Энэхүү нийтлэлд зөвхөн өрнө болон дорнын анагаах ухааны салбарын онцлог ялгааг тайлбарласан бөгөөд салбарын ололт амжилтыг үгүйсгээгүй болно.
Монголчууд уламжлалт анагаах ухааны салбарынхныг “Сэрэлт” МУСК -ны багш ламын бүдүүн баараг дүрээр төсөөлөх нь бий. Хэдийгээр иргэдийн дунд уламжлалт анагаах ухааны талаарх ойлголт энэ мэт явцуу хүрээнд байх нь бий ч салбарын хөгжил шат шатаар ахисаар байна. Ийнхүү тодорхойлж буй шалтгааныг Монголын уламжлалт анагаах ухааны эм, танг инновац шингэсэн бүтээгдэхүүн болгож буй Dr.Baatar брэндийг үүсгэн байгуулагч Б.Ширчинмаагийн түүхээр уншигч та бүхэнд тайлбарлая.
Шинэлэг бүтээлийн эхлэл
Б.Ширчинмаа Dr.Baatar брэндийг Монгол болон дэлхийд таниулах нөр их ажлыг хийж буй уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмч. Тэрбээр Монголоос төрсөн уламжлалт анагаах ухааны долоон гавьяатын нэг, Анагаах ухааны доктор, П.Баатарын охин. Түүний аав өөрийн багш дорнын их маарамба Дорж (Одь)-гаа алдаршуулах зорилгоор компанийнхаа нэрийг “Одь Тан” ХХК гэж нэрлэсэн бол Б.Ширчинмаа аавынхаа Монголын уламжлалт анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй хүндлэм үйлсийг мөнхлөх зорилгоор 2013 онд Dr.Baatar брэндийг санаачилжээ.
Долоон наснаасаа эхэлж уламжлалт анагаах ухааны увдис, нууцад суралцсан Б.Ширчинмаа багын дурсамжаа хуучлан “Намайг багад манай гэрт 2000 гаруй төрлийн эмийн ургамал, түүхий эд хадгалаатай байдаг байлаа. Би эдгээр ургамлыг найруулах, түүхий эд олох, ургамал түүх зэргээр аавынхаа ажилд тусалдаг байсан. Аавыг дагаж дэлхийн уламжлалт анагаахын салбарын томчуудтай уулзах үеэр тэдний ярьсан сонин содон түүх, өвчнийг анагаах туршлагаас сонсож, тэмдэглэдэг байв. Тэгж явсаар энэ салбарт элэгтэй нэгэн болсон” хэмээн ярьсан юм.
Манай орны хөрсөнд ургасан эмийн ургамал нь органик, байгалийн гаралтай гэдгээрээ олон улсын зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг.
Dr.Baatar брэндийн талаар тэрбээр “Уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн гэхээр хүмүүс хуучин соёлын ялгаанаас болж лам, гашуун эм, тангаар төсөөлдөг. Харин бид хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар, таатай, инновацлаг бүтээгдэхүүнийг санал болгож буй. Одоогоор Dr.Baatar-аас гадна “Ургана”, “Сарлаг” брэндийг хөгжүүлж байна” хэмээв.
Түүний хувьд уламжлалт анагаах ухааны салбарын “домог” аавынхаа үйл хэргийг алдаршуулахын сацуу Dr.Baatar брэндийн ажилчдаараа ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд, эмэгтэйчүүдийг дэмжиж, ажиллуулдаг аж. Анх долоон ажилтантай эхэлсэн түүний бизнес өдгөө 30-уулаа болж өргөжсөн гэдгийг Б.Ширчинмаа ярилцлагын үеэр онцолж байлаа.
Давагдашгүй хүндрэлээс ангижрах нь
Хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц бага насны хүүхдүүд ханиад томуу тусах нь элбэгшдэг. Зөвхөн эрүүл мэндийн асуудал байхаа больж, олон өрхийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ ч агуулгаар бид бага насны гурван хүүхэдтэй гэр бүл ханиад томууны саруудад хэдэн төгрөгийг эм, эмнэлгийн үйлчилгээнд зарцуулж буй талаарх бичил судалгааг хийлээ.
Тодруулбал, тухайн гэр бүл ханиад томууны улиралд нэг хүүхдийн эмнэлгийн үзлэгт есдүгээр сард 99,050, аравдугаар сард 850,204, арваннэгдүгээр сард 676,666 төгрөгийг зарцуулжээ. Харин 124,850 төгрөгөөр Амоксиклав, Панцеф 400мг, Монтелукаст 4, 5 мг тайг, мөн Флюдитек, АЦЦ эмийг хамгийн өндөр дүнгээр авчээ. Хэрэв тус айлын гурван хүүхэд зэрэг өвдсөн тохиолдолд зардал хоёр нугарна. Гэхдээ эмгэг үүсгэгчийн хоруу чанар өндөр болон дахин өвчлөх тохиолдол элбэг байдаг.
Монголыг бүлээн засал эмчилгээгээр алдартай гэдгийг эртний Хятадын анагаах ухааны “Хуанди Нэйжин” сударт тодорхой тэмдэглэсэн байдаг.
Харин Б.Ширчинмаатай ярилцах зуур энэхүү эрсдэлийг уламжлалт анагаах ухааны тан, эмчилгээгээр хямд өртгөөр эмчлэх боломжтой гэдгийг олж мэдсэн юм. Тус агуулгын хүрээнд түүнээс тодруулахад “Хүн ер нь өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө сэргийлэх ёстой. Уламжлалт анагаах ухааны нэг онцлог нь тухайн хүний өөрийн мөн чанар, хэрэглэж буй идээ ундаа, өдөр тутмын дадлыг цогцоор авч үздэг. Жишээ нь, хүйтэн сэрүүний улиралд бөөр өвчлөх болон архаг өвчин сэдрэх эрсдэл өндөр байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх энгийн дадал нь ердөө кофе бага уух. Учир нь кофе сэрүүн чанартай бүтээгдэхүүн. Тэгэхээр хүйтний улиралд сэрүүн чанартай хоол унд хэрэглэх нь “гал дээр тос нэмж буй”. Ялангуяа ханиад томууны улиралтай холбогдуулан хүүхдийн ханиаднаас сэргийлэх багцыг бид гаргасан” хэмээв.
Тус багцад “Сороол-4”, “Тунгалаг-5”, “Дарву-5 (Чацаргана-5)” гэх гурван төрлийн тан, хоолой, ам цэвэрлэх “Оточ давс,” хөлийг чийгээс хамгаалж, бөөрийг тэтгэх улавч зэрэг нийт долоон бүтээгдэхүүн багтжээ. Тухайлбал, “Сороол-4” тан нь зургаан сартайгаас дээш бүх насны хүүхэд хэрэглэхэд тохиромжтой. Хүүхдүүд гашуун амттай эм, танг уух дургүй байдаг учраас тус тангийн найрлагад чихэр өвсийг нэмсэн байна. Хэрэв хүүхэд олон цагаар ханиалгаж байгаа тохиолдолд хөхүүл эх энэхүү танг ууж, сүүгээрээ дамжуулан ханиалгыг намдаах үйлчилгээ үзүүлэх боломжтой. “Дарву-5” тан нь цэр ховхлох үйлчилгээтэй бөгөөд хүүхдэд өдрийн 15 цагаас өмнө уулгахыг Б.Ширчинмаа зөвлөж байв. Харин “Тунгалаг-5” тан нь тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулж, нөхөн төлжүүлэх чухал ач холбогдолтой аж. Эдгээр танг онцолж буй шалтгаан нь химийн гаралтай хүчтэй антибиотикоос ялгаатай буюу гаж нөлөө, эмийн хоруу чанаргүйд оршиж байгаа юм. Ургамал, эрдэс бодис зэрэг байгалийн гаралтай орц, найрлагатай тул хүний биед сөрөг нөлөө бага бөгөөд биеийн эрчим хүчний урсгал, дотоод тэнцвэрийг сайжруулахад нэн тустай юм байна. Түүнчлэн орчин үеийн эм нь өвчний шинж тэмдгийг дарах хандлагатай байдаг бол уламжлалт эм тан өвчний үндсэн шалтгааныг арилгах, бие, сэтгэл, оюун ухааныг цогцоор эмчлэх зарчимд тулгуурладаг онцлогтой аж.
