Сүү, сүүн бүтээгдэхүүнийг уламжлалт технологийн дагуу үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг Milkman Delivery компанийн захирал Э.Гантөгстэй жилийн дөрвөн улирлын турш үйлдвэрлэл явуулж буй арга туршлага, стартап компанийг удирдаж хөл дээр нь босгоход ямар сорилттой тулгардаг, тэдгээрийг хэрхэн даван туулж буй талаар нь ярилцлаа.
Бизнес эрхлэх санаа анх хэрхэн төрсөн түүхээсээ хуваалцана уу?
Би МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад (IOM) таван жил ажилласан юм. Европоос эх орондоо бүрмөсөн ирж, суурьшиж байгаа монголчууддаа тусалдаг төсөл байсан. Гадаадад олон жил ажиллаж, амьдарсан учраас Монголд бизнес эрхлэхэд багагүй саад бэрхшээл тулгардаг, тэдгээрийг нь шийдвэрлэх мөн бизнес төслүүдийг нь дэмжсэн тодорхой хэмжээний санхүүжилт авахад нь зуучилдаг байлаа. Санхүүжилтийг нь Европын холбоо, IOM байгууллагаас гаргадаг байсан юм.
Хөдөө аж ахуйн чиглэлийн төслүүдтэй танилцахын тулд хөдөөгүүр их явдаг байсан. Тухайн үед сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний үйлдвэрлэл цаг үеэсээ хоцрогдож байгаа юм болов уу гэх бодол төрж байлаа. Ингээд энэ чиглэлийн бизнес эрхлэхээр сонирхож, 10 литр сүү худалдаж аваад өрөм хийлгэх гэж оролдсон ч бүтэлтэй болоогүй. Одоо эргээд бодоход тослог багатай сүү ашигласан юм билээ. Компанийнхаа нэрийг хүртэл бодоод олчихсон байсан үе шүү дээ.
Ковид-19 цар тахал дэгдсэнээр хил дамнасан шилжилт, хөдөлгөөн зогссон учир ажлаасаа гарч, өмнө нь туршиж, бодож байсан бизнесээ дахин эхлүүлэхээр шийдлээ. Эхний ээлжинд өрөм худалдаж аваад дамжуулж зардаг байсан ч хэдэн сарын дараа өөрөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л зарахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон. Яагаад гэхээр өрөм, сүү гашлах гэх мэт асуудал гарахад бусдын өмнөөс хариуцлага хүлээх ёстой болж байсан. Ийм маягаар тогтвортой бизнес хийх боломжгүй байсан хэрэг л дээ.
Ингээд 2020 оны өвөл сүү хөөрүүлэх 2 литрийн гурван сав худалдаж аваад туршиж үзтэл маш амттай өрөм загссан. Урам ороод нэмж 30 ширхэг сав, даацын тавиур аваад их хэмжээгээр үйлдвэрлэж эхэллээ. Намар, өвөл, хаврын улиралд хотод өрөм олдохоо больдог, харин эрэлт хэрэгцээ нь цаг үргэлж байдаг учраас өрөм борлуулж эхэлсэн юм. Хэдий энэ талаар судалж, туршилт хийсний үндсэн дээр үйлдвэрлэлээ эхлүүлсэн ч олон асуудал, бэрхшээлтэй тулгарсан. Үйлдвэрлэл явуулж байсан туршлагагүй байсан нь ч нөлөөлсөн болов уу. Гэхдээ л хичээсээр ямартай ч учрыг нь олсон.
Том зургаар нь хараад, жижгээр нь бас давхар “зурах” ёстой, ингэж байж үр дүнд хүрнэ. Энэ их чухал.
Үйлдвэрлэлээ эхэлж байхад ямар хүндрэлүүд тохиолдож байсан бэ?
Бүтээгдэхүүн тус бүрийг ялгаатай процесс, стандартаар үйлдвэрлэдэг, багахан алдаа гаргахад л доголдох эрсдэлтэй. Жишээлбэл, тараг гоё бүрэгдэхгүй бол гоё аарц гарахгүй, аарц шингэн гарвал ааруул болохгүй, ааруулыг хатаахын тулд хуурай орчин шаардлагатай. Гэтэл өрмийг халуун бус сэрүүн, чийглэг орчинд үйлдвэрлэх ёстой гэх мэт олон асуудал гарч байсан.
