“Айсмарк” компани байгаль орчинд ээлтэй, эко бүтээгдэхүүн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, хөргөлттэй агуулахын систем болон авто паркыг байгальд ээлтэй технологиор шинэчилжээ. Тэдний экспортын стратеги, ногоон шилжилтийн туршлага, шинэлэг шийдэл нөү хау-г онцолж байна.
Монгол амтаар дэлхийг дайлъя
“Бамбар” зайрмагийг 2003 онд үйлдвэрлэн үндэсний үйлдвэрлэгчийн эгнээнд нэгдэж байсан “Айсмарк” компани өдгөө хүрээгээ тэлж, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг инновац шингээн үйлдвэрлэж, 10 мянга гаруй харилцагчдыг өөрсдийн өвөрмөц амтаараа татан нэгтгэж, цаашлаад экспортод гарч Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Салбартаа тэргүүлэгч “Айсмарк” компани 2023 онд дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын хүнс, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, “Бамбар” аарцтай зайрмаг болон мөсөн зайрмаг бүтээгдэхүүнүүдээ экспортолж чадсан юм.
Дэлхийн зайрмагийн зах зээлд сүүлийн нэг жилд худалдаанд гарсан шинэ бүтээгдэхүүний 91 хувийг сүүн зайрмаг эзэлж байна. Тэр дундаа Ази тив сүүн зайрмагийн худалдаагаар тэргүүлдэг бол Хойд Америк нь сүүн бүтээгдэхүүнээс бусад зайрмагийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг билээ.
“Айсмарк” компани дэлхийн зайрмагийн зах зээлд хөл тавих алхмаа БНХАУ-аас эхлүүлж буйд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Дэлхийн зайрмагийн зах зээл сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй өсөж, борлуулалт долоон хувь, шинэ бүтээгдэхүүний нээлт гурван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ зах зээлийн эргэлт дэлхий даяар 2024 онд 103.4 тэрбум ам. доллар болж, цаашид 2030 он хүртэл жил бүр 5.49 хувиар өсөх төлөвтэй байна. Сонирхолтой нь өнгөрсөн оны байдлаар хамгийн олон зайрмаг худалдаалагдаж байгаа нь Ази тив бөгөөд нийт зах зээлийн 43 хувийг дангаараа бүрдүүлжээ. Тэр дундаа Хятад улс зайрмагийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлж 2024 онд тэд 21 сая ам.долларын ашиг олжээ.
Энэхүү өндөр өсөлттэй зах зээлд “Айсмарк” компани уламжлалт нүүдэлчин мал аж ахуйгаас эхтэй, байгалийн гаралтай, органик сүү, цагаан идээ, байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эдээр үйлдвэрлэсэн монгол амтаар ондоошиж буй.
Тиймээс тус компанийн экспортын зах зээлд гарах гол стратеги “Амт” аж. Учир нь экспортод зориулан хөгжүүлсэн амтыг тухайн бүс нутгийн хүмүүс таашаах нь нэн чухал. Амттаны төрлийн бүтээгдэхүүн тул өвөрмөц амттай, хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн байх ёстой тул амтлах төдий байлгах бус харин өдөр тутмын сонголт байлгахыг чухалчилж байгаа аж.
Ингэхдээ Монголыг төлөөлөх уламжлалт амттай зайрмагууд болон амттаны төрөлд хамаарах гэсэн хоёр өөр төрлөөр брэндээ нутагшуулаад буй. Тийм учир тэдгээрийг таниулах брэндинг ч мөн хоёр янз юм.
Гэхдээ экспортод гарна гэдэг амар ажил биш. Үйлдвэрлэгч компаниуд экспортод гарахыг хүсвэл бүтээгдэхүүний төрөлдөө тохирсон шаардлагыг хангаж, заавал гарал үүслийн баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатайгаас эхлээд экспортын зах зээлээ нарийн судалж, хэнд, хаана бүтээгдэхүүнээ борлуулах гэж байгаагаа тодорхойлох нь чухал. Жишээ нь: Шоколадтай зайрмагийг халуун уур амьсгалтай, шоколадны хэрэгцээ өндөртэй Хятад улс, тэр дундаа манайхантай амтлах мэдрэмж ойролцоо Өвөр Монголчуудад нэвтрүүлэх нь оновчтой учраас “Айсмарк” тус улсын зах зээлийг сонгожээ. Экспортод зөвхөн монголчуудын мэддэг бүтээгдэхүүнийг гаргах бус, олон улсын зах зээлд хэнд хэрэгтэй вэ гэдгийг ойлгож ажиллах нь нэн чухал.
