2024 онд дэлхийн хоёр дахь өндөр барилга ашиглалтад орж, Нотр дамын цогчин дуганы засвар дуусаж, футуристик чиглэлийн маш олон мега төслийн шавыг тавьсан. Үүний зэрэгцээ архитектурын ертөнц нь илүү даруухан, байгальд ээлтэй төслүүдийн үнэ цэнийг онцолж байлаа.
Өнгөрсөн гуравдугаар сард тус салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Pritzker Prize-ийг Японы барилгын салбарын шилдгүүдийн нэг Рикэн Ямамото хүртсэн бол Австралийн хөдөөгийн нэгэн жижиг сургууль Дэлхийн Архитектурын фестивалийн шилдэг шинэ барилгаар нэрлэгдэж байв. Харин 2025 онд дэд бүтцийн мега төслүүд, инженерчлэлийн агуу санаануудаас гадна байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн онцлогийг багтаасан жижиг төслүүд ч дэлхий нийтийн анхааралд өртөх боломжтой юм. Инновацлаг модон барилгаас эхлээд Азийн шинэ аварга том нисэх буудал зэрэг 10 төсөл ирэх 12 сарын хугацаанд нээлттээ хийх хүлээлттэй байна.
Шинэ Сиднейгийн загасны зах, Сидней (Австрали)
Дэлхийн гурав дахь том загасны зах улам томорч байна. Сидней хотын загасны түүхт захыг нүүлгэх шийдвэрийг Шинэ Өмнөд Уэльсийн Засгийн газар гаргаснаас найман жилийн дараа хуучин захын дэргэдэх цоо шинэ дөрвөн давхар барилгад нүүж орох гэж байна. Тус зах анх 1870 онд нээгдсэн ч одоогийн байрлалдаа 1966 оноос хойш ажиллаж байгаа юм.
3XN Architects компани болон Австралийн BVN фирмийн зураг төслийг нь гаргасан уг барилга нь аялал жуулчлалын төвөөс гадна загасны бөөний захын үүргийг давхар гүйцэтгэх боломжтой аж. Тухайлбал, логистик, захын үйл ажиллагааг зоорийн давхарт “нуусан” бол дээд давхруудад худалдан авагчдад зориулсан зах, зоогийн газар, жижиглэн худалдаачдад зориулсан дуудлага худалдааны төв зэрэг байрлана.
Түүнчлэн боомтын нутаг дэвсгэр дэх дэлгүүр, зоогийн газар, далайн эрэг дагуух зугаалгын газар, паркийн эдийн засгийн идэвхжлийг уг төсөл нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Сонирхуулахад, уг барилгын долгион хэлбэрт содон дээвэр дээр нарны 350 ширхэг гурвалжин хавтан байрлуулна.
Гранд Ринг, Осака (Япон)
Японы хоёр дахь том хот Осакад дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд ЕХРО 2025 болж, дэлхийн 40 улс өөрсдийн павильоныг байгуулах юм. Гэхдээ тус арга хэмжээний гол “чимэг” нь үндсэн барилга болох Гранд Ринг байх бололтой. Уг модон бүтэц нь 2 км урт бөгөөд хүрэлцэн ирсэн зочдын хувьд дээвэр, хананаас гадна гол барилгын үүрэг гүйцэтгэнэ.
Жил бүрийн экспо нь тухайн хотын дизайны өнгө төрх, онцлогийг илэрхийлэн харуулдаг. Осака хот дэлхийн экспог 1970 онд анх зохион байгуулахдаа тухайн цаг үеийн Японы хамгийн алдартай архитекторын бүтээсэн сансрын хөлөг хэлбэрт дээврийг байгуулж байв. Тиймээс нүүрстөрөгчийн ялгарал ихтэй цементэн бус харин модон барилга барих нь илүү оновчтой болоод буй өнөө цагт архитектор Соу Фүжимото дэлхийн трендийг япон хэлбэрээр илэрхийлэн Гранд Рингийг бүтээх гэж байна.
Японд ургадаг хуш, агар мод ашиглан бүтээх уг аварга байгууламж нь орчин үеийн барилга барих аргыг Японы сүм, дуганд ашигладаг модон холбоосын уламжлалт аргатай хослуулсан. Бараг 646 мянган фут талбай бүхий уг барилга нь дэлхийн хамгийн том модон барилгын нэг болох юм.
