“Манлайллын таван түвшин” номын зохиогч Жон Максвеллын хэлснээр манлайлал бол карьер эсвэл албан тушаал ахих биш юм. Энэ бол багаа хөгжүүлэх аялал бөгөөд жинхэнэ зорилго нь өөрчлөлт, хөгжил юм. Тиймээс манлайлагч бүр дарга, дарга бүр манлайлагч байдаггүй.
Манлайллын таван түвшинд авч үздэг
- Томилгоо. Энэ түвшний манлайлал зөвхөн албан тушаал, эрх мэдэл дээр суурилдаг. Тэр тушаадаг, тэд биелүүлдэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ л хийдэг ч энэ ажлыг хийхэд илүү их цаг хугацаа, хүчин чармайлт гаргахгүй.
Мэдээж дарга байх нь муу биш ч албан тушаал нь бусдыг албадах хөшүүрэг болчихвол хэрэг бишдэнэ. Тиймээс дүрэм журмаас илүү хүмүүс хоорондын харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, манлайллын дараагийн түвшинд гарах хэрэгтэй.
- Харилцаа. Энэ түвшний манлайлагчид ажилтан бүрийг хувь хүн гэж үздэг, хувь хүний онцлогийг харгалзан үздэг, хүн бүрийн амьдралыг сонирхдогоороо эхний түвшнээс ялгаатай. Тэр Багийн дунд удаан хугацааны харилцаа холбоо үүсэж, уур амьсгал илүү эерэг, итгэл үнэмшилтэй болж, ажил илүү үр дүнтэй байхад анхаардаг. Ингэснээр ажилтнууд нь түүний тушаалыг биелүүлдэг доод албан тушаалтнаас дагалдагчид болж хувирна.
Гэхдээ хэтэрхий зөөлдөж, ажилтнууд даварч үгийг нь сонсохгүй байх эрсдэл өндөр тул үүнээс илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
- Бүтээмж. Энэ түвшний манлайлагч харилцааны сайн ур чадвартайгаас бас мэргэжлийн байж чаддаг учир хүндлэл хүлээдэг. Тэр нарийн төвөгтэй асуудлыг шийдэж, өөрчлөлтийг санаачилж, хүмүүсээ адармаатай нөхцөлд удирдаж, сайн гүйцэтгэл гарах орчныг бүрдүүлдгээрээ өндөр бүтээмжийг бий болгодог.
Гэхдээ өндөр бүтээмж бол жинхэнэ манлайлагчийн эцсийн зорилго биш. Компанийн эрхэм зорилго биелэхэд шинэ манлайлагчдыг төрүүлэх хэрэгтэй.
- Хөгжил. Дөрөвдүгээр түвшний манлайлагчид хүмүүсийн амьдралыг өөрчилдөг, түүнийх нь төлөө хүндэлдэг. Хоёр дахь түвшний манлайлагч уур амьсгалыг өөрчилдөг, гурав дахь түвшний манлайлагч үйл явцыг өөрчилдөг бол дөрөв дэх түвшний манлайлагч багийн гишүүдийн дотоод өөрчлөлтийг дэмждэг. Тэд хүмүүсээ хөгжүүлэх, багийн доторх манлайлагчдыг хөгжүүлэхэд цаг хугацаа, эрч хүч, мөнгөө зарцуулдаг.
Оргил
Агуу манлайлагчид тавдугаар түвшний байгууллагуудыг бүтээж, тэдгээрээс нь шинэ манлайлагчид төрдөг. Энэ түвшинд манлайлагчийн хувийн харилцаанаас гадна түүний дүр төрх, нэр хүнд хүмүүст нөлөөлдөг. Тавдугаар түвшний манлайлагчид өөрсдийн байр суурь, компани, заримдаа салбараасаа давж гардаг. Тавдугаар түвшний манлайлал бол ажил биш, харин насан туршийн үйл хэрэг юм.