МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” 21 аймгийн залуу бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлж, хамтарснаар өнөөдрийн түвшнээс ахих бүрэн боломжтой гэж үзэж буй. Улмаар улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадна хэмээн зураглаж, энэ ч үйл хэргийн төлөө үйл ажиллагаа, бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Энэ ч утгаараа бид тус зөвлөлийн зохион байгуулсан “Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган 2024” -д хэлэлцүүлсэн зарим онцлох санаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлон уншигч та бүхэнд хүргэе. Тэр дундаа, “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл”-ийн дарга С.Майцэцэгийн “Нэг зорилго, нэг бодлого” сэдвийн хүрээнд тавьсан илтгэлийн гол санааг хураангуйлан танилцуулж байна.
Хөгжлийн гаргалгаа бол хамтрал
НҮБ-аас танилцуулсан гурван үзүүлэлтээр үндэсний хөгжлийг
- Нэгт, эдийн засгийн хөгжил,
- Хоёрт, нийгмийн хөгжил буюу хүний хөгжил,
- Гуравдугаарт, байгаль орчны хөгжлөөр хэмждэг бөгөөд эдгээрийн аль нэг нь сул хөгжсөн бол үндэсний хөгжлийн үзүүлэлт хангалтгүй гэж үздэгийг чуулганы үеэр онцолж байв.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан судалгаанд манай улсын хүн амын боловсролын түвшин 0.755 нэгжээр өсөөд буй. Цаашид дээрх гурван үзүүлэлт болон хувь хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлснээр бизнесээ улам өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн мэдээлснээр Монгол Улсад бизнесийн байгууллагууд ашигтай ажиллах нөхцөл сүүлийн жилүүдэд улам муудсаар байна. Мөн “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д нийт 64 улсыг жагсааснаас Монгол Улс 100 онооноос 35.56 оноо авч 62-т буюу хойноосоо гуравт эрэмбэлэгджээ. Тиймээс ч “Хүний хөгжлийн индекс”-ийг сайжруулах бодлогыг тууштай баримталбал бидэнд эдийн засаг болоод нийгэмдээ томоохон хөгжил дэвшлийг авчрах боломж, потенциаль бий.
“Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл”-ийн дарга С.Майцэцэгийн ярьснаар “Манай улсын бизнесүүд харьцангуй жижиг зах зээлд өрсөлдөж, өсөж хөгждөг. Зах зээлийн энэ онцлогоос шалтгаалан бизнесээ тэлэхэд хүндрэлтэй байдгаас гадна бие даан зүтгэсээр олон хүндрэл бэрхшээлд хүчгүйддэг. Нэг үгээр, монголчууд цээжиндээ багтсанаар, ахуйн түвшинд бизнес эрхэлж байна. Гэтэл ашиг орлогоо гаднынханд алдахгүйн тулд илүү ахисан түвшний бизнесийн мэдлэг хэрэгтэй. Ийм үед төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Нэг зорилго, нэг бодлого” -тойгоор үндэсний брэндүүдийг бий болгож, хүндрэл бэрхшээлүүдийг хамтын хүчээр давж, олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд бид нэгдсэн стратеги, бодлого, философитой байх учиртай.
Үүний тулд нэн тэргүүнд, бид өөр хоорондоо нэгдэж, 21 аймаг есөн дүүрэгт инновацын төвүүд буюу бизнес хөгжүүлэх төвүүд, бүсчилсэн хөгжлийн долоон бүс тус бүрд Шинжлэх ухаан технологийн паркуудыг барьж байгуулан, үүгээрээ дамжуулж нетворкинг, хамтын уураг тархийг бүтээн, бүтээлч үйлдвэрлэлүүдийг эрчимжүүлж, эдийн засгаа солонгоруулах боломжит шийдэл бий” хэмээв.
