Таны үүсгэж буй холбоос, тантай уулзаж буй хүмүүс нь таны карьерыг тодорхойлдгийн адилаар таны бүтээж буй зүйл болон хэнтэй хамт бүтээж буй нь үнэ цэнтэй зүйл бүтээж буй эсэхийг тань тодорхойлох гол хэмжүүр юм.
Тони Фаделл бол iPod, iPhone, Nest Learning Thermometer зэргийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан, Цахиурын хөндийд алдартай хүн юм. Тэрбээр амьдралдаа олон сургамж хуримтлуулсан агаад тэдгээр сургамж нь өөрийн гэсэн менторгүй олон хүнтэй хуваалцах мэдлэг болж хувирчээ. Тэрбээр тэрхүү мэдлэг, сургамжаа “Бүтээ” номдоо өгүүлсэн юм.
Бүлэг 1: Өөрийгөө бүтээ
iPhone-ийг бүтээхээр хоёр удаа оролдож үзсэн талаараа Фаделл дурсжээ. 1989 онд Марк Поратын гаргасан эхний загвараас хоёр дахь нь илүү байлаа. Порат, Энди Херцфельд хоёр General Magic-ийг үүсгэн байгуулахад Билл Гэйтс, Энди Гров шиг дэлхийг өөрчлөх хүсэлдээ автсан, коллежоо дөнгөж төгсөөд байсан Фаделл тэдэнтэй нэгджээ. General Magic-т ажиллаж эхэлсэн ямар ч оюутан Фаделлийнхтай адил мөрөөдөл тээх боловч ажлын байранд хэрхэн амжилттай ажиллах талаар зааж өгөх хүн байсангүй. General Magic дампуурсан нь Фаделлд хүндээр туссан бөгөөд тэрбээр хүмүүсийн хүсдэг зүйлийг бүтээх хүртлээ 10 гаруй жилийн турш Цахиурын хөндийн янз бүрийн компанид ажиллаж үзжээ. Эдгээр хэцүү он жилүүд түүнд тун чухал сургамж болсон юм.
Насанд хүрэх
Хайрлаж дурлах карьераа сонгох хамгийн шилдэг зам бол угийн сонирхдог зүйлээ дагангаа ажиллах компаниа сонгохдоо эрсдэл хийж үзэх юм гэж Фаделл зөвлөжээ. General Magic дампуурсан учраас л Фаделл юу хийх ёстойгоо ухаарч ойлгосон аж. Таны хуримтлуулсан туршлага амьдралын дараагийн үе шатыг эхлүүлэх болно.
Ажилд орох
Хаана, ямар компанид ажиллахаа шийдэх цаг ирвэл дэлхийг өөрчилж чадах компаниудыг сонгох ёстой. Тэд хэрэглэгчдийн асуудлыг шийдэж, тэдний эрэлт хэрэгцээг урьд өмнө байгаагүй өөр аргаар хангаж чаддаг байх нь олонтоо. Юу хийх, хаана ажиллахаа сонгох, ялангуяа хэнтэй хамт ажиллаж, хэнээс суралцахаа сонгох нь тун чухал. Ажилтай мөн зорилготой болсноор та хүсэж буй зүйлээ хэрхэн бүтээхээ ойлгож эхлэх юм.
Баатрууд
Тантай хамт ажиллаж буй хүмүүс, таны үүсгэж буй харилцаа холбоо нь мөнгө, албан тушаалаас илүүтэйгээр тухайн ажлыг илүү сонирхолтой, гайхалтай болгодог. Өөрийнх нь хувьд Билл Аткинсон, Энди Херцфельд баатар байсан учраас Фаделл General Magic-т ажиллахаар шийдсэн. Харин тус компани дампуурсны дараа Фаделл өөрийнх нь хувьд баатар хүмүүстэй хамтран iPod-ийг бүтээсэн юм. Хүндэлж дээдэлдэг баатрынхаа хүсэл тэмүүллийг хөдөлгөгч хүч болгон ашиглахаас гадна хамтын хүндлэл, итгэлцэл дээр тулгуурлаж харилцаа үүсгэх нь зүйтэй.
