Интерьер, экстерьерийн зураг төсөл, ландшафт дизайн, лого, брэндинг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг iRitmo Design компанийн хамт олон урлагийн бүтээлээр дамжуулж, хүмүүст тав тух бэлэглэхээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна. Мөн тэд тун удахгүй хамгийн содон, тансаг дизайн бүхий гэрэлтүүлгүүдийг зах зээлд өргөн сонголттойгоор санал болгох “Concept Store” дэлгүүрийнхээ албан ёсны нээлтийг хийхээр төлөвлөж байна.
Интерьерийн тухай яриа өрнөхөд танд хэр ойр сонсогддог вэ? Магадгүй олонх хүний хувьд энэ нь тийм ч “ойр сэдэв” биш байж мэдэх юм. Гэвч “ойр биш” энэ сэдэвт та яг одоо ойртох хэрэгтэй. Учир нь ажилласан шиг ажиллаж, тухалсан шиг тухлах хүсэлтэй хэн бүхэнд энэ бол хамгийн их хамаатай сэдэв юм.
Өмнө нь гэр, оффис, худалдаа үйлчилгээний талбайдаа интерьер дизайн хийлгэнэ гэдэг нь гоо зүй, харагдах байдлыг сайжруулж буй хэрэг гэж хүмүүс хүлээж авдаг байсан. Харин одоо хүмүүс үүнийг хэрэглээ, тав тух гэдэг өнцгөөс түлхүү харж эхэлжээ. Ялангуяа сүүлийн таван жилд интерьерийн ач холбогдлыг хүмүүс илүүтэй ойлгож, мэргэжлийн баг, хамт олонд гэр, оффисынхоо өнгө төрхийг даатгах болсон байна. Мэдээж энэ соёл хүрээгээ тэлэхэд барилгын салбарт хүч сорьж буй бизнес эрхлэгч, компаниудын нөлөө их юм. Тэд оновчтой шийдэл санал болгож, хариуцлагатай байхын зэрэгцээ таашаал болоод хэрэглээг амжилттай хоршуулж чадсанаар үйлчлүүлэгчээ татаж, “тав тухын соёл”-ыг түгээсээр байна. Өдгөө энэхүү мэдрэмжийн талбарт гол тоглогч болсон залуу хамт олны нэг бол iRitmo Design компанийнхан юм.
Тус компанийн төслүүдээс интерьер дизайн гэдэг мөнгөтэй хүмүүсийн том хаусдаа л авдаг үйлчилгээ биш болохыг илхэн ойлгож болохоор. Залуу хосууд ч хоёр өрөө байраа мэргэжилтнүүдэд даатгаж, хүүхдэдээ сонирхолтой орчин бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын орон зайг ч шийдэж болно. Энэ мэт интерьерийн сонирхолтой шийдлүүдийг харж суусан миний хувьд, тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Энхдөлгөөнтэй ярилцах нь “алтан зөвлөмж” сонсох гэж буй мэт завшаантай хэрэг байсныг нуух юун.
Бидний дийлэнх нь орчноос мэдрэх сэтгэл мэдрэмждээ хайнга ханддаг. Том байранд орохоороо хүүхдэдээ өрөө гаргана. Шинэ байшинтай болохоороо хөшиг авна гэж бодох нь энүүхэнд. Хобби, хүсэл мөрөөдлөө ч чемодандаа хийгээд орныхоо доогуур чулуудчихаж мэдэх тийм л хайнга. Гэвч амьдарч буй хором мөч бүр үнэтэй. Хамгаас хайртай зүйлсээ бүү нуу хэмээн Ш.Энхдөлгөөн хэлж байлаа. Тэрбээр “Сонирхлын булангаа та яг одоо бүтээн байгуул. Зураг зурах дуртай бол харандаа цаас, бийр будгаа хүндлэн зал. Харандаа цаас нийлүүлэх завгүй хэмнэлд өдөр хоногууд өнгөрсөн ч дурладаг зүйлс тань нүдэнд өртөж амьдрахад та өөрөө ч мэдэлгүй аз жаргал, цэнэг авч амьдрах болно” гэж зөвлөж байсан юм. Бяцхан боловч үнэтэй зөвлөгөө өгсөн Ш.Энхдөлгөөний интерьерийн талаарх гайхалтай санаанууд ярилцлагын туршид бишгүй хөвөрч байсныг энэ нийтлэлийн явцад дурдамз.
