Дэлхий Vintage горимд шилжив
Түүх гэдэг ном, баринтагт бичигдэн хадгалагдахаас гадна тухайн үеийнхээ эдлэлд шингэдэг жамтай. Үзэж харж сонсох бүрд тухайн цаг үеийн уур амьсгал бүчин авч, мэдрүүлдэг эд зүйлс гэж бий. Өндөр сүндэрлэсэн шилэн барилгуудын дунд орших сүм дуган тухайн цаг үеэ шууд л илэрхийлж байдаг. Энэ төрлийн зүйлс, хэлбэр загварт дурлахыг нэг үгээр vintage (винтаж) гэдэг. Нэг үгээр, тухайн эд зүйлсийг тодорхой хугацаанаас өмнөх үеийн, анхны, эсвэл ховор гэсэн утгаар хэрэглэдэг үг. Ер нь дэлхий тэр чигтээ винтаж горимыг “on” болгов. Тэр дундаа, хөгжмийн зах зээлд пянз эргэн ирж буй нь үүнийг батална. Учир нь Billie Eilish, The Weeknd, Coldplay, Postmalone зэрэг орчин үеийн хөгжмийн салбарын акулууд шинэхэн цомгоо пянзаар гаргах болов. Энэ нь залуус пянз сонирхох маш том шалтгаан болж буй.
Харин манай улсад социализмын үеэс Lep Zeppelin, Queen, Modern Talk зэрэг хамтлаг Улаанбаатарын орц хонгил бүрд эгшиглэж эхэлсэн түүхтэй. Гэвч дижитал хөгжмийн зах зээл хүч түрэн хөгжиж ирсэн 2000 оны эхээр пянз авдрын мухарт хадгалагдах болсон. Гэлээ ч монголчууд дэлхийн винтаж чиг шугамаас хазайсангүй. Сүүлийн жилүүдэд манай улсын амьд хөгжмийн домог гэгддэг Хурд, Харанга, Fire, Madness, Шөнийн галт тэрэг зэрэг хамтлаг шинэ цомгоо пянзаар гаргаж, тус соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулж байна. Залуус дуртай хамтлагийнхаа пянзыг гар татахгүй авч, улмаар пянз цуглуулагч, сонирхогчдын тоо эрс нэмэгдэж буй. Тэр бүү хэл залуу гэр бүлүүд хоймортоо пянз тоглуулагч залах болов. Гол нь пянзны зөв хэрэглээ дадлыг хэвшүүлэх шаардлагатай болж буй. Энэ ч учир шалтгаанаар Монголд пянзны соёлыг түгээж буй “Пянз толгойт”-ыг үүсгэн байгуулагч Р.Бат-Оргилыг “Хобби” буландаа онцоллоо.
“Аясын салхи” хамтлагийн “Саран доорх авсан хот” цомгийн нээлтийн үеэр хамтлагийн ахлагч Д.Энхбаттай
Тархиа эзэмдүүлсэн түүхээс
Дуртай киногоо театрт үзэхэд бид өөрөө үйл явдлын нэг хэсэг болсон мэт сэтгэгдэл төрдөг. Харин зурагтаар үзэхэд тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бүрэн мэдэрч чаддаггүй. Үүнтэй адил пянзаар хөгжим сонсох өөр хэмээн ярих залууг Р.Бат-Оргил гэдэг. Түүнийг пянз сонирхогч залуус 12 инчийн пянзаар нүүрээ далдалсан содон зургаар нь сайн мэднэ. Хамгийн сонирхолтой нь, түүнийг пянз цуглуулагч Р.Бат-Оргил гэж авгайлахаас илүүтэй “Пянз толгойт” хэмээдэг. Анх түүний нэрийг Английн алдарт Radiohead хамтлагийн нэрээс санаа авсан болов уу хэмээн боддог байв. Энэ талаар асуухад “Хүн ямар нэг зүйлийг сонирхож, түүндээ цаг зав бүхнээ зориулаад эхлэхээр өөр зүйл толгойд эргэлддэггүй шүү дээ. Пянзаар анх хөгжим сонсож эхэлснээс хойш энэ талаарх бодол толгойноос ер гараагүй. Миний оюун бодлыг пянз эзэмдчихсэн. Ийм учир “Пянз толгойт” хэмээн өөрийгөө нэрлэсэн” хэмээн тайлбарлалаа.
Шог зураач С.Цогтбаярын хамт
Тэрбээр олон улсын худалдааны чиглэлээр БНХАУ-ын Тяньжин хотод их сургуулиа дүүргэж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад найман жил гаруй ажиллажээ. Хэдийгээр сурсан мэргэжлээрээ ажиллаж буй ч Монголд яагаад өөрийн хоббигоороо амьдарч болохгүй гэж хэмээн бодсоны үндсэн дээр “Пянз толгойт” дэлгүүрээ нээсэн аж. Цаашлаад дэлгүүрээ өргөжүүлж, нийслэлийн хүн ам их төвлөрсөн байршилд салбараа нээхээр төлөвлөж буй. Мөн тэрбээр Монгол болон гадаадын сэтгэлд хоногшсон дуунуудыг танилцуулдаг контентыг 2021 оноос санаалчан эхлүүлж, өөрийн Youtube сувгаараа түгээсээр байгаа юм. Харин ирэх онуудад тус цахим сувгаараа дамжуулан “Пянзыг хэрхэн арчлах вэ?”, “Тоглуулагчаа хэрхэн сонсох вэ?” гэх мэт зөвлөгөө нийтлэх бодолтой байгаагаа хуваалцлаа.
Пянзыг анирдах агшин бүр гайхалтай
Бидний халаасанд буй алгын чинээ гар утас дэлхий ертөнцийг нэвт шувт харуулдаг. Гэтэл дуу хөгжмийг хүссэн платформоосоо сонсох боломжтой энэ зуунд бид яагаад пянзаар сонсох ёстой юм бэ? гэж уншигч та бүхэн асууж магад. Тэгвэл энэхүү асуултад Р.Бат-Оргил “Мэдээж утсаар дуу сонсох амархан. Чихэвчээ залгаад, хүссэн дуугаа тоглуулаад л болоо. Харин пянзаар дуу сонсоно гэдэг бол огт өөр ертөнц. Пянз илүү “амьд” дуугаралттайгаас гадна дуу сонсох үйл явцад өөрөө шууд оролцоно. Пянзаа хайрцагнаас нь гаргаж, гараараа барьж тоглуулагч дээр тавиад эгшиглүүлэх мөч хүртэл өөрийн гэсэн өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол зүгээр нэг дуу сонсох биш, тухайн уран бүтээлчийг зорьж, хүндэтгэн сонсож буй хэлбэр юм. Пянз худалдаж авна гэдэг санхүүгийн хувьд ч тодорхой хэмжээний зардалтай учраас сонсох уран бүтээлээ илүү судалж, илүү үнэ цэнтэйгээр мэдэрнэ. Ингэснээр сонсож буй хөгжим илүү чанартай, сэтгэлд хүрсэн бүтээл болж хувирдаг. Мөн дахин давтагдашгүй мэдрэмж төрүүлнэ. Тухайн уран бүтээлчийн анх гаргасан ховор пянз цаг хугацааны эрхээр үнэ нь хэд дахин өсөж, цуглуулагчдын дунд үнэт эрдэнэс болж хувирдаг. Энэ бол зүгээр нэг хөгжим биш, урлагийн бүтээл, соёлын өв. Нэг үгээр, пянз сонсоно гэдэг дууг мэдрэх, уран бүтээлчийг ойлгох, цаг хугацаатай холбогдох хамгийн дотно, хамгийн үнэ цэнтэй арга зам” гэж хариулсан юм.
