2025 онд дэлхийг ямар хүчин зүйлүүд тодорхойлох вэ?
Дэлхийн хамгийн том эдийн засаг гэнэтхэн протекционист эргэлт хийвэл юу болох вэ? Дэлхийн супер гүрэн амин хувиа хичээсэн бодлогыг холбоотнуудаасаа илүү дээдэлбэл юу болох вэ? Дайны гал дүрэлзэж, аймшигт дайснууд хүчээ нэгтгэж, эрүүл мэндийн салбараас эхлээд дайн хүртэлх бүх зүйлийг хиймэл оюун өөрчилж буй цаг үед ийм гүнзгий өөрчлөлтүүд явагдвал юу болох вэ? Энэ бүхний хариултыг хүн төрөлхтөн удахгүй олж мэднэ.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп ихээхэн өөрчлөлт хийхээ амласан. Ингэх боломжтой ч кампанит ажлын ярианууддаа дурдаж байсан онол болон бодитоор засаглахын хооронд ихээхэн ялгаа бий. Д.Трампын багийнхан болон тэдний анхаарлаа хандуулах гол асуудлууд нь түүнийг ярьж байсан зүйлийнхээ хэдэн хувийг хийж чадах вэ гэдгийг тодорхойлно. Түүний сонгосон сайд, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг ажиглахад үнэнч зан, сүйтгэл, бусдад дайсагнагч шинж чанарт нь тэрбээр ихээхэн анхаарч буй бололтой.
Гадаад харилцааны бодлого хамгийн түрүүнд сорилтод өртөнө. Украины дайныг нэг өдөрт багтаан дуусгаж чадна хэмээн Д.Трамп байнга хэлж буй. Түүний хүч чадалдаа дулдуйдсан дипломат бодлогын эхний жишээ болсон уг дайнтай холбоотой шийдвэрийнх нь үр нөлөө дэлхий даяар мэдрэгдэх болно. Хэрэв газар нутгийнхаа тодорхой хэсгийг Орост алдахыг шахамдуулж, үүнийх нь хариуд В.Путиныг хазаарлан зогсоох амлалтыг Д.Трамп өгвөл Америкийн (үнэндээ Д.Трампын) нэр хүнд, итгэл хүлээх чадвар нэмэгдэнэ. Харин Орост дэндүү ашигтай энх тайвны гэрээг Украинаар хүлээн зөвшөөрүүлэхийг Д.Трамп шаардвал В.Путин ялах болно. Ийм нөхцөлд Украины тусгаар тогтнол нь европчууд тэднийг хамгаалж чадах эсэхээс хамаарах агаад уг шалгалтад Европ бүдрэх нь гарцаагүй. Америкийн амлалт хий хоосон байдаг гэдгийг Хятад болон бусад улс үүнээс олж харна.
Ойрхи Дорнод харин огт өөр сорилтыг тулгана. Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт Израиль, Хамас гарын үсэг зурахад Д.Трамп тусалж магадгүй юм. Гэхдээ энэ бүс нутагт урт хугацаанд энх тайван тогтоох цорын ганц шийдэл болох Палестин улсыг байгуулахыг Д.Трамп Израилаар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй. Тэрбээр Иранд хатуу ширүүн хандахыг хичээх боловч Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь түүний засаг захиргаанаас Иранд тавьсан хоригуудынх нь хүч чадал өдгөө суларсан. Иран газрын тосоо борлуулах нууцлаг сүлжээг аль хэдийн олон улстай, тэр дундаа Хятадтай байгуулаад буй.
Түүний хувьд геополитикийн хамгийн чухал сонголт нь Хятадтай хэрхэн харилцах вэ байх болно. Хэдий эдийн засаг нь сул байгаа ч Д.Трампыг ерөнхийлөгч болж байсан 2017 онтой харьцуулбал тус улс илүү ширүүн, илүү хүчирхэг өрсөлдөгч болон хувираад байгаа билээ. Д.Трампын засаг захиргаа Өмнөд Хятадын тэнгист хямралтай нүүр тулж болзошгүй юм. Тэрбээр Филиппинд туслах, эсвэл тоохгүй орхих эсэх нь тун их анхаарал татсан асуудал байх болно.