“Хэн нэгэнд хэт их ачаалал, хэт том хариуцлага үүрүүлэхээс татгалздаг”
Сэтгүүлийн болзоот зочин маань компаниа байгуулаад гурван жил болжээ. Гэсэн хэдий ч маш олон ажлын ард гарсныг түүний ярианаас мэдэж болохоор. MCS, Петровис, АПУ, Novotel, Regis Place, ROC Caffeine Bar гээд нийслэлд өнгө нэмсэн томоохон төслүүдэд тэд гар бие оролцжээ. Хамгийн сүүлд л гэхэд тэд “Шангри-Ла Улаанбаатар” төвд саяхан нээлтээ хийсэн Ono Multi-Brand Store дэлгүүрийн интерьерийн төсөл дээр ажиллажээ.
Тус компанийн төслүүдээс интерьер дизайн гэдэг мөнгөтэй хүмүүсийн том хаусдаа л авдаг үйлчилгээ биш болохыг илхэн ойлгож болохоор. Залуу хосууд ч хоёр өрөө байраа мэргэжилтнүүдэд даатгаж, хүүхдэдээ сонирхолтой орчин бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын орон зайг ч шийдэж болно.
Хэрэв уншигч та тус дэлгүүрээр үйлчлүүлсэн бол бусдаас ялгарах онцлогийг нь анзаарсан байх. Ихэнх дэлгүүрийн үүдэнд ресепшн, кассчин, худалдагч суудаг бол тус дэлгүүрийн хувьд угтагч нь хойноо байрладаг. Энэ нь үйлчлүүлэгчид хэн нэгэн хянаж буй мэт мэдрэмж төрүүлэхгүйн тулд хийсэн шийдэл гэнэ. Ялангуяа залуу үйлчлүүлэгчид дэлгүүрийн ажилтнууд урдуур хойгуур нь эргэлдэх, хүсээгүй байхад нь зөвлөгөө өгөх зэрэг нь тухгүй мэдрэмж төрүүлдэг учраас залуусын үйлчлүүлэх хамгийн таатай орчныг бүрдүүлэхийг тэд гол зорилгоо болгожээ. Мөн бүхий л бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид бүрэн дэлгэн үзүүлэхийн тулд уламжлалт шийдлээс зайлсхийж, дугуй концепцоор байгуулсан нь дэлгүүр хэсэгчдийн урсгал хөдөлгөөнийг оновчтой болгож чадсан байна. Дэлгүүрийн урсгал хөдөлгөөн зөв байх нь орлогын үүдийг нээх мэт маш чухал зүйл. Ямар нэг бараа аль нэг буланд шошготойгоо хуучрахгүй байна гэдэг зөв шийдлийн үр дүн юм. Энэ мэтчилэн iRitmo Design компанийн залуус төсөл хэрэгжүүлэхдээ ул суурьтай нарийн судалгаа хийдэг байна.
Түүнчлэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хаус, оффис, үйлчилгээний талбайн гэх зэргээр аль нэгээр нь дагнан ажилладаг бол iRitmo Design бүхий л төрлийн үл хөдлөх хөрөнгөд амь оруулж, үнэ цэн, утга учир нэмдэг. Ингэхдээ арт ритм суурь дээр ажлаа төлөвлөж гүйцэтгэдэг нь тэдний гол ялгарал юм. Урлагийн бүтээл хүмүүст таатай, тав тухтай, дотно мэдрэмж төрүүлдэг учраас тэд дийлэнх төсөлдөө урлагийн бүтээл, сонирхолтой баримал, декоруудыг байршуулдаг. Ингэх нь урлагийн боловсролыг дэмжих, танин мэдүүлэх, цаашлаад залуу уран бүтээлчдийг дэмжих чухал ач холбогдолтой байдаг аж.
Ур ухаан, уран шийдлээр бусдын мэдрэмжийг хөглөж, тав тух бэлэглэж буй Ш.Энхдөлгөөн уг нь математик инженер мэргэжилтэй. Тэрбээр 2014 онд оюутан солилцоогоор Өмнөд Солонгосыг зорьсон нь хүсэл мөрөөдлөө олж, зөв чигт урагшлах эхлэл цэг нь болжээ. Мэргэжил сонголтын өмнөхөн түүний солонгос багш оюутнуудаа дагуулан сонирхолтой газруудаар зочилж, юуг хэрхэн өөрчилбөл илүү тав тухтай, учир утгатай болохыг асуудаг байж л дээ. Профессор багшийнхаа эл асуултад Ш.Энхдөлгөөн тунчиг мэргэн хариулт өгч, багшийнхаа зүгээс ч багагүй сайшаал хүртдэг байж. Өөрийнхөө юунд дуртайг, юунд авьяастайг олж мэдсэн Ш.Энхдөлгөөн БНСУ-д интерьер дизайны чиглэлээр суралцаж эх орондоо ирмэгцээ ШУТИС-ийн ҮТДС-д мөн энэ чиглэлээр суралцжээ. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байхдаа тэрбээр дараагийн “нүүдэл”-дээ бэлдсэн бөгөөд энэ нүүдэл нь залуу хамт олноос бүрдэх, жинхэнэ багийн систем бүхий өөрийн гэсэн компанитай болох байсан юм.
