БНХАУ-ын хямд төсөр хиймэл оюуны загварууд амжилтад хүрч байгаа нь Америкийн технологийн тэргүүлэлд аюул учруулж эхэллээ.
Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр зарласан “Улс үндэстний амжилтын шинэ эрин”-ийг авчрахын тулд АНУ-ын хөгжүүлэх ёстой цорын ганц технологи нь женератив хиймэл оюун билээ. Хиймэл оюун нь наанадаж ирэх 10 жилд бүтээмжийг асар ихээр нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Харин цаанадаж Аж үйлдвэрийн хувьсгалтай дүйцэхүйц цоо шинэ, эрс өөрчлөлтийн үетэй хүн төрөлхтнийг учруулах болно.
“Хиймэл оюуны түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн төсөл”-ийг эхлүүлснээ Д.Трамп зарласан нь уг технологийн нөөц боломжийг тэрбээр маш сайн ойлгож буйг нь харуулсан. Гэхдээ АНУ-аас гадна дэлхийн бусад улс, тэр дундаа БНХАУ ч түүнтэй адил бодолтой байна. Тохиолдлоор ч гэх үү, Д.Трампыг ерөнхийлөгчийн суудалд албан ёсоор суусан өдөр БНХАУ-ын нэгэн компани хиймэл оюуны цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, дэлхийг цочроов. ChatGPT танилцуулагдаж, алдар нэрд гарснаас хойш хиймэл оюуны салбарт БНХАУ-аас илүү давамгай байсан АНУ-ын тэргүүлэл гэнэтхэн үгүй боллоо.
Асар хол хаягдсаны зэрэгцээ АНУ өөрт нь ихээхэн саад болж байсан учраас БНХАУ-ын хиймэл оюуны салбар ийм түвшинд хүрээд байгаа нь үнэхээр биширмээр билээ. Хиймэл оюуны хөгжил нь БНХАУ-ын Коммунист намд батлан хамгаалахын давуу талыг бий болгоно хэмээн Ж.Байдены засаг захиргаа санаа зовдог байв. Энэ ч үүднээс хиймэл оюун сургадаг дээд зэрэглэлийн чипүүдийг БНХАУ руу экспортлохоо АНУ зогсоож, үүнтэй төстэй чип хийдэг маш олон төхөөрөмжийг ашиглах замыг нь хааж эхэлсэн. Ийн төрийн хамгаалалтад орсон Цахиурын хөндийгийнхөн бардамнаж эхлэв.
Гэвч сүүлийн үед БНХАУ-ын компаниудын шинэ шийдлүүд энэ салбарын чиглэлийг өөрчилж, АНУ-ын улс төрчдийг сандаргаж байна. Хятадын хиймэл оюуны загварууд болон уг салбарыг хамарсан өөрчлөлт нь хиймэл оюуны ертөнцийн замын зурагт томоохон өөрчлөлт авчрах нь гарцаагүй болжээ. Хятадын хөгжүүлсэн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд тун удахгүй зуузай холбож эхэлнэ гэдэгт америкчууд бэлэн байхаас өөр аргагүй болно.
Хятадын хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд шилдэг нь биш байж болох ч хавьгүй хямд зардлаар бүтдэг. Цахим худалдааны аварга компани болох Alibaba өнгөрсөн оны арваннэгдүгээр сард QwQ-ийг танилцуулсан. Хөрөнгө оруулалтын фирм байгуулж байсан Лянь Венфенийн санаачилга, хөрөнгө оруулалтаар бий болсон DeepSeek-ийг дэлхийд долоод орох шилдэг хиймэл оюуны загварыг гаргаад байна. Тус хиймэл оюуныг хоёрдугаар зэрэглэлийн 2000 чип ашиглаж бүтээсэн бол Meta өөрсдийн хиймэл оюуныг нэгдүгээр зэрэглэлийн 16 мянган чип ашиглан бүтээсэн юм. Гэтэл DeepSeek зарим үзүүлэлтээр Meta-г хол хаяжээ. Түүнчлэн америкчуудын хиймэл оюуны загвар бүтээх, сургах зардал нь хэдэн арван сая ам.доллароор хэмжигдэж байгаа бол DeepSeek-ийг ердөө зургаан саяд багтаан бүтээсэн гэдгээ Лянь Венфень зарласан юм.
Нээлттэй эх бүхий программ учраас Америкийн компаниуд DeepSeek-ийн технологийг хуулбарлах бүрэн боломжтой. Гэхдээ загваруудын дизайн хувьсан өөрчлөгдөж буй энэ үетэй зэрэгцээд хиймэл оюуныг ийм хямдаар сургаж эхлэх нь тус салбарт эрс өөрчлөлтийг авчрах юм. Хиймэл оюуны салбарт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ Д.Трамп зарласны маргааш нь OpenAI-ийн хамгийн шилдэг хувилбаруудтай өрсөлдөх зорилготой “боддог” загвараа DeepSeek танилцуулсан нь зарим талаар эгзэг нь таарсан хэрэг байлаа. Энэхүү “боддог” загвар нь аливаа асуултын хариултыг гаргахаас өмнө хоорондоо ярилцдаг агаад ингэснээр илүү сайн, оновчтой хариулт үүсгэдэг аж. Гэхдээ эл процесс нь илүү их эрчим хүч зарцуулдаг байна.