(Зөвхөн) доошоо бүү хар
Ямар ч ажилтан компанийн төлөвлөгөөний дагуу ямар нэг зүйл хийх үүрэгтэй. Гэхдээ байнга доошоо харж ажлаа хийх юм бол олон саадтай тулж мэднэ. Тиймээс та заримдаа дараах хоёр зүйлийг хийдэг байх ёстой:
Дараагийн төлөвлөгөөт ажил, эсвэл төслөөс цаадхыг харж, цаашдын чухал үйл явдлын талаар төсөөлөн дээшээ хар. Эсвэл зөвхөн өөрийн багийн гишүүн бус өөр хэлтэс албаны хүмүүстэй ярилцаж, тэдний бодол, үзэл санааг ойлгохын тулд ойр тойрноо хар.
Бүлэг 2: Карьераа бүтээ
General Magic сүйрэх нь тодорхой болсны дараа Фаделл санаагаа өөрийн баатруудад танилцуулж, компанийн анхаарлыг жирийн ажилтнууд бус бизнесменүүдэд хандуулахыг хичээжээ. Гэвч “Үгүй” гэсэн хариулт авсны дараа тэрбээр 1995 онд General Magic-ийг орхиж өөрт нь “Тийм” гэж хэлсэн Philips компанид орсон байна.
Фаделл дараа нь Philips-ээс гарч шинэ хөгжим тоглуулагч хийх хүсэлдээ хөтлөгдөн RealNetworks компанид оров. Эл компани өгсөн амлалтаасаа буцсан тул Фаделл ажилд ороод ердөө хоёр долоо хоносон ч гарах өргөдлөө өгчээ.
Карьераа дээшлүүлэхийг хичээж байгаа бол хариулт байхгүй асуулттай та тулгарах л болно. Ийм асуултууд байдаг гэдгийг эрт ойлгох тусмаа та илүү хурдан суралцаж, илүү хурдан сайжирна.
Зөвхөн удирдах
Амжилтад хүрэхийн тулд та менежер байх албагүй. Хэрэв менежер болвол таныг амжилтад хүргэсэн зүйлээ та хийхээ больчихно. Харин та сайн менежер бөгөөд сайн баг бүрдүүлвэл танай баг амжилтад хүрч, та тэдний төлөө баярлах болно.
Өгөгдөл ба Үзэл бодол
Та хоёр төрлийн шийдвэр гаргадаг гэж үзэж болно: Өгөгдөлд суурилсан шийдвэрүүд нь сонголтдоо сэтгэл хангалуун байх боломжийг олгосон тоо, баримтуудыг агуулж байдаг. Үзэл бодолд суурилсан шийдвэрүүд нь танд түшиг болох хангалттай өгөгдөл агуулдаггүй, харин зөн совинг дагасан байдаг юм. Өгөгдөлд суурилсан шийдвэр нь таныг өдий түвшинд хүргэсэн. Та шийдвэр гаргахдаа өгөгдөл эсвэл зөн совингийн аль нэгийг бус харин өгөгдөл, зөн совингоо ашиглах ёстой.
Новшнууд
Новшнуудтай таарах нь байх л зүйл. Мөн адгийн новш шиг харагддаг мөртлөө огт өөр түүхийг өгүүлэх сэдэл, үйлдэлтэй хүмүүстэй таарах нь ч бий. Тантай таарч болзошгүй зарим төрлийн новшнууд:
Бодлоготой новшнууд нь компанийн бодлого, зарчмыг сайтар судалж, бусдын ажлыг өөрөө хийсэн мэт харагдуулж чаддаг. Хянамтгай новшнууд нь хамт ажиллагсдынхаа үйлдэл бүрийг ажиглаж, хянаж байдаг. Новшийн новш бол ууртай, атаархуу, найдваргүй хамт ажиллагчид юм. Зорилгод дөрлүүлсэн “новшнууд” нь зорилгодоо үнэнч байхын зэрэгцээ багт хамт олныхоо хүндлэл, итгэлийг хүлээсэн байдаг. Ихэнх хүн новш биш. Новш байлаа ч тэд эцсийн эцэст хүн. Тэдэнтэй сайхан сэтгэлээр харилц, учир нь таны хүссэн шиг хурдан биш ч гэлээ үйлийн үр эргэж ирдэг.
