Дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг агуулсан олон улсын бэстселлер The Personal MBA буюу “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номонд онцгойлон авч үзсэн 11 модулийн зургаа дахь нь буюу “Хүний сэтгэлгээний мөн чанар”-ын талаар энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ. Та бизнесийн суурь ойлголтуудын талаар суралцахын тулд заавал бизнесийн сургуульд суралцах шаардлагагүй хэмээн уг номын зохиогч Жош Кауфман томьёолсон билээ.
Зохиогч: Жош Кауфман
Ном: Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол
Сэдэв: Бизнес эрхлэх урлагт суралцахуй
Гол ойлголтууд: Бизнесийн 5 хэсэг, 12 төрлийн үнэ цэн, ашиг орлого олох 4 арга.
Эрхлэн гаргагч: Юнайтед бизнес паблишинг
Орчуулагч: М. Цацрал
“Та амжилттай бизнес босгож тогтвортой үйл ажиллагааг хүсэж байгаа бол хүн мэдээллийг хэрхэн хүлээн авч, шийдвэр гаргаж, юуг хийхээ, эсвэл хийхгүй байхаа хэрхэн шийддэгийг ойлгох нь маш чухал. Хүний оюун ухаан хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголттой болсон тохиолдолд бизнесээ удирдан явуулахад илүү хялбар, үр дүнтэй мөн үр ашигтай байх болно” хэмээн бичсэнээр зохиогч Жош Кауфман олон улсын бэстселлер The Personal MBA (“Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол”) номынхоо зургаа дахь модуль “Хүний сэтгэлгээний мөн чанар” -ыг эхлүүлжээ. Гэхдээ давын өмнө хүний сэтгэлгээг ойлгохоос урьтаж өөрийн бие махбодын онцлогийг танин мэдэх хэрэгтэйг давхар зөвлөсөн байв. Ингэхдээ тэрбээр системийн шаардлага хэмээх ойлголтыг шинээр танилцуулсан юм. Тэгвэл системийн шаардлага гэж юу вэ?
Системийн шаардлага
“Хэрэв та ажлаа хурдан шуурхай гүйцэтгэхийг хүсэж байвал “хоосон” гүйж болохгүй. Хүний биед системийн шаардлага гэж бий. Автомашин түлшгүй, эсвэл очлуур нь ажиллахгүй бол хөдөлж ч чадахгүй шиг таны бие хэрэгцээт түлшгүй бол удаан ажиллаж чадахгүй. Хийх ажил тань их бол өөртөө анхаарал тавих нь хоёр дахь асуудал гэж бодох нь хэвийн үзэгдэл болдог. Хэрэв та шантарч, цөхрөлд орохгүйгээр чухал ажлаа амжуулахыг хүсвэл өөртөө анхаарал тавих нь хамгийн гол анхаарах зүйл байх ёстой. Шим тэжээл, дасгал хөдөлгөөн болон амралт бол таны бие махбод бүтээлч энерги болгон хэрэглэдэг түлш юм” хэмээн зохиогч номдоо тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, таны санаа хэчнээн шинэлэг, бизнес тань тун амжилттай, эсвэл асар их ажил өмнө тань хүлээж, хийж бүтээх тэмүүллээр дүүрэн байлаа ч эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бие сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалах, бүхнийг зохистой түвшинд хадгалах зэрэгт санаа тавихаас өөр аргагүй. Бизнес эрхлэх, томоохон ажлууд амжуулахад системийн шаадлагыг та хэр хангасан бэ? Ер нь хангаж чадаж байгаа юу? зэрэг асуултад эхлээд хариулах шаардлагатай болж байна.
“Мэнд оршихуй (Well-being) бол суурь ойлголт. Өөрөө бизнес эрхлэх, эсвэл өөр хүний бизнест ажиллахын аль нь ч бай хүн эрүүл байх ёстой. Нойр, шим тэжээлтэй хоол хүнс, дасгал хөдөлгөөн гурвыг тэнцвэртэй хангаж чадахгүй бол бизнесээ урт хугацаанд тогтвортой авч явах, эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах боломжгүйд хүрнэ” хэмээн Бизнес академийн захирал, Юнайтед бизнес паблишингийн үүсгэн байгуулагч Д.Асралт дээрх санааг тодотгон өгүүлсэн юм.