Уг алхмыг хэрэгжүүлснээр манай улс экспортын орлогын цөм болох нүүрсний зах зээлд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болох аж. Монгол Улсын экспортолж буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг нүүрс эзэлдэг. Ингэхдээ зөвхөн БНХАУ-д нүүрсээ борлуулж эдийн засгаа тогтоон барьдаг. Гэтэл урд хөрш НҮБ-ын хурлын индрээс нүүрсний хэрэглээг 10 жилийн дараа гэхэд тэг болгох зорилт тавьснаа зарласан билээ. Манай улс ч тус индрээс 2030 он гэхэд байгалийн нөөцийг зохистой ашиглаж, байгаль орчны бохирдлыг бууруулан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилтыг тавиад буй.
Тэгвэл Хятад улс тус зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ маш хурдтай нэмэгдүүлж байгаа. Үүнээс гадна “Тогтвортой хөгжил 2025” зорилтын хүрээнд дэлхийн 196 улс хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад анхаарч, нүүрсний хэрэглээг зогсоох талаарх гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ утгаараа монголчууд уул уурхайн бус нөөцүүдээ даруй илрүүлж, шинэ технологи, шинэ үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэхгүй бол эдийн засгийн баталгаагүй, хүнд нөхцөл байдалд орохыг тэрбээр чуулганд оролцогчдод онцлон танилцуулж байв.
Мөн тэрбээр “Манай улсын төсөв өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 6-7 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн жилийг эс тооцвол жил бүр алдагдалтай төсөв баталсаар ирсэн” гэлээ. Гэтэл улсын нийт төсвийг бусад улс орны төсөв бус зөвхөн нэг компанитай жишиж үзэхэд дэлхийн технологийн томоохон тоглогч Apple гэхэд л жилийн 394 тэрбум ам.долларын орлоготой, 150 орчим тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилладаг. Харин Оюутолгойн жилийн орлого 1.2 тэрбум гаруй ам.долларт хүрдэг. Харамсалтай нь, үүнийг бид улсдаа орлого болгон авч чадахгүй хэвээр буй. Энэ бүхний төлөө байгаль орчин, ус мөрнөө бохирдуулж, монгол залуучууд газрын гүнд хөдөлмөрлөдөг.
Энэ агуулгыг дүгнэвэл, ганцхан дэвшилтэт технологи нэг улсын нийт бүтээж буй ашгаас 150 дахин өндөр ашигтай ажиллаж байна. Иймээс бид урд хөрш хэмээх нэг л улсын ганц хэрэгцээг хангахыг зорьдог харалган бодлогоо зогсоож, дэлхий нийтийн хэрэгцээг судлах цаг болсон. Бид iPhone -ий дараа үеийн утсыг бүтээж чадахгүй гэж үү? Миний хувьд чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна, чадах чадахдаа маш богино хугацаанд ч бүтээж чадна. Бид тийм хэмжээний оюуны өндөр чадамжтай ард түмэн. Үүнийг бүтээхэд уул уурхайн технологи нэвтрүүлэхээс ч бага хөрөнгө оруулалт шаардана. Хамаагүй хялбар ч байх болно” хэмээв.
Жишээлбэл, 50 жилийн өмнө ядуу буурай, хүнд нөхцөлд байсан Өмнөд Солонгос улс өндөр технологи, инновацад хөрөнгө оруулж эхэлснээр өдгөө өндөр хөгжилтэй орны тоонд багтаж чадсан. Тухайн үед тус улс өндөр технологи нэвтрүүлэх ямар ч боломжгүй шахам байсан. Тэр ч бүү хэл олон улсын зөвлөхүүд будаагаа борлуулж амьдрах чиглэлийг өгч байсан ч, улс орон нь гангийн нөөцгүй болсон ч Ерөнхийлөгч нь ган болон металлуудыг өөр улсаас худалдан авах шийдвэр гаргаж, боломжгүйг боломжтой болгон электрон бараа, автомашин, мөн хамгийн өндөр технологи шаарддаг усан онгоц үйлдвэрлэн эдийн засгаа маш хурдтай хөгжүүлж чадсан түүхтэй.