Би халагдлаа
Байгууллагын зорилго таны сонирхол, хүслийг татахаа больж, гарахгүй гэж байдгаараа хичээсний дараа гарах цаг ирснийг та ойлгоно. Төслөө бүрэн дуусгасан учир Philips-ээс, үзэн ядна гэдгээ мэдэж байсан учраас RealNetworks-оос гарсан гэж Фаделл өгүүлжээ. Ихэнх хүн хэзээ ажлаас гарахаа дотроо гадарладаг боловч ихэнхдээ олон сараар заримдаа жилээр хойшлуулах нь бий.
Бүлэг 3: Бүтээгдэхүүнээ бүтээ
RealNetworks-оос гарсны дараа Фаделл 1999 онд Fuse Systems-ийг үүсгэн байгуулжээ. 2000 оны дөрөвдүгээр сард Цахиурын хөндий мөнгөгүй болоход Фаделл General Magic-т байсан хуучин менежертэй холбогдсон агаад энэ нь хожмоо Apple-аас дуудлага авахад хүргэсэн харилцааны эхлэл болсон юм. Фаделл улмаар Fuse-ийн багийн хамтаар Apple-д нэгджээ. Тэд хамтдаа Apple-д зориулж iPod-ийн 18 загварыг бүтээсэн юм. Карьерынх нь шинэ үе Фаделлд шинэ сорилтуудаас гадна шинэ сургамжийг өгсөн байна.
Биет бусыг Биет болго
Хүмүүс биет бусаас илүүтэйгээр биет зүйлд илүү анхаарал хандуулдаг. Танай төслийн биет хэсэг нь илүү том биет бус зорилгын өчүүхэн нэг хэсэг гэдгийг санах хэрэгтэй. Биет бусыг биет болгохны тулд Nest Learning Thermometer, Nest Screwdriver-ийг бүтээснээ Фаделл номдоо дурссан байдаг. Learning Thermometer-ийг суулгахад хугацаа их авдаг асуудлыг Фаделл шийдэж, ийн суулгахад нь хэрэглэгч нарт тусалдаг хэрэгсэл зохион бүтээсэн билээ.
Яагаад түүх өгүүлэх ёстой вэ?
Бүтээгдэхүүн бүр түүхтэй байх ёстой бөгөөд бүтээгдэхүүний сайн түүх нь сонсогчийн сэтгэхүйн болон сэтгэл зүйн хэмжээст нөлөөлж, адармаатай концептийг энгийн болгодог. Стив Жобс 2007 онд iPhone-ийг танилцуулсан үйл явдлыг Фаделл түүх хүүрнэх гайхалтай жишээ гэж үзсэн юм. Уг танилцуулгын үеэр Жобсын ашигласан түүх өгүүлэх техник нь түүний ярианы хамгийн дурсгалтай, сонирхолтой хэсэг билээ. Хүнд хүрэх түүх бүтээхийн тулд бусдад дамжуулан хэлэхэд хялбар, товч байлгах ёстой. Гэхдээ Стив Жобс шиг хүн танай түүхийг өгүүлэх юм бол маш олон хүнд хүрнэ.