Хэрэв та шантарч, цөхрөлд орохгүйгээр чухал ажлаа амжуулахыг хүсвэл өөртөө анхаарал тавих нь хамгийн гол анхаарах зүйл байх ёстой. Шим тэжээл, дасгал хөдөлгөөн болон амралт бол таны бие махбод бүтээлч энерги болгон хэрэглэдэг түлш юм.
МҮХАҮТ -ын дэргэдэх Бизнес академийн хамт олон Жош Кауфманы The Personal MBA номын агуулгаар Couch Lab Mongolia -ийн мэргэжлийн көүч нартай хамтран P-MBA хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд 10 мянган залууст бизнес мэдлэг олгох томоохон зорилготой ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хөтөлбөрт багтсан “Хүний сэтгэлгээний мөн чанар” сэдэвт сургалтыг Д.Асралт өөрийн туршлагад үндэслэн заасан билээ.
Энэ утгаараа сүүлийн үед компаниуд оффис, ажлын байран дээрээ дасгалын төхөөрөмж байршуулах, фитнес ажиллуулах, эсвэл ажилтнууддаа ийм төрлийн сургалт, хөтөлбөр, хичээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр өөрчлөгдөж эхлээд буй. Ер нь компаниуд ажилтнууддаа зориулан бие, сэтгэл зүйн хувьд аль болох тааламжтай, аюулгүй, тайван орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг болсон. The Personal MBA номд ч хэрэв та зан төлөв, сэтгэл зүйн нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсвэл эхлээд орчноо өөрчлөх талаар зөвлөсөн байдгийг Д.Асралт онцоллоо.
Энергийн хуримтлал
“Хүний мөн чанарын талаар нэг үнэн нь хүмүүс залхуу. Үүнээс авч болох чухал ойлголт бол залхуу байх нь согог биш, байгалийн өгөгдмөл чанар. Таны өвөг дээдэс ямар ч чухал шалтгаангүйгээр эцэж цуцталаа өдөржин гүйдэг байсан бол юу болох байсныг бодоод үзээрэй. Хэрэв араатан, эсвэл дайсан гарч ирвэл аюулын эсрэг хариу арга хэмжээ авах шаардлагатай нөөц эрч хүчгүй байна гэдэг маш муу нөхцөл байдал. Тиймээс бид үнэхээр шаардлагатай л биш бол эрч хүчээ зарцуулахаас зайлсхийдэг болж хөгжсөн. Энэ дадал зуршлыг би энергийн хуримтлал гэж нэрлэдэг”. Жош Кауфманы бичсэн эдгээр өгүүлбэр таны санааг бага ч болов тайтгаруулж буй биз ээ. Учир нь хүн төрөлхтөн улам завгүй, мэдээллээр чигжсэн, хурдтай нийгэмд амьдрах болсон нь зогсоо зайгүй хөдөлмөрлөх, цаг, минут, секунд бүрийг төлөвлөх, байнгын өсөж хөгжих, нэг байрандаа удаан зогсож, гацаж боломгүй нөхцөл байдалд оруулж, ийм үзэл бодлыг хаа сайгүй “тулгах” болсон нь зарим тохиолдолд хүмүүсийг туйлдуулж буй.
Харин энэ талаар Д.Асралт “Залхуу зан байдал хүн төрөлхтөнд юу авчирсан бэ гэвэл түүхэн дэх маш олон инновацыг төрүүлсэн. Нөгөө талаар, бидний өнөөгийн залхуурах зав чөлөөгүй амьдралын хэв маягт сөрөг талууд ч бий. Тухайлбал, бид үндсэн физиологийн онцлогоосоо алсарсаар буй. Хүн төрөлхтөн хэчнээн хөгжсөн ч эргээд л хөрсөн дээрээ бууна. Ялангуяа бизнес хийж яваад дампуурлаа гэхэд сэтгэл зүйн хувьд эрүүл тэсэж үлдэх нь чухал. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр аливаа эрсдэл, гэнэтийн нөхцөл байдалд хэн хүнийг бэлтгэлтэй байгаарай, тэгэхийн тулд та нөөц энергитэй байх хэрэгтэй шүү гэсэн санаа” хэмээв.
Та P-MBA сургалтад бүртгүүлэхийг хүсвэл МҮХАҮТ-ын фэйсбүүк хуудсанд хандаж, бүртгэлийн холбоос дээр даран мэдээлэл авна уу.
