Энгийн, эгэл даруухан, аж ахуйч хосыг бид энэ удаагийн дугаарынхаа онцгой зочноор урьж “Дөрвөн Өлзий” ХХК-ийн 30 орчим жилийн түүхийг онцолсон юм. Импортын худалдаа эрхлэгчээс үндэсний үйлдвэрлэгч болж, үнэнчээр хөдөлмөрлөн зүтгэсний хүчинд дотоодын зах зээлд “Видан” брэндээрээ сайтар танигдаж чадсан тэдний алсын хараа экспортлогч болоход чиглэж байна.
#GahaigAvray давлагаа
2024 оны намар ажил, сургууль эхэлж, нийгмийн амьдрал баяр наадам, зуны урт амралтаас эргэн сэргэхтэй зэрэгцэн #GahaigAvray (Гахайг аваръя) хэштаг сошиал орчинд түгж, хүчтэй давлагаалж эхэлсэн нь хэн хүний анхаарлыг өөрийн эрхгүй татсан билээ. Энэхүү аянд инфлюнсер, олны танил хүмүүсээс эхлээд сошиал медиа хэрэглэгч хэн бүхэн татагдан орж, нийгмийн сайн сайханд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж, эрвийх дэрвийхээрээ оролцсон нь онцлууштай. Цаг агаарын таатай нөхцөлөөс шалтгаалан хэмжээнээсээ хэт томорч, даршлах боломжгүй болсон өргөст хэмхийг ногоочид “гахай” хэмээн нэрлэх бөгөөд гол төлөв хаягддаг. Сэлэнгэ аймгийн ногоочдод энэ намар яг ийм асуудал тулгарч, ихээхэн “гахай” хаягдахаар нөхцөлд очсоныг үндэсний үйлдвэрлэгч “Видан”-ыхан олж харж, олны анхаарлын төвд авчирснаар #GahaigAvray аян богино хугацаанд тун амжилттай өрнөж, олон мянган кг “гахай”-г аварчээ. Тухайлбал, аян эхэлсэн наймдугаар сарын 25 -аас хойш тав хоногийн дотор нийслэлийн хэд хэдэн байршилд очиж, иргэдэд тарааснаар нийт 11,900 кг “гахай” -г аварч, ногоочдод 10 сая гаруй төгрөгийн орлого оруулсан байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нэг асуудал, харин түүнийг зах зээлд нэвтрүүлнэ гэдэг хамгийн чухал нь.
Ашгийн бус тус аяныг өрнүүлсэн алхмууд их энгийн. “Видан” хүнсний үйлдвэрийнхэн Дархан-Уул аймгийн Орхон суманд очиж “гахай” -нуудыг өөрсдийн зардлаар тээвэрлэн авчраад Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд байрласны дагуу сошиал медиагаас мэдээлэл авсан иргэд ирж “гахай” -г өөрийн боломжоор үнэлэн авах. Өөрөөр хэлбэл, тус компани томорсон өргөст хэмхнүүдийг хүмүүст зүгээр л үнэгүй өгөх биш, харин ногоочдын хөдөлмөрийг дэмжиж, өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжийг олгон хүссэн үнээрээ худалдан авах нөхцөлийг санал болгожээ. Үүний үр дүнд, гартаа уут дүүрэн өргөст хэмхтэй хүмүүс, хүч хөдөлмөрөө үнэгүйдүүлээгүй ногоочид, эдгээр талыг холбон богино хугацаанд зангидсан гар мэт нягт хамтран ажилласан “Видан” хүнсний үйлдвэрийн хамт олон гээд бүгд сэтгэл хангалуун үлдсэн юм. Хяруу унаж хүйтэрснээр өндөрлөсөн аяны дараа хүний төлөөх сайн үйлс, зөв бодлого гэдэг олон хүнд хүрч, хөдөлгөж чаддагийг ухаарснаа тэд хуваалцаж байв.