Иймэрхүү байдлаар нэг жил орчим үйлдвэрлэлээ амжилттай туршаад бид “Шарк танк” нэвтрүүлэгт орж, 275 сая төгрөгийн санхүүжилтийг Н.Мөнхнасан шаркаас авч байлаа. Уг хөрөнгө оруулалтаар процессоо төлөвлөж байсны дагуу загварчилж, үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тухайн үед түүхий эд худалдаж авахаа зогсоож болохгүй, тогтмол үйлдвэрлэл явуулахаас өөр аргагүй байсан нь манай бизнесийн хамгийн төвөгтэй асуудал байлаа. Учир нь бид хамгийн ихдээ гурван хоног хадгалдаг, үйлдвэрлэгдсэн өдөртөө л хэрэглэгчид хүрч байвал худалдан авагчдад таалагддаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан юм. Тийм болохоор бид үйлдвэрлэл явуулсан эхний өдрөөсөө л борлуулалтаа хийхээс өөр аргагүй бэрхшээлтэй тулгарч байв.
Түүхий эдээ татах, үйлдвэрлэлээ явуулах, маркетинг, борлуулалтаа хийх, хөгжүүлэлтээ хийх, хэрэглэгчээ бэлдэх гэх мэтээр процесс бүрд, алхам тутамдаа хөгжиж байсан гэхэд болно. Улмаар хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ шинээр нь хүргэхийн тулд дэлгүүрт борлуулдаг аргаа өөрчлөн хэрэглэгчдээ урьдчилж бүртгээд захиалгаар үйлдвэрлэдэг стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр илүү үйлдвэрлэхээр өөрсдөө алдагдал хүлээдэг, бага хэмжээтэй үйлдвэрлэхээр хэрэглэгчдээ, боломжоо алддаг гол бэрхшээлээ шийдвэрлэсэн юм. Хэрэглэгчдээ бүртгэлжүүлж эхэлснээс хойш манай хамт олон одоогоор 2000 орчим айлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг болоод байна. Энэ хэрээр зорилтот сегментдээ маш сайн танигдсан.
Танай гишүүнчлэл ямар үнэтэй байдаг вэ?
600 мянгаас 1.2 сая төгрөг урьдчилж төлснөөр манай гишүүн болдог. Анх 1-2 хүнээс эхэлж байсан бол одоо 2000 орчим айл манайд бүртгэлтэй байна. Үүн дээр шууд захиалж авдаг хүмүүсийг нэмж тооцвол бид сар бүр 15-20 мянган хүнд хүрч үйлчилдэг.
Хөдөө аж ахуйн салбарт залуу хүн тэр бүр ордоггүй. Яагаад энэ салбарт хөл тавьсан бэ?
Тухайн үед залуучууд төдийгүй ихэнх хүн койн, мэдээллийн технологийг ид сонирхдог байлаа. Гэхдээ бид дэлхийн технологийн энэ их эрчтэй хувьсгал, өөрчлөлттэй хамт алхаж, хувь нэмрээ оруулахаас бус цоо шинэ шинэчлэл, бизнесийг амжилттай хийж чадахгүй юм шиг надад санагддаг. Харин монголчууд бидний давуу тал юу вэ гэдэгт анхаарч, энэ чиглэлээрээ дэлхийд онцгойрох, ялгарах ёстой гэж бодогддог.
Бидэнд ингэж онцгойрох боломжтой хоёр зүйл байгаа нь миний бодлоор аялал жуулчлал, хөдөө аж ахуй юм. Манай компани цаашид энэ хоёр сегмент рүү чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэхээр зорьж байна.
Анх бизнесийн санаа төрөх үеийн төсөөлөл, тооцоолол болон санаагаа бодит амьдралд хэрэгжүүлэхэд ямархуу зөрүү, ялгаа гарсан бэ. Хувийн бизнес, тэр дундаа үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хүмүүст та туршлагадаа тулгуурлан юу гэж зөвлөх вэ?