Ингээд тэрбээр 2021 онд мөрөөдөлдөө хүрч, Силла групп компанийн нэгэн салаа мөчир iRitmo Design компаниа байгуулжээ. Компанийн нэрийн тухайд, нэрийн эхэнд байрлах “i” үсэг нь “idea” буюу “санаа” гэдэг үгийн товчлол бол “ritmo” гэх үг нь испаниар “хэмнэл” гэсэн үг аж. Санаанаас хэмнэлийг бий болгож, дизайныг бүтээнэ гэсэн агуулгаар компаниа ийн нэрлэжээ. Мөн логоны ард байрлах улаан цэг нь хувь хүний нууцлалыг бүрэн хангаж ажиллана гэдгийг илэрхийлж буй гэнэ. “Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг зарим бизнес эрхлэгч хийсэн ажлаа сурталчлахын тулд бусдын орон гэр, оффисын өрөөг олон нийтийн сүлжээгээр жишим ч үгүй дэлгэчихдэг. Энэ бол асар ёс зүйгүй үйлдэл” гэж Ш.Энхдөлгөөн хэлж байсан юм.
iRitmo Design хэдий залуу хамт олноос бүрдэх шинэ компани ч гэлээ тэд дэлхий нийтийн чиг хандлагаас суралцаж, мөр зэрэгцэн ажиллахыг чухалчилдаг. Улмаар Азийн шилдгүүдийн нэг Сингапурт төвтэй IPoise Design компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Бар орны туршлагаас суралцаж, зураг төслөө хамтран гаргахын зэрэгцээ улирал тутам дизайнер, мэргэжилтнүүдээ солилцоогоор ажиллуулах нь тэдэнд маш үнэтэй туршлагыг бий болгодог байна. Сингапур дахь түнш нь хаус, аппартмент, оффисын дизайнер ямар байх ёстой талаар нарийн мэргэшүүлэх сургалт явуулдаг учраас iRitmo Design бүхий л төрлийн зураг төсөл дээр амжилттай ажиллаж чаддаг байна.
Мөн саяхан тэд Германаас ч мэргэжилтэн урьж авчирчээ. “Европын мэргэжилтэн, уран бүтээлчид ирнэ гэдэг бас л өөр мэдрэмж, шинэ туршлагыг өгсөн. Одоо бол европчууд маш энгийн зүйлс хүсэж байна. Байгальд ойр мэдрэмж төрүүлэх шийдлүүд Европт трэнд болж байна. Бид хаана юу илүү сонирхолтой болж байгааг, мөн түүний үнэт чанар нь юу байна вэ гэдгийг үргэлж сониучирхаж байдаг. Лэндскэйпийн ажлууд дээрээ ч бид Италийн нэр хүндтэй компанитай хамтран ажилладаг. Бид аль чиглэлээр хаанах тэргүүлж байгааг судалж, хэнтэй хамтрахаа тодорхойлдог. Хамтын дизайныг ч чухалчилдаг. Миний үзэл бодлоос илүүтэй дэлхий дахины чиг хандлага чухал шүү дээ. Бид гадаад ертөнц рүү өнгийж харснаар Монголын хөрсөнд шинэ зүйлийн үрийг суулгаж, илүү зөв хувилбарыг бий болгож чадна” хэмээн Ш.Энхдөлгөөн ярьж байв.
Тэр бол стилист
Сингапурын IPoise компанийн хамтын ажиллагааны хүрээнд хамгийн анх Ш.Энхдөлгөөн компанийн захирлын хувиар, басхүү дизайнерын хувиар очиж ажилласан бөгөөд тэндээс “интерьер дизайнер стилист” гэдэг нэр томьёог өвөртлөн ирж Монголд нутагшуулжээ. Хүмүүс фэйшн стилистүүдээр хувийн өнгөө тодорхойлуулж, өөрт тохирох хувцаснуудынхаа талаар зөвлөгөө авдагтай адил интерьер дизайны тал дээр ч мөн өөрийгөө илэрхийлэх, өөрийн гэр бүл, хамт олонд тохирох хэв маягийг тодорхойлуулж болох аж.
