Энэ удаа бид АНУ-д хувийн бизнес эрхлэхийн зэрэгцээ санхүү, нягтлан бодох бүртгэлийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг А.Саруул хэмээх бүсгүйтэй бизнесийг удирдах арга ухааны талаар ярилцлаа.
Та Америкт бизнес эрхлэх болсон түүхээсээ сонирхуулна уу?
Би Америкт 2019 оны зургаадугаар сард очсон. Анх урлагийн салбарын бизнесүүдэд нягтлан бодох бүртгэл, татвар, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ArtSmart Inc компанид Ковид-19 дөнгөж эхэлж байх үед бүртгэлийн ажилтнаар орсноор Америк дахь карьераа эхлүүлж байлаа. Миний хувьд Америкт ажилласан туршлага огт байгаагүй. Мөн Европ, Монголд эзэмшсэн миний боловсрол, амжилт, цол гуншингууд, дэлхийн томоохон мэргэжлийн үйлчилгээний компанид аудит менежерээр ажиллаж байсан гэх зэрэг туршлага маань эндхийн ажил олгогч нарт огтхон ч сонин байгаагүй. Чи өмнө нь хэн байсан, туг барьсан уу, тугал хариулсан уу хамаагүй, чи Америкт юу хийж, ямар үнэ цэн үүсгэж чадах вэ гэдэг л асуултыг тэд тавьдаг юм билээ. Тухайн үед Америкт ажиллах хэцүү санагдаж байсан ч эдийн засгийн орчин нь асар их боломжийг бий болгодог гэдгийг ойлгосон.
Ня-бо бүртгэлийн ажилтнаар ажилд ороод Америкийн татвар, санхүү, бизнес орчны талаар эхний хоёр жилдээ маш их зүйлийг сурсан. Компанийнхаа шилдэг ажилтан болсноос гадна олон харилцагчтай болж, компанийн маань үйлчлүүлэгчийн тоо ч эрчтэй нэмэгдэж эхэлсэн юм. Мөн цар тахлын үеэр харилцагч нар зайнаас мэргэжлийн үйлчилгээ авахаас өөр сонголтгүй болсон учраас үйл ажиллагаа маань эрчимтэй тэлж байлаа.
Үүнтэй холбоотойгоор компанид хүний нөөцийн хэрэгцээ гарч, миний удирдах ажлын гараа маань эхэлсэн. Тухайн үед компанийн бүтэц хэт сул, энгийн байсан учраас зайнаас, багаар ажиллах бүтцийг санаачилж, дараагийн хоёр жилд багаа бэлдэх, сургах, процессуудаа стандартжуулах, үйлчилгээгээ чанаржуулах, зорилтот зах зээл, алсын хараагаа тодорхойлох гэх мэт удирдлагын ажилд шаргуу орсон. Тухайн үед бид Эрч ном, болон Энтерпренерийн Үйлдлийн Системийн талаар мэддэггүй байлаа. Одоо бодоход асар хурдтай эргэлдэж буй хар шуурганы цөм рүү юу ч үгүй орсон мэт санагддаг.
ArtSmart Inc-ийг үүсгэн байгуулагч нь Эми гэж маш нээлттэй, энгийн, чадварлаг, бүтээлч эмэгтэй бий. Надад итгэж, үнэлж, дэмжих хүнтэй учирсандаа би өөрийгөө их азтай гэж боддог. 2024 оноос эхлээд би ArtSmart Inc-ийн гүйцэтгэх захирал буюу Эрч системийн нэршлээр Зангидагчийн суудалд ажиллаж байна.
Харин өөрийн Gateway to Remote America компанийг 2022 онд байгуулсан. Анх компаниа хүний нөөцийн эрэлт дээр суурилан үүсгэн байгуулж байсан. Өөрөөр хэлбэл, АНУ-д нягтлан бодох бүртгэлээр зайнаас ажиллах монгол боловсон хүчин яагаад байж болохгүй гэж бодоод аль аль талдаа өгөөжтэй байхаар шийдэл гаргаад эхэлж байлаа. 2022 оноос АНУ-ын ня-бо бүртгэл болон ня-бо бүртгэлийн систем, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулж, тухайн компанийн шалгуурт тэнцсэн хүмүүсийг ажилд авах моделиор ажиллаж байсан.
Өдгөө үйл ажиллагаа маань тогтворжиж, жилд 2-4 интерн авч байна. Мөн хүний нөөцаас гадна цар хүрээгээ тэлж, 2025 оноос стратеги, удирдахуйн чиглэлээр төрөлжин АНУ-д бизнес эрхэлж буй монгол хүмүүс, монгол бизнесүүд руу чиглэн ажиллаж байна. Бид нэгдүгээр сарын 10-наас “Эрчтэй удирдъя” зургаан сарын анхны цуврал воркшопоо Монгол, АНУ-д ажиллаж, амьдардаг 8 захирлыг хамруулан амжилттай эхлүүллээ. Зургаан сарын дараа ямар өөрчлөлт гарах бол хэмээн тэсэн ядан хүлээж байна.