Бодож, төлөвлөсөн бүх зүйл бодит байдал дээр тэс өөр, зөрүүтэй байдаг юм билээ. Тэр тусмаа бизнесийн ямар ч туршлагагүй хүн шууд дайраад орсон болохоор үйлдвэрлэл, бизнесээ процессоор нь харж сурахад их хэцүү байсан.
Манай бүтээгдэхүүнээс өрөм хамгийн өндөр борлуулалттай боловч заримдаа зарагдахгүй үе гардаг байсан. Хүмүүс маш ихээр худалдаж авч байснаа гэнэт зарагдахаа болиод агуулахад 200-300 ширхэг өрөм үлдчихсэн өдөр ч бий. Ийм үед өрмөө хайлмаг болгоно гэх мэтээр төсөөлснөөс зөрүүтэй зүйл бодит байдал, үйлдвэрлэл дээр их гарсан. Санхүүгийн тооцоолол ч төсөөлснөөс 180 градус өөр болсон.
Гэхдээ зөв зүйл, зөв зорилгын төлөө явж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан болохоор замаасаа огт хазайгаагүй. Тэрхүү зорилго маань бүтээгдэхүүнээ цоо шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэх юм. Бид бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдээр бага хэмжээтэй борлуулдаг ч төдий л амжилт олохгүй байна. Хадгалах хугацаа богино бүтээгдэхүүнүүд учраас буцаалт хийж, эсвэл чанарыг нь муутгаснаас захиалгаар үйлдвэрлэе гэдэгтээ цаашид бид бат зогсоно гэж боддог.
Санаснаар болохгүй байсан болохоор тухайн үед бууж өгөх, няцах тохиолдол байсан уу?
Бизнесийнхээ бүтэн процессыг угсартлаа огт шантраагүй. Үүнийг л хийвэл болно доо гэж маш их хичээж зүтгэсэн ч бүх зүйл тогтворжоод ирэх үед санхүүгийн нэлээд алдагдалтай, хэдий үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа ч багагүй хэмжээний өр “үйлдвэрлэчихсэн”, ашигтай ажиллаагүй гэдгээ нэг л өдөр анзаарсан.
Өөрөөр хэлбэл, хайрцагнаасаа гараад хартал санхүүгийн хувьд бизнес маань цаашид тогтвортой явах боломжгүй болсон байлаа. Бодож, төсөөлж байсан процесс, систем маань бий болсон мөртлөө бизнес маань амжилттай гэж хэлэхэд хэцүү нөхцөлд орсон байсан. Бизнес бол зөвхөн систем, процесс угсрах бус ядахнаа 1000 төгрөгийн ашигтай ажиллахыг хэлдэг, процесстоо заавал ашиг суулгаж өгсний үндсэн дээр цааш алхах ёстойг ойлгосон. Тэр үе л бидэнд их хэцүү байсан. Ингээд 2023 онд дахин загварчлал, тооцоолол хийж байлаа.
Мөнгө олох, бодож төлөвлөснөөс борлуулалт давах сайхан. Гэхдээ бусдын боломжгүй, биелэхгүй гэж байсан асуудлыг шийдвэрлэж, хүрсэн үр дүнгээ харах нь бидний хувьд илүү кайфтай, сайхан зүйл байсан гэж бодогддог. Энэ бүхэндээ өөрийн эрхгүй урамшиж, өрмөө загсааж, таргаа бүрж, аарц, ааруулаа үйлдвэрлэж байсан нь л биднийг шантрахгүй өдий зэрэгт хүрэхэд хөтөлсөн.
Бусдын боломжгүй, биелэхгүй гэж байсан асуудлыг шийдвэрлэж, хүрсэн үр дүнгээ харах нь бидний хувьд илүү кайфтай, сайхан зүйл байсан.
Та огт өөр салбараас бизнесийн талбарт хөл тавиад амжилттай ажиллаж байна. Энэхүү шилжилтийг хийхэд сэтгэлгээ, ажлын арга барил, ажлын цаг гээд олон зүйл өөрчлөгдсөн байх. Уг шилжилтийг хийх хэр хэцүү байсан бэ?
