Coldplay, Dua Lipa, Imagine Dragons, Stray Kids зэрэг хамтлаг, дуучдын тоглолтыг үзүүлэх эвент аяллууд, БНХАУ-ын Шанхай, Бээжин, Хайнань хотууд руу хуваарьт аялал зохион байгуулдаг Skypass Events ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Нарангэрэлтэй ярилцлаа. Тус компани эвент аяллын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цөөн компанийн нэг билээ.
Аялал жуулчлалын салбарт яагаад хөл тавих болсон талаар манай уншигчдад сонирхуулна уу?
2013 оноос эхлээд хэсэг хугацаанд БНХАУ-ын Шанхай хотод амьдарч, сурч байлаа. Анх очсон жил Кристина Агуйлерагийн тоглолт Шанхайд болсон юм. Дэлхийн хэмжээний алдартай дуучин хотод маань ирж тоглолтоо хийсэн болохоор үзмээр байсан ч билет нь олдохгүй, тухайн үедээ их харамсмаар, хайран санагдаж байлаа. Үүнээс санаа аваад спортын уралдаан, тэмцээн, хамтлаг, дуучдын тоглолтыг монголчууддаа үзүүлэх хүсэл төрж, нөхөртэйгээ хамт аялал зохион байгуулж эхэлсэн юм. Бизнесээ эхлүүлэхэд алдаа оноо их байсан, янз бүрийн вэбсайтаас билет авах гэж төрөл бүрийн аргаар оролддог байлаа. Дараа нь албан ёсны дүрэм журмын дагуу ажиллаж, зохих ёсны төлбөрүүдийг нь төлөөд тусгай эрхээр эвент аялал зохион байгуулдаг болсон.
Өнөөдрийг хүртэл дэлхийн оддыг олуулаа нэг групп болон очиж үзсэн, бидэнтэй хамт мартагдашгүй дурсамж, түүхийг бүтээлцсэн бүх аялагчдадаа баярласнаа илэрхийлье. Аялал бүрийг бид чадах чинээгээрээ сайн зохион байгуулж, сайжруулсаар ирсэн, цаашдаа ч улам хичээх болно.
Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын компани тун цөөн. Та бүхэн ямархуу бэрхшээл, сорилтуудтай тулгарч, тэдгээрийг хэрхэн даван туулж байв?
Тоглолттой аялал нь энгийн аяллуудтай харьцуулахад эрсдэл ихтэй, төлбөр мөнгөний хувьд ч өндөр байдаг. Дамжин нислэгүүд, тоглолтын билетүүд цахим болсноос шалтгаалж алдагдах гэх мэт эрсдэл их бий. Нэг жишээ дурдахад, Coldplay хамтлагийн тоглолтын билетээ аялагч нь шаардаад байсан учраас бид маш сайн анхааруулж байгаад өгсөн юм. Гэтэл тоглолт болох өдөр уг билетийг ашигласан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээж тухайн билетээ аялагч маань ашиглаагүй, харин алдсан гэдгийг нь бид ойлгосон. Гэвч уг аялагч маань “Би билетээ алдаагүй. Одоо л ашиглаж байна” гэж бухимдаж тун таагүй байдал үүсэж байлаа. Тоглолт нь эхлэх гэж байхад билет олно гэдэг хэцүү шүү дээ. Гэвч бид аяллын зардлаас нь давсан өндөр үнээр билет авч уг хүнийг тоглолтод оруулж байлаа. Уг аялагч маань билетийнхээ скрийншотыг нийгмийн сүлжээнд стори байдлаар оруулсныг бид хожим мэдсэн. Энэ нь түүнийг билетээ алдахад хүргэсэн байгаа юм.