Хувьсал – Сүйтгэл – Гүйцэтгэл
Хувьсал бол ямар нэг зүйлийг сайжруулдаг жижиг, үл мэдэгдэм алхам юм. Сүйтгэл бол хувьслын модны нэг салаа мөчир. Статус-квог өөрчлөх цоо шинэ зүйл гэж ойлгож болно. Гүйцэтгэл гэж амласан зүйлээ хийх, тэр тусмаа маш сайн хийхийг хэлж байна. Сүйтгэл нь заавал саар зүйл хийхийн нэр биш билээ. Гэхдээ сүйтгэл нь нэг буруугаар эргэвэл хэцүүднэ. Таны хийж буй гүйцэтгэл дараагийн сүйтгэлийн “түлш” нь болж өгөх ёстой. Хэрэв хүмүүс шоолж, гайхаж байвал тэд анхаарал хандуулж буйн, та зөв зүйл хийж буйг харуулж байна.
Анхны болон хоёр дахь адал явдал
V1 буюу бүтээгдэхүүний анхны хувилбар нь ямар ч тохиолдолд V2-оос өөр байх болно. V1-ээс олж авсан туршлага нь таны огт олж хараагүй зүйл дээр V2-ийг сайжруулах боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл, та зөвхөн V2-ийг бус баг, процессынхоо V2-ийг бүтээх болно.
Зүрхний цохилт, гав
Ажил чинь төлөвлөгөөт хугацаанд гавлагдаж дөнгөлөгдсөн бол бүтээлч эрх чөлөөний орон зай байхгүй болно. Тэрхүү төлөвлөгөөт хугацаанд хүрэхийн төлөө зүтгэсээр байх хамгийн зөв зам бол зүрхний цохилт гэж нэрлэдэг дотоод төлөвлөгөөт хугацаатай байх явдал юм.
Гурван үе
“Нэг шөнийн дотор амжилтад хүрэх”-ийн тулд тухайн бүтээгдэхүүн гурван үеийг дамжиж хөгжих ёстой аж. Хэрэглэгч нар тухайн бүтээгдэхүүнд дасахад хугацаа ордог тул яарах хэрэггүй гэсэн үг.
Танай бүтээгдэхүүний V1 нь тухайн бүтээгдэхүүнд зах зээл байгаа гэдгийг нотлох зорилготой гэж болно. V2 нь зах зээлээ томруулахад чиглэдэг ч ашиг олохоор хэмжээний их орлого оруулахгүй. Хэрэв V2 дээр ашгийн хэмжээндээ хүрсэн бол V3 нь цэвэр ашиг авчрах боломжтой бүтээгдэхүүн байна. Энэ шатанд ашигтай бүтээгдэхүүн нь ашигтай бизнес болж хувирах боломжтой.
Бүлэг 4: Бизнесээ бүтээ
Фаделл 2010 онд Apple-ийг орхисны дараа түр завсарлага авахад бэлэн байсан ч термостаттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр сэтгэл шулууджээ. Улмаар 2011 онд Фаделл Nest Learning Thermostat-ийг, 2013 онд Nest Protect утаа мэдрэгчийг бүтээсэн юм. Оргүй хоосноос амжилттай бизнес босгосон Фаделлийн анхны жишээ нь Nest бөгөөд эл процесс түүнд компани байгуулах, хөрөнгө оруулагч олох талаар үнэ цэнтэй сургамж болж өгчээ.
Агуу санааг хэрхэн олох вэ
Хэрэв таны санаа хүмүүсийн өдөр тутмын асуудлыг шийддэг бол агуу санаа мөн. Харин санаатай холбоотой болзошгүй эрсдэлийн талаар та сайн мэдэхгүй байгаа бол агуу санаа биш.
Та бэлэн үү?
Хэрэв та стартап, эсвэл том компанид ажиллаж байсан бол өөрийн гэсэн компанийг үүсгэх хангалттай туршлага танд байна. Танд ментор, баг, мөн компаниа амжилтад хүргэхийг хүсвэл хамтран үүсгэн байгуулагч хэрэгтэй болно.