Шилжилтийн үе нь харьцангуй гайгүй байсан. Учир нь би аливааг хурдтай, шуурхай хийж дуусгаад, дараагийн зорилго, ажил руугаа ордог төрлийн хүн юм шиг байгаа юм. Олон улсын байгууллагад ажиллаж байхдаа үүнийгээ анзаарсан гэж болно. Тухайн үед л өөрийгөө бизнесийн салбарт ажиллахад тохиромжтой юм байна гэж бодсон доо.
Хувийн бизнесээ эхлүүлээд эхэндээ цагт баригдахгүй, зорилгынхоо төлөө урагшлах нь сайхан байсан ч өмнө дурдсанчлан дунд хэсэгтээ их хэцүү үетэй таарсан. Ажлын өдөр ч, амралтын өдөр ч байхгүй ажиллаад л байсан. Гэхдээ одоо энэ бүхнийг зохицуулж сурах нь чухал гэдгийг ойлгосон.
Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс юуг өөрөөр хийсэн болохоор энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэж боддог вэ?
Манай бүтээгдэхүүнийг харилцагчид маань яагаад урьдчилж төлбөр төлж, багцаар нь, хүргэлтийн төлбөртэй, зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнээр авч байна вэ гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд нухацтай сайн бодож, одоо л ойлгож байна.
Учир нь манай компани технологио чанд мөрдөж, хэрэгжүүлж чадаж байна. Монголчууд сүүг боловсруулж, маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон шалгарсан арга технологийг хөгжүүлж, бий болгож, өнөөдөр бидэнд уламжилж ирсэн байна. Герман, Япон, Хятад технологийн машин үйлдвэрлэл гэдэгтэй адилхан юм. Тиймээс уламжлалт аргаар үйлдвэрлэсэн бус монгол технологиор үйлдвэрлэсэн гэж ярих нь зөв.
Бид харин энэхүү технологийг дараагийн түвшинд хүргэх алхмыг хийсэн гэж боддог. Эл технологи маань монголчуудын хэрэгцээ, амтлах мэдрэмжид маш их нийцдэг учраас манай компани өнөөгийн түвшиндээ хүрч хэрэглэгчдэдээ танигдаж, байр сууриа олсон. Мөн харьцангуй их хэмжээгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, өрхийн түвшинд байсан үйлдвэрлэлийг цехийн түвшинд хүргэсэн юм. Цаашид үйлдвэрлэлийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар бид судалж байна.
Компанийн хөгжлийн үе шат бүрд ялгаатай зорилго байдаг. Та Milkman Delivery компанийн цаашдын зорилгыг хэрхэн тодорхойлж байна вэ?
Бид энэ чиглэлийн ашигтай бизнес моделийг бий болгож, хөгжүүлж чадсан. Гэхдээ үүнийгээ өргөжүүлбэл зардал нь дагаад өсөх магадлал бий. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл маань гар ажиллагаа ихтэй учраас нэг тонн сүү боловсруулж байснаа шууд хоёр тонн болгосон нөхцөлд дагаад зардал өснө. Үйлдвэрлэлийн хэмжээ бага байсан нь илүү оновчтой гэж дүгнэж болно.
Тиймээс нэгэнт бий болгосон бизнес загвараа томруулалгүй, зах зээлээ тэлэх, хүртээмж багатай өрөм зэрэг бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэхэд анхаарч байна. Урт хугацаандаа франчайз загварыг ашиглах болов уу.
Дунд хугацааны зорилгын хувьд бид орхигдуулж, анзааралгүй явж байсан нэг боломжоо ашиглаж, бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Иссэн тарагнаас аарц гаргахын тулд тодорхой хугацаанд буцалгадаг, энэ үед гардаг уурыг ашиглан нэрмэл архи хийх боломжтой. Бид инновацыг их холоос хайдаг ч үнэндээ дэргэд маань байдаг гэдгийг энэ жишээ харуулж байгаа байх.
Таргийг маш олон литрээр нь буцалгадаг учраас харьцангуй их хэмжээний шимийн архи гаргаж авах боломж манай компанид бий. Тиймээс шимийн архийг илүү өргөн хэрэглээнд оруулах, магадгүй сөжү шиг хэрэглээтэй болгохоор төлөвлөн ажиллаж байна. Хэдий шимийн архийг олон компани тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж байсан ч тэдний гол асуудал нь түүхий эдийн тааруу хангамж байсан гэж боддог.