Үүнээс шалтгаалж тоглолтын билетийг бид тухайн хүнд урьдчилж бус, зөвхөн тоглолт руу орохынх нь өмнө өгдөг болсон. Энэ л хамгийн зөв сонголт гэдгийг бид туршлагаасаа ойлгосон. Магадгүй энэ нь зарим аялагчид ойлгомжгүй санагддаг байж болох юм. Түүнчлэн дамжин нислэгтэй үед цаг зөрөх, нислэг хойшлох, үүнийг ойлгоогүйн улмаас хүмүүс “Та нар муу ажиллаж байна” гэх мэтээр шүүмжлэх тохиолдол гардаг. Энэ нь биднээс үл хамаарах нөхцөл байдал учраас нислэг л битгий хойшлоосой гэж залбирах үе бий. Гэхдээ цаг тухай бүрд нь тайлбарлаж, асуудлыг ямар нэгэн аргаар даван туулах, аялагчдаа тав тухтай аялуулахыг, хариуцлагатай байхыг бид хичээдэг.
Skypass events компани нийт хэдэн удаагийн тоглолт, арга хэмжээг монголчууддаа үзүүлээд байна вэ. Энэ зах зээлд ямар ялгарал бий болгохыг зорьж ажиллаж байна вэ?
Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд манай компанийн үйлчилгээ аяллын бусад компаниас ихээхэн ялгаатай байсан гэж хэлж болно. Одоо ч гэсэн эвент чиглэлээр дагнан ажилладаг цор ганц аялал жуулчлалын компани хэвээр байна.
Бид дэлхийн хэмжээний оддын тоглолт, концертыг үзүүлэх групп аяллыг ирэх оны дөрөвдүгээр сард ес дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Одоогоор уг эвентийн бүх тасалбар зарагдсан. Үүнээс харахад бид зах зээлд тодорхой хэмжээний ялгарлыг бий болгож, энэ чиглэлээр дагнаж ажилладгийг маань хүмүүс мэддэг болжээ.
Нөгөө талаар, манайхаар тогтмол үйлчлүүлж байгаа нь аялагч болон манай компанийн хооронд итгэлцэл бий болсныг, үйлчилгээ маань тэдний хүлээлт, сэтгэл ханамжид хүрч байгаагийн илрэл болов уу. Бид энэ салбарт алдаа оноотой ажиллаад долоон жил болсон байна. Цаашдаа ч энэ чиглэлд үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллах болно.
Цар тахлын үеэс хойш аялал жуулчлалын салбар хөл дээрээ хэр босож чадав. Танай компанид ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?
Цар тахлаас өмнө Монголын аялагчид гадаад руу аялах нь харьцангуй бага байсан. Харин Ковид-19-ийн дараа гэр бүлийн аялал буюу хүүхдүүд аав, ээжтэйгээ дурсамж бүтээхэд зориулсан мини төслийг хэрэгжүүлэхийг зорьж, энэ хүрээнд тусгай хөтөлбөртэй “Аз жаргалтай гэр бүл” аяллыг зах зээлд санал болгож эхэлсэн. Уг аялал маань маш олон хүнд таалагдсан, олон ч гэр бүл аялсан. Энэ бүхэн цар тахлаас хойш хүмүүс аялахыг илүүд үздэг болсон, аялахын мөн чанарыг ойлгож, амьдралын хэв маяг маш их өөрчлөгдсөний илрэл болов уу.
Хүмүүс өмнө нь мөнгө хадгалахыг гол зорилгоо болгож, маш их ажилладаг байсан. Солонгос, хятад хүмүүсийн гадаад руу аялах тоо нэмэгдсэнээс харахад л дэлхийн чиг хандлага нь аялах, өөр улс оронтой танилцах, амьдралдаа дурсамж бүтээхэд илүүтэй чиглэх болсныг харуулж байна. МИАТ компани нэг сая дахь зорчигчоо тээвэрлэсэн нь монголчууд маш их аялдаг болсныг бэлээхэн харуулж байгаа болов уу.
Энэ салбарын өнөөгийн хөгжлийг олон улсын түвшинтэй харьцуулбал салбарын компаниуд юунд хамгийн их анхаарах ёстой гэж боддог вэ?
Манай улсын аялал жуулчлалын салбарт сайжруулах шаардлагатай зүйл их бий. Дэд бүтцийн асуудлаас эхлээд ярих зүйл дуусахгүй. Гэхдээ салбарын маань томоохон тоглогчид энэ тал дээр ихээхэн хичээл чармайлттай ажиллаж байгаа гэж боддог. Тэр тусмаа салбарын компаниуд хамтарвал бүр ихийг хийж бүтээх боломжтой гэж санагддаг юм. Ялангуяа бодлогын чанартай олон зүйл дээр хамтран ажиллаж, гадаадын жуулчдад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, бүтээн байгуулалтыг хийх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татаж ажиллах боломжууд их байгаа нь харагддаг.