Интерьер дизайнер стилист таны ямар орчинд бүтээлч байхыг, мөн ямар орчинд илүү амарч тухлахыг тань нарийн хүчин зүйлсээр судалж тодорхойлдгоороо энгийн нэгэн интерьер дизайнераас ялгарна. iRitmo Design компанийн хамт олны хувьд яг л танд тохирох, танай хамт олонд нийцэх цоо шинэ концепц, интерьер дизайн болон стилийг тодорхойлсны эцэст дизайнаа гаргадгаараа давуу талтай.
Зарим компанийн хувьд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдүүдийнх нь өрөө ямар байх ёстойг эцэг эх, асран хамгаалагчаас нь асууж лавлах нь түгээмэл байдаг. Мөн үйлчлүүлэгчийнхээ санал сэтгэгдэлд хэт хөтлөгдөж ажлаа гүйцэтгэх нь ч бий. Харин iRitmo-чуудын хувьд өөр. “Бид үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүй, мэдрэмжтэй тулж ажилладаг. Иймдээ ч ямар нэгэн дизайныг тулгахгүй, бас тэр хүний саналд хэт хөтлөгдөхгүй. Мэргэжлийн үүднээс хандаад, бүх саналыг нь сонсоод дундаасаа зөв хувилбар, онцгой шийдлийг гаргаж ирдэг” хэмээн Ш.Энхдөлгөөн хэлж байсан юм.
Интерьер дизайнаар дамжуулан хүссэн орчноо бүрдүүлчихвэл энэ нь амьдралын чанарт 20 хувиар эерэг нөлөө үзүүлдэг аж. Бизнесийн орлогыг ч мөн 20 хувиар нэмэгдүүлдэг давуу талтай.
Ингэхдээ та юуг таашааж, орчноосоо ямар мэдрэмж авахыг хүсэж буйг тань нэн тэргүүнд сонирхоно. Магадгүй оффистоо орохдоо гэртээ орж буй мэт дотно тухтай мэдрэмж авахыг хүсэж болно. Харин гэртээ орохдоо далайн эрэгт тухлах адил амарч тайвшрахыг чухалчилж болно. Эндээс үндсэн концепц төрнө. Таны санааг амь оруулахад гэрэлтүүлэг, декор маш чухал үүрэгтэй. Ихэнх барилгын компани гэрэлтүүлгийн тал дээр тэр бүр нарийн шийдэл гаргаж ирдэггүй учраас байр орон сууцаа баригдахаас нь эхлээд л интерьер дизайны багтай хамтарвал асуудлыг илүү хялбар шийдэх боломжтой.
Гоёлын гэрэлтүүлгийн тухайд, хүмүүс тэр бүр сонгож чаддаггүй. Гэрэл сонгох гэж 100 айл, Мишээл Экспо дээр очмогцоо л төөрөлддөг. Сонирхсон гэрэлд нь эргээд сэлбэг олдох эсэх, зарж байгаа дэлгүүр нь засвар үйлчилгээгээ хариуцах үгүй нь ч эргэлзээтэй. Бүр 30 сая төгрөгөөр гэрэл авчихаад сэлбэг нь олдохгүй бүтэлгүйтсэн үйлчлүүлэгч ч iRitmo Design-д хандаж байжээ. Лед гэрлийн хийцлэл жил ирэх тусам өөрчлөгддөг учраас үйлдвэрлэгч компаниа олохгүй л бол гэрлийн бүрхүүлээ тэр чигээр нь ахиж солих шаардлага ч гарч болно. Тиймээс энэ эрсдэлээс үйлчлүүлэгчдээ хамгаалахын тулд тэд гадаад хамтын ажиллагааны хүрээнд долоон компанитай гэрээ байгуулж, содон дизайнтай гэрлүүдийг оруулж ирж байна. Мөн нэгэн таатай мэдээ дуулгахад, тэд тун удахгүй худалдан авалтын дараах тусгай үйлчилгээ бүхий “гэрлийн их дэлгүүр”-ийг iRitmo нэрийн дор байгуулж, он гармагц дэлгүүрийнхээ албан ёсны нээлтийг хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн дээр дурдсанчлан таны гэрт таны сонирхлын булан заавал байх ёстой. Хэрэв та интерьер дизайнаар дамжуулан хүссэн орчноо бүрдүүлчихвэл энэ нь амьдралын шинж чанарт 20 хувиар эерэг нөлөө үзүүлдэг аж. Бизнесийн орлогыг ч мөн 20 хувиар нэмэгдүүлдэг давуу талтай гэсэн судалгааны үр дүнгүүд ч байдаг талаар Ш.Энхдөлгөөн онцолж байлаа. Тэрбээр мөн өнгө маш чухал болохыг тодотгож байсан юм. Өнгө хүн бүрд өөр мэдрэмж өгдөг учраас үйлчлүүлэгчээ таньж мэдэх нь маш чухал. Гэхдээ нийтлэг зүйл ч бас бий. Тухайлбал, ногоон өнгө тайван байдлыг мэдрүүлдэг учраас шийдвэр гаргах түвшний хүн өрөөндөө ногоон өнгийг сонговол илүү таатай нөлөө үзүүлдэг аж. Ногоон өнгийг, эсвэл ногоон ургамлыг хурал уулзалтын өрөөнд байрлуулахыг зөвлөдөг нь ийм учиртай гэнэ.