Тэгвэл зохиогч Жош Кауфман энэ санааг цааш хэрхэн дэлгэрүүлснийг хамтдаа сонирхъё. Тэрбээр “Зарим хүн албан тушаал нь сайн биш гэдгийг мэддэг ч огт урагшлахгүй ажилд хэдэн арван жил ажилладаг шалтгаан бол энергийн хуримтлал. Хэрэв хийхэд боломжийн цалин нь хангалттай байдаг, ажил нь хэзээ ч стресс, эсвэл хэтэрхий их уур бухимдал үүсгэдэггүй бол хүмүүс ажилдаа дэвших, өөр ажил олох, шинэ бизнес эхлүүлэх гэж цаг заваа үрэхгүй. Хамаарлын түвшин нь ямар нэг байдлаар зөрчилд орсон цагт л хүмүүс хүчин чармайлтаа ихэсгэж эхэлдэг. Тиймээс хэрэв хүлээлт нь зөрчигдөөгүй бол ямар нэг арга хэмжээ авахгүй.
Хүний мөн чанарын талаар нэг үнэн нь хүмүүс залхуу. Үүнээс мэдэж болох чухал ойлголт бол залхуу байх нь согог биш, байгалийн өгөгдмөл чанар. Нэг үгээр, бид үнэхээр шаардлагатай л биш бол эрч хүчээ зарцуулахаас зайлсхийдэг болж хөгжсөн. Энэ дадал зуршлыг энергийн хуримтлал гэж нэрлэдэг.
Хэрэв юу боломжтой, боломжгүйг илтгэх хүлээлтийг тань зөрчиж байвал сайн ном, сэтгүүл, блог, баримтат кино, бүр өрсөлдөгчид хүртэл үнэ цэнтэй. Нэгэн цагт бодит байх боломжгүй хэмээн итгэж байсан зүйлийг тань бусад хүн хийж байгааг олж мэдэх үед хамаарлын түвшин тань маш ашигтай байдлаар өөрчлөгдөж байдаг. Хүсэж буй зүйл тань биелэх боломжтой гэдгийг л та мэдэхэд болно. Тэр цагт та түүндээ хүрэх арга замыг олно” гэжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед яригдах болсон тухтай бүсээсээ гарах тухай ойлголттой төстэй санааг зохиогч энэ хэсэгт дэвшүүлсэн бөгөөд ийм нөхцөл байдал нь хүнийг өсөж хөгжих, шат ахихад түлхэц болдгийг ч дурдсан байв.
Ховор хомс байдал
“Энерги хадгалалтын горимтой учир хүмүүс шууд хийх яаралтай шалтгаангүй л бол хийх зүйлсээ “дараа хийх”-ээр хойшлуулах төрөлхийн хандлагатай байдаг. Бизнес эрхэлдэг хүний хувьд “дараа” гэдэг маш том асуудал. Учир нь хэрэв үйлчлүүлэгч таны талаар мартаж орхивол “дараа” гэдэг нь “хэзээ ч биш” болон хувирдаг. Та үйлчлүүлэгчээ шууд яаралтай ямар арга хэмжээ авахад яаж ятгаж чадах вэ?” гэх асуултыг The Personal MBA номын зохиогч уншигчдаасаа асуужээ.
Тэгвэл хамгийн эхний хариулт бол ховор хомс байдал юм. Дэлгүүрийн худалдагч, эсвэл зар сурталчилгаанд тухайн бараа бүтээгдэхүүнээс тун цөөн ширхэгтэй үлдсэн, магадгүй энэ танд тохирох сүүлчийн ганц хувь гэж хэлэхийг та бишгүй сонссон байх. Энэ бол ховор хомс байдлын сонгодог жишээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ховор хомс байдлыг илтгэх элемент шингээх боломжит хэд хэдэн аргыг тус номд дурдсан байв. Үүнд,
- Хязгаарлагдмал тоо хэмжээ
Боломжит үйлчлүүлэгчдэд хязгаартай тоотой нэгж бүтээгдэхүүнийг л борлуулна гэдгийг мэдэгдэх.
- Үнийн өсөлт
Боломжит үйлчлүүлэгчдэд ойрын ирээдүйд үнэ өсөхийг мэдэгдэх.