Таны бизнесийн алсын хараа юу вэ? Түүнийгээ хэрхэн тодорхойлсон бэ?
Удирдаж буй хоёр компани болон миний хувийн алсын хараа ижилхэн. Түүндээ хүрэх зам, цар хүрээ, арга барил нь өөр ч аль аль нь нэг зүгт харж байгаа.
ArtSmart Inc компанийн үндсэн зорилго бол АНУ-ын бүтээлч бизнесүүдэд тогтвортой байдал, амар амгаланг бий болгох. Бид үүнийгээ ня-бо бүртгэл болон зөвлөх үйлчилгээгээр дамжуулан хүргэдэг. Бид 10 жилийн дараа АНУ-ын бүтээлч бизнесүүдийн сайн мэддэг компани болох алсын хараатай.
Gateway to Remote America компанийн үндсэн зорилго бол эмх цэгцтэй мэдээлэл, ур чадвар олгох юм. Бид үүнийгээ дэлхийд судлагдаж, шигшигдсэн арга хэрэгслүүдээр дамжуулан воркшоп, лайв зүүм сургалтуудаар хүргэдэг. Бидний нэвтрүүлж буй удирдахуйн систем бол танай компаниас орчуулан гаргасан Эрч номын Entrepreneurial Operating System буюу монголоор Энтрепренерийн үйлдлийн систем юм. Харин 10 жилийн алсын хараа маань дэлхий даяар бизнес эрхэлж буй удирдагч нарт Эрч системийг нэвтрүүлэхэд нь туслах, Эрч системээр ажилладаг монгол коммьюнити үүсгэх, дэмжихэд оршиж байна. Уг алсын харааны хүрээнд бид Эрчтэй Удирдъя воркшопоо эхлүүлсэн.
Удирдлагын баг маань алсын хараагаа тодорхойлохдоо Эрч системийн V/TO арга хэрэгсэл буюу Алсын хараа/Эрч чиглүүлэгчийг хэрэглэсэн. Хэд хэдэн уулзалт, брэйнстормингийн дараа удирдлагын баг маань нэг зүгт харж эхэлснээр манай үйл ажиллагаанд олон сайн өөрчлөлт гарч эхэлсэн.
Хувийн зорилго маань бусдад хэрэгтэй хүн байх юм. 10 жилийн дараа 2 компани маань нэгдэж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, харилцагч нартаа давтагдашгүй үнэ цэн өгдөг том экосистем болно гэж бодож байна.
Эрч хөтөлбөрийн талаар хэрхэн мэдсэн бэ? Уг систем таны бизнест хэрхэн үр өгөөжөө өгсөн бэ?
Эрч номыг 2022 оны эхээр харилцагчаасаа санаандгүй байдлаар олж мэдсэн. Уг харилцагч маань гэрэлтүүлэг, интерьерийн маш авьяаслаг дизайнер, уугуул америк хүн. Цөөхүүлээ хэрнээ жилд 5 сая ам долларын эргэлттэй, ажилтан, хэрэглэгч, орчиндоо ээлтэй гэрэлтүүлгийн үйлдвэрлэл, борлуулалтын бизнесийг бий болгож чадсан. Би түүнээс байнга үлгэр жишээ авч, компаниа хэрхэн удирдах талаар маш их зүйл сурсан, одоо ч суралцсаар байна.
Тэрбээр надад “Эрч” номыг санал болгосны дараа би тэр дор нь Амазоноор захиалаад, 7 хоногийн дотор уншиж дуусгасан. Уг цувралын бусад номыг ч уншсан.
Компани, би өөрөө ч гацаанд орчихсон амаргүй үе байсан. Эрч номонд дурддаг бүх асуудлыг биеэрээ туулж байсан учир “би ганцаараа биш юм байна, хэдэн мянган удирдагч яг адилхан асуудлуудтай нүүр тулдаг юм байна. Энэ гацаанаас гарах бүх арга нь судлагдаад, арга хэрэгслүүд нь шигшигдээд гараад ирсэн юм байна” гэсэн бодол төрж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсэн. Алсаа харчихсан ч түүндээ яаж хүрэх вэ гэдгээ мэдэхгүй байхдаа “Эрч” номтой учирсан. Харин яаж гэсэн бүх асуултын хариулт уг номд байсан хэрэг. “Эрч” номыг уншаад л шууд бүх шийдэл, хариултыг нь ажил хэрэг болгосон.