Эрүүл амьдралын нууц түлхүүр
Уламжлалт анагаах ухааны хөгжил нэн эртнээс улбаатай, арвин түүхтэй бөгөөд ашиг тусыг нь тоочоод баршгүй. Байгаль дэлхийд нээж илрүүлээгүй маш олон гайхамшиг байгаа нь өвс ургамлын анагаах, эдгээх шид юм. 2013 онд Б.Ширчинмаа Монгол Улсаа төлөөлөн Өмнөд Солонгосын Саньчонь хотод болсон Дэлхийн Уламжлалт Анагаах Ухааны олон улсын хурал, экспод хүний гавьяат эмч П.Баатар, түүний багш Х.Цэрэндоржийн хамтаар оролцжээ.
Хурлын үеэр олон улсын уламжлалт анагаах ухааны салбарынхан Монголын “Дэвтээлгэ эмчилгээ”-г сайшааж, нэн сонирхжээ. Учир нь манай улсын цаг агаар эрс тэс, хүйтэн бөгөөд нийт өвчний зонхилох хувь нь хүйтнээс улбаатай байдаг. Иймд Монголын уламжлалт анагаах ухаан халуун бүлээн эмчилгээг түлхүү хийдэг бөгөөд бүлээн чанартай ургамлууд болон төөнүүрийн эмчилгээ зонхилдог аж. Учир нь Монголыг “Хоржи мэза” (Монгол төөнө) бүлээн засал эмчилгээгээр алдартай гэдгийг эртний Хятадын анагаах ухааны “Хуанди Нэйжин” (Шар эзэн дотоод судар)-д тэмдэглэжээ. Мөн Монголын халгай байгалийн цэвэр, шимт чанараараа бусад улсад ургасан халгайнаас илүү давуу чанартай бөгөөд байгалийн ус чийгээр тэжээгддэг тул хүнд металл болон химийн бордооны бохирдол бага юм байна.
Dr.Baatar Төв аймгийн Баянчандманы 50 га газарт эмийн ховор төрлийн 28 төрлийн ургамлыг тарьж байна.
Тэгвэл Dr.Baatar-ийнхан халгай, хужир, жонш, сургар, ямаан арц зэрэг байгалийн зэрлэг ургамлын орцтой улавчийг хэрэглэгчдэд санал болгож буй. Энэхүү улавчны ач тусын талаар Б.Ширчинмаа “Хүний урт удаан амьдрал, эрүүл байхын үндэс нь хөлтэй нэн холбоотой. Хөлд нийтдээ 200 гаруй биологийн идэвхтэй цэг болон дотор эрхтнүүдтэй холбоотой судас байдаг. Зарим хүн дөрвөн улирлын турш пүүзтэй явдаг. Мөн хөл агаараа сэлгэж, чийгшилт багатай байгаа эсэхэд огт анхаардаггүй. Хүйтэнд даарч, өнөөх судаснууд агшсанаар цусан хангамж багасдаг. Энэ нь ихэнх өвчний суурь болдог” хэмээн ярьсан юм. Харин тус улавч нь хөлийг амрааж тайвшруулах, хөлийн улан дахь хялгасан судаснуудыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах эмчилгээний шинж чанартай бүтээгдэхүүн юм. Ялангуяа олон цаг зогсоогоор ажилладаг хүмүүст нэн тохиромжтой. Түүнчлэн байнга даарч хөрдөг хүмүүсийн хөлийг дулаацуулах, чийг, эвгүй үнэрийг багасгах, нойргүйдлийг арилгах, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй аж.
Уламжлал, шинэчлэлийг хослуулна
Dr.Baatar-аас санал болгож буй бүх бүтээгдэхүүн уламжлалт анагаах ухааны суурь мэдлэгийг орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцэхүйц байдлаар шингээжээ. Жишээлбэл, бид хоолой өвдөх үед царвангаар амаа зайлдаг. Нян нядалдаг энэ төрлийн ургамал гашуун байдаг бөгөөд зарим хүүхэд хоолойгоо зайлах үеэрээ огьж, ханиалгадаг. Харин Dr.Baatar-ийнхан Хими, химийн технологийн болон Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнтэй хамтран “Царвантай хоолойн шүршлэг”-ийг бүтээжээ. Царван ургамал нь амьсгалын дээд замын өвчний үед үрэвсэл дарах, цэр ховхлох, хоолойны ангина намдаах зэрэгт ашиглагддаг бөгөөд уламжлалт анагаахын тан Зэмбэ-5-ийн найрлагаар хийгддэг. Гол нь спиртийн агууламжгүй тул 3 ба түүнээс дээш настай хүүхдүүд хэрэглэх боломжтой.