Энэ салбар хөгжиж, олон өрсөлдөгчтэй, олон сайн бүтээгдэхүүнтэй болохын тулд зах зээлийн зарчмаараа хөгжих ёстой. Хэдий хугацааны хувьд хойшилж байж болох ч цаашид IPO гаргах бодол маань хэвээрээ. Ингэж байж салбар маань зөвөөр, эрүүлээр хөгжинө.
Milkman Delivery компани түүхий эд бэлтгэл, ложистик, бүтээгдэхүүний чанарыг хадгалах зэрэг чухал үе шатанд хэрхэн анхаардаг вэ?
Процессын өчүүхэн төдий ч алдаа гаргаж болохгүй. Түүхий эдээ өглөө долоон цагт бус 10 цагт очиж авахад л чанараа тодорхой хэмжээгээр алддаг. Хөргүүртэй машинаар хөргүүрээс хөргүүрт хүргэх ёстой байтал аль нэг хөргүүр нь ажиллаагүй бол тухайн бүтээгдэхүүний чанар алдагдах эрсдэлтэй. Эсвэл хэрэглэгч хөргөгчиндөө биш ил байлгасан бол муудна гэх мэтээр түүхий эд бэлтгэхээс эхлээд хэрэглэгчийн ходоодонд орох хүртэлх бүх үе шатанд анхаарал тавих ёстой.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэг давуу тал нь асуудал гарвал маш хурдан мэдэгддэг нь юм. Бүтээгдэхүүн гашилсан, иссэн бол хаана алдаа гарсныг нь тэр даруй мэдэж болдог. Тийм учраас том хэмжээний бус жижиг хэмжээний үйлдвэрлэл нь илүү оновчтой гэж боддог.
Улс орныг чадварлаг, шинийг сэтгэдэг энтрепренерүүд л хөгжүүлдэг.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ямар сорилт, бэрхшээлүүд байдаг вэ. Мөн үүнтэй холбогдуулан манай бизнесийн орчны талаарх таны санал бодлыг сонсъё.
Асуудал, бэрхшээл тоочъё гэвэл олон бий. Хамгийн эхэнд мэдээж татвар, нийгмийн даатгалын дарамт нь бизнесүүдийг хөгжихөд гол тээг болж байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэсэн яриа үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой.
Гэхдээ Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээлбэл, манай компани НӨАТ-аас 100 хувь чөлөөлөгддөг, хөдөө аж ахуйн салбарын компаниуд хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдах боломж нь харьцангуй их гэх мэт. Гэхдээ нэг талаар дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаас татвар, нийгмийн даатгал нь тээг болоод, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг тэр бүр олгохгүй л байна.
Бизнесийн орчны хувьд боломж бий. Зөвхөн сүүний чиглэлээр нэмж 2-3 компани байгуулах боломж бидэнд харагдаж байна. Энэ талаар судалгаа, хөгжүүлэлт хийж эхэлсэн. Томоохон компаниуд сарлагийн сүү, ямааны сүүгээр бүтээгдэхүүн гаргахаар судалж, үйлдвэрлэж байна.
Бизнес эрхлэхэд бие болон сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстойгоос гадна төсөөлсөн, тооцоолсон зүйл бодит байдал дээр 100 хувь өөр байдаг нь хэцүү санагддаг. Нөгөө талаар, бодсон, зорьсон зүйлээ биелүүлэх нь сайхан юм даа.
Компанийн амжилтыг та юу гэж тодорхойлдог вэ?
Тухайн байгууллагын том, жижгээс хамаарч амжилтыг хэрхэн тодорхойлох нь ялгаатай байх болов уу. Манай компанийн хувьд стартап түвшнээ туулаад дараагийн шат руу орж байна. Тодорхой хэмжээний ашигтай ажиллаж эхэлж байгаагаа бид амжилт гэж үздэг. Мөн тодорхой бүтэц, систем, процесс, ялгарал, ашигтай компани болсон учраас цаашид өсөлт, тэлэлтийг зорилгоо болгоно. Ер нь зорилгодоо хүрэхийг л би амжилт гэж тодорхойлно.
