Мэдлэгт эрч өгөх нь
Бидний дунд маш олон сургалтад суугаад л, көүчинг, ментор хөтөлбөрт хамрагдаад л явдаг, гэвч ямар нэгэн үр дүн гаргадаггүй хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн нэг нийтлэг дутагдал нь мэдээллийг мэдлэг болгох сэдэл, үйлдэл хангалтгүй.
Бид сургалт, хөтөлбөрт хамрагдаж, ном уншиж, түүнээсээ олон сайхан санаа олж аваад нэг хэсэгтээ л “үнэхээр хэрэгтэй зүйл олж мэдлээ” гэсэн эерэг мэдрэмжтэй явдаг. Гэвч тэрхүү мэдрэмж, сэтгэл хөдлөл удалгүй намжиж, түүнийг дагаад олж мэдсэн зүйлс, таалагдсан санаа, баримт сэлт ч бүдгэрсээр мартагддаг нь харамсалтай.
Германы сэтгэл судлаач Эббингаузын боловсруулсан “Марталтын муруй”-н зарчмаар хүн олж авсан мэдээллийнхээ 65 хувийг 10 цагийн дараа, 80 хувийг зургаан өдрийн дараа гэхэд мартдаг аж. Тиймээс шинэ мэдээллийг мартахгүйгээр мэдлэг болгон ажил, амьдралдаа ашиг тустайгаар хэрэглэе гэвэл тэр мэдээллийг төрөл бүрийн аргаар бэхжүүлэх шаардлагатай.
Америкийн боловсролын сэтгэл судлаач Бенжамин Блум-ын зохиосон “Блумын таксономи”-д аливаа мэдээлэл хэрэглээнд нэвтэрч ямар нэгэн бүтээл болох хүртлээ зургаан үе шат дамждаг:
- Санах (Мэдлэг) – Таних, эргэн санах
- Ойлгох (Ойлголт) – Баримт, санааг ойлгохын зэрэгцээ үндсэн санааг тогтоох, дүрслэх, тайлбарлах, хөрвүүлэх, харьцуулах, зохион байгуулах
- Хэрэглэх (Хэрэглээ) – гүйцэтгэх, хэрэгжүүлэх
- Задлан шинжлэх (Задлан шинжилгээ) – Ялгах, зохион байгуулах, онцгойлох
- Үнэлэх дүгнэх (Үнэлгээ дүгнэлт) – Бүртгэн шалгах, шүүмжлэх
- Бүтээх (Бүтээл, бүтээмж) – Үүсгэх, төлөвлөх, боловсруулах
Товчхондоо, уншсан, сонссон, сурсан зүйлээ ямар нэгэн байдлаар хэрэглэж, болж өгвөл бүтээл болгон гаргах хэрэгтэй.
Саяхан Business.mn -ээс эрхлэн гаргасан ЭРЧ багц номыг уншиж буй “Номонд дурлуулах клуб”-ын ээлжит уулзалтад очсон юм. Тэд номыг зүгээр нэг уншдаггүй, клубын гишүүд ном уншиж мэдлэгээ тэлээд зогсохгүй, уншсанаа ашиглан асуудлаа шийдэх, үйлдэл хийх, үр дүн гаргахыг хичээх байдлаар тун бүтээлч уншлага хийдэг байна.
Мөн уншсан, сурснаа бэхжүүлэх үүднээс номын агуулгыг хэлэлцэж, ингэхдээ богино хэмжээний танилцуулга бэлдэж, түүндээ ойлгосноо зураглаж, ажил дээрээ яаж хэрэгжүүлснээ баримтжуулан нэг нэгэндээ тайлагнадаг дүрэмтэй.
ЭРЧ номыг ч бас тэд ийн бүтээлч байдлаар уншсан нь номын редакторын хувьд надад сайхан санагдаж байв. Энэ номын агуулгыг мэргэжлийн зөвлөхүүд бүр сургалтын хөтөлбөр болгоод компаниуд дээр хэрэгжүүлж буй өөр нэгэн жишээ ч бий.
Миний хувьд ч сүүлийн үед номыг уншаад л хаах нь хайран учраас олон ном уншихдаа биш, харин тэмдэглэл хөтлөх хэлбэрээр чанартай уншихыг зорьдог болсон юм.
Бизнест эрч оруулах нь
Бизнесийг нэгэн төрлийн аялал гэж болно. Харин бизнесийн тухай чанартай ном бол тэрхүү аялал хэрэгтэй сайн газрын зураг гэсэн үг. Газрын зурагтай хүн мэдээж төөрөхгүй, хаа хүрэхээ сайн мэднэ. ЭРЧ ном бол ийм газрын зургийн нэг жишээ.
Гэхдээ ном гэдэг бэлэн жор биш гэдгийг мартаж болохгүй. Бизнесийн үүсгэн байгуулагч эсвэл удирдлага газрын зургийн дагуу явсан ч “хөлсөө дуслуулан” багаа удирдах шаардлагатай болно. Аялалд гарсан бол гуу жалга, намаг шалбааг, аадар бороо, цасан шуургатай таарна, бас та ядарна, эцнэ. Гэхдээ л танд тодорхой газрын зураг, зорилго бий.
Нэг үгээр, та адал явдалтай, гэхдээ бас эрсдэлтэй аяллын хөтөч гэсэн үг. Аяллын багаас зарим нь буцъя гэж шантарна, зарим нь бүр болилоо гэж хэлнэ, нэг хэсгийг нь ятгаад ч нэмэргүй учир явуулахаас өөр аргагүй болно. Хамгийн төвөгтэй нь танд хүртэл эргэлзээ төрнө. Өөрөөр хэлбэл, бизнест баг удирдах нь таны хамгийн том сорилт байх болно.
ЭРЧ номын нэгэн ач холбогдол нь энэ аяллыг хэнтэй, хэрхэн хийж болох талаар тун ойлгомжтой өгүүлээд зогсохгүй, аялалд хэрэг болох бүхий л багаж хэрэгсэл буюу менежментийн арга хэрэгслийг танд бэлдэж өгсөн. Тиймээс энэ ном хамгийн бүтээлчээр унших ёстой номуудын нэг юм. Редакторын хувьд уг номын агуулгыг бүтээлчээр уншиж, хураангуйлсан нэгэн жишээг хуваалцъя.
Эрч оруулах зургаан оньс
Бизнес хэмээх насан туршийн аялалд ЭРЧ номын санал болгож буй газрын зураг буюу үндсэн арга хэрэгслийг “Энтрепренерийн үйлдлийн систем” /ЭҮС/ гэж нэрлэнэ. Энэ систем зургаан хэсгээс бүрдэнэ.
1.Алсын хараа
Энэ нь тухайн бизнест ажиллаж буй бүх хүнийг нэг зүгт чиглүүлж, хүч энергийг нь нэгтгэдэг. Өөрөөр хэлбэл, бизнес тань юунд зорьж, тэмүүлж байгаа, түүндээ яаж хүрэх талаар байгууллагын бүх хүн нэгэн ижил, тов тодорхой ойлголттой байхад тусалдаг. Та алсын хараагаа хэдий чинээ тод харна төдий чинээ түүндээ хүрэх боломж ихэснэ. Бүх хүний эрч хүчийг нэг зүгт чиглүүлбэл гайхалтай үр дүн гарна.
Алсын хараа тодорхой болсон цагт түүндээ хүрэхэд зарим арга хэрэгслийг ашиглана. Юуны түрүүнд та бүхэн компанийнхаа үнэт зүйлсийг ойлгомжтой томъёолж бүх ажилтандаа ойлгуулах хэрэгтэй. Энэ бол танай компанид маш чухал, жанжин шугам болох үнэ цэнтэй багц зарчмууд. Жишээ нь, шударга зан, нээлттэй харилцаа, махруу хөдөлмөр, ёс зүй гэх мэт.
Дараа нь та гол фокусаа тодорхойлох ёстой. Энэ нь танай компани ямар бизнест орохоо сайн ойлгосон, түүндээ үнэнч үлдэх тухай яриа. Өөрөөр хэлбэл, та “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэдэг замаар явахгүй байх ёстой юм.
Ямар зах зээлд тоглолт хийхээ ойлгосон нөхцөлд та бүхэн 10 жилийн зорилтуудаа гаргаж, 10 жилийн дараа танай компани ашиг орлого, зах зээлд эзлэх хувь, бүтээгдэхүүний төрөл гэх мэт үзүүлэлтээр ямар байхыгаа тооцоолох ёстой.
Энэ тооцоог гаргасны дараа тэдгээртээ маркетингийн стратеги боловсруулна. Энд таны бусдаас юугаараа ялгарах тань харагдах ёстой.
Энэ бүхнийг тодорхойлсон нөхцөлд ажлуудаа гурван жилээр, жилээр, улирлаар, долоо хоногоор оновчтой төлөвлөх суурь бүрдэнэ.