Тэгэхээр уламжлалт анагаах ухаан таван махбодод тулгуурлаж эмчилгээ хийдэг. Нэг үгээр, нэгийг эмчлэх явцад бусад эрхтэн тогтолцоог дэмнэж байдаг анагаах ухааны салбар. Мөн олон зуун жилийн туршид хөгжиж, хүний бие, сэтгэл, байгалийн уялдаа холбоог хүндэтгэн, эрүүл мэндийг тэнцвэртэй байдлаар хадгалахыг зорьдог. Хамгийн гол нь эрүүл мэндийг бүхэлд нь дэмжиж, өвчнийг зөвхөн дарах бус, шалтгааныг арилгах цогц эмчилгээг хийдэг.
Сонирхуулахад, уламжлалтын анагаах ухаанд таргалалтыг “бадган” буюу хүйтэн суурьтай өвчин гэж үздэг юм байна. “Анагаах ухааны дөрвөн үндэс ном”-д “бадган” өвчнийг “Мариа шууруулах тан”-аар анагаана гэж тэмдэглэжээ. Тэгвэл Dr.Baatar брэндийнхэн энэхүү тангийн амтыг сайжруулах зарим ургамлыг нэмж, найман найрлагатай тураах үрлийг гаргажээ. Энэхүү тураах үрэл дотор өөх хайлуулах, биеийг хоргүйжүүлэх зэрэг эрүүлээр турах бүрэн чанарыг бүрдүүлсэн гэдгийг Б.Ширчинмаа тайлбарлаж байв.
Харин таргалалтын талаар “Манайхан би тарган юм чинь хоол идэхээ болиод ус ууя гэдэг. Гэтэл ус харахад шингэн ч хүйтэн мөн чанартай. Иймд бүлээн чанартай зүйл хэрэглэх ёстой буюу усны 2/3-ийг ширгээж уувал зохистой. Ер нь уламжлалтын анагаах ухааны эм, эмчилгээг шинжлэх ухааны түвшинд судлаад, хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг нотолчихсон. Бидний сайн мэдэх “Мана-4” тан эмбриологийн судалгаа буюу жирэмсэн ээж хэрэглэхэд урагт ямар нэг гажиг үүсгэж байна уу гэдгийг судлахад ямар ч сөрөг үр дүн гараагүй. Хоруу чанар багатайгаас гадна өвчний урхгийг үндсээр нь устгадаг” хэмээв.
Мөнхжүүлэх зорилгоос дэлхийн зах зээл рүү
Dr.Baatar брэнд “Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулна” хэмээх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй. Энэ ч утгаараа одоогоор Швейцарийн Мартини, Германы Фрайбург, Вьетнам, Лаос, Өмнөд Солонгос, Малайз, Өвөрмонгол зэрэг газар орны уламжлалт анагаах ухааны салбарын олон улсын үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Ялангуяа Лаос улсын иргэд Монголын ургамал болон малын гаралтай бүтээгдэхүүнийг нэн сонирхож байгаа юм байна. Dr.Baatar брэндийнхэн 2016 оноос Төв аймгийн Баянчандманийн 50 га газарт эмийн ховор төрлийн 28 төрлийн ургамлыг тарьж эхэлжээ. Эдгээр гол түүхий эдээ цайны төрлүүддээ түлхүү ашигладаг хэмээн Б.Ширчинмаа дурдаж байв.
Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамал экологийн хувьд цэвэр, шим тэжээлийн агууламжаараа өвөрмөц онцлогтой бөгөөд эрүүл мэндийн салбарт үнэ цэнтэй баялаг болдог. Олон зууны туршид уламжлалт анагаах ухааны чухал хэсэг болж ирсэн. Ургамлын үндэс, иш, навч, үрийг хандалж, бэлтгэсэн тан, эмүүд нь хүний биеийн тэнцвэрийг хадгалах, өвчнийг эдгээхэд хэрэглэгддэг. Мөн манай орны хөрсөнд ургасан эмийн ургамал органик, -400С- + 400С хооронд амьдрах чадвартай тул түүнд агуудагдах биологийн идэвхт бодис нь өндөр гэдгээрээ олон улсын зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг. Нийт 3000 гаруй ургамлын 800 орчим нь эмчилгээний зориулалтаар ашиглагддаг гэх судалгаа бий. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж байгаа нь манай улсын уламжлалт анагаах ухааны эм, тан олон улсын зах зээлд гарахад нэн таатай нөхцөлийг бүрдүүлж буй.