“Woman entrepreneur” буланд голдуу хөрөг нийтлэл ордог ч энэ удаа ярилцлага оруулахаар шийдлээ. Учир нь Баянхонгор аймагт бизнесээ эхлүүлж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхийн сацуу нутагтаа тулгамдсан асуудлыг бизнесийн арга замаар шийдвэрлэж чадсан “Өлзийт Палас” компанийн үүсгэн байгуулагч Д.Даваажаргалтай уулзаж, түүний бизнесийн салбарт унаж боссон амжилтын түүхийн талаар ярилцлаа.
Та өөрийн мэргэжил болон туршлагаасаа хуваалцана уу?
Би бага ангиа Баянхонгор аймгийн Баацагаан суманд төгсөж, Баянхонгор аймгийн Номундалай нэгдүгээр сургуульд бүрэн дунд боловсролоо дүүргэсэн. Харин оюутан ахуй цагаа Улаанбаатар хотод өнгөрөөж, ХААИС-ийг кибернетикч, математикч мэргэжлээр, СЭЗИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллахаас эхлүүлж, “Зоос” банканд хянагч нягтлан бодогчоор ажиллаж мэргэжлийн ур чадвар, туршлага хуримтлуулсан. Үүний дараа 2007 онд төрсөн нутагтаа очиж, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн мэргэжлээрээ 10 гаруй жил дагнан ажилласан.
Орон нутагт ажилгүйдэл нэмэгдэж буй өнөө үед хүн бүр их хотыг зорих болсон. Гэтэл та эсрэгээр хотоос хөдөөг зорьж тэндээ бизнес эрхэлж байна. Энэ шийдвэрт юу нөлөөлөв?
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллах нь миний зорилгын нэгээхэн хэсэг байсан юм. Тэрхүү зорилгоо биелүүлэх боломж олдсон тул нутагтаа очиж амьдрахаар шийдсэн. Очмогцоо амьдрах сууцаа хайж үзтэл манай аймагт ердөө 30 айлын ганцхан орон сууц ашиглалтад орсон байлаа.
Би төрийн албан хаагч гэдгээрээ өнөөх 30 айлын орон сууцанд гурван өрөө байр авахыг хүссэн. Гэвч нөхөр маань “25 жил байрны өртэй амьдрахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн. Бид энэ талаар удаан ярилцсаны эцэст хамтдаа шийдвэр гаргаж, орон сууцны зээлд хамрагдах бус харин өөрсдөө орон сууц барьж, зөвхөн өөрсдийгөө бус бусдыг ч орон сууцтай болгох том зорилготой болсон. Энэ маань биднийг аажмаар томоохон төсөл хэрэгжүүлэхэд хөтөлж, намайг төрийн албаны ширээнээс холдуулж, бизнесийн салбарт эргэлт буцалтгүй орсон.
Удалгүй санаагаа бодит болгохын тулд “Өлзийтийн Хийморь Өөдөө” компанийг үүсгэн байгуулж, 16 айлын орон сууцны барилгын ажлаа 2010 онд эхлүүлсэн. Зах зээлийн эрэлт хэрэгцээ их байсан учир хүмүүс орон сууц баригдаж буй сургаар л захиалга тэр даруй дүүрсэн юм. Тухайн үед ипотекийн зээл хараахан нэвтрээгүй байсан тул манай захиалагчид ХААН Банкны өрхийн зээлд хамрагдан манайхаас орон сууц худалдан авч байсан.
Бид хоёр хоёулаа барилгын салбарын талаар мэдлэггүй хэдий ч чадна гэсэн итгэл үнэмшилтэй ажилласны үр дүнд товