Монгол Улс Турк улстай 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Өдгөө дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд тус улсад айлчилсан бөгөөд манай улс төрийн тэргүүний түвшинд 21 жилийн дараа Турк улсад айлчилж буй.
Юун түрүүнд 55 жилийн дипломат харилцааны хүрээнд хоёр улсын эдийн засаг, бизнесийн орчин болон бусад салбарт ямар томоохон үйл явдлууд болсоныг товчильё.
- 2001 онд Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл Монголын үндэсний түүхийн музейн Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна.
- БНТУ-ын Засгийн газраас манай улсын засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон.
- Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулав
- Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалахад таван сая ам.доллар тусламж үзүүлэв.
- Хоёр улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес харилцааг өргөтгөхөд түлхэц болно хэмээн Монгол Турк улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт 2013 онд гарын үсэг зурав.
Харин энэ удаагийн айлчлалын үеэр Туркийн талаас 130 орчим бизнес эрхлэгч, Монголын талаас 100 орчим компанийн төлөөлөл оролцсон форумыг зохион байгуулсан юм. Гол нь Монголын бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгж байгууллагууд Туркийн бизнес эрхлэгчидтэй B2B буюу ганцаарчлан уулзалдлаа. Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од
“Монгол Туркийн бизнесийн хамтарсан уулзалтыг зохион амжилттай байгууллаа. Гол нь Монголын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллагууд Туркийн бизнес эрхлэгч байгууллагуудтай B2B буюу ганцаарчилсан уулзсан нь онцлог байлаа. Нийт дүнгээрээ 15-20 тэрбум төгрөгийн гэрээ үзэглэлээ” хэмээв.
Уулзалтад ЕТГ-ын эрүүл мэнд хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан оролцож, Монголын эрүүл мэндийн салбарын талаар мэдээлэл өгч, хоёр орны бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцсон юм. Харин ЕТГ-ын Эдийн засгийн зөвлөх Д.Даваадалай эдийн засаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын талаар танилцуулга хийж, арьс шир, ноос ноолуур, газар тариалан, техник технологийн салбарт хөрөнгө оруулалт татаж ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл талуудад өгчээ.
Судалгаагаар Турк улсын эдийн засаг сүүлийн 18 жилийн хугацаанд 4-5 дахин өсжээ. Харин гадаад худалдааны экспорт 255 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд дэлхийн эдийн засаг, үйлдвэр үйлчилгээнд эзлэх хувь 1.35 хувь байгаа аж. Тодруулбал ДНБ 2002 онд 11000 ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 45000 ам.долларт хүрчээ. Хэрэв Турк улс руу хөрөнгө оруулалт хийвэл Европын холбооны хөнгөлөлт урамшуулал үзүүлнэ. Учир нь дэлхийн улс орнуудтай агаарын, төмөр замын, автозам, усан замаар холбогддог. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр 190 гаруй орноос 33 дугаар байрт жагсаж байгаа. 2003 онд компани байгуулах хугацаа сар гаруй болдог байсан бол өнөөдөр 7 хоног болсон юм байна.
“Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг
Манай компанийн хувьд өмнө нь Турк улс руу экспорт хийж байгаагүй. Энэ удаагийн уулзалтаар “Ханбогд кашмер”-ийн нэрийн барааны дэлгүүрийг Турк улсад нээх болон тус улсын томоохон нэхмэлийн үйлдвэртэй хамтран ажиллахаар тохирч байна. Турк улс жилдээ 12 сая гаруй метр даавуу үйлдвэрлэж 90 хувийг нь европын зах зээлд нийлүүлдэг ч кашмерийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзээгүй. Иймд тус улсын томоохон нэхмэлийн үйлдвэрүүд энэ төрлийн түүхий эдээр бүтээгдэхүүн гаргах сонирхолтой байдаг” хэмээн онцолж байв.
Мөн хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн үйл явдал тохиов. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.
Монгол Улс болон Турк Улс хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулсан байна. Үүнд
- Боловсрол: Багш, оюутан солилцох, хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх.,
- Залуучууд, спорт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, спортын байгууллагуудын харилцаа, мэргэжил сургалтын хөтөлбөр боловсруулах.,
- Байгаль орчин: Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутагт хамтран ажиллах.,
- Ойн аж ахуй: Цөлжилт, ойн нөхөн сэргээлт, ойн түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах.,
- Орхоны хөндий: Тусгай хамгаалалттай газруудын менежмент, экологийн боловсролыг дэмжих.,
- Уул уурхай: Нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа.,
- Зам, тээвэр: Төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал, олон улсын коридоруудаа хөгжүүлэх.,
- Өрсөлдөөний бодлого: Өрсөлдөөний хууль тогтоомж, мэдээлэл солилцох.
- Радио, телевиз: Харилцан нэвтрүүлэг, уран бүтээл хамтран туурвих.
- Эрүүл мэнд: Эм, эмнэлгийн хэрэгсэл хангамж, хамтарсан оношилгоо, туршлага солилцох.
Эдгээр гэрээ, хэлэлцээрүүд нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон салбарт хамтын ажиллагаа үүсгэхэд чиглэж байгаа юм.