Энэ бүхний ард “Дөрвөн Өлзий” компанийн гүйцэтгэх захирал, хэзээ мөдгүй амаржих дөхсөн М.Номин-Эрдэнэ зогсож, #GahaigAvray аяныг санаачлахаас эхлээд бүхий л төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийг гардан удирдаж ажиллажээ. Хамгийн сонирхолтой нь, олон нийтийг хамарсан уг аяныг тэд ердөө долоохон хоногийн дотор тун амжилттай зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч чадсан нь энэ. М.Номин-Эрдэнэ энэхүү нийтлэлийн гол баатрууд болох Б.Мөнхбаяр, Д.Уртнасан нарын том охин бөгөөд Польшийн Хөдөө аж ахуйн их сургуулийг технологичоор төгсөж ирээд мэргэжлээрээ хэсэг ажилласны эцэст аав, ээжийнхээ төдийгөөс өдий хүртэл авч явж, “эрийн цээ”-нд хүргэсэн бизнесийг хоёр жилийн өмнөөс гүйцэтгэх удирдлагаар хангах болсон юм.
Эдний гэр бүл Польш улстай үе дамжин холбогдох болсон нь тэртээ 1990-ээд оноос эхтэй. Б.Мөнхбаяр арван жилээ төгсөөд л гадаадад суралцана гэсэн чанд зорилго эртнээс тээж, зорилгоо биелүүлэн Чех улсад таван жил сурч, улмаар Польшид үргэлжлүүлэн боловсрол эзэмшжээ. Тэрбээр аж ахуйч байх, аливаад өөриймсөг хандах, өглөө эрт босож ажлаа эхлүүлэх зэргээр хожим ажил, амьдралынх нь салшгүй хэсэг болсон олон сайхан чанарыг польшуудаас сурснаа өгүүлж байв. Хэдий менежментийн ажлаа хүүхдүүддээ хариуцуулж, компанийн өдөр тутмын ажилд оролцохоо больсон ч одоог хүртэл зүгээр суудаггүй нь ч үүнтэй холбоотой болов уу. Байнга л суралцаж, хөгжихийг эрхэмлэсээр иржээ.
“Дөрвөн Өлзий” ХХК польш стандартыг эх орондоо нутагшуулснаар тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан 1960, 70 оны хуучин стандартыг шинэчлэн боловсруулж чадсан бөгөөд тэдний хувьд бахархан ярих бодит ажил, томоохон үйл хэрэг болж үлджээ.
Анх ганзагын наймаа эрхэлж явахдаа гэргий Д.Уртнасантайгаа танилцан гэр бүл болж, улмаар хос хоёр Польш улсаас хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа, “Видан” брэндийн нөөшилсөн ногоо, жимсний чанамал зэргийг импортлох болсноор “Дөрвөн Өлзий” компанийн идэвхтэй үйл ажиллагааны эхлэл тавигдсан байна. Энэ бол 1996 он байлаа. Тэдний бизнесийн дараагийн бүлэг чухам эндээс л эхэлсэн юм.
Европоос Төв Азид соёолсон технологийн үр
Зөвхөн импортын худалдаа эрхлэх нь гэр бүлийн хоёрт хангалтгүй санагдаж эхэлсэн тул импортын бүтээгдэхүүнүүд ноёлсон дотоодын зах зээлд үндэсний үйлдвэрлэгч болж, эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж монголчууддаа хүргэхээр шийдсэн нь 2008 он байв. Ийнхүү Польшийн “Видан” компаниас үйлдвэрлэлийн эрх, лицензийг албан ёсоор авсны дагуу үйлдвэрээ барьж ашиглалтад оруулан, эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Гэхдээ энэ бүхний ард тэд багагүй саад бэрхшээлийг туулсан юм.
“Жимсний чанамал, компот зэрэг бидний импортлоод байгаа бүтээгдэхүүнийг хийхэд амархан юм байна гэж үзээд л бид хоёр зориглосон. Гэхдээ мэдээж бодит байдал дээр санасан шиг байгаагүй. Юугаа ч мэдэхгүй яваад орчихсон хэрэг. Польш хамтрагчид маань ч үйлдвэрлэл эрхлэх маш хэцүү, урсгал зардал өндөр, насаараа зээлтэй амьдарна гэдгийг хэлж анхааруулж байсан ч бидний хувьд шийдсэн л бол шийдсэн гээд л зүтгэсэн дээ. Тухайн үед хоёр сар хэртэй Польшид байрлаж, “Видан”-ы үйлдвэрийн бүхий л процессыг харж ажиглан, видео хийж, орц найрлагуудаа граммлах нь холгүй бичиж тэмдэглэж аваад ирж билээ” хэмээн Д.Уртнасан тухайн үеийн дурсамжаа хуваалцаж байна. Дөрвөн хүүхдийн ээж тэрбээр Монголд “Видан” хүнсний үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн гэрийнхээ гал тогооноос үйлдвэрийн гал тогоо руу гардан байлдаан шиг л ханцуй шамлан эргэлт буцалтгүй орсон хэмээн хошигнож байлаа. Хэрэв өмнө нь ямархан саад бэрхшээл хүлээж байгааг мэдсэнсэн бол энэ бүхнийг яав ч эхлүүлэхгүй байснаа ч хүлээн зөвшөөрсөн юм.
Тэдэнд мэргэжлийн боловсон хүчин агаар, ус мэт хэрэгцээтэй гэдгийг яс махандаа тултал мэдэрч байв. Ингээд өөрсдийгөө боловсруулахаас эхэлж, явцын дунд үйлдвэртээ туршлагатай мэргэжлийн технологич ажиллуулж эхэлжээ. Үйлдвэрийн даргаар ажиллах болсон технологич эмэгтэй европ стандартыг нутагшуулан тохируулга хийхийн тулд хоёр жил гаруйн хугацааг зарцуулав. Үүний үр дүнд, нөөшилсөн бүтээгдэхүүнээ европ, тэр дундаа, польш стандартаар үйлдвэрлэж, амт, чанар сайтай бүтээгдэхүүнийг монголчууддаа хүргэх үүд хаалга нээгджээ. Ийнхүү польш стандартыг эх орондоо нутагшуулснаар тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан 1960, 70 оны хуучин стандартыг шинэчлэн боловсруулж чадсан юм. “Энэ бол бидний хувьд бахархан ярих бодит ажил, томоохон үйл хэрэг болж үлдсэн” хэмээн үүсгэн байгуулагч Б.Мөнхбаяр инээмсэглэн хэлж байлаа.
Хүнсний үйлдвэрээрээ дамжуулан тэд “Видан” нэрийн нөөшилсөн хүрэн манжин, өргөст хэмх, алаг салат үйлдвэрлэхийн зэрэгцээ хүүхдэд зориулсан жимсний нухаш Монголд анхлан үйлдвэрлэсэн нь хамгийн амжилттай, борлуулалт сайтай бүтээгдэхүүнээр 2014 оноос хойш нэрлэгдэж байна. Ер нь үйлдвэрээ байгуулсан цагаас хойш “Видан”-ы хамт олон цөөнгүй шинэ бүтээгдэхүүн туршиж үзжээ. Мэдээж хэрэг, тэдгээрийн дунд амжилтгүй болсон туршилт ч бий. Тухайлбал, чацарганы чанамал туршсан нь үр ихтэй жимсний хувьд үйлдвэрлэлийн шат дамжлага, ажиллагааг нэмэхийн зэрэгцээ хэтэрхий том савлагаатай үйлдвэрлэсэн нь алдаа болж бүтэлгүйтсэн тухайгаа Д.Уртнасан илэн далангүй хуваалцсан юм. Гэсэн ч шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт тасралтгүй хийж, идэвхтэй ажиллаж байгаа аж. Гэхдээ үйлдвэрлэнэ гэдэг нэг асуудал, харин зах зээлд нэвтрүүлнэ гэдэг хамгийн чухал алхам болохыг тэр онцлов.
“Гахайг аваръя” аяны хүрээнд ногоочидтой тулж ажиллан жаргал, зовлонг нь сайтар ойлгож авсан бөгөөд хамтрал, хоршоо байгуулах замаар нэгдсэн зохион байгуулалтад орох нь зөв гэж тэд үзэж байна.
