Арван жилээ төгсөх жилдээ сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт дуудагдан тоглож, тухайн үеийнхээ хамгийн залуу тамирчнаар тодорч явсан Э.Дөлгөөний спортод өөрийгөө зориулсан он жилүүдийн тухай тоймлон хүргэж байна.
Маркетингийн салбарын амжилттай карьерынхаа хажуугаар хоббигоо хөгжүүлэн сагсан бөмбөг, туялзуур сэлэм, хөл бөмбөг гэсэн гурван спортын төрлөөр Монгол Улсын спортын мастер цол хүртсэн сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тоглогч Э.Дөлгөөнтэй уулзахаар товлосон газраа тохирсон цагтаа уулзлаа. Түүний бага нас тамирын зааланд илүү ойр буюу хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбайд өнгөрсөн гэдэг. Өдгөө тэрбээр багаасаа нөхөрлөсөн спортын хоббигоо орхилгүй хөгжүүлсээр мэргэжлийн тамирчин болжээ.
Түүнчлэн Э.Дөлгөөн “Анлимитед Спарк” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин, Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны ерөнхийлөгчийн алба хашдаг. Их хотын завгүй амьдралын хэмнэлд ажил амьдрал, хоббигоо алдагдуулахгүй бүгдийг зохицуулан явдаг бүтээлч нэгэн. Түүний үнэтэй цаг хугацаагаа зарцуулж, буцаагаад юутай ч зүйрлэшгүй эрч хүч, энерги авдаг хоббины бахархам ертөнцөөр аялцгаая.
Хоршин нийцсэн хос спорт
“Би спорт гэх ертөнцтэй анх 12 насандаа хөл бөмбөгөөр дамжуулан танилцаж байлаа. Багадаа маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас спорттой нөхөрлөж, тэр их эрч хүч энергиэ спортод зарцуулсандаа баярлаж явдаг. Учир нь спортоор дамжуулан амьдралын хэв маягт суралцах аргазүйд минь нөлөөлөх сэтгэлзүйн хүмүүжил, төлөвшил олж авдаг.
Яагаад гэвэл спорт гэдэг үнэн бөгөөд бодит тэмцэл юм. Одоогоос 21 жилийн өмнө Монголын анхны шоу үзүүлбэрийн TLG-13 багийн гишүүнээр элсэж, сагсан бөмбөгийн “freestyle” чөлөөт үзүүлбэр үзүүлдэг байсан. Тухайн үедээ Монголдоо анхдагч болж гарч ирсэн тул хүмүүст спортын тайзнаас урлагийг мэдрүүлэх алхмын эхлэл болсон. Өсвөр насны хүүхэд байсан тул түүндээ ихэд урамшиж, олон ч байгууллагын тэмцээн, арга хэмжээний нээлтийн үеэр үзүүлбэр үзүүлж цалин авах үе ч бидэнд байлаа” хэмээн Э.Дөлгөөн хүүхэд насны дурсамжаа хуваалцсан юм.
Сагсан бөмбөгийн шоу үзүүлбэрийн багт тоглолт үзүүлэх нь Э.Дөлгөөний хувьд, зөвхөн энтертайнмент шоу төдийхөн байсангүй. Хамгийн чухал нь мэргэжлийн сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тамирчин болоход нь чухал нөлөө үзүүлжээ. Арван жилээ төгсөх жилдээ үндэсний дээд лигт дуудагдан тоглож, тухайн үеийнхээ хамгийн залуу тамирчин болж байв.
Э.Дөлгөөн сагсан бөмбөг, туялзуур сэлэм, хөлбөмбөг гэсэн гурван төрлөөр спортын мастер цолтой.
Түүнээс хойш Э.Дөлгөөн сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт 16 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаандаа олон ч багт тоглож, өөрийн хүч, ур чадвараа баталсаар ирсэн. Ид залуу үедээ сагсан бөмбөгийн “Харцага” багт тоглож, хоёр жил дараалан дээд лигийн аваргын цомыг атгаж явсан удаатай. Одоо “Бишрэлт Металл” багийн тамирчин бөгөөд сүүлийн хоёр жил дараалан уг багтаа тоглож байгаа аж. Түүний хувьд сагсан бөмбөгийн спортын мастер цолоо 2014 онд авч илүү хүндтэй үүргийг хүлээх болжээ.
Харин тэрбээр туялзуур сэлмээр арай хожуу буюу 2013 оноос хичээллэжээ. Багаасаа багийн спортоор хичээллэсэн болохоор ганцаарчилсан спортод өөрийгөө сорихоор шийдсэн нь тэр аж. Ингээд хайнга хандахгүйгээр сайтар судалж, төлөвлөсний үндсэнд “биеийн хүчний шатар” хэмээн нэрлэгддэг, бие бялдар, оюун ухаан, тэсвэр, тэсрэлтийг нэгэн зэрэг шаарддаг туялзуур сэлмийн спортыг сонгожээ. Энэ сонголт тун ч мэргэн сонголт болсон байна. Учир нь сагсан бөмбөг, туялзуур сэлмийн тоглолтын улирал нь зөрдөг учраас дунд нь бэлтгэл тасрахгүй байх давуу талтай байжээ.