С.Майцэцэг хурдтай хөгжиж буй эдгээр улс инновац болон шинжлэх ухаан, судалгааны хөрөнгө оруулалтаа жил бүр нэмэгдүүлж, шинэ технологиудыг маш хурдтай нэвтрүүлснээрээ бусдаас түрүүлж алхаж чадаж байна гэж тайлбарлав. Тус агуулгын хүрээнд тэрбээр 10 жилийн дотор Монгол Улс багадаа таван том брэндтэй болбол 20 жилийн дараа эдийн засгаа 30-100 дахин тэлэх боломжтой. Гол нь бүх төрлийн металлаар дэлхийд эхний байрт жагсдаг манайх шиг улсад өндөр технологи бий болгох бүрэн боломж бий. Гагцхүү эдгээрийг хөгжүүлэх үндэс нь Шинжлэх ухаан технологийн паркуудыг юуны түрүүнд барих хэрэгтэй байгаа талаар дурдсан бөгөөд чуулганы үеэр VR төхөөрөмжид ийм паркууд байгуулснаа ирсэн бүх хүнд танилцуулсан юм.
Дүгнэвэл, МҮХАҮТ дэргэдэх Бизнес эрхлэгч залуучууд хоёр төрлийн шийдлийг боловсруулсан ба эдгээр нь хоорондоо уялдаатай хөгжих боломжтой аж. Үүнд:
- Шинжлэх ухаан технологи, инновацын паркуудыг долоон бүсэд байгуулах. Үүнд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн хамтарсан судалгаа болон үндэсний брэндүүдийг бий болгох төв бааз болгох.
- 21 аймаг, есөн дүүрэгт багадаа нэг бизнес хөгжүүлэх төв болох инновацын хабуудыг барих, тохижуулах. Эдгээр төвийг байгуулах зорилго нь бизнес эрхлэгчдийн сургалт хөгжлийг түлхүү анхаарч, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааны суурийг тавих ба нетворкинг үүсгэн нэг зорилго нэг бодлоготойгоор хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Дэлгэрүүлбэл, Үндэсний хөгжлийн суурь нь эв нэгдэл бөгөөд бие биедээ итгэх хэрэгтэй талаар дурдаж, үүний тулд хүн бүр хүний эрхийн мэдрэмжтэй байж, ёс суртахуун, ёс зүйг эрхэмлэж чадвал нэгдмэл байдал сайжран Үндэсний хөгжил бий болно хэмээв.
Мөн “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл”-ийнхөн “Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган 2024” арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ерөнхий ивээн тэтгэгч Top genius боловсролын төв, gold ивээн тэтгэгч K Pop ресторан, bronze ивээн тэтгэгч Голомт банк болон дэмжигч байгууллагууд болох МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи”, Business.MN-ийн хамт олонд залуучуудын санал, санаачилгыг дэмжин ажиллаж ивээн тэтгэсэнд талархаж буйгаа тэрбээр илэрхийлж байв.
Харилцаа бол хамгийн хүчирхэг зэвсэг
Гаднын томоохон бизнес эрхлэгчид монголчуудыг тун нэрэлхүү, бүрэг ичимхий хүмүүс гэх нь бий. Гэтэл жинхэнэ бизнес харилцаа нетворкинг үүсгэх чадварыг төгс эзэмшсэн байхыг шаарддаг. Ялангуяа залуу бизнес эрхлэгчид олон төрлийн хүмүүс, бүлгүүдэд нөлөөлөгч биш юм гэхэд нэг хэсэг нь байх хэрэгтэй гэдгийг чуулганы илтгэгчид онцолж байв. Хэрэв тус чадварыг сайтар эзэмшиж чадвал бизнесийн орчиндоо илүү хөрөнгө оруулалт, хамтрагчдыг татан оролцуулах ач холбогдолтой аж. Энэхүү агуулгын хүрээнд Networking, Harvard ManageMentor хөтөлбөрийн сургагч багш, Andra academy-ийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын докторант Х.Бадамгэрэл бизнес эрхлэгч залууст зориулан сургалт орсон юм.