Түүнийг ингэж хэлж дуусмагц Б.Мөнхбаяр “Зах зээл тэлж, өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн худалдан авах сонголт өөрчлөгдөж, аль болох эрүүл хүнс хэрэглэхийг хүсдэг болсон. Үүнийг дагаад хэрэгцээ шаардлага нь ч нэмэгдэж, сонголт ч арвин болж байна” хэмээн эхнэрийнхээ санааг дэмжин өгүүлэв. Өөрөөр хэлбэл, өнөөгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид хэрэглэгчийнхээ хүсэл шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээг нарийн мэдэрч үйл ажиллагаа явуулах яггүй нөхцөлд ажиллаж буй. Хэрэглэгчдэд урьд өмнөх ямар ч цаг үеэс илүү их мэдээлэл, бас сонголт бий гэдгийг мартах учиргүй. Тиймээс “Видан” хүнсний үйлдвэрийг эрхлэгч “Дөрвөн Өлзий” компани эрүүл мэндэд тустай, өндөр чанар бүхий цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төвлөрөх болжээ. Жишээлбэл, хэрэглэгчдийн дунд сайтар танигдсан хүрэн манжингийн салатнаас гадна хүний эрүүл мэндэд онцгой ашиг тустай хүнсэнд тооцогддог эл ногоог ашиглан бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулахад анхаарч буй. Үүний үр дүнд, хүрэн манжингийн жүүс, смүүти зэрэг шинэ бүтээгдэхүүн “мэндэлсэн” бөгөөд хүрэн манжингийн амтыг алимны амтаар “засаж өгснөөр” хүүхдүүдийн амтархан уух дуртай шингэн хүнсний төрөл нэгээр нэмэгдсэн байна. “Видан” хүнсний үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог нь “гэрийн амт” гэдгийг үүсгэн байгуулагчид нь санал нэгтэй тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, тэд “гэрийн амт” -ыг хүмүүст хүргэхийг зорьдог.
Ахмад настнууд ажиллах боломжтой цагаа өөрөө сонгож, улмаар хөдөлмөрөө үнэлүүлэх, нэмэлт орлого олох, нийгэмд идэвхтэй амьдрах боломжийг нээсэн нь “Цагаа сонгодог – Цалинтай ахмад” аяны онцлог.
“Дөрвөн Өлзий” компанийн үйл ажиллагааг задалж харвал үйлдвэрлэл 70 хувь, импортын худалдаа 30 хувийг эзэлж буй. Тус компаниас гадна Европын Бельги, Герман, Польш зэрэг улс орноос жимс импортлон И-Март тэргүүтэй дотоодын сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг “Видан” ХХК, мөн үр, бордооны импорт, худалдаа, газар тариалангийн чиглэлээр ажилладаг “Дөрвөн Өлзий Агро” ХХК, орчин үеийн стандартад нийцсэн агуулахын төсөл хэрэгжүүлэгч “Видан групп” ХХК тус тус үйл ажиллагаа явуулж байна. “Дөрвөн Өлзий Агро” компани гэхэд л Голландын Top Onion компанийн өндөр чанартай сонгинын үрийг жилд нийт 200-400 тонн, мөн Польшоос өргөст хэмхний үр импортлон худалдаалдаг. Тэр дундаа, Монгол дахь голланд сонгинын үрийг тэд 10 дахь жилдээ дагнан оруулж ирж буй.