Үүгээр зогсохгүй энэ хоёр спорт бие биеэ хоршин дэмждэгээрээ давуу талтай. Туялзуур сэлмийн байнгын хагас суултын техник нь сагсан бөмбөгийн хамгаалалтыг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Харин сагсан бөмбөгийн хурд, тэсрэлт хүч, богино хугацаанд шийдвэр гаргах чадвар нь туялзуур сэлмийн спортод ихээхэн нөлөөлдөг байна.
Э.Дөлгөөний хувьд туялзуур сэлмийн спортоор 2014 оноос хойш Зүүн Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Оюутны Универсиад, Дэлхийн аварга болон олон улсын туялзуур сэлмийн тэмцээнүүдэд тасралтгүй хүч сорьж, оролцжээ. Харин түүний спортын аяллын жимийг эхлүүлсэн анхны спорт нь хөл бөмбөг. Э.Дөлгөөн өдөрт хэдэн арван километртэй тэнцэх хэмжээнд бөмбөг хөөн гүйж байхдаа улам цэнэглэгдэж, хатуужиж, хүмүүжсэн гэхэд хилсдэхгүй. Хөл бөмбөгийн тоглолт цаг агаарын ямар ч нөхцөлд өрнөдөг учраас тамирчин хүний тэвчээр хатуужлыг хүүхэд байхдаа хөл бөмбөгөөс суралцсан тухайгаа хэлж байв.
Түүнчлэн Э.Дөлгөөн “Дуулиан-2020” өсвөрийн хөл бөмбөгчдийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гоол хийж явсан удаатай. Арван жилдээ бөмбөгтэй багийн спортын төрлүүдэд эвлэгхэн байсан тэрбээр илүү мэргэшихийн тулд сагсан бөмбөгөө сонгож, түүнээс хойш хөл бөмбөгтөө төдийлөн урт хугацааг зарцуулж чадаагүй байна. Гэсэн ч тэрбээр хөл бөмбөгийн дээд лигт тоглох битүүхэн хүслээ биелүүлж чадсан юм.
Дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зааланд тоглодог бүх спортод хориг тавихад задгай талбайд тоглодог учраас хөл бөмбөг тоглох нь нээлттэй үлдсэн байна. Энэ үеэр “Улаанбаатар Сити” клубийн багийн эзэн Г.Дашням ахаасаа багтаа тоглох санал авснаар бэлтгэлээ дахин эхэлж, хөл бөмбөгийн дээд лигт тоглох болжээ. Спортын хоббигоо мэргэжлийн түвшинд хүртэл хөгжүүлж чадсан Э.Дөлгөөний хичээллэж буй гурван спорт тус бүр өөр өөрийн өвөрмөц онцлог, давуу талтай. Тэдгээр нь хоорондоо ямар нэгэн байдлаар хослон нийцэж, бие биеэ харилцан нөхөж, дэмждэг. Басхүү тоглолтын багахан хугацаанд тэмцээний хувь заяа бүрэн эргэж болдог эгзэгтэй спортууд учир тамирчнаас байнгын бэлтгэл хөгжүүлэлт шаарддаг аж. Мэдээж энэ бүхнийг ажлынхаа хажуугаар зохицуулахын тулд цаг төлөвлөлтийг маш нарийн хийдэг тухайгаа онцолж байсан юм. Ингэхдээ тэрбээр уламжлалт арга барил буюу тогтмол тэмдэглэл хөтөлж ажлаа төлөвлөдөг байна.
Хандлагаар үлгэрлэгч
Бүтээлч салбарт 10 гаруй жилийн турш тууштай хөдөлмөрлөж буй маркетер Э.Дөлгөөн өөрийн хуримтлуулсан туршлагадаа үндэслэн 2021 оноос үйл ажиллагааны чиглэлээр нь төрөлжүүлэн Spark Agency маркетингийн агентлагаа үүсгэн байгуулжээ.
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тоглогч гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр спортын хоббигоороо дамжуулан маркетингийн салбарт бизнесийн шинэ түншлэлийг амжилттай бий болгодог. Э.Дөлгөөн цаг минутаар хэмжигддэг ширүүн өрсөлдөөнтэй спортын хүн учраас цаг баримтлах соёлыг бизнес, ажил, амьдралдаа чухалчилдаг. Мөн бусдад зөв хандлагатай байхыг өөрийн үг үйлдлээрээ үлгэрлэж харуулахыг эрмэлздэг аж. Учир нь тэрбээр олон жил багийн спортоор хичээллэсний хувьд зөвхөн гоц ур чадвараар бус, хандлагаар ч мөн амжилтад хүрдгийг анзаарчээ.