Аялал жуулчлалын салбарт дижитал шилжилт эрчимтэй нэвтэрч байна. Технологи, инновацын ямар шийдэл, программууд уг зах зээлд нэвтэрч, үйлчлүүлэгчдийн ая тав тухыг хангах практик болж байна вэ?
Тийм ээ, дижитал шилжилт аялал жуулчлалын салбарт эрчимтэй нэвтэрч байна. Монголчууд дижитал шийдэлд тийм ч таатай ханддаггүй. Манай компани цаас хэвлэх, хавтас дүүрэн бичиг баримт бэлтгэхээс аль болох зайлсхийж, дижитал тасалбар, цахим бүртгэлүүд явуулдаг. Мөн дэлхийн 197 улсад ашиглах боломжтой дата и-симийг бид саяхнаас гадаадад богино хугацаагаар аялах, ажиллах хүмүүст санал болгож эхэлсэн.
Аялал жуулчлал нь үйлчилгээний салбараас гадна аз жаргалтай амьдрал, хэв маягийг бэлэглэгч болж өөрчлөгдөж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
Мэдээж санал нийлнэ. Өмнө дурдсанчлан, бид “Аз жаргалтай гэр бүл” аяллын багцыг санал болгож байхдаа аялагчдадаа мэдлэг, мотивац өгөх зорилгоор бүртгэлийн явцад мэдээллийн шинж чанартай олон агуулга, санаа хэлж өгөхийг зорьдог. Мөн аялах явцад стресстэх үе гардаг. Ядарна, алхана, анх удаагаа сууж үзэж буй зүйлдээ эвгүйцнэ, огт мэдэхгүй газарт олон хүний дунд орохоор тухгүйтэх тохиолдлууд бий. Бүх юм цоо шинэ байх учраас таатай мэдрэмж бага төрж ч болно. Жишээлбэл, онгоцны цаг өөрчлөгдөх, хойшлоход асар их стресстэж, уурладаг хүмүүс байдаг. Ийм нөхцөлд аль болох тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Нөгөө талаас, энэ нь тухайн хүндээ туршлага болно. Аялах мэдлэгтэй ч болчихно. Цаашид ганцаараа үүргэвчээ үүрээд аялах хэмжээний ойлголттой болоход ч нөлөөлнө. Энэ мэтчилэн бид аялагчдадаа хэрэгтэй бүх мэдээллийг өгч, аялалдаа маш сайн бэлтгэлтэй гарахад нь тусалдаг. Ийм мэдээлэлтэй болсон цагт аяллаас авах сэтгэл ханамж, таашаал нэмэгддэг.
Та компаниа ямар арга барилаар удирддаг вэ?
Манай компани харьцангуй цомхон бүтэц, бүрэлдэхүүнтэй ажилладаг. Салбар маань гадаад хэлний мэдлэг, ерөнхий мэдлэг, хурд, зөв хандлага шаарддаг учраас зарим хүнийг цагаар ажиллуулах нь илүү оновчтой байдаг. Оффистоо өглөөнөөс орой хүртэл суухын оронд хамгийн идэвхтэй үедээ оффистоо ажиллаад бусад үед нь өөрсдийгөө хөгжүүлээсэй, сургалтад суугаасай гэж бодож, ажиллах цагийг нь чөлөөтэй хуваарилж өгдөг.
Манлайлал талаас авч үзвэл дунд болон гүйцэтгэх удирдлагын түвшинд гардаг нийтлэг алдаанууд юу вэ?
