Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зудын давтамж нэмэгдэхийн сацуу бэлчээрийн хомсдол, малын тооны хэт өсөлт зэрэг олон бэрхшээлд автсан мал аж ахуйн салбарт өрнөж буй үйл явдлууд тоон үзүүлэлтээр хэрхэн илэрч, ямар бодит дүр зургийг өгүүлж буйг сонирхлоо.
Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралын нэг тулгуур болж, хүн амыг хоол хүнсээр хангах гол эх үүсвэр болдог. Үүнээс гадна ХАА салбарт голлох нөлөөтэй бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарын эмзэг байдал огцом нэмэгдсэний улмаас ХАА-ын ДНБ-д эзлэх хувь тасралтгүй буурч байна. Тухайлбал, 2014 оны байдлаар ДНБ-ий 14.5 хувь, экспортын орлогын 7 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж, нийт ажиллах хүчний 35.0 хувь нь энэ салбарт ажиллаж байв.
Харин үүнээс хойш буурсаар 2021 онд манай улсын ДНБ үйлдвэрлэлийн 10,9 хувь, экспортын орлогын 5,9 хувийг мал аж ахуй бүрдүүлж, нийт ажиллах хүчний 25,5 хувь тус салбарт ажиллах болсон.
Ийнхүү ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 2024 оны эхний хагас жилд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 526.2 (26.7%) тэрбум төгрөгөөр буурсан нь ДНБ-д 3.9 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлээд байна.
Малчид бэлчээртээ тохирсон мал өсгөж, бэлчээр ашиглалтыг тэнцвэржүүлэх шаардлагатай.
Монголын мал аж ахуйн салбар бусад орнуудтай харьцуулахад ихээхэн онцлогтой. Монгол малчдын эрхэлдэг мал аж ахуй нь уул уурхайн салбараас хараат, хэлбэлзэл ихтэй эдийн засгийг тогтворжуулахад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой салбарын нэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, түүнээс улбаатай ган, зудын давтамж, бэлчээрийн хомсдол, малчдын уламжлалт сэтгэлгээ, малын тооны хэт өсөлт зэрэг зэрэг асуудлаас болж мал аж ахуй хамгийн эмзэг, олон асуудлыг тээсээр арай ядан тогтож буй салбар болж хувираад байна.
Монгол Улсад 2022 онд 71.2 сая, 2023 онд 64.7 сая мал тоологдож байсан бол өнгөрсөн онд мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон юм. Энэ нь өмнөх оноос долоон саяар буюу 10,9 хувиар буурсныг илтгэж байна. Мөн том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 9.3 саяд хүрчээ. Уг хорогдлыг малын төрлөөр авч үзвэл хонь таван сая, ямаа 2.9 сая, үхэр 792.4 мянга, адуу 553.8 мянга, тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогджээ.
Монгол Улс 110 сая га бэлчээртэй. Гэтэл үүний 70 орчим хувь нь доройтож, цөлжилт явагдаж, бэлчээрийн даац 2,2 дахин хэтрээд байна. 1980-аад оны тооцооллоор Монгол орны бэлчээрт (хонин толгойд шилжүүлснээр) зун, намартаа хамгийн ихдээ 87.4 сая, өвөл, хавартаа 49.9 сая мал бэлчих боломжтой.
2024 онд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд энэ нь өмнөх оноос долоон саяар буюу 10,9 хувиар буурчээ.
Түүнчлэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрийн ургамлын шимт чанар муудаж, малын бодисын солилцоо алдагдаж, турж эцэн доройтож нэг малаас авах ашиг шим буурсаар байна. Жишээлбэл, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумдад малын эрүүл мэндийн судалгааг 2022 онд явуулахад тус сумдын мал хоол тэжээл, усны дутагдалд орж, бодисын солилцоо нь муудсан байв. Үүний дараагаар Монголын мал эмнэлгийн 18 мэргэжилтэн гурван сарын турш гурван сумдыг хамруулсан судалгааг дахин хийхэд бэлчээрийн өвс ургамлын тоо цөөрсний улмаас таван хошуу малд нийтлэг кальци, фосфор гэх мэт зарим нэг микро элементийн дутагдал илэрчээ.
Түүхэн статистикаас харахад 1990 онд 6.85 сая толгой бог мал нядлан 132.3 мянган тонн мах бэлтгэхэд бог малын гулуузны жин 19.3 кг байжээ. Харин 2016 онд 11.6 сая толгой бог мал нядлан 193.1 мянган тонн мах бэлтгэхэд нэг бог малын гулуузны жин 16.6 кг болж 13.9 хувиар буурсан бөгөөд энэ нь жил ирэх тутам буурсаар буй.