Хүн төвт бодлогын үр шим
“Дөрвөн Өлзий” компани Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочидтой нягт хамтран ажилладаг. Энэ жилээс тэд бүр ч тулж ажиллах болсон нь цаашид хөдөө аж ахуйн салбарын менежментийг тодорхой түвшинд сайжруулах, шинэчлэх зорилготой нь уялдаж буй. Тэдний үзэж буйгаар энэ салбарт хийх, хэрэгжүүлэх ажил их бий. Юуны түрүүнд, орц сайжирч байж, гарц дагаад сайжрах зарчмын дагуу түүхий эдийн гарал үүсэл, чанарт онцгойлон анхаарч, стандарт тогтоох зорилготой ажиллаж байна. Тэгж байж л экспортын тухай ярих боломжтой болно гэдгийг ч онцолж байсан юм. Учир нь виданчуудын алсын хараа эх орныхоо үржил шимт хөрсөнд ургасан, эрүүл, чанартай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход чиглэж буй. Өдгөө тэд бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг ногоочдоос худалдаж авах, тодорхой хувийг хавар нь үрээ тарааж өгч тариалуулан, намар нь хураах гэх мэтээр шийдэж байгаа бол цаашдаа шилмэл сортын үрээр бүх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг бүрэн тариалуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, хүүхдэд зориулсан ногоо, жимсний нухаш үйлдвэрлэхдээ ямар сортын үр ашиглавал хамгийн эрүүл, өндөр чанартай түүхий эд боловсорч, ургах вэ гэдэгт анхаарч, тусгайлан судалгаа явуулсны үндсэн дээр Монголынхоо хөрсөнд ургуулах аж. Үүний тулд төсөл хөтөлбөр боловсруулж, ногоочдод мэдлэг, ур чадвар олгох сургалтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн “Гахайг аваръя” аяны хүрээнд ногоочидтой нэлээд тулж ажилласны хувьд жаргал, зовлонг нь сайтар ойлгож авсан бөгөөд хувь хувьдаа тархай бутархай үйл ажиллагаа эрхэлдэг байдлыг халж, хамтрал, хоршоо байгуулах замаар нэгдсэн зохион байгуулалтад орж, зээл, санхүүжилтийн асуудлаа ч энэ хүрээнд шийддэг байх нь зөв гэж тэд үзэж байна. Ер нь цаашид ногоочдыг дэмжин ажиллахад анхаарал хандуулах аж. “Бид одоо л өдөр тутмын ажлаасаа өндийж салбарынхаа асуудал руу өнгийж харах боломжтой болж байна. Хөдөө аж ахуйн салбар бол хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэл өндөртэй салбар. Ямар ч салбарт хөрөнгө оруулж байж л хөгжинө. Мөнгө санхүү, техник технологийн дэмжлэгээс илүү зөв бодлого, менежмент асар их дутагдаж байгааг бид олж харсан. Яавал зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах шаардлагатай байна” гэлээ.
100 -аад үндсэн ажилтантай тус компанийн хувьд ногоочидтай тогтмол хамтрахаас гадна улирлын чанартай гэрээт ажилчдыг олноор нь ажиллуулдаг. Зөвхөн наймдугаар сарын эхээс есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг өргөст хэмхний улирал (сезон) -аар л гэхэд 100 гаруй хүн нэмж ажиллуулах нь бий. Бусад үед ч цагийн ажилтны эрэлт хэрэгцээ үргэлж үүсэж байдаг. Үүнийг тэд эрэлт нийлүүлэлтийг уялдуулах замаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэх аяны тусламжтай шийдэж эхлээд буй. “Цагаа сонгодог – Цалинтай ахмад” аяны санааг мөн л М.Номин-Эрдэнэ анх бодож олжээ. Энэхүү нийтлэлийн гол баатруудын том охин, “Дөрвөн Өлзий” компанийн гүйцэтгэх захирал тэрбээр маркетингийн салбарт ажилласан туршлагадаа тулгуурлан компанийнхаа өнгө төрх, олон нийтийн дунд үүсгэж буй имижийг өөр түвшинд аваачихад анхаарч буйн нэг жишээ нь уг аян юм. Аав, ээж нь үйлдвэрийн үйл ажиллагаа, өсөлт хөгжил, бүтээгдэхүүний чанар зэрэгт л анхаарч ирснээс орхигдуулаад байсан орон зайг дараагийн үеийнхэн нь ийнхүү нөхөж байна.