Хүмүүс эрүүл хооллохыг эрхэмлэж, эрүүл амьдралын хэв маягийг сонгох нь нэмэгдэж байна. Энэ өөрчлөлтийг танай компани бүтээгдэхүүндээ хэрхэн тусгаж байна вэ?
Манай байнгын худалдан авагчид хоол, хүнсэндээ маш их анхаардаг, чанартай, эрүүл хүнсийг хэрэглэх сонирхолтой хүмүүс байдаг. Сүүлийн үед бид эрүүл хооллолтоор дагнасан “Фитофүүд” компанитай хамтарч, хоолны цэсэнд нь өөрсдийн үйлдвэрлэдэг цагаан идээг нэмж оруулж эхэлсэн. Тухайлбал, уургаар баялаг ээдэм, бяслаг, ээзгий, кальциар баялаг тараг, аарцыг гоёмсог, шинэлэг байдлаар үйлдвэрлэж хоолных нь менюд оруулж байна. Мөн кето хайлмаг зэрэг эрүүл бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож эхэлсэн.
Tа ажлын болон удирдлагын арга барилынхаа талаар бидэнтэй хуваалцана уу?
Компанийнхаа өдөр тутмын ажилд аль болох бага оролцох байдлаар удирдахыг хичээдэг. Жилдээ 1-3 удаа үйлдвэр дээрээ очдог. Найз маань компанийнхаа үйл ажиллагааг хариуцаж, үйлдвэрлэлийн процесс бүрд хүрч ажилладаг. Миний хувьд урт хугацааны зорилго, алсын хараанд илүүтэй төвлөрч ажилладаг. Мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанд найзтайгаа хамт тогтмол анхаарал тавина. Компани удирдах, хүмүүстэй ажиллах арга барилаа сүүлийн жилүүдэд олж авч, суралцаж байна.
Компани удирдаж байгаа бол зайлшгүй стратегич, логик сэтгэлгээтэй байх ёстой. Наад зах нь гурван сарын дараах дүр зураг, төлөвлөгөөгөө гаргах ёстой. Гэхдээ гоё юм хийхээр төсөөлж, төлөвлөж болох ч хэрэгжилтийг нь нэг бүрчлэн, маш нарийн төлөвлөх ёстой. Өөрөөр хэлбэл, том зургаар нь хараад, жижгээр нь бас давхар “зурах” ёстой, ингэж байж үр дүнд хүрнэ. Энэ их чухал.
2020, 2021 онд Business.MN-ийн подкастыг би байнга сонсдог байсан. Мөн “Төгс компани бүтээх нууц ном”-ыг уншаад удирдлага нь компаниасаа бүрэн салж, бие даан хөгжих боломж олгох ёстой гэдгийг ойлгосон.
Таны цаашдын зорилго юу вэ?
Хүн том мөрөөдөлтэй байх сайхан. Гэхдээ хоосон мөрөөдөх бус тэрхүү мөрөөдөл, зорилгоо том зургаар нь хараад жижгээс нь эхлээд хөгжүүлж, хичээж, зорих ёстой. Миний мөрөөдөл бол цоо шинэ юм бүтээх. Чухам юу вэ гэдгийг нь хараахан бодож олоогүй л байна. Milkman Delivery компанийг үүсгэн байгуулсан нь тэрхүү мөрөөдөлдөө хүрэх аяллын маань таван хувь л гэж бодож байна.
Бид хуулбарлагч сэтгэлгээтэй байгаа нь манай улсад үйлдвэрлэл хөгждөггүй нэг шалтгаан гэж би боддог. Ямар нэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадаас, эсвэл дотоодоос аваад зардаг бизнес л их байна. Бүтээе, шинийг бий болгоё гэсэн сэтгэлгээ дутмаг байх шиг. Үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бид маш бүтээлч байх хэрэгтэй. Түүнээс бус зөвхөн төр засаг л улс орныг хөгжүүлэх ёстой юм биш. Улс орныг чадварлаг, шинийг сэтгэдэг энтрепренерүүд л хөгжүүлдэг. Би өөрөө ч бүтээлч байхыг хичээдэг. Тийм ч учраас миний үндсэн ажил бол бодох.