Боловсрол судлалын докторант Х.Бадамгэрэл:
– Аливаа арга хэмжээ, хэлэлцүүлэгт уригдаж буй бизнес эрхлэгч та өдөржин суудалдаа хадаатай байх нь ирээдүйд үүсэх шинэ боломж, сайн хамтрагчдаасаа хойш сууж буй хэрэг. Нетворкинг чадварын гол давуу тал нь бид байгаа орчиндоо өөрийн уур амьсгалыг эерэгээр түгээн дэлгэрүүлэхийг хэлнэ. Хуучин цагт сонголт хийхэд хязгаарлагдмал байсан бол энэ зуунд маш өргөн сонголтууд бий болсон. Гэхдээ хүн харилцааны амьтан учир хэн тантай зорьж харьцаж байна тэр орон зай руу л автоматаар алхдаг. Харилцаа бол нетворкинг чадварын хамгийн эхний суурь чадвар. Сонголт буй газар боломж, хэрэгцээ, өрсөлдөөн, чанар, ашиг байдаг. Мөн тэнд эрх чөлөө оршиж байдаг. Иймд, та өөрийнхөө бизнесийн орчныг амжилттай тэлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харилцаагаар дамжуулан олон өөр төрлийн уур амьсгал, орчин дунд өөрийгөө таниулах хэрэгтэй.
Бид өдөр бүр олон төрлийн харилцаанд орж байдаг. Харин бизнесийн харилцаанд гурван төрлийн бүлэг болон хүмүүстэй тогтмол харилцаж байх шаардлагатай. Үүнд:
- Нэгдүгээрт, алсын зорилгод тань хүргэж өгөх боломжтой нөлөө бүхий хүмүүс.,
- Хоёрдугаарт, багийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой бүлэг.,
- Гуравдугаарт, хувь хүн рүү чиглэсэн хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжсэн хүмүүс зэрэг багтана.
Нетворкинг гэдэг нь мэргэжлийн болон хувь хүний түвшинд бусадтай холбоо тогтоож, харилцаа үүсгэн, мэдээлэл, туршлага солилцох үйл явц юм. Энэ чадвар нь ажил, бизнес, хувь хүний хөгжлийн олон боломжийг нээдэг хэмээв.
Мөн залуу бизнес эрхлэгчид нетворкинг сургалтын хүрээнд дараах аргуудыг нэн тэргүүнд өөртөө хэвшүүлэх хэрэгтэйг Х.Бадамгэрэл багш зөвлөж байлаа. Уг зөвлөгөөг товчилбол,
- Өөрийгөө танилцуулах: Юун түрүүнд өөрийгөө бусдад зөв танилцуулах нь чухал. Богино, тодорхой, үр өгөөжтэй танилцуулга бэлдэж, тухайн хүндээ ойлгомжтой байдлаар өөрийн туршлага, сонирхол, ур чадвараа илэрхийл.
- Идэвхтэй сонсогч байх: Бусдын яриаг анхааралтай сонсож, тэдний үзэл бодол, хүсэл сонирхлыг ойлгохыг хичээ. Ингэснээр харилцагч талдаа хүндэтгэлтэй хандаж, итгэл үнэмшлийг төрүүлэх болно.
- Эвсэг харилцаа үүсгэх: Сэтгэл татам, эвсэг харилцаа үүсгэж чаддаг хүмүүс бусдын итгэлийг хялбархан олж авдаг. Энэ нь урт хугацааны харилцааг бий болгоход тусалдаг.