Мөнгөтэй гэрлэх
Хөрөнгө босгож байхдаа үүнийг гэрлэлт гэж үзэх хэрэгтэй. Учир нь энэ бол итгэлцэл, хүндлэл дээр суурилсан хоёр хүний хоорондох урт хугацааны амлалт юм. Гэрлэлтийн адилаар та хамтрагчаа, зорилгоо ойлгох ёстой. Хэрэв та ухаалаг сонголт хийвэл компанийнхаа хөрөнгө оруулагчидтай аз жаргалтай “гэрлэх” болно.
Ганцхан хэрэглэгчтэй байх
Та нэг дор хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Танай компани зөвхөн ганц хэрэглэгчид л төвлөрөх ёстой. Ингэснээр та хэрэглэгчдийнхээ хүн ам зүй, сэтгэл зүйг илүү сайн ойлгох юм. Харин гол хэрэглэгчийнхээ бараа сургийг алдах юм бол энэ нь танай компанийн төгсгөлийн эхлэл байж болох талтай.
Ажлын төлөө өөрийгөө алах
Компани эхлүүлж байгаа бол ажил/амьдралын зөв тэнцвэрийг олох нь бараг боломжгүй учир цагийн хуваариа дахин өөрчлөх нь зөв. Ингэснээр та ажлаасаа тодорхой хэмжээнд, зохих ёсоор зай барих боломжтой болно.
Хямрал
Хямрал нь дотоод эсвэл гадаад шалтгаантай байдаг. Хямрал хэрэглэгч нарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг дээр манлайлагч хариуцлага хүлээдэг байх ёстой. Хямралаас бултаж зугатах аргагүй, гэхдээ танай баг нэг хямралыг давж гарч чадсан бол юуг ч даван гарах чадалтай болно.
Бүлэг 5: Багаа бүтээ
Фаделл 2016 онд Nest-ийг орхисон бөгөөд Nest-ийн амжилтын нууц нь баг хамт олон нь гэж өгүүлжээ. Өөр компанийн баг бүрдүүлэх арга, бүтцийг зээлдсэн Фаделл 10 хүнтэй багаа бараг 1000 хүнтэй болгож томруулж чадсан юм
Ажилд авах
Багаа бүрдүүлэх үед хэрсүү, сурах хүсэлтэй шинэ төгсөгч, танай соёлд ууссан дадлагажигч нар нь ажилд авах хамгийн зөв сонголт байх болно. Мөн зарим хүнийг ажлаас халах шаардлага гарна. Гэхдээ эхлээд тэдэнд буруугаа засах боломжийг олгож байгаарай.
Өөрчлөлтийн цэг
Компани томорч эхэлвэл менежментийн шинэ түвшнийг үүсгэх өөрчлөлтийн цэгт очих болно. Өөрчлөлтийн цэгтэй тулснаар гарах хор хохирлыг бууруулахын тулд менежментийн өөрчлөлтийг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй.
Бүгдэд зориулж загварчил
Бүтээхийн тулд эхлээд загварыг нь гаргах ёстой. Энэ нь бүтээгдэхүүн, процесс, байгууллагын бүтэц гээд бүх зүйлд хамаатай. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд задлан шинжилгээ хийснээр та асуудлыг олж харж, улмаар маш сайн бүтээгдэхүүний загварыг гаргах боломжтой болно.
Маркетингийн арга барил
Маркетинг бол хүмүүсийн бодол санааг эзэмддэг “чөтгөр” гэж ихэнх хүн үздэг ч үнэндээ тийм биш. Фаделл номдоо Стив Фобсын хэлсэн “хамгийн шилдэг маркетинг бол үнэнээ хэлэх” гэсэн үгийг эшлэжээ.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлийн менежер
Төслийн менежер, хөтөлбөрийн менежертэй андуурдаг учраас маш олон хүн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерийн үүрэг ролийг буруугаар ойлгодог. Компани бүрт үүрэг роль нь ялгаатай байж болох ч бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер нь хэрэглэгчдэд учирч буй асуудлыг эрж хайх гол үүрэгтэй.