М.Номин-Эрдэнэ гэрийнхээ дэргэдэх дэлгүүрт явж байхдаа үүдэнд нь нэгэн эмээ зогсоод хүмүүсээс гэрт нь хүргэж өгөхийг гуйж байхтай таарчээ. Учрыг асуувал “Эмээ нь “унадаг” өвчтэй хүн. Уг нь манай гэр энүүхэнд ойрхон. Гэхдээ хүнээр хүргүүлэхгүй л бол замдаа яаж ч мэднэ” гэж хариулсан байна. Эмээ, өвөө дээрээ өссөн бүсгүйд энэ үг эмзэг тусаж. Ингээд эмээг гэрт нь хүргэж өгөхөд ихэд баярласан тэрбээр бүсгүйг гэртээ орохыг урьж, цай хийж өгч, чихрээр дайлжээ. Энэ зуураа тэд ахуй амьдрал тойрон элдвийг хуучилсан бөгөөд настай хүмүүсийн нийгэмших, олонтой байх хэрэгцээ, ганцаардлыг гүнзгий мэдэрсэн нь “Цагаа сонгодог – Цалинтай ахмад” аяны эхлэл болсон аж. Тэтгэвэрт гарсан ч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой ахмад настнууд ажиллах боломжтой цагаа өөрөө сонгож, ногоо арилгах, бэлэн бүтээгдэхүүн дээр шошго наах, баглаа бэлтгэх зэрэг ажил хийн хөдөлмөрөө үнэлүүлэх, нэмэлт орлого олох, нийгэмд идэвхтэй амьдрах боломжийг нээсэн нь уг аяны онцлог. Олон нийтийн талархлыг ч хүлээж буй. Бүтэн жилийн турш үргэлжлэх аяны хүрээнд өөр олон ажил хийхээр төлөвлөсөн ч одоохондоо нууц хэмээн тэр хэлээд инээмсэглэв.
2012 онд Засгийн газар Чингис бонд гаргаснаар өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд өнгөрсөн хүнд он жилүүд дуусгавар болж, тэдний нуруун дээр байсан том ачааг хавьгүй хөнгөлж өгсөн юм.
Харин “Дөрвөн Өлзий” компанийн үндсэн ажилтнуудын тухайд харьцангуй тогтвортой. 2008 онд “Видан” хүнсний үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ажиллаж буй хүмүүсийн 70-80 хувь нь 15-аас дээш жил ажилласан гэдгийг ч тодотгож байв. Энэ нь тус компанийн ажилтнуудаа “халамжлах” хүний нөөцийн бодлоготой ч нягт холбоотой. Б.Мөнхбаяр, Д.Уртнасан нар “Видан” хүнсний үйлдвэрээ байгуулсны дараах эхний он жилүүдэд бүх зүйлээ гардан хийж, өдөр тутмын ажлууд, процесс, шат дамжлага бүхэнд орж ажилладаг байсан бол яваандаа ажилтны тоо нэмэгдэж, өргөжихийн хэрээр менежмент, хүний нөөцийн бодлогодоо анхаарах шаардлага зүй ёсоор урган гарсан юм. Ингээд бизнесийн зөвлөх үйлчилгээ авч эхэлсэн бөгөөд өдгөө 10 дахь жилдээ мэргэшсэн зөвлөхтэй хамтран ажиллаж буй. Үүний үр дүнд, санхүүгийн менежментээ өөрчлөн шинэчилж, KPI үнэлгээ, тодорхой стандартуудыг нэвтрүүлэх зэргээр дараагийн түвшинд гарах алхмуудыг эрчимтэй хийж эхэлсэн байна. Энэ бүхэн эргээд “Дөрвөн Өлзий” компани үсрэнгүй хөгжихөд нөлөөлж өнөөгийн байр сууринд авчирчээ.
Ажил, амьдралын алтан хамтрагчид
Нийгмийн тогтолцооны шилжилтийн үед танилцаж, нэг насны амьдралаа холбон, хамтдаа босголцсон бизнесээ эдүгээ амжилттай өргөжүүлж яваа хосын танилцсан түүх галт тэрэгний тасалбар худалдах цэгээс эхэлжээ. Хоёул тус тусдаа ирж очин ганзагын наймаа эрхэлдэг байж. Тэгээд нэг л өдөр тохиолдлоор Д.Уртнасан Б.Мөнхбаяраар дамжуулан Улаанбаатараас Москва хүрэх галт тэрэгний тасалбар авчээ. Эхлээд найз нөхдийн харилцаатай байсан хоёр аажмаар хайр сэтгэлийн холбоотой болж гэр бүл зохиосон бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд дөрвөн хүүхдийн аав, ээж болохын сацуу ажил, амьдралын хүнд хэцүү, баяр баясалтай аль ч цагт бие биеэ нөхөж, түшиж тулж өнөөдрийг хүрсэн юм.