Өөр нэг чухал зүйл бол хэлбэр. Аливаа байр орон сууц, дэлгүүр, үйлчилгээний танхимд дөрвөлжин хэлбэр давамгайлдаг цаг үе технологийн дэвшлийн ачаар улиран өнгөрч байна. Та орон зайг хүссэнээрээ удирдах боломжтой, өөрийгөө бүү хайрцаглаарай гэж Ш.Энхдөлгөөн зөвлөж байсан юм. Дээр дурдсан Ono Multi-Вrand Store бол хэлбэрийн хувьд онцгой шийдлүүдийн нэг.
Дэлгүүрийн урсгал хөдөлгөөн зөв байх нь орлогын үүдийг нээх мэт маш чухал зүйл. Ямар нэг бараа аль нэг буланд шошготойгоо хуучрахгүй байна гэдэг зөв шийдлийн үр дүн юм.
Мөн материалын чанар, эрүүл байдлыг чухалчлах хэрэгтэй. Таны бүтээлгэсэн хэлбэр дизайн багаар бодож таван жил болох учраас нэг удаадаа чанартайг сонго гэсэн зарчмыг iRitmo Design зөвлөдөг. Манай улсад барилгын салбар дахь хяналтын тогтолцоо төдийлөн сайн бэхжээгүй учраас хүний биед хортой цавуу ашигласан материал, эсвэл хуванцрын агууламж бүхий нарийн ширхэгт тоосонцор ялгаруулдаг барилгын түүхий эдүүд нэвтэрсээр байгаа нь нууц биш.
Мөн дийлэнх үйлчлүүлэгч лэндскэйп буюу гадна тохижилтоо хайхрахгүй орхигдуулдаг. Хүүхдийн тэрэгтэй явахад саадгүй байх, томчууд мах шараад идэхэд тухтай байх зэрэг нь маш чухал. Манайхны хувьд, дараа нь ахиад байшин барина гэсэн сэтгэлгээгээр хашааныхаа аль нэг буланд байшингаа барьчихдаг. Байшингаа барьсны дараа үлдсэн хэсэгтээ төлөвлөлт хийхээр хийснийгээ эвдэх, гэрэл цахилгаан дэд бүтцийн хувьд, давтан ажил хийх гэх мэт бүтэлгүйтэл тохиолддог. Иймээс эхлээд лэндскэйпээ төлөвлөж, дараа нь байшингийнхаа экстерьер, интерьерээ зуруулан, гүйцэтгэлээ хийж эхэлбэл таны үл хөдлөх хөрөнгө байж болох хамгийн үнэ цэнтэй хувилбараар сүндэрлэх болно. Үнэндээ зураг хийлгэхэд тийм ч үнэтэй байдаггүй аж. Зургийг метр квадратаар үнэлж хийх бөгөөд зөвлөгөө үнэгүй болохыг тус хамт олон онцолж байсан юм. Төлөвлөлтөө зөв хийчихсэн байхад бага багаар ажлаа ахиулахад болохгүй гэх зүйлгүй.