“Айсмарк” компани 2023 онд БНХАУ-ын хүнс, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, “Бамбар” аарцтай зайрмаг болон мөсөн зайрмаг бүтээгдэхүүнүүдээ экспортолж чадлаа.
Тийм учраас “Айсмарк” компанийн гол зорилго бол масс бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэйгээр уламжлалт монгол амтыг залуу үедээ таниулах, улмаар экспортод гаргаж дэлхий дахины хэрэглээ болгон түгээх явдал. Энэ хүрээнд аарц, айраг, ямааны сүү, сарлагийн сүү зэрэг уламжлалт амттай “Nomadic” брэндийг хөгжүүлж, дэлхийн зах зээлд хүргэхээр зорьж байна.
Ховор, тансаг амт: Richy
“Айсмарк” компани энэ онд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, экспортолсон бүтээгдэхүүнээ тухайн бүс нутгийн хэрэглэгчдэд тохируулан амтыг нь сайжруулах, шинэ амт гаргах гэсэн ажлууд дээр төвлөрчээ. Тэд 2024 онд нийт долоон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж цуврал болгон гаргасан байна. Түүний нэг нь тасралтгүй хоёр жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд гарч ирсэн хуш модны самартай Richy брэнд юм.
Richy брэнд нь байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эдийг ашиглан гаргасан Монголын анхны хуш модны самартай эко бүтээгдэхүүн юм. Сонирхуулахад уг брэндийн нэгж бүтээгдэхүүнд 70 хувийн сүү, 30 хувийн хуш модны самар агуулагдах бөгөөд ямар ч нэмэлт химийн орц найрлагагүй, цэвэр органик гэдгээрээ онцлог.
Хушан ой нь манай гариг дээр ОХУ, БНСУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, харьцангуй ховор модны төрөл тул өндөр эрэлттэй. Манай орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд ургасан хуш модны самар нь илүү их уургийн агууламжтай, амино хүчил аргинины нэгдлүүд өндөртэй төдийгүй байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн гэдгээрээ бусад бүс нутгийн самраас илүү давуу чанартай байдаг.
Эх орны онгон зэрлэг байгальд ургасан дэлхийд ховор түүхий эдийг гадагшаа экспортолж эхэлсэн энэ цаг үед “Айсмарк” компани самрыг ашиглан Richy брэндийг хөгжүүлэн нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Richy брэндийн зорилго нь мөн л хэрэглэгчдэдээ дэлхийд ховор амтыг мэдрүүлэх.
Richy брэнд нь байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эдийг ашиглан гаргасан Монголын анхны хуш модны самартай эко бүтээгдэхүүн юм.
Учир нь хуш модны самартай зайрмаг олон улсын зах зээл дээр тун цөөн бөгөөд өндөр үнэтэй байдаг. Тухайлбал, ОХУ-ын зарим үйлдвэрлэгчид хэдэн жилийн өмнө хуш модны самартай зайрмаг гаргаж байсан ч зөвхөн нэг брэндийн салаа бүтээгдэхүүн төдийхөн хэвээр үлдсэн юм.
Харин “Айсмарк”-ийнхан хуш модны самартай зайрмагийг шинэ бие даасан брэнд болгон хөгжүүлж, шинэлэг концепц, онцгой амттайгаар зах зээлд танилцуулж, цаашлаад олон улсад хүч үзэхээр зэхэж байна. Учир нь дэлхийн зайрмагийн зах зээлд шим тэжээл, эрдэс бодис, эслэг зэрэг эрүүл, ашигтай орцуудыг агуулсан зайрмагууд хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татахаас гадна нөгөө талаар уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүний орцтой зайрмагийг ч сонирхох чиг хандлага ажиглагдаж буй.
Мөн эл брэнд бүтэх эхний цэгээс эцсийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдэд очих хүртлээ бүх процесс нь тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж чадсанаараа бусдаас ялгардаг. Ингэхдээ хуш модыг нөхөн сэргээж буй “Норд Роуд” компанитай хамтран ажиллаж байна. Ингэснээр байгалийн нөөцийг зохистой ашиглахын зэрэгцээ, хуш модон ойг нөхөн сэргээх үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, дотооддын үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжиж байна.
Хэмнэлттэй, Ногоон шийдлийг түүчээлэгчид
“Айсмарк” компани хөлдөөсөн бүтээгдэхүүний зах зээлд 28 жилийн турш тогтвортой өсөж тэлсээр иржээ. Өнөөдөр тус компани зайрмагийн зах зээлийн 70 гаруй хувийг, дотоодын зайрмаг үйлдвэрлэлийн 90 орчим хувийг бүрдүүлж байна.