Уламжлалаас уналт руу
“Урин дулаан цагт найр наадам хэсэж, айраг цагаа эргүүлсээр намрын бэлтгэлээ мартаж, өвлийн зудтай золгодог. Зуд бол байгалийн гамшиг бус арчаагүйнх” гэлцэх нь зудтай жил бүр чих дэлсэж, иргэдийг хоёр хэсэгт талцуулаад амждаг.
Энэ нь тулга тойрсон хэрүүл мэт боловч мал аж ахуйн эрхлэх арга барилд цаашид зайлшгүй өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ, шаардлага нэмэгдэж буйг илтгэж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг 2023 онд хийгдсэн байдаг. Уг судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан. Эл үзүүлэлт нь нийт өрхийн 57 хувь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх их бага гэсэн үр дүн гарчээ. Уг судалгаанаас харахад малчдын эрсдэл даах чадвар сул буюу малчид маш эмзэг болоод буй.
Монгол малчид жилийн дөрвөн улирлаар малаа бэлчээрлэн нүүдэллэдэг мал маллагааны уламжлалт аргыг одоо ч ашигласаар буй нь зудад нэрвэгдэх том шалтгааны нэг болоод буй. Үүн дээр нэмээд малчид жилийн дөрвөн улирлын туршид амралтгүйгээр ажилладаг атлаа хөдөлмөрийн үнэлгээгүй, эрүүл мэнд, нийгэм соёлын хөгжил, үйлчилгээний хүртээмж муутай бүс нутагт амьдардаг. Цаашид “соёлын өв тээгч” хэмээх цол, гуншингаас өөр ололтгүй, биеэ даах бүрэн чадваргүй болсон мал аж ахуйн салбарт малчин болох залуус хэр олон байх вэ?
Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 4.1.3-т “… хөдөөд хүйсийн зохистой харьцааг хангах бодлогыг хэрэгжүүлэх” хэмээн заасан байдаг. Гэвч бодит байдалд 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 308,4 мянган малчид байгаагаас 185,3 мянга буюу 60 хувь нь эрэгтэй, 123,1 мянга буюу 40 хувь нь эмэгтэй малчид эзэлж байна. Түүнчлэн 15-24 насны залуу малчдын хүйсийн харьцаанд ихээхэн зөрүү үүсэж, эрэгтэй 67,7 хувь, эмэгтэй 32,3 хувийг бүрдүүлэх болсон нь хүн амын бодлогын түвшинд төрөөс анхаарвал зохих асуудал болж байна.
Мал аж ахуйн салбар огцом уналтад хүрвэл дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг мах, сүү гэх мэт гол стратегийн бүтээгдэхүүний хомсдолд орох аюултай.
Мөн одоо ажиллаж буй малчдын 62 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, 53 хувь нь малчны зээлтэй байгаа бөгөөд тэдний зээл өмнөх оноос 3,9 нэгж хувиар өссөн. Нийт малчдын хувьд мал нь цорын ганц бизнесийн эргэлтийн хөрөнгө юм. Гэвч нэг л өвөл зуд болж, мал сүрэг нь үгүйрэхэд тэд хаачих вэ? Мэдээж хөгжлөө дагаад амьдралаа залгуулахаар хот руу шилжилт хөдөлгөөн хийнэ. Үүнийг дагаад нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдол дийлдэхээ болино.
Нөгөө талаар мал аж ахуйн салбар огцом уналтад хүрвэл дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг мах, сүү гэх мэт гол стратегийн бүтээгдэхүүнүүдийн хомсдолд өртөх аюултай. Үүнээс гадна, ХАА-н салбарын өсөлт бусад салбараас илүүтэйгээр ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг онцлогтой. Тэр дундаа ХАА-үйлдвэрлэлийн 83 хувь нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд суурилан явагддаг.
Тиймээс нүүдлийн мал аж ахуйн онцлогоо хадгалж үлдэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлт болон нийгэм, эдийн засгийн зах зээлийн хөгжилтэй уялдаа холбоотойгоор хөгжүүлэх шаардлага бий болж байна. Нэн ялангуяа малчид бэлчээртээ тохирсон мал өсгөж, бэлчээр ашиглалтыг тэнцвэржүүлэх шаардлагатай. Ингэснээр нэг малаас авах ашиг шим нэмэгдэж, малчин хүн орлогоо нэмэгдүүлж, улмаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжтой болох юм. Мөн малчдыг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээх боломжтой. Хамгийн чухал нь мал аж ахуйн салбарын хувьд малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг тохиромжтой бүс нутагт хөгжүүлэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулах шаардлага тулгараад байна.