2. Хүн
Гэвч дээр дурдсан бүхнийг амьдрал болгоход гол нөөц нь хүн юм. Харин хүн ажиллуулна гэдэг бол компаниудын толгой өвтгөсөн сэдэв байдаг. Тэгвэл зөв хүнийг тохирох ажилд нь томилж, бүтээмжтэй ажиллуулахын тулд та компанийнхаа соёлд нийцэх хүмүүсийг л ажиллуулах шаардлагатай. Энд бүхнийг мэддэг хүмүүсийн тухай биш, өөрт нийцсэн ажлаа хийж буй Зөв хүмүүсийн тухай ярьж буйг анзаараарай. Зөв хүмүүс бол танай компанийн үнэт зүйлсийг хуваалцдаг хүмүүс юм. Тэд танай соёлд тохирч, өсөн дэвждэг. Та тэдэнтэй хамт байх дуртай, тэд танай байгууллагыг ажиллахад урамтай газар болгодог.
Хэн нэгнийг ажиллуулахдаа та тэр хүн хамгийн сайн хийж чадах ажилдаа очсон уу гэж асуух хэрэгтэй. Хэрэв тийм бол тэр хүн Зөв суудалдаа очсон гэсэн үг. Зөв суудал гэж ажилтан бүр байгууллагадаа өөрийн ур чадвар, хүсэл тэмүүллийг хамгийн тод харуулах хүрээлэлд ажиллаж байгааг хэлнэ.
3. Өгөгдөл
Энэ бол “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэдэг агуулга юм. Та бизнесээ хэр амжилттай, ямар түвшинд явааг үргэлж мэдрэхийн тулд байнга мэдэж байх ёстой гол тоонуудаа тодорхойлох ёстой. Энэ нь долоо хоногийн борлуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлага, өглөг, гэрээний тоо гэх мэт байж болно.
Та нийт компанийн түвшнээс гадна ажилтан, хэлтэс нэгжийн түвшинд тоонуудаа тодорхойлох ёстой. Үүний тулд төрөл бүрийн үнэлгээний хуудас, KPI ашиглаж болно. Тоотой байхын гол ач холбогдол нь таны бизнесийг системийн хувьд доголдолгүй болгож, синхронжуулна.
4. Асуудал
Бизнес систем болсныг харуулдаг нэг чухал зүйл бол тухайн компанид асуудлыг шийддэг механизм хөгжсөн байх. Асуудлаа мэддэг ч шийдэж чаддаггүй бизнес цаашаа явах эрчгүй болдог.
Алсын хараа тодорхой, хүмүүс тохирох албан тушаалдаа байгаа, өгөгдлөө удирдаж байгаа бол танай байгууллагыг юу хойш татаж байгааг та гарцаагүй олж харна. Амжилттай компаниуд асуудлыг олон долоо хоног, сар, жилээр сунжрахыг зөвшөөрдөггүй. Тэдэнд асуудлыг гаргаж тавьдаг соёл, хэлэлцдэг арга барил, шийддэг журам, стандарт, шийдсэнийг нь урамшуулдаг тогтолцоо, энэ бүхнээс бүрдсэн инновацлаг уур амьсгалтай байдаг.
5. Процессууд
Компани болгонд борлуулалтын, санхүүгийн, үйл ажиллагааны, маркетингийн, үйлдвэрлэлийн, хүний нөөцийн гэх мэт суурь процессууд байдаг ч түүнийгээ зураглаж, албажуулж, стандарт процедур болгож чаддаг нь ховор. Өөрөөр хэлбэл, энэ үйлдлийг хийх нь манай компанид үнэхээр хэрэгтэй юу, хэрэгтэй гэвэл хийх хамгийн оновчтой арга нь юу вэ гэдэг асуултад хариулах ёстой.
Хэрэв та бизнесээ процессжуулж чадахгүй бол та бизнесээ биш бизнес чинь таныг удирдах болно. Та өдөр бүр гал унтраах ажил хийж, маргаан тасалж явсаар ядаргаанд орно. Тиймээс бизнесийнхээ үндсэн процессуудыг тодорхойлж, албажуулж, хүн бүр дагаж мөрдөхүйц замын зурагтай болох хэрэгтэй.
6. Уялдаа буюу бизнесийн Эрч
Одоо дээр дурдсан таван элементийн уялдаа холбоог хангавал бизнестээ амжилттай ажиллах Эрчийг өгнө. Өөрөөр хэлбэл, танай компанид хариуцлага, сахилга бат бий болж, гүйцэтгэл, бүтээмж өмнөхөөс шал өөр түвшинд очно. Мөн ажлыг эрэмбэлдэг, хуваарилдаг, төлөвлөдөг, уулздаг, хэлэлцдэг, шийддэг, гүйцэтгэдэг, тайлагнадаг, хянадаг, оролцдог, санаачилга гаргадаг цогц систем бий болох юм.
ЭРЧ багцыг худалдан авах: https://shop.bookzone.mn/
Эрч номын тухай подкастыг сонсох: https://www.youtube.com/watch?v=IWsqkKcqEiM&t=139s