Английн пост панк Thekvb хамтлагийн хамтаар 2023 он 08-р сарын 15
Ихэнх хүн гэрээ цэвэрлэхдээ, шүршүүрт орж байхдаа гэх мэтээр дуу хөгжмөөс кайф мэдэрдэг. Харин Р.Бат-Оргил пянз сонсох тусгай булантай бөгөөд зөвхөн тэндээ өөр ямар ч үйлдэл хийхгүйгээр дуртай пянзаа сонсох дуртай гэнэ. Учир нь пянзаар эгшиглэж буй дууг илүү гүн мэдрэхийн тулд зөөлөн хивс, хөшиг, эсвэл номын тавиур зэргийг байрлуулж, дууны цуурайг бууруулах эд зүйлстэй орчинд сонсох ёстой аж. Мөн хоёр чанга яригч хоорондоо тэнцүү зайд, чихний өндөрт таарч байх ёстой бөгөөд чанга яригчийн хооронд ижил өнцөг үүсгэх буюу тэнцэт гурвалжин байрлалд суух нь хамгийн тохиромжтой юм байна. Ингэснээр дуугаралт жигд тархаж, хөгжимд бүрэн автах боломж бүрддэгийг Р.Бат-Оргил зөвлөж байв. Эдгээрээс гадна 30-45 хувийн чийгшилтэй өрөөнд дуу сонсох нь зохимжтой бөгөөд энэхүү орчинд пянзны дуугаралт удаан хугацаанд чанараа хадгалахаас гадна тоглуулагчийн эдэлгээ ч илүү уртсах давуу талтай. Энэ талаар тэрбээр амьд хөгжмийн тоглолтын онцлох, алдартай хамтлагууд хамгийн сүүлд тайзан дээр гардаг нь агаарын чийгшилтэй холбоотой. Тухайн үед дуугаралт илүү тод сонсогддог. Арга хэмжээ зохиогчид тоглолтын үеэр бороо ороход нэн дуртай байдаг нь ч ийм учиртай хэмээв.
Монголын хамгийн анхны метал пянз буюу Growl of the Clown хамтлагийн пянзны нээлт
Цуглуулагчдын атаархал төрөм
Түүний цуглуулгад нийтдээ 400 гаруй пянз бий. Тэр дундаа, монгол уран бүтээлчдийн пянзыг цуглуулах нэн дуртай нэгэн. Одоогоор сүүлийн үеийн буюу 2009 оноос хойших монгол уран бүтээлчдийн бүх пянз түүнд бий. Тэрбээр цуглуулгаа илүү цэгцтэй, үнэ цэнтэй байлгах үүднээс аль болох сорчилж сонгох дуртай бөгөөд 1933 оны үед үйлдвэрлэгдсэн монгол уран бүтээлчдийн пянз цуглуулгад нь цөөнгүй багтсаныг онцолж байлаа. Гол нь эдгээр пянз хэлмэгдүүлэлтийн үеэрх устгал, буруу хадгалалт зэргээс хамаарч олдоц тааруу, олдсон ч эвдрэл, гэмтэл ихтэй байх тохиолдол их.
Монгол ардын дуу “Цагаан ботго” С.Цоодол дуулж, Ц.Цэрэндорж лимбэдэнэ. БНМАУ. 1939 он
Гэхдээ тэрбээр пянзаар дамжуулан цаг хугацаагаар давхар аялж буй. Мөн Р.Бат-Оргил монгол уран бүтээлчдийн пянзны нээлтэд тогтмол очдог бөгөөд Madness хамтлагийн пянзны нээлтийн үеэр First Pressing -ийг дуудлага худалдаагаар авч байжээ. First Pressing нь пянзны хэв дарагч (lacquer, stamper)-аас гарсан эхний пянзыг хэлдэг ба цуглуулагчдын дунд нэлээд өндөр үнэ хүрдэг. Дуу хөгжимд зүрхээ өгөхөөс буцахгүй хүмүүсийн хувьд сонсох дуртай уран бүтээлчийнхээ гарын үсгийг авах шиг жаргал хаа байхав. Харин түүний хувьд монгол болон гадаадын хамтлаг дуучдын цөөнгүй пянзан дээр гарын үсгийг нь зуруулан авч амжжээ. Энэ нь ч цуглуулгынх нь үнэ цэнийг улам бүр өсгөж буй. Р.Бат-Оргилын цуглуулга дахь зарим онцлох бүтээлээс дурдахад 2022 онд зохиогдсон “Хуур хөгжмийн наадам”-д уран бүтээлээ толилуулсан дэлхийн алдарт реппер Lil Pump, өнгөрсөн жилийн Playtime амьд хөгжмийн наадмын онцлох хамтлаг, ambient pop урсгалын гол төлөөлөгч Cigarettes After Sex зэрэг хамтлаг, уран бүтээлчийн гарын үсэгтэй пянз байдаг аж.