“Манай хүний аливаад тууштай, нэг эхэлсэн бол түүнийгээ дуустал нь хийж байж санаа амардаг, нугарч хугардаггүй тэр зан чанар л өдий зэрэгтэй явахад хүргэсэн. Би бол нугарч хугарч байсаан. Надад хамгийн хэцүү санагддаг байсан зүйл банкны зээл. Үнэндээ эээл авахгүйгээр бизнесээ урагш ахиулах боломжгүй байсан. Тиймээс жил бүр л өндөр хүүтэй зээл авдаг байлаа. Банканд байж болох бүхнээ барьцаалаад л зээл авна. Эхлээд өөрсдийнхөө, дараа нь хавь ойрын хамаг л хамаатан садан, ойр дотнын хүмүүсийнхээ эд хөрөнгийг барьцаанд тавьж байлаа. Ургац хураалтын цаг эхэлнэ. Шил, таглаанаас эхлээд түүхий эдээ татна, өвлийн нөөцөө бэлдэнэ, цалин хөлсөө тавина, дээр нь үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулмаар байдаг. Бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг ч нэммээр болно. Энэ мэтээр зардал мундахгүй. Гэтэл бид зөвхөн зээл бус сар бүр өндөр хүү төлнө. Тэгэхэд л их хэцүү санагдаж, үнэхээр няцаж байсан. Тэгэхэд манай хүн яг одоогийнх шигээ ингээд л сууж байдаг байлаа” хэмээн Д.Уртнасан хэлээд инээж байв. Яг энэ үед түүний хажууд Б.Мөнхбаяр эрүүгээ тулан бодлогоширч суусан билээ.
Зээлээс зээлийн хооронд өнгөрсөн энэ хүнд жилүүд 2012 онд Засгийн газар Чингис бонд гаргаснаар дуусгавар болжээ. Гэхдээ яг ч дуусгавар болсон гэхээс илүү тэдний нуруун дээр байсан том ачааг хавьгүй хөнгөлж өгсөн юм. Ингэж тэд Чингис бондоос зээл авч чадсанаар банкны 24 хувийн зээлийн хүүгээс харьцангуй урт хугацаатай найман хувийн хүүтэй зээл рүү шилжжээ. Энэ үйл явдал “Дөрвөн Өлзий” компани өнөөгийн түвшинд хүрэхэд чамгүй нөлөөлсөн гэдгийг үүсгэн байгуулагчид онцолж байв. Харин өдгөө хүүхдүүд нь гэр бүлийнхээ бизнесийн үйл ажиллагааг хариуцан авч явах болсонд сэтгэл хангалуун байдгаа тэд хуваалцсан юм. “Бид хоёр одоо ч суралцсаар байна. Тэр дундаа, хүүхдүүдээсээ маш их зүйл сурч байна” хэмээн хариулсан билээ.
Энэ хариултаас үүдэн бидний дунд сүүлийн үед их яригдах болсон үе хоорондын ялгааны тухай яриа өрнөсөн юм. Ид ажиллаж хөдөлмөрлөж байх үедээ тэд цаг наргүй, хар хүчээрээ ажиллаж, хатуу ширүүн нөхцөлд зүтгэдэг байсан бол одоогийн залуусыг харахаар чамлалттай санагддаг гэдгээ нуусангүй. “Бидний хагас харанхуй шахам үеийг бодвол мэдээлэлд ойр, бүх юм нь бэлэн орчинд амьдарч байгаа хэрнээ хангалттай хөдөлмөрлөхгүй байх шиг санагддаг” хэмээсэн юм.
Өмнө нь хоолны ширээний ард тэд нэг л мэдэхэд ажил ярьчихсан сууж байдгаа сүүлийн жилүүдээс больжээ. Он жил улирах тусам биесээ сайн мэдэрч, харцаараа ойлголцон, буулт хийх нь харин улам нэмэгдэж. Өөр хоорондоо барагтай бол муудалцдаггүй, үзэл бодол зөрөх үе бол хааяа мэдээж гарна. Ийм үедээ хэн нь ч муу муухай, таагүй үг нэгэндээ хэлдэггүй, ширүүхэн ч маргахаас зайлсхийнэ. Хүүхдүүдийнхээ дэргэд ч муудаж, таагүй зан харилцаа үүсгэхээс ямагт татгалзаж иржээ. Энэ бол тэдний гэр бүлийн үнэт зүйл гэдгийг тодотгож байсан юм.