Компанийн үйл ажиллагаа урагшилж, хөгжих, мөн үйл ажиллагаа нь саарах, компанийн имиж төрх ямар байх вэ зэрэгт дунд удирдлага голлох үүрэгтэй оролцдог. Ажиллаж буй салбараасаа жишээ авахад ерөнхий захирлын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргах, буруу ойлгох, эсвэл ажиллах дур хүсэлгүй зэргээс шалтгаалж байгууллагаа маш муухай харагдуулдаг дунд шатны удирдлагууд харагддаг. Дунд удирдлагуудад хурд, бүтээх эрмэлзэл, асуудлыг харилцагчийн өнцгөөс хардаг, түнштэйгээ харилцан хүндэтгэлтэй ажиллаж, хэрэглэгчдийнхээ асуудлыг хурдтай, шуурхай шийдвэрлэх чадвар болон арга зам эрэлхийлэгч, сийрэг сэтгэлгээ их чухал санагддаг. Ямар ч салбарт хурдтай, сийрэг сэтгэдэг хүн олоход хэцүү болсон. Зангуу шиг зуураад, шийдвэр гаргах нь ч удаан хүмүүс түгээмэл болсон мэт харагддаг.
Хүний амжилтын 80 хувь харилцаанаас үүдэлтэй гэдэг. Үйлчилгээний салбарын компани удирдаж буй хүний хувьд та ажилтан, үйлчлүүлэгчидтэй эерэг, зөв хандлагатай харилцахын тулд юунд анхаардаг вэ?
Энэ тухай яривал би тийм ч үлгэр жишээ болохуйц хариулт өгч чадахгүй болов уу. Харилцааны тал дээр би хэд хэдэн зарчим баримталдаг. Нэгдүгээрт, дууны өнгө чухал. Наалинхай, хэт эелдэг зан ер таалагддаггүй. Тиймээс албаны ярихыг эрхэм болгодог. Хоёрдугаарт, зөвхөн албан ажлын хүрээнд ярианы агуулгаа барихыг хичээдэг. Монголчууд хувийн чанартай олон юм гуйдаг, түүнд нь зөвлөж, туслахгүй бол сэтгэлгүй гэх мэтээр ярьдаг. Гэвч ямарваа үйлчилгээ нь ихэнхдээ хоёр талын хэрэгцээнд тулгуурладаг бөгөөд тухайн хэрэгцээг хангахад л болно. Аяллын хөтөлбөрийн хувьд бид танилцуулсан хөтөлбөрийнхөө хүрээнд л ажиллах нь чухал гэж үздэг. Түүнээс хальж, сэтгэл бодоод ямар нэг юмыг тухайн аялагчийн хүслийнх нь дагуу өөрчлөөд байж болохгүй. Гуравдугаарт, үйлчлүүлэгч бол хаан биш. Бид харилцан нэг нэгнээ хүнлэг байдлаар хүндэлж, зарчмын дагуу зөв харилцаж сурах хэрэгтэй. Манай компаниар аялахаар хандсан бол хөтөлбөртэй маань танилцаж, маш сайн тайлбарлуулаад хэрэв таалагдсан бол сонголтоо хийгээрэй. Зөвхөн тухайн хөтөлбөрийн хүрээнд л шаардлага тавиарай гэж бид зөвлөдөг. Манай компани ч уг хөтөлбөрийн хүрээний үйлчилгээгээ бүрэн дүүрэн үзүүлэх учиртай. Энэ бол харилцан хүндлэл юм. Зарим компанид зөөлөн дуугарсан, аялагчдын хүслийн дагуу ажилладаг хүмүүс ихбайдаг. Мэдээж энэ нь муу зүйл биш. Гэхдээ миний бодлоор бид алийн болгон тулга тойрсон үгс шидэлцэж, сэтгэл ярих вэ. Хүн ам цөөнтэй учраас л ийм зүйл ажиглагддаг болов уу.
Энэ бизнесийг эрхлэхийн сайхан нь юундаа байдаг вэ?
Гадаадад болж буй урлаг, спортын төрөл бүрийн эвентийг очих үзэх боломжийг монголчууддаа олгож буй цөөн компанийн нэг нь манайх. Энэ чиглэлээр дагнаж, тогтмол үйл ажиллагаа эрхэлж буй цор ганц компани нь манайх болов уу. Фанатууд олноороо нийлж дуртай дуучин, хамтлаг, тоглогчоо очиж үзэж байна. Хайртай дуучин, хамтлагаа очиж үзнэ гэдэг жинхэнэ кайф, аз жаргал шүү дээ.