Амьдрал болон оюун ухаан барилга, Оксфорд (Англи)
Их Британийн Оксфордын их сургууль нь готик хэлбэрийн барилгын уламжлалтай нягт холбоотой боловч орчин цагийн үл хөдлөх олноор баригдаж буй хотод үйл ажиллагаа явуулдаг юм. Тэдгээр төслийн хамгийн шинэ нь болох 270 мянган фут талбай бүхий хөдөө аж ахуйн сургуулийн барилга нь 100 гаруй жилийн түүхтэй тус их сургуулийн түүхэн дэх хамгийн том барилгын төсөл болно.
Сэтгэл судлал, ургамал судлал, амьтан судлалын сургуулиудыг нэг дээвэр дор авчирч, эдгээр сургуулийн хамтын ажиллагаа, харилцааг улам нэмэгдүүлэх нь Амьдрал болон Оюун ухаан барилгын дизайны гол зарчим юм. Төрөл бүрийн шинжлэх ухааны салбаруудын эрэлт хэрэгцээг хангасан уян хатан, уужим орон зайтай заал танхим, лаборатори болон оюутан, багш, судлаачдын харилцааг дэмжих олон нийтийн хэсэг тус барилгад байх юм. Орчин цагийн хэв маягаас гадна чулуун фасад, том баганууд нь Оксфордын их сургуулийн уран барилгын уламжлалыг хадгалж байгаа хэмээн уг барилгын зураг төслийг гаргасан NBBJ фирм дурджээ.
Канад сургууль, Холула (Мексик)
Органик архитектур нь тухайн барилгыг байгальтай аль болох уусгаж, орчин тойрондоо хүний ул мөр аль болох бага үлдээхийг хичээдэг юм. Үүний хамгийн тод жишээ нь Мексикийн Холула хотод баригдах Канад сургууль болно гэж загварыг нь гаргасан архитектурын Sordo Madaleno компани үзэж байна.
Тодруулбал, уг амгалан, тайван кампус нь зэргэлдээ орших пирамидууд, Попокатепетл галт уулын элементийг өөртөө шингээжээ. Ингэснээр тойрог хэлбэртэй долоон бүтэц нь бие бие дээрээ давхарласан толгодын хэлбэртэй болж, террас бүхий гадаргуу нь оюутнуудад байгалийгн мэдрэх орон зайг гаргаж өгөх юм.
Техо олон улсын нисэх буудал, Пном пень (Камбож)
Камбож улс нийслэл Пном пений олон улсын нисэх буудлыг шинэчилж, одоогийн хүчин чадлаас нь зургаа дахин их зорчигч хүлээж авах боломжтой болгон өргөтгөнө. Жуулчдын тоог нэмэгдүүлэх, бүс нутагтаа агаарын тээврийн хааб болох амбицын хүрээнд баригдаж буй уг нисэх буудал нь ашиглалтад орсны дараа 13 сая зорчигч, улмаар ирэх жилүүдэд хүчин чадлаа нэмэгдүүлэн 30 сая зорчигч хүлээж авна.
Хотын төвөөс өмнө зүгт 19 км-ын зайд орших тус нисэх буудал нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том нисэх буудлуудын нэг болох юм. Мөн эрчим хүчний хэрэглээгээ дэргэдээ байгуулсан нарны цахилгаан станцаар хангах учраас дэлхийн хамгийн ногоон нисэх буудлын нэг болно. Дизайны хувьд Камбожын үндэсний онцлогийг тусгасан агаад гол дээврийг олон тооны мод хэлбэрийн баганууд тогтоон барих аж.
Өмнөд буудлын шинэтгэл, Бостон (АНУ)
Нью-ингланд муж дахь газрын тээврийн хамгийн завгүй хааб болох Бостон хотын Өмнөд буудлын өргөтгөл энэ жил дуусна. Уг барилгын ажил дууссанаар тус буудлын автобус, метроны зорчигч тээвэрлэх хүчин чадал харгалзан 50, 70 хувиар нэмэгдэх юм.
Архитектурын хувьд Pelli Clarke & Partners компанид тулгарсан хамгийн том сорилт нь тус хаабын олон гарц, замын сүлжээг шинэчлэх, хуучин барилгын хэв загварыг хадгалангаа дээр нь 51 давхар барилга барихад оршиж байжээ. АНУ-ын түүхэн барилгын үндэсний жагсаалтад багтсан тус буудлыг 1899 онд барьсан юм. Ингэснээр хуучны чулуун барилга болон шил толь болсон шинэ барилга нь эсрэг тэсрэгийг харуулах болно. Өргөтгөж, арк хэлбэртэй болгосон вокзал нь тус хотод ирж буй зочдод гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ гэж архитекторчид үзэж байна.