Энэ бүхний эцэст хиймэл оюун бүтээх тогтмол зардлыг БНХАУ асар ихээр бууруулсан ч тэдгээрийг ашиглах ахиу зардлыг өсгөж буй нь тодорхой болж байгаа юм. Хэрэв энэхүү тренд цаашид үргэлжлэх юм бол технологийн салбарын эдийн засаг 180 хэм өөрчлөгдөнө. Веб хайлт, нийгмийн сүлжээний орчинд Google шиг платформыг хийхэд асар их тогтмол зардал, ихээхэн алдагдал хүлээх чадамж шаардагддаг байв. Харин хайлт хийх зардал нь асар бага байдаг. Энэхүү арга болон веб суурьтай маш олон технологид агуулагддаг сүлжээний нөлөө нь тус зах зээлийг өнөөгийн асар давамгай байдалд нь авчирсан юм.
Хэрэв хангалттай сайн хиймэл оюуныг харьцангуй хямд үнээр сургах боломжтой болох юм бол хиймэл оюуны загварууд асар их болж үржинэ. Ялангуяа өнөө цагт улс болгон өөрийн гэсэн хиймэл оюуны загвартай болохыг чармайж байгаа билээ. Хэрэв нэг асуултад хариулт авах зардлын хэмжээ нэмэгдэх юм бол цаашид үр дүнтэй, маш бага зардлаар оновчтой хариулт гаргаж өгдөг тусгай зориулалтын буюу тухайн төсөл, ажиллагаанд зориулагдсан хиймэл оюуны загварууд үүсэж эхэлнэ.
Хятадын хиймэл оюуны хөгжлөөс үүсэж бий болох дараачийн үр дагавар бол Америк өөртэй нь зэрэгцэх тун хэцүү өрсөлдөгчтэй болж буй явдал юм. Сайн чип ашиглах боломжгүй гэх мэт бэрхшээлийг даван туулахын тулд бүтээмжийг нэмэгдүүлэх, сайн чанарын хардвэр байхгүй ч үүнийг тоо хэмжээгээр нөхөх зэрэг инновацлаг аргуудыг БНХАУ туршиж байгаа нь тодорхой болж байна. Үүний үр дүнд тус улсын дотооддоо үйлдвэрлэж буй чипний чанар жил ирэх тусам сайжирсаар буй.
Хэрэв БНХАУ энэ салбарт тэргүүлэгчдийн эгнээнд орж ирэх юм бол супер оюун ухааны чиглэлд томоохон алхам хийх анхдагч болж чадна. Ийм зүйл болох аваас тус улс зөвхөн батлан хамгаалах төдийгүй бусад салбарт ч ихээхэн давуу талтай болж ирнэ. Супер оюун ухааныг хөгжүүлсэн улс бүхнийг өөрийн болгох тактикийг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Хэдий тийм зүйл огт болохгүй, хиймэл оюуны салбар жам ёсоороо хөгжих тохиолдолд өөр нэг эрсдэл үүсэж магадгүй. Тодруулбал, дэлхий даяар Хятадын хиймэл оюуны загварууд тархах юм бол тус улсын коммунист нам асар их нөлөөтэй болно. Үүнээс шалтгаалаад Америкт TikTok компани хоригт орсонтой адилаар дэлхийн олон улс сэрэмжилсэн, болгоомжилсон арга хэмжээ авахаас өөр аргагүй болох юм.
Ийм тохиолдолд Д.Трамп яах вэ? Хиймэл оюуны дэд бүтэц байгуулах тухай түүний мэдэгдэл бол зөв эхлэл. Дата төв байгуулахад саад болдог хууль эрхзүйн орчноо Америк өөрчлөх ёстой. Мөн гаднын инженерүүдийг хялбар аргаар хөлслөх боломжийг бүрдүүлж, хиймэл оюуны хэрэглээг хурдасгахын тулд батлан хамгаалахын худалдан авах ажиллагааг эрс шинэчлэх шаардлага бий болжээ.
Чипний салбарт ногдуулсан экспортын хоригийг ч болиулах хэрэгтэй гэх байр суурь сонсогдох болсон. Хятадын хиймэл оюуны салбарыг хязгаарлах оролдлого үр дүнгээ өгөөгүй гэж Ж.Байдены засаг захиргаа дүгнэсэн юм. Гэхдээ уг арга хэмжээ бүтэлгүйтсэн гэж үзэж болохгүй. Хэрэв хамгийн сайн чипүүдийг ашиглах боломжтой байсан бол Хятадын хиймэл оюуны хөгжил одоогийнхоос хавьгүй илүү болох байсан нь гарцаагүй юм.
Үүнээс чухал зүйл бол Ж.Байдены “Хиймэл оюуны тархалтын тухай хууль”-ийн төслийн хамрах хүрээг бууруулах юм. Уг хуульд Америкийн технологийг ямар улсууд ашиглаж болох талаар тусгаж, бусад улсыг Америкийн хиймэл оюуны экосистемд нэгдэхийг нь шахамдуулах зорилготой байлаа. Гэхдээ энэ нь төрийн хүнд суртлыг бий болгож, улмаар бусад улс Америкийн технологид нэгдэх бус харин ч зайгаа барих, өөрсдийн бие даасан системийг хөгжүүлэхэд хүргэнэ гэж технологийн салбарынхан үзэж байсан юм. Үнэхээр ч БНХАУ-ын технологийн хөгжил, инновац бүр энэхүү байр суурь үндэслэлтэй байсныг харуулсаар байна. Хэрэв Энэтхэг, Индонез зэрэг улсын хувьд өөрсдийнх нь технологи цорын ганц сонголт гэж Америк хэт бардамнах аваас эцэстээ үүнийхээ горыг амсаж ч болох юм. Учир нь тэргүүллээ удаан хугацаанд баталгаатай хадгална гэж үзэх нь өнөөгийн технологийн хурдацтай эринд хэтэрхий аюултай билээ.