлбэл, олон улсын жишгээс даруй 2-2.5 дахин их байгаа бөгөөд иргэдийн орлоготой харьцуулахад орон сууц 2-2.5 дахин үнэтэй байна гэсэн үг.
- Уг нь иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор хүүг 8 хувиас 6 хувь болгох шийдвэр гаргасан. Харин бодит байдал дээр орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг өсгөх замаар иргэдэд ирэх зээлийн төлбөрийн ачааллыг 16 орчим хувиар нэмэгдүүлсэн сөрөг үр дагаврыг бий болгожээ.
- Мөн санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байгаагаас үүдэн 2023 оны байдлаар ипотекийн зээлийн хүртээмж 40 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
- Ипотекийн зээл авахад хүлээлгийн хугацаа урт болж, иргэдийн 75 хувь нь 5-аас дээш жил урьдчилгаа төлбөр цуглуулдаг төдийгүй 17.4 мянган өрх ипотекийн зээл авах хүсэлт гарган хүлээж байна.
- Хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байгаагаас үүдэн 2023 оны байдлаар ипотекийн зээлийн хүртээмж 40 орчим хувиар буураад байна.
Орон сууцны санхүүжилтын тогтолцоог сайжруулахын тулд иргэдэд 6 хувь, 8 хувь, зах зээлийн нөхцөлтэй гэсэн сонголттойгоор зээлийн нөхцөлийг санал болгох, зорилтот бүлгээ нарийн тодорхойлж, бүлэг тус бүрд тохирсон нөхцөлүүдийг санал болгох, зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээлийг үнэт цаасжуулж хөрөнгө оруулагчдыг татах зэрэг бодлого хэрэгжүүлбэл үр дүнтэй хэмээн дээрх судалгааны зөвлөмжид бичсэн байна.
Ураны төсөлд хувь эзэмшихгүй, 19% хүртэлх АМНАТ авна
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн баталлаа. Уг хуулийг анх 2009 онд баталж, түүнээс хойш нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж байсан аж.
Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь Монголын Засгийн газар болон Францын төрийн өмчит Orano Mining компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотой. Хуульд өөрчлөлт оруулснаар Монголд цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны олборлолтыг эхлүүлэх боломж бүрдэж, ураны боловсруулалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж байна.
Францын хөрөнгө оруулалттай, 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй Зөөвч-Овоогийн ураны төсөл нь 2027 он гэхэд бэлтгэлээ базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Харин Монголын тал ямар нэгэн хувь эзэмшихгүйгээр, ураны үнээс хамаарч шаталсан байдлаар 19% хүртэлх АМНАТ-ийн өгөөж хүртэх юм. Тодруулбал, суурь АМНАТ нь борлуулалтын үнэлгээний таван хувь байх бол ордын онцлогийг харгалзан тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ зах зээлийн үнээс шалтгаалаад 0-9 хувь байхаар хуульд тусгажээ.
Хууль батлагдсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээний ажил үргэлжилж, УИХ-аар хэлэлцүүлэх бөгөөд “Orano Mining”-тай 2025 оны нэгдүгээр сард багтаан гэрээ байгуулах хүлээлттэй байна.
Тэтгэврийн зээл сүүлийн 2 жилд 244 хувиар өсөв
Үндэсний статистикийн хорооны 2024 оны тавдугаар сарын байдлаар нийт банк, санхүүгийн системээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 20 орчим их наяд төгрөг байгаа нь хувийн хэвшлийн байгууллагад олгосон зээлээс хоёр дахин их байна.
Харин иргэдийн зээлийн 54 хувийг зөвхөн хэрэглээний зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн бизнес хийхээс илүү хэрэглээндээ зориулж зээл авдаг аж. Ийнхүү зээл авахдаа тэтгэвэр, цалин, хадгаламж гэсэн ирээдүйд хуримтлал болгох учиртай гурван чухал орлогоо барьцаанд тавьдаг аж. Энэ дундаас тэтгэврийн зээл 2022 оны III улирлын үзүүлэлттэй харьцуулахад даруй 244 хувиар огцом өссөн бол цалингийн зээл 100 хувиар өсжээ. Мөн цар тахлын үеийн төрийн бодлогын нөлөөгөөр иргэдийн хадгаламжийн өгөөж өсөж, улмаар 2022 оны дунд үеэс хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ ихээр нэмэгдсэн байна.