Улмаар бизнест маань гарсан хамгийн том өөрчлөлт бол бүх зүйл маш тодорхой болж, компани бүхэлдээ нэг зүгт харж эхэлсэн. Удирдлагын баг зорилгынхоо төлөө нэгдэхээс нааш бүгд өөрийн төсөөлөл, янз бүрийн ойлголттой байдаг юм билээ.
Жишээлбэл, удирдлагын баг өсөлт хийнэ гэсэн шийдвэр гаргаад багийнхандаа хэлэхэд бүх хүн үүнийг өөрөөр хөрвүүлж ойлгодог. Зарим нь шууд мөнгөн өсөлт бодно, зарим нь ажилчдын эсвэл харилцагчийн тоогоор хэмжинэ, зарим нь автоматаар 2 дахин томрох юм байна гэж бодно. Удирдлагын багийнхан хүртэл дотроо өөр төсөөлөлтэй байдаг.
Тийм учраас алсын хараанаас эхлээд компани юу хийдэг, яагаад хийдэг, үнэт зүйлс зэрэг хөдөлшгүй хүчин зүйлсээс авахуулаад зорилтот зах зээл, 3, 10 жилийн зорилтууд, процесс гээд Эрч системийн 6 оньсыг бүх хүндээ тодорхой болгож эхэлсэн.
Хоёр дахь том өөрчлөлт бол бид бүтцийн өөрчлөлтүүд хийж, бүх үндсэн функцүүдээ тодорхойлоод зөв хүмүүсээ зөв ажил дээр нь томилсон. Ингэх нь тийм ч амар байгаагүй. Жишээлбэл, менежерийн түвшний хоёр ажилтан маань зөв хүн биш байсан учир хүний нөөцийн амаргүй шийдвэрүүдийг бид гаргасан.
Ямарваа зүйлийн бүтцийг өөрчлөх нь цаг хугацаа, тэвчээр шаардсан том ажил байдаг. Байшингаар бол бүх юмаа нураагаад, сууриа дахин цутгаж байгаатай адил гэж болно. Маш олон сургалт, багийн уулзалтууд хийж хүмүүсээ дахин сургаж эхэлсэн. Ажлыг удаашруулж ажилчдын маань эрч хүч, энергийг барж байгаа процессуудаа автоматжуулсан. Ингэснээр яг юу хийх ёстой нь ажилчдад маань тодорхой болж, бүтээмж 50 хувиар нэмэгдэж, борлуулалт ч өссөн. Одоо бид эрчтэй тэлэлт хийхэд бэлэн. Эрч систем бүрэн хэрэгжсэн 250 мянган компанийн жилийн дундаж өсөлт 32% байдаг албан ёсны судалгаа бий.
Бидний ойлгосон өөр нэг зүйл бол энтерпренер болгон захирал, өөрөөр хэлбэл удирдагч байдаггүй юм билээ. Гэтэл бодит байдал дээр би энэ компанийг байгуулсан юм чинь би гүйцэтгэх захирал, эсвэл дарга байх ёстой гэдэг. Эсвэл санхүү, төсөв хязгаарлагдмал учир гүйцэтгэх захирал томилох боломжгүй гэх мэт шалтгаанаас болоод үүсгэн байгуулагчид нь захирлын малгай өмсөхөөс өөр аргагүй байдаг. Эрч системд гүйцэтгэх захирлыг Зангидагч гэж нэрлэдэг. Уг албан тушаалд нарийн ур чадвар шаардсан, асуудал шийдвэрлэгч, удирдан манлайлагч, эмх замбарааг эрхэмлэдэг, процессоор амьсгалж, түүнийг бий болгодог хүмүүс суух ёстой байдаг.
Харин Энтерпренер эсрэгээрээ буюу ороо бусгаа, маш хурдтай, галзуу санаа гаргагч, бусдыг өөртөө татаж харилцаа үүсгэх онцгой чадвартай, баригдмал бус чөлөөт сэтгэгч байдаг. Тэгэхээр Зангидагчийн ажлыг сайн хийхгүй байх магадлал өндөр юм.
Манай үүсгэн байгуулагч Зангидагчийн суудлаасаа огцроод Алсын Хараатан болон борлуулалтын суудал руу шилжиж, би харин Зангидагч болсон нь 2024 онд манайд хамгийн том өөрчлөлтийг авчирсан. Ийм жишээ маш олон бий. Эрч системийг бүтээгч Жино Викман хүртэл өөрөө бодит жишээ нь юм.
Эрч системээс танд хамгийн их таалагддаг арга хэрэгсэл, концепц юу вэ?
Хэцүү асуулт байна. Эрч системийн бүх арга хэрэгслүүд үнэхээр гайхамшигтай. Маш энгийн, хэн ч ойлгохоор, өөрчлөлт авчирч чаддаг систем. Зөвхөн нэгийг сонго гэвэл бидэнд хамгийн их гайхамшгийг мэдрүүлсэн хэрэгсэл болох Хариуцлагын Бүдүүвчийг хэлнэ. Бидний мэдэх Байгууллагын бүтэцтэй төстэй боловч утга агуулга нь өөр, хүмүүсийг байгаль эхээс харамгүй өгсөн авьяас чадвараа ашиглан дуртай ажлаа сэтгэлээсээ хийж байнга хөгжиж, илүү хариуцлагажуулдаг бүтэц юм.
