Нийтлэлийг PwC компанийн олон улс хариуцсан захирал Мохамед Канде
Хэрэв таны мэдэлд хязгааргүй их оюун ухаан байсан бол юу хийх вэ? Энэхүү асуултад хамгийн зөв, утга учиртай хариулт өгч чадсан компаниуд л Оюун ухааны эрин үеийг түүчээлэх болно.
Интернэтийн хөгжил нь мэдээлэл олж авах хувьсгалыг эхлүүлсэн бол Оюун ухааны эрин нь мэдээллийн хэрэглээнд хувьсгал хийх бөгөөд олон сая өгөгдлөөс бий болсон шийдвэрийг хормын төдийд гаргах боломжийг олгох юм.
Бодлого тодорхойлогч нартай удирдах зөвлөлийн өрөөнд ихээхэн цагийг өнгөрүүлдэг надад мэдээлэл, шийдвэр гаргалт, асуудал шийдвэрлэхтэй холбоотой бүх зүйл удахгүй эрс өөрчлөгдөнө гэдэг нь улам бүр илэрхий харагддаг.
Хиймэл оюун, их өгөгдөл, робот, машин сургалт зэргийг агуулсан Оюун ухааны эрин нь асар их сорилтыг шийдвэрлэх, даван туулах цоо шинэ хэрэглүүрийг компаниуд, улсуудад өгч эхэллээ. Түүнээс гадна дэлхийн эдийн засгийг, бидний ажиллаж, амьдарч байгаа байдлыг ч өөрчлөх болно.
Компаниа дахин тодорхойлж, шинэчлэгдэх нь тэсэж үлдэхэд нэн чухал гэдгийг манлайлагчид ойлгож эхэлжээ. Хэрэв одоогийн замаараа цаашид замнах юм бол 10 жилийн дараа компани нь оршин тогтнохоо болино гэж үзэж буйгаа PwC компанийн 2025 Global CEO Survey-д хамрагдсан 10 гүйцэтгэх захирлын дөрөв нь илэрхийлсэн байна.
Бүх салбарыг хамарна
Энэхүү судалгааг бид 2023 онд анх хийх үед өрсөлдөөний орчныг нь дижиталчлал, нүүрстөрөгч өөрчилж байсан хэвлэл мэдээлэл, энтертайнмент, харилцаа холбоо, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт хамгийн их дарамт мэдрэгдэж байв. Харин өөрчлөгдөхөөс аргагүй гэх дарамтыг өдгөө бараг бүх салбар мэдэрч эхлээд байна.
Түүнчлэн бүтээмжид үзүүлэх хиймэл оюуны нөлөө илт ажиглагдаж байна. Хиймэл оюуныг маш их ашигладаг салбаруудын бүтээмж нь хиймэл оюуныг бага ашигладаг салбаруудтай харьцуулахад 4.8 дахин нэмэгджээ.
Хүн бүр ашиглах боломжтой хиймэл оюун (GenAI) үүсээд хоёрхон жил болж байгаа ч хүртээмж нь асар их байгаа учраас улам олон салбарт нөлөөлөх нь гарцаагүй юм. GenAI нэг жил хүрэхгүй хугацаанд ашигт ажиллагаанд нь эергээр нөлөөлнө гэж үзэж буйгаа нийт гүйцэтгэх захирлуудын 49 хувь илэрхийлээд байна.
Гэхдээ анхаарах ёстой нэг зүйл бол тэд хиймэл оюуны нөлөөгөөр ажилтнуудын тоо буурах бус харин нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа нь юм. Өөрөөр хэлбэл, захирлууд хиймэл оюуныг хөдөлмөрийн бүтээмжээс гадна цоо шинэ боломж, чадварыг үүсгэнэ гэж дүгнэж байгаа бололтой. Үүнд зарцуулах хөрөнгө, санхүү ч хангалттай бий. Хиймэл оюунд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 онд 235 тэрбум ам.доллар байсан бол 2028 онд 630 тэрбум болж өсөх хүлээлттэй байна.
Давост хуран чуулсан манлайлагчдын өмнө энэхүү шинэ чиг хандлагын үр шимийг хэрхэн хүртэх вэ гэсэн асуулт тавигдаж байна. Тэгвэл хаанаас эхлэх вэ?
