Уламжлалт анагаах ухааны үндэслэлтэйгээр химийн орц найрлагагүй органик аргаар ургуулсан үр тариа, ургамал жимс жимсгэнээр дээд зэргийн чанартай цай, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоол хүнсээр биеийг анагаах боловсролыг түгээж буй Amu Nutrition компанийн өсөлтийн түүхийг тоймлон хүргэж байна.
Хүнсний аюулгүй байдлын манаач
Хүний эрүүл мэндэд хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал чухал нөлөөтэй. Дэлхий дээр ойролцоогоор 600 сая буюу бараг 10 хүн тутмын нэг нь муудсан хүнс хэрэглэсний дараа өвдөж, жил бүр 420 мянган хүн нас бардаг гэсэн тооцоолол бий. Ялангуяа манай улс шиг ядуу буурай орнуудад баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс улбаалан хоол хүнсээр дамжих өвчин нь эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, жил бүр 110 тэрбум ам.долларыг эмчилгээний зардалд урсгадаг байна. Уг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд импортоор нэвтэрч буй бүтээгдэхүүний хяналт шалгалтыг сайжруулах, иргэд өөрсдийн өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсээ зөв сонгох, цаашлаад үндэсний үйлдвэрлэгчид чанартай хүнс үйлдвэрлэх зэргээр эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж, чанартай, эрүүл бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж буй дотоодын үйлдвэрлэгчдийн нэгэн төлөөлөл болох Amu Nutrition брэнд 2013 онд үүсгэн байгуулагджээ. Тус брэнд нь органик аргаар ургуулсан үр тариа, ургамал, жимс жимсгэнээс дээд зэргийн чанартай цай, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоол хүнсээр биеийг анагаах боловсролыг түгээж байна. Одоогоор Amu Nutrition эрүүл мэндэд тустай төрөл бүрийн бэлдмэлүүд, цай, шош, уургаар баялаг өглөөний хоол гэх мэт нийт 40 төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэдгээр нь хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй, A, B, C, D, магни, уураг зэрэг витаминаар баялаг орц найрлагаас бүрдсэн. Ялангуяа цайны бүх төрлөө эртний уламжлалт арга техникийг ашиглан тусгайлан боловсруулсан аргаар үйлдвэрлэдэг байна. Цай тус бүр нь хүний эрүүл мэндийн тодорхой асуудалд чиглэсэн үйлчилгээтэй. Тухайлбал, өтгөн хаталтын эсрэг, ходоод цэвэрлэх, элэг хоргүйжүүлэх гэх мэтээр хүний эрүүл мэндэд ашиг тустай.
Amu Nutrition үйл ажиллагаагаа амжилттай явуулсан 10 гаруй жилийн турш 100 мянган хэрэглэгчийн сүлжээг бий болгож, тэднийг эрүүл амьдралын хэв маягт хөтөлж чаджээ. Мөн бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн 30 хувийн үр тариаг дотооддоо буюу Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн Батсүмбэр сумдын нутагт тариалдаг. Тус тариалалтыг хийснээрээ газрын хөрсийг азотоор тэтгэж, эрдэсжүүлж өгдгөөрөө байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэлж буй юм.
Цаг үеэ олсон хөрөнгө оруулалт
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Amu Nutrition-ын анагаах увидастай цайнууд нь 2018 оноос эхлэн АНУ-руу экспортод гарч эхэлсэн. Уг брэндийн “Гашуун арвайтай цай” нь АНУ-д танигдсан бестселлер бүтээгдэхүүн болсон бөгөөд Амазон сайтад албан ёсны дэлгүүртэй. Анх гэрээний дагуу бага хэмжээгээр нийлүүлж эхэлжээ. Энэ хугацаандаа тэд түүхий эдийн хангамжаа таслахгүйн төлөө хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд өнөөдөр АНУ-руу нэг таталтаар 40 тонны контейнер бүхий ачаа илгээдэг болжээ. Үүгээр зогсохгүй Япон улсын хүнсний аюулгүй байдлын чанарын шалгалтад тэнцэж, экспортод гарах зөвшөөрлөө авч чадсан бөгөөд тун удахгүй Азийн зах зээл дэх экспортын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ зорилгынхоо хүрээнд үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж, ХААН Банкны бизнесийн зээлд хамрагдан Япон улсын хамгийн сүүлийн үеийн, AI технологид суурилсан холих, бутлах үйлдэлтэй тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ. Ингэснээр үйлдвэрийнхээ зарим процессыг автоматжуулж, хүний ажлыг 50-60 хувь хөнгөвчилжээ. Цаашлаад хүний нөөцийн ур чадварын дутагдалтай байгаа энэ салбарт шинэ технологи нэвтрүүлэлт нь олон асуудлыг нэг дор шийдэх гарц болох аж. “Үйлдвэртээ технологийн шинэчлэлт хийж өргөтгөснөөр экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, цаашлаад Япон улс руу экспортоо эхлүүлэх хэмжээний хүчин чадалтай болно. Энэхүү зээл бидэнд цаг үеэ олсон үнэтэй хөрөнгө оруулалт болж чадсан” хэмээн Amu Nutrition-ын үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэн онцолж байв.
Мөн бизнесийн салбар дахь анхны эргэлтийн зээлээ 2015 онд ХААН Банкнаас авч түүхий эд татаж байсан удаатай. Үүний дараагаар “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээл”д хамрагдаж, үйлдвэрийн байраа томруулж чаджээ. Тодруулбал, Amu Nutrition анх 100 м.кв байрыг түрээслэн үйлдвэрлэлээ явуулдаг байсан бөгөөд уг зээлд хамрагдсанаар үйлдвэрийн байраа 270 м.кв болгон шат дараатайгаар томруулсаар өдгөө өөрсдийн гэсэн 500 м.кв үйлдвэртэй болжээ. Ийнхүү өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа өргөжүүлсээр буй уг Amu Nutrition брэндийн хамт олон цаашид АНУ-д борлуулалтаа нэмэгдүүлж, Хятад, Европын холбооны улсууд руу бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөжээ. Үүгээр зогсохгүй Amu Nutrition цаашид дэлхийд өрсөлдөхүйц, олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийг байгуулах зорилготой ажиллаж байна.
Сошиал хаяг: https://www.facebook.com/amunutrition