Гёте институт, Дакар (Сенегал)
“Архитектурын салбарын Нобель” хэмээгддэг Pritzker Prize шагналыг хүртсэн анхны африк мэргэжилтэн болох Франсис Кере төрөлх тивдээ ихээхэн хувь нэмэр оруулж буйн сүүлийн жишээ нь уг төсөл билээ. Барилгын уламжлалт материал, барилгын техникийг ашигладаг вернакулар дизайны мастер бол Буркина фасо гаралт Ф.Кере юм. Түүний эл алсын хараа нь Германы соёлын солилцооны төв болох Гёте институтийн Сенегал дахь салбарын барилгад шингэжээ.
Нийт 18300 фут талбай бүхий уг барилгын муруй хэлбэр нь эргэн тойронд орших ой модны орой хэсгийг санагдуулах аж. Түүнчлэн барилгын ханыг орон нутгаас бэлтгэсэн тоосгоор хийнэ.
Урбан Глен, Ханжоу (БНХАУ)
Бээжин хот дахь CCTV-ийн төв оффис нь орчин цагийн Хятадын хамгийн алдартай барилга болсноос арав гаруй жилийн дараа тус барилгын дизайныг гаргаж байсан Оле Шеерен урд хөршид өөрийн ул мөрийг үлдээсэн хэвээр байна. Герман архитекторын удирддаг Büro Ole Scheeren компани Шенжень, Нанжин зэрэг хотод олон том төсөл хэрэгжүүлж байна.
Эдгээрээс хамгийн онцгой нь нийт 900 мянган фут талбай бүхий оффис, зочид буудал, амралт цэнгээний газрыг багтаасан, шат хэлбэрийн давхрууд бүхий Урбан Глен цамхаг юм. Ханжоу хотыг гурван талаас нь хүрээлсэн уулсыг санагдуулам хоёр блок бүхий уг барилга нь хүний гараар бүтсэн хөндий мэт харагдах агаад Rosewood Hotel, террастай дээвэр, дэлгүүр, урлагийн төвийг мөн багтаажээ.
Рияд Метро, Рияд (Саудын Араб)
Нэг барилгад багтсан шинэ хот, шоо хэлбэртэй тэнгэр баганадам барилга зэрэг архитектурын этгээд, эрс шийдэл бүхий олон мега төслийг бүтээн байгуулахаа 2020-аад онд Саудын Араб танилцуулсан. Харин нийслэл Рияд хотод метро байгуулах санаа олон жилийн өмнөөс эхлэлтэй юм.
Метроны зургаан шугам бүхий уг төсөл нь өдөрт 3.6 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хотын амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж хотын удирдлага тооцож байна. Түүнчлэн метроны газар дээрх байгууламж буюу нийт 85 станцын зураг төслийг хийлгэхээр Zaha Hadid Architects, Германы Gerber Architekten зэрэг алдартай фирмүүд уригдсан юм. Метроны төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард нээж, олон шугам нь ашиглалтад ороод байгаа ч зарим станц ашиглалтад ороогүй хэвээр байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Норвегийн Snøhetta компанийн зураг төслийг нь гаргасан Каср Аль Хокм юм.
Данжянь гүүр, Тайпэй (Тайвань)
Заха Хадид агсны байгуулсан фирм сүүлийн сүүлийн жилүүдэд олон гайхалтай барилгын дизайныг гаргаснаар агуу архитекторын өвийг үргэлжлүүлсээр байна. Харин түүнийг нас барахаас нэг жилийн өмнө зарлагдсан Тайванийн Данжянь гүүр бол түүний гардан удирдаж байсан сүүлийн төслүүдийн нэг юм.
Нийт 919 метр урт уг гүүр нь Тайпэй хотын дундуур урсдаг Тамсуй голын эх дээгүүр баригдсан дөрвөн хурдны замыг холбоно. Данжянь гүүр нь гайхалтай нарийн гоолиг бүтэцтэй бөгөөд ердөө ганц цементэн багана дээр тэр аяараа тогтож байгаа юм. Энэхүү дизайн нь орчин тойрны байгальд аль болох бага нөлөө үзүүлэхэд чиглэсэн хэмээн төслийн танилцуулгад дурдсан байна. Энэ оны сүүлчээр нээлтээ хийх тус гүүр нь дэлхийн хамгийн урт нэг баганатай, кабель утсан татлагатай гүүр болох юм.
Эх сурвалж: CNN