Байгууллагын бүтэц дээр хүмүүсийн нэр, хэлтэс байдаг бол Эрчийн Хариуцлагын Бүдүүвчид үндсэн функц, функцын хариуцах 3-5 үүрэг, хамгийн сүүлд функцыг хэн хариуцах, зөв хүнийг байрлуулах зэрэг багтсан байдгаараа онцлогтой.
Монгол компаниудад энэ систем юугаараа хамгийн их ач холбогдолтой гэж та бодож байна вэ?
Эрч систем бол энтерпренеруудад зориулсан удирдахуйн систем бөгөөд компанийг бүхэлд нь жигд хөдөлгөөнд оруулдаг олон араатай хөдөлгүүр гэж хэлж болно. Бидний ажиглалтаар уламжалт менежментийн арга хэрэгсэл, онолууд ихэвчлэн дэлхийн шилдэг, том групп, компаниуд дээр үлгэрлэн зохиогдсон учраас жижиг бизнес, энтерпренерүүдэд хэт томдсон, энгийн, практик биш, төвөгтэй мөн хамааралгүй мэт харагддаг.
АНУ-ын Хөдөлмөрийн товчооноос гаргасан судалгаагаар жижиг стартап, шинэ компаниудын 90 хувь нь эхний 5 жилдээ дампуурдаг, үлдсэн 10 хувийнх нь 80 хувь дараагийн 6 жилдээ хаагддаг байна. Уг статистик ихэнх улсад төстэй байдаг.
Тиймээс бизнесүүдийн хувьд оршихуй, эс оршихуй нь тун эмзэг асуудал юм. Харин Эрч системээр компаниа удирдвал зөвхөн амьд үлдэх төдийгүй амжилттай бизнес хийх, компаниа сайнаас агуу ангилалд ч оруулах боломжтой.
Эрч системийг зохион бүтээгчид уг системээ хүмүүсийн энерги, эрч хүчийг найралдуулан удирддаг систем гэдэг. Компанийн бүх хүн нэг зүгт хандаж, нэгэн зорилгын төлөө итгэл төгс ажиллахаас гадна бизнесийн эздүүд, менежерүүд бизнесийнхээ боол болохгүй, бизнесээ ядарч зовохгүй хийж, бизнесээсээ хүссэн зүйлээ авч утга учиртай амьдрах эрх чөлөөнд хүрнэ. Монгол Улсад энтерпренерүүд, ЖДҮ зах зээлийн ихэнх хувийг эзлэж байгаа учир Эрч систем тохиромжтой гэж үзэж байна.
Бизнесийн дижитал шилжилт нь бодит шаардлага болжээ. АНУ-д бизнесүүд хэрхэн цахимжиж байгаа талаар сонирхуулна уу?
Мэйл, мессенжерээ шалгаад, эксел, вордоо нээж ажлаа эхэлдэг байсан арваад жилийн өмнөх ажлын өдөр болон өнөөдрийн хооронд маш их ялгаа бий. Манай ажилтнууд өдөр тутам 4-5 аппликэйшн, дунджаар 10-аад цахим портал руу хандаж ажлаа хийж байна.
Өөрөөр хэлбэл, цахимжилт, автоматжуулалт аль хэдийн энгийн хэрэглээ болжээ. Зөвхөн том компани, групп, корпорациуд л нэгдсэн цахим системтэй, мэдээллийн технологийн багтай, санхүүгийн чадамжтай байсан бол одоо жижиг дунд гээд бүх төрлийн бизнес өдөр тутам төрөл бүрийн аппликэйшн хэрэглэж байна. Мэдээллийн технологийн салбар ч эрчимтэй хөгжиж, боломжийн үнэтэй, уян хатан төлбөртэй, олон төрлийн аппликэйшн, программ салбар бүрт нэвтэрч байна. Манай харилцагчид цахим хэрэглээндээ зориулж сард дунджаар $250-$500 мянга хүртэлх доллар төсөвлөдөг.
Хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын татвар, НӨАТ, нийгмийн даатгал, цалингийн татварын тайлан, татварууд нь улс болон мужийн түвшинд цахимжсан болохоор бизнес эрхлэгч нарын цагийг маш их хэмнэдэг. Гэхдээ хүмүүс нь системээ сайн мэддэггүй, буруу систем сонгосноос шалтгаалж алдаа гарвал түүнийг засахад ихээхэн цаг хугацаа, мөнгө, туршлага шаардлагатай болж байна.