Тэд өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 2000 гаруй малчид, 500 гаруй тариаланчдыг хамарсан нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгож, тэдгээрийг ажлын байраар дэмжиж, орлогын эх үүвсэр болж байна. Нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхдээ бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох жишиг төсөл хэрэгжүүлж байгаа нь түүхий эдийн хомсдол үүсэхээс сэргийлж, үйлдвэрлэлийг хэвийн явуулахад түлхэц болж буй аж.
Түүнчлэн “Айсмарк” компани байгалийн нөөцийг зохистойгоор ашиглан, үйлдвэрлэлдээ нөхөн сэргээгдэх түүхий эдийг ашиглахын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй хөргөх төхөөрөмж, хөлдөөгч, хөргөлттэй агуулахын сүлжээг (cool chain) нэвтрүүлээд байна. Уг хөргөлттэй систем Монгол Улсад харьцангуй шинэ бөгөөд “Айсмарк” компани сүүлийн таван жилийн хугацаанд бүсчилсэн байдлаар есөн агуулахыг ашиглалтад оруулжээ. Цаашдаа ойрын 3-5 жилд 21 аймагт байгуулах төлөвлөгөөтэй байна. Агуулахын энэхүү сүлжээнд мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж, хөргүүрүүдийн үйл ажиллагааг зайнаас удирддаг аж.
Ийнхүү улс орон даяар нийлүүлэлтийн сүлжээг бий болгож байгаа нь хөдөө орон нутагт ажлын байр үүсэж, алслагдсан бүс нутгийн иргэдийн хөдөлмөрийг дэмжиж сүү цагаан идээ, самар, жимс жимсгэнийн аж ахуй эрхэлдэг малчид, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Түүнээс гадна “Айсмарк” компани сүүлийн зургаан жилийн хугацаанд авто паркаа шинэчилж, одоо 50 хувь нь цахилгаан хөргүүртэй машин болжээ. Эдгээр машины технологийн онцлог нь ажлын бус горимд байхдаа эрчим хүч хуримтлуулж, цахилгаанаа хэмнэн өөрийгөө хөргөдөг ухаалаг шийдэлтэй. Иймээс өмнөх шөнөдөө хуримтлуулсан цэнэгээ ашиглан өдрийн цагаар хэвийн ажиллах боломжтой.
“Айсмарк” компани үйлдвэрлэлдээ нөхөн сэргээгдэх түүхий эдийг ашиглахын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй хөргөх төхөөрөмж, хөлдөөгч, хөргөлттэй агуулахын сүлжээг (cool chain) нэвтрүүлээд байна.
Энэ мэтээр тогтвортой хөгжлийг дэмжсэн шийдлүүдийг нэвтрүүлж буй нь “Айсмарк” компани энэ чиглэлийн стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэнтэй холбоотой. Тодруулбал, тэд Монгол Улсад хамгийн олон буюу таван ISO стандарт нэвтрүүлсэн анхны хүнсний компани болсон юм. Энэ нь томоохон групп компаниудад нийтлэг нэвтрүүлдэг Чанарын менежментийн тогтолцоо: MNS ISO9001:2016, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо: MNS ISO22000:2019, Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо: MNS ISO45001:2018 гэсэн үндсэн гурван стандартаас гадна заавал хэрэгжүүлэх шаардлагагүй Байгаль орчны менежментийн тогтолцоо: MNS ISO14001:2016, Эрчим хүчний менежментийн тогтолцоо MNS ISO50001:2019 стандарт юм. “Айсмарк” компани эрчим хүчний менежментийг анхлан нэвтрүүлснээр ус, цахилгаан, уур, дулаан зэрэг эрчим хүчний нөөцийг үр ашигтайгаар ашиглаж чадсан байна. Тус компани 2024 онд нийт 433щ 828 кВтц цахилгаан эрчим хүч хэмнэж, өмнөх онтой харьцуулахад 7.59 хувиар бага эрчим хүчийг ашиглажээ. Тухайлбал, 2023 оны 1-11 дүгээр сард 3 730 676 кВтц эрчим хүч хэрэглэж байсан бол 2024 оны ижил хугацаанд эл үзүүлэлт 3 447 485 кВтц болон буурчээ.
Эдгээр үзүүлэлт нь компанийн үр ашигтай ажиллагааг харуулаад зогсохгүй хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж эх дэлхий, хүрээлэн буй орчныг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж буйг илтгэж байна.
Цаашид ч “Айсмарк” компани бизнесийн үйл ажиллагаагаа явуулахдаа тогтвортой хөгжлийг дэмжсэн, үндэсний язгуур эрх ашгаа дээдэлсэн, өөрийн орны эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө шинэ технологи, инновацыг нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.