- Үнийн бууралт
Боломжит үйлчлүүлэгчдэд ойрын ирээдүйд одоогийн хямдрал дуусахыг мэдэгдэх.
- Эцсийн хугацаа
Боломжит үйлчлүүлэгчдэд санал тодорхой хугацааны туршид л нээлттэй гэдгийг мэдэгдэх.
Энэ тухайд Жош Кауфман “Ховор хомс байдал хүмүүсийг хурдан шийдвэр гаргахад хүргэдэг. Ховор байдал бол хадгалах сонирхлыг даван гардаг зүйлсийн нэг. Хэрэв та ховор зүйл авахыг хүсэж байвал тэр зүйлээ алдах эрсдэлгүйгээр хүлээх боломжгүй. Тиймээс алдагдлаас зайлсхийхийн тулд хэрэглэгч яг одоо арга хэмжээ авахад хүрдэг. Нэг ёсондоо, хүмүүс ховор хомс байдалд татагддаг. Борлуулалтын тухайд энэ нь маш үр дүнтэй” гэжээ. Нөгөө талаар, ховор хомс байдал гэдэг нийгмийн байр суурь, статустай ч холбогддогийг Д.Асралт тодотгож байсан юм. Тухайлбал, тансаг зэрэглэлийн автомашин, цаг гэхэд л цөөн тоогоор үйлдвэрлэгддэг, хүссэн хүн бүр авах боломжгүй байдаг зэрэг нь эргээд ховор хомс байдлын илэрхийлэл болдог. Хэн ховор зүйл эзэмшиж байна түүний нийгмийн статус өсөж байдаг нь ч ийм учиртай бөгөөд уг зүй тогтол нь зарим төрлийн бизнест давуу тал болдгийг тэрбээр онцолж байв.
Шинэлэг чанар
The Personal MBA номд зохиогч Жош Кауфман шинэлэг чанарыг хэрхэн авч үзсэнийг, мөн бизнестэй хэрхэн холбогдож болохыг тайлбарласан хэсгийг хураангуйлан хүргэе. Энэхүү нийтлэлээр тус номын зөвхөн тодорхой хэсгийн онцлох санаануудыг товчлон хүргэж байгаа тул уншигч та дэлгэрэнгүй агуулгыг номоо уншсанаар авах боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
“Шинэлэг чанар гэдэг бол шинэ мэдрэхүйн мэдээлэл орж ирэхийг хэлдэг ба урт хугацааны туршид хүний анхаарлыг татахыг хүсэж байвал маш чухал зүйл. Хүмүүс видео тоглоом тоглохдоо, эсвэл интернэтэд олон цагийг өнгөрүүлэхдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг шалтгаануудын нэг бол шинэлэг чанар. Шинэ гарсан видео, блог, олон нийтийн сүлжээнд хийсэн шинэчлэл болон шинэ мэдээ бидний анхаарал төвлөрүүлэх чадварыг ахин дахин татаж байдаг.
Brain Rules номдоо Жон Медина оюутнуудынхаа анхаарлыг хэрхэн удаан хугацаанд татаж чаддаг нууцаа хуваалцсан. Тэр хичээлийнхээ модулийг 10 минутаас хэтрүүлэхгүй өөрчлөх байдлаар төлөвлөдөг байна. Модуль бүр анхаарал татах дэгээгээр эхэлнэ. Сонирхолтой түүх, богино ярианы араас гол ойлголтоо товч тайлбарлана. Энэ форматыг дагаснаар сонсогчдын анхаарал сарнилгүй, илүү их мэдээллийг хүлээн авч чаддаг байна (The Personal MBA ном ч бас уншихад 10 минут хүрэхгүй хугацааг зарцуулах богино хэсгүүдтэй байгаа нь ч ийм учиртай).
Хамгийн гайхалтай анхаарал татдаг зүйл хүртэл цаг хугацааны эрхээр уйтгартай болдог. Хүний анхаарлыг татахын тулд шинэлэг чанар заавал хэрэгтэй. Ямар нэг шинэ зүйл санал болгоод л байвал хүмүүс таны санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарлаа хандуулсаар л байна”.
Дараагийн дугаарт Жош Кауфманы The Personal MBA буюу “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номын долоо дахь модуль болох ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛАХ НЬ сэдвээр бэлтгэсэн агуулгыг уншигч та бүхэнд хүргэх болно.