Хэрэглээний зээлийн өсөлтийг өрхийн орлогын өсөлттэй харьцуулж үзвэл 2022 оны III улирлаас 2024 оны II улирал хүртэлх өрхийн орлогын бүтцийг задалж харвал цалингийн орлогын өсөлтийн хувь нь цалингийн зээлийн өсөлтийн хувиасаа хоёр дахин бага байна. Хамгийн том болгоомжлол төрүүлж буй нэг тоо гэвэл: тэтгэврийн зээлийн хэмжээ нь тэтгэвэр, тэтгэмжийн орлогын хэмжээнээсээ ес дахин их өсөлттэй байна.
Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйл ба НДШ
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэл хэрэгжиж эхэлсэн. Олон тооны шинэчлэл хэрэгжиж эхэлсний дотор бизнес эрхлэгчдэд хамгийн их хамаатай заалтуудын нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын төрлүүдийг тэлсэн явдал байлаа. Нийгмийн даатгал шимтгэл нь компанийн зардалд ачаалал болдог, хувь хүнтэй гэрээ байгуулаад ажиллахад шимтгэл өндөр гардгийг бизнес эрхлэгчид үргэлж онцолдог. Тиймээс шимтгэлийн зардлаа багасгахын тулд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээг байгуулдаг жишээ байсан. Гэвч шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр ингэх ямар ч боломжгүй болж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс ч ялгаагүй НДШ боддог болсон.
Энэ нь зардлыг их хэмжээгээр өсгөж, бизнес эрхлэгчдэд томоохон цохилт болсон учир нь зарим нь бизнесээ хумихаас өөр аргагүй болсноо ярьж байна. Жишээлбэл, Ивээл брэнд оёдлын салбарт олон тооны жижиг дагуул үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, тэр хэмжээгээрээ бичил бизнесийг орлого, ажлын байраар дэмждэг байжээ. Гэвч дээрх хууль хэрэгжиж эхэлснээр дагуул үйлдвэрийн ажилчдын НДШ төлөх хэрэгтэй болсноор хамтын ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болжээ.
Өрхийн цахилгааны үнэ 35-131 төгрөгөөр нэмэгдэв
Монгол Улс 2019 оноос хойш анх удаа айл өрхийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулж, хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-наас нэмэхээр шийдсэн. Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг бага байлгахаар өөрчлөлт оруулсныг ЭХЗХ мэдээлсэн. Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлж:
- 0-150 кВт/цаг хэрэглээг 140 төгрөгөөр тооцож байгааг 175 төгрөг,
- 150-300 кВт/цаг хэрэглээг 256 төгрөг,
- 300 кВт/цагаас илүү гаргасан хэрэглээг 285 төгрөгөөр тооцохоор болсон.
Ингэснээр цахилгааны дундаж тариф нэг кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болгосон юм. Энэ өөрчлөлтийн үр дүнд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлөх бөгөөд айлуудын цахилгааны хэрэглээний нэг кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орохоор байна. Харин дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-наас нэмэхээр болжээ.
Тарифт шинэчлэл хийснээр эрчим хүчний салбарын алдагдал буурч, санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэж байна хэмээн Эрчим хүчний зохицуулах хороо үзэж байна.
Цахим засаглалын индексээр 28 байр урагшлав
Дэлхийн цахим засаглалын индексийг хоёр жил тутамд НҮБ-аас шинэчлэн гаргадаг. Монгол Улс 2022 онд энэ үзүүлэлтээр 74-р байранд жагсаж байсан бол 2024 онд 28 байраар урагшилж, цахим засаглалын хөгжлийн индекс 0.8457 гэсэн үнэлгээтэй гарсан юм.
Цахим засаглалын хөгжлийн индекс нь (EGDI) НҮБ-ын гишүүн орнуудын цахим засаглалын хөгжлийн төлөв байдлыг харуулдаг бөгөөд тухайн улс орны цахим хөгжлийн хэв маягийн үнэлгээ, дэд бүтэц, боловсролын түвшин зэрэг шинж чанаруудыг тусгаж, иргэдийн хүртээмж, оролцоог дэмжихийн тулд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгааг тусгадаг.
Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2022-2027 он хүртэл баримтлах чиглэлээ баталсан билээ. Мэдээлэл технологийн хурдтай хөгжлийг ашиглан чадварлаг, цомхон бүтцийг хөгжүүлж, төрийн бүх үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавьж, сүүлийн 2 жилд E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг хөгжүүлж ирсэн билээ.