- Өөрийгөө хөгжүүлэх: Таны сүлжээний чанар мэдлэг, чадвараас тань шууд хамаардаг. Өөрийгөө байнга хөгжүүлж, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшсэнээр илүү үр дүнтэй сүлжээний харилцаа үүсгэх боломжтой.
- Үйл ажиллагаанд оролцох: Сургалт, хурал, арга хэмжээ, клуб зэрэг газар өөрийн сүлжээгээ өргөжүүлж болно. Оролцоо их байснаар шинэ хүмүүстэй танилцаж, харилцааны хүрээгээ тэлэх боломжтой.
- Харилцаагаа тогтмол “арчил”: Байнга холбоотой байж, мэдээлэл солилцох, мэндчилгээ илгээх гэх зэрэг үйлдлийг хийснээр харилцааг тасралтгүй байлгаж чадна.
Хамтын ажиллагаа хөгжилд хүрэх гүүр
Монголбанкны дэд ерөнхийлөгч, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банканд зөвлөх, “Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан БЭЗЗ-ийн зөвлөх, Хөгжлийн эдийн засагч банкир Д.Энхжаргал залуу бизнес эрхлэгчдэд санал, зөвлөгөөг уламжилсан юм. Тэрбээр “Өнөөгийн зах зээлийн эрчтэй өрсөлдөөнд залуу бизнес эрхлэгчид хамтран ажиллах нь амжилтад хүрэх чухал алхмуудын нэг. Тэр тусмаа олон улсын зах зээлд гарахад тулгардаг санхүүгийн дарамт, туршлага дутмаг байдал, сүлжээний хязгаарлалтуудыг хамтын хүчээр даван туулах боломжтой. Нэг үгээр, хамтын ажиллагаагаар дамжуулан өөрсдийн сул талуудыг нөхөж, шинэ санаа, арга барилыг суралцах нь зүйтэй. Энэ нь улсын хөгжилд ч нэн хувь нэмэртэй. Тодруулбал илүү өрсөлдөх чадвартай, инновацад суурилсан бизнесүүд бий болсноор ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг. Мөн залуусын манлайлал, шинэ санаачилга нь нийгмийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээв.
Эрх чөлөө хуулийн хүрээнд хязгаарлагддаг
Бизнес эрхлэгчид хууль, эрх зүй болон бусад чиглэлд төрийн оролцоог байнга үгүйлж байдаг. Харин зарим тохиолдолд огт шаардлагагүй нөхцөлд төр оролцож хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлдаг гэдэг. Тэгвэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар Ticket.mn-ий үүсгэн байгуулагч Ж.Дамдинцэрэн залуу бизнес эрхлэгчдийг төлөөлөн хэлэлцүүлэгт оролцсон юм.
Тэрбээр “Ер нь бизнес гэдэг хүний хүсэл мөрөөдөл, шинэ санааг хэлдэг. Бизнес эрхлэх гэж буй хүн тууштай байх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн хэвшлийнхэн “Төр биднийг сонсохгүй байна” гэх болсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд төр бизнес эрхлэгчдийг аливаа төсөл, ажилд татан оролцуулж, дуу хоолойг нь сонсохыг хичээж байгаа нь ажиглагдаж байна” гэв.
Түүний бодлоор төр оролцож байж бизнес тодорхой хэмжээгээр хөгжиж цааш явдаг аж. Учир нь бид нэг улсад амьдарч буй тул нэг санаа зорилготой байх хэрэгтэй. Ингэхдээ бизнес эрхлэгчид аливаа алхмыг түрүүлж хийж, төрд ойлгуулах хэрэгтэй.
Үүний тулд төр хувь хүний үзэмж, эрх дархаар бус хуулийн хүрээнд зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Харин бизнес болон хувийн байгууллагууд эрх чөлөөт хүмүүс учир эдийн засгийн шударга ёсыг тогтоох шаардлагатай гэдгийг онцолж байв.