Сэтгэлгээний өөрчлөлт
Өөрчлөлтөд бэлэн байхаас амжилт эхэлнэ. Дэлхийн 18 мянга гаруй компанийн дунд PwC Netherland-ийн явуулсан судалгаанаас үзэхэд өөрийгөө шинэчилж, дахин нээж чадсан бизнесүүд л амжилтад хүрэх магадлалтай ажээ. Бизнесийн моделоо өөрчлөх үйл хэргийн тэргүүн эгнээнд явсан компаниуд сүүлийн 15 жилд бүтээмжээ 8.5 хувиар нэмэгдүүлж чадсан байна. Өөрийгөө дахин нээхийн ач тус ойрын жилүүдэд улам чухал болно. Хэрэв эдийн засгийн болон бизнесийн өсөлтийг хүсэж байгаа л бол бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид эл чиг хандлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.
Түүнчлэн уламжлалт ойлголтоор авч үзвэл “салбарууд”-ын төгсгөл ирж байгааг компаниуд, бодлого тодорхойлогчид ойлгох ёстой. Харин үүний оронд технологийн ачаар бий болж буй бизнесийн шинэ экосистемүүд төрөн гарч, салбаруудын хоорондох уламжлалт хил хязгаарыг үгүй хийж, ханган нийлүүлэгч, хэрэглэгчдийн аль алиных нь харилцан хамаарлыг улам бүр нэмэгдүүлэх боллоо.
Хамгийн амжилттай компаниуд энэхүү боломжийг хамгийг их ашиглаж байгаа бөгөөд уг экосистемд тулгуурласан үйл ажиллагаа ашгийнх нь дийлэнх хувийг бүрдүүлэх болов. Салбар хоорондын хил хязгаараас хальж ажилласнаар компаниуд хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж, нэг салбарт ажиллаж байсантай харьцуулбал илүү их үнэ цэнийг бүтээж байна.
Салбараас экосистем рүү шилжиж буй энэхүү өөрчлөлт нь эдийн засгийн бодлого, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдалд боломж төдийгүй амаргүй сорилтуудыг тулгана. Хөдөлж, бүтээж, хийж, хөдөлгөж, халамжлахад гарч буй өөрчлөлтүүдэд тулгуурлаад хаана, хэрхэн өрсөлдөхөө цоо шинээр сэтгэхийн эдийн засгийн үр ашиг нь асар их байх болно.
Оюун ухааны эриний хамтын ажиллагаа
Оюун ухааны эриний үр шимээс хэр их хүртэх нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална. Кибер аюулгүй байдал, өгөгдлийн эрсдэлтэй холбоотой сорилтуудыг шийдвэрлэх, дата төвүүдийг ажиллуулах эрчим хүчний нэмэлт үйлдвэрлэлийг уур амьсгалын зорилгуудтай нийцүүлэх, нэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтран ажиллахад бодлого тодорхойлогчид гол үүрэг гүйцэтгэнэ.
Бидний хамгийн чухал зорилго бол үнэ цэн бүтээх шинэ арга замуудыг бий болгохын зэрэгцээ хүмүүст аюулгүй байдал, боломжийг олоход нь технологийг ашиглах явдал юм. Эдгээр зорилго хоорондоо зөрчилдөх албагүй билээ. Бизнестээ GenAI-ийг амжилттай шингээсэн туршлагуудаас харахад итгэлцлийг бий болгодог хүн төвтэй арга барил их үр дүнтэй гэдгийг PwC болон Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран явуулсан судалгаа харуулсан.
Тодорхой шийдвэр, бодлогоос гадна зохих сэтгэлгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Оюун ухааны энэхүү шинэ эрин нь Аж үйлдвэрийн, эсвэл Мэдээллийн эринтэй адил боломжоор дүүрэн үе билээ. Өмнө нь гар ажиллагаатай оёдлын машин, бичгийн машин, хортой цаасны үе нь компьютер бий болсноор зах зээлээс алга болсон.
Үүнтэй адилаар энэ эрин үеийн ялагчид нь өөрийгөө дахин нээж чадсан компаниуд байх болно. Оюун ухааны эриний нөөц боломжийг тайлахын тулд хамгийн түрүүнд өөртөө тавих ёстой асуулт бол: Хэрэв хязгааргүй оюун ухаан манай компанийн мэдэлд байсан бол бид юуг бүтээж чадах вэ?