Хэрэв Д.Трамп Америкийг үнэхээр л хүчирхэг болгохыг хүсэж байгаа бол дээр дурдсан асуудлуудад анхаарах ёстой.
Д.Трамп тарифын хэт туйлширсан бодлогыг Хятад сөрөх нь гарцаагүй. Тэрбээр Хятадын импортын бараанд 60 хувийн (бусад улсынхад 10-20 хувь) татвар ногдуулахаа амласан. Энэ нь хэлэлцээнд давуу тал олж авах гэсэн аман мэх үү, эсвэл Америкийн эдийн засгийг Хятадаас салгах гэсэн бодит хүсэл үү? Үүний хариулт 2025 онд тодорхой болно. Гэхдээ үүнээс өөр олон асуудал Д.Трампын анхаарлыг татах юм.
Тэдгээрийн эхэнд хууль бус цагаачлал орж байна. Цагаачдыг олноор нь улсаасаа хөөж гаргах сүр дуулиантай ажлууд хийгдэж магадгүй. Д.Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа баталсан татварын багц хуулийн хүчинтэй хугацаа 2025 оны сүүлчээр дуусах учраас татвар бууруулах асуудал түүний анхаарах асуудлын эхэнд бичигдэнэ. Нийт 10 их наяд ам.долларын үнийн дүн бүхий татварын хэмжээг бууруулна гэж тэрбээр кампанит ажлынхаа үеэр танилцуулж байв. Хэдий Бүгд найрамдах намынхан конгрессийн хоёр танхимд олонх болсон ч ийм их хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх нь эргэлзээтэй юм.
Гэхдээ Д.Трампын дотооддоо шийдэх асуудлуудын хамгийн их нөлөөтэй нь огт өөр чиглэлийнх билээ. Тодруулбал, хар тамхины хууль дүрэм, батлан хамгаалахын худалдан авалт зэргийг хамарсан Засгийн газрын үйл ажиллагааг шинэчлэх хөтөлбөр юм. Биотек, хиймэл оюун зэрэг сүүлийн үеийн технологийг Америк хэр амжилттай нэвтрүүлж, ашиглах вэ гэдгийг энэхүү шинэчлэл шийдвэрлэнэ. Илон Маск ихээхэн эрх мэдэлтэй болно. Улсын төсвийг 2 их наяд доллароор бууруулах тухай түүний амлалт нь бүтэшгүй зүйл юм. Гэхдээ цоо шинэ технологийн талбарт тэргүүллээ хадгалж үлдэхийн тулд Америк нь төр засгийн түвшинд томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэдэг нь зайлшгүй үнэн билээ.
Хэрэв Д.Трамп Америкийг үнэхээр л хүчирхэг болгохыг хүсэж байгаа бол дээр дурдсан асуудлуудад анхаарах ёстой. Маш олон америкчуудын ажлын байрыг өөрчлөх, орон зайг нь эзлэх технологийн өөрчлөлтийг тарифт дуртай ерөнхийлөгч эхлүүлэх гэж байгаа нь нэг талаар хувь заяаны шоглоом байж болох юм. Гэхдээ хиймэл оюуны хөгжүүлэлтэд анхаарах нь MAGA хөтөлбөрийн (Д.Трампын үүсгэсэн Америкийг дахин агуу болгоё хөдөлгөөнийг хэлж байна) зорилтуудаас илүүтэйгээр Америкийн цаашдын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд нөлөөлнө. Тиймээс, тайзыг танд өгье, ноён Илон Маск.
- Эх сурвалж: The Economist
- Нийтлэлийг: The Economist-ийн ерөнхий эрхлэгч Занни Минтон Беддос