Борлуулалтын соёлын мөхөл
Борлуулалтын урамшуулал өгөх модель нь хүмүүсийг өндөр бүтээмжтэй ажиллуулах нэг арга боловч урт хугацааны хэрэглэгчийн сэтгэл ханамж бус богино хугацааны урамшуулалд илүү ач холбогдол өгдөг.
Хэрэв боломжтой бол урамшууллыг урт хугацаанд цувруулж олгох нь зүйтэй бөгөөд ингэснээр танай баг шинэ хэрэглэгч олохоос гадна хуучин хэрэглэгчдээ ч мартахгүй байх болно.
Хуульч
Компаниуд төрөл бүрийн хууль, эрхзүйн асуудлаар янз бүрийн хуульчидтай хамтран ажилладаг. Хуульч нарыг үр дүнтэй ашиглахын тулд танай компанийн төлөө шинэ зам, гүүрийг бүтээж чадах хүнийг л сонго.
Бүлэг 6: Гүйцэтгэх захирал
2014 онд Google компани Nest-ийг 3,2 тэрбум доллароор худалдаж авсан. Эл гэрлэлт бүтэлгүйтсэнээр Google 2016 онд Nest-ийг зарахаар шийдэж, Фаделл гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн байна. Харин 2018 онд эл наймааг хийх хүсэлтээсээ Google буцах үед Фаделл аль хэдийн Nest-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа больсон байлаа.
Гүйцэтгэх захирлаар ажилласан үе нь түүнд өөр хаанаас ч олж чадахааргүй их туршлага болж өгсөн агаад тэрхүү туршлагаа Фаделл өнөөдөр ч ашигласаар байгаа юм.
Гүйцэтгэх захирал болох
Гүйцэтгэх захирал нь компанийн өнгө төрхийг тодорхойлдог. Компанийг удирдах нь том үүрэг хариуцлага боловч хэлсэн үгээ үйл хэрэг болгох сайхан боломж юм. Ихэнх гүйцэтгэх захирал нь “хүүхэд асрагч” байдаг бөгөөд зарим нь туршлагагүй учраас ажлаа хийх чадамжгүй эсвэл эрсдэлтэй шинэ санааныхаа өмчлөгч нь болсон байдаг.
Удирдах зөвлөл
Гүйцэтгэх захиралд ч ажлаа тайлагнах ёстой босс бий. Гүйцэтгэх захирал нь хөлгийг живүүлэлгүй авч явах үүрэгтэй боловч үүнийгээ сайн хийж чадна гэдгээ удирдах зөвлөлд батлан харуулах том үүргийг хүлээдэг.
Худалдаж авах болон Зарагдах
Компаниуд ялгаатай соёлтой байдаг учраас хоёр компани нэгдэх үед соёл нь өөр хоорондоо нийцдэг байх ёстой. Компани том байх тусам соёлын нийцлийн асуудал улам төвөгтэй болно.
Иллэг хийх ёсгүй
Ажилтнууддаа анхаарал тавьж, халамжлах нь таны хамгийн том үүрэг боловч гүйцэтгэх захирлын хангамжид умбаж, замаа алдахаас сэрэмжлэх ёстой. Хэрэв компанийн мөнгийг үнэгүй иллэг зэрэгт зарцуулах юм бол компанийн алсын харааг гараасаа алдах болно.
Гүйцэтгэх захирлаас буух
Гүйцэтгэх захирал бол хаан эсвэл хатан шиг насан туршид дагалдах цол хэргэм биш. Үүсгэн байгуулагч бүр гүйцэтгэх захирал болох албагүй бөгөөд удирдах зөвлөл халахаас өмнө хэзээ ажлаа орхихоо мэддэг байх шаардлагатай.
Дүгнэлт: Өөрөөсөө давж гарах
Таны үүсгэж буй холбоос, тантай уулзаж буй хүмүүс нь таны карьерыг тодорхойлдгийн адилаар таны бүтээж буй зүйл болон хэнтэй хамт бүтээж буй нь үнэ цэнтэй зүйл бүтээж буй эсэхийг тань тодорхойлох гол хэмжүүр юм.