“Миний тоглолтын ур чадвар, техник бусад тоглогчдод шууд дамжин халдварлахаас илүүтэйгээр баг дотор хамгийн богино хугацаанд хандлага л халдварладаг. Би багийнхаа хамгийн ахмад тамирчин нь учраас талбай дээр миний өөрийгөө 100 хувь бүрэн дайчилж буй байдал, хожигдож байсан ч багаа сэргээж буй мөч, хэлж буй үг, үйлдэл бусдад үлгэр дууриал урам зориг болоосой гэж хүсдэг” хэмээн Э.Дөлгөөн онцлон хэлж байв. Тэрбээр ажлын хамт олондоо ч мөн зөв хандлагаар үлгэрлэхийг хичээдэг аж. Мөн тэрбээр нийгэмд гэрэл асаах бүтээлч салбарын мэргэжилтэн учраас тоглогч, тамирчин хүнийхээ хувиар залуу үеийг спортод дурлуулж, эрч хүчээр мэдрэмж, сэтгэхүйгээ хөглөхийг уриалдаг байна. Нөгөө талаар мэргэжлийн тамирчдын сэтгэлзүйн хэрэгцээг ойлгож, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхэд анхаарч байгаа аж.
Тоглолт дуусахгүй
Залуу насаа спортод зориулж, түүгээрээ бахархаж, баясаж явсан тамирчин хүн зодог тайлна гэдэг амаргүй даваа. Энэ хүнд шийдвэрийг Э.Дөлгөөн нухацтай бодсоны эцэст гаргаж, энэ оны сагсан бөмбөгийн сүүлийн улиралдаа тоглоод зодог тайлахаар болжээ. Учир нь тэрбээр “Бишрэлт металл” багийнхаа хамгийн ахмад, туршлагатай тоглогч бөгөөд бас сайн зөвлөгч. Сагсан бөмбөгийн 3-4 үетэй хамтдаа тоглож үзсэн азтай нэгэн. Дахиад 4-5 жил энэ спортдоо тоглох боломжтой ч карьер төлөвлөлтөө хийж, маркетингийн салбартаа илүү төвлөрч ажиллах шийдвэрт хүрсэн учраас тэрбээр ийнхүү зодог тайлах гэж буй юм. “Тийм ч учраас энэ жилийн гол зорилго нь “Бишрэлт металл” багийнхантайгаа аваргын цомыг атгах явдал. Ингэж л амжилтаар дүүрэн, аз жаргалтайгаар зодгоо тайлахыг хүсэж байна” гэж Э.Дөлгөөн ярьж байлаа. Гэхдээ түүний “тоглолт” ингээд дуусахгүй.
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт 16 жилийг өнгөрөөсөн Э.Дөлгөөн зодог тайлахаар шийджээ.
“Миний залуу нас тэр чигээрээ сагсан бөмбөгийн спортод үлдэж байна. Тиймээс би өөр дүрээр эргэн ирнэ” хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. Спортын хүн спортод өөрийгөө бүрэн зориулж, маш олон зүйл авсан шигээ эргээд спортоо хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах хэрэгтэйг тамирчид онцолдог. Э.Дөлгөөн ч мөн зодог тайллаа гээд спортын төлөөх зүрх сэтгэлээ тайлж орхихгүй гэсэн юм.
Түүний эхний алхам нь одоо удирдаж буй Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны үйл ажиллагаагаа олон нийтэд таниулж, Монгол Улсдаа спортын шинжлэх ухааны цогц институт байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр спортын хооллолт, хөдөлгөөн засал буюу (гэмтлийн өмнөх болон дараах эмчилгээ), сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг олон талт асуудлууд нэгдмэл байдлаар хөгжих боломжтой болох аж.
Мөн түүний бас нэгэн томоохон алсын хараа нь “Спортын хөрөнгө оруулагч” болох. Спортод амьдралаа зориулж, үндэсний дээд лигт тоглож явсан хүний хувьд сагсан бөмбөгийн хөрөнгө оруулагчид юунд анхаардаг, ямар боломжууд байдаг, багийн ирээдүйг хэрхэн тооцоолох ёстойг маш сайн мэддэг. Цаашлаад багийг ивээн тэтгэж буй хөрөнгө оруулагчид нийгэмд эерэг зүйлийг спортоор дамжуулан бүтээх хэрэгтэйг ч тэрбээр гүнзгий ойлгосон байна. Тиймээс залуучууд спортод зүрх сэтгэл, амьдралаа зориулж байгаа бол спорт нь ч бас тэдний амьдралыг баталгаатай, чанартай болгоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг учраас тэрбээр ийнхүү хөрөнгө оруулагч болох мөрөөдөл өвөртөлжээ.
Мөн “Залуу хүмүүс өөрийгөө бүрэн таньж, давуу болоод сул талаа тодорхойлж урт хугацааны зорилгынхоо төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж л чадвал бидний хүрэх газар хүсэл болоод мөрөөдлөөр хязгаарлагдана. Хийж бүтээж байгаа бүхнээ хоббитойгоо уялдуулж чадвал амьдрал дэндүү гоё өнгөлөг болдог ” хэмээн Э.Дөлгөөн ярилцлагаа төгсгөсөн юм.