“Бид үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүй, мэдрэмжтэй тулж ажилладаг. Иймдээ ч ямар нэгэн дизайныг тулгахгүй, бас тэр хүний саналд хэт хөтлөгдөхгүй. Мэргэжлийн үүднээс хандан, бүх саналыг нь сонсоод дундаасаа зөв хувилбар, онцгой шийдлийг гаргаж ирдэг”
Мөн стилиэ тодорхойлоход хамгийн чухал нь тавилга сонгох юм. Ихэнх тавилгын дэлгүүр хамгийн гоё гэрэлтүүлэгтэй хэсэгтээ хамгийн үнэтэй гэсэн тавилгаа онцгойлж тавьдаг. Харин үйлчлүүлэгчдийн дийлэнх нь тавилга сонгохдоо тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө захирагдаж өнөөх онцгой хэсэгт байрлуулсан тавилгыг сонгочихдог. Гэвч дэлгүүрт хамгийн гоё харагдсан буйдан таны гэрт жинхэнэ “дэг эвдэгч” болон хувирч ч болно. Тиймээс ямар хэмжээтэй ямар өнгөтэй тавилга тавихаа урьдаас нарийн төлөвлөж, болж өгвөл төлөвлөгөөнийхөө дагуу захиалга өгөх нь илүү оновчтой байдаг аж.
Энэ мэтчилэн чухал хүчин зүйлсэд нэг бүрчлэн анхаарч, интерьер дизайныхаа стилийг нарийн тодорхой болгож чадвал франчайз бизнес бий болгох, ахин шинээр салбараа нээхэд илүү хялбар болдог байна.
Түүний зарчим
Хүн таалагдахгүй хувцсаа шүүгээндээ нуучихдаг бол гэр орон, оффисоо яг л тэр төрхөөр нь хүлээж авахаас өөр гарцгүй. Тиймээс iRitmo Design бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хандаж, олон жил эдэлж хэрэглэнэ гэдэг талаас нь бодолцож, эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэхийг ямагт чухалчилдаг байна.
Үйлчлүүлэгчдээ үнэ цэн, сэтгэл ханамж бэлэглэхийн тулд хамт олныхоо уур амьсгалд ч мөн онцгой анхаардгаа Ш.Энхдөлгөөн хэлж байв. Түүний хувьд, компанидаа багийн системийг утгаар нь хөгжүүлэхийг зорьдог. Ингэснээр ур чадвараа ч, мэдлэгээ ч хуваалцах боломж бүрдэнэ. Бас илүү их зүйлийг хийж чадна. Тэд хамтдаа оффистоо байрлах хоёр том дэлгэцийн өмнө, буйдан дээрээ цуглаад ярилцдаг. Төсөл хэрэгжүүлэх явцад хэмжээ таарахгүй зай гарах, төлөвлөгөө өөрөөр эргэх тохиолдол гарна. Энэ бүхэнд хамтдаа шийдэл хайна. “Хэн нэгэнд хэт их ачаалал, хэт том хариуцлага үүрүүлэхээс татгалздаг” гэж Ш.Энхдөлгөөн хэлж байсан юм.
Ш.Энхдөлгөөний хувьд, бизнест хамтралыг чухалчилдаг. Хэн оруулж ирж байна, хэн чадаж байна тэдэнтэй хамтрахыг тэр хүсдэг. Учир нь тэр өөрөө ч бас компаниа хамтын хүчээр байгуулж байсан. Мөн барилгын салбарт хариуцлагатай бизнес эрхлэгчид олонхыг эзлээсэй гэж тэр хүсдэг. Тиймээс ч үйлчлүүлж буй хүмүүстээ барилгын салбарт ажил хугацаандаа дуусдаг гэдгийг батлан харуулах гэж хичээдэг байна.
“Хүмүүс байр захиалчихаад товлосон хугацаанаасаа хойш гурван жил хүлээдэг. Эдийн засгаараа хохирон байж хүлээдэг энэ хүлээлт байдаг л хэвийн үзэгдэл болсон гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Хийх ажлаа хугацаанд нь хийсний төлөө л гайхшраад, үнэн голоосоо баярлаад байдаг. Угтаа энэ чинь бидний хийх ёстой зүйл шүү дээ” гэж Ш.Энхдөлгөөн хэлж байсан юм. Ш.Энхдөлгөөн болон түүний баг хамт олны энэ хичээл зүтгэл барилгын салбарт норм, дүрэм, стандарт болж тогтоосой гэж тэд хүсэж мөрөөдөж байна. Тиймдээ ч энд тэндээс цуглуулсан хөлсний ажилчид бус үндсэн бригадаараа ажиллаж, барилгын салбарт залуусын манлайлал, үлгэрлэл ямар чухал болохыг тод томруунаар харуулахаар эрч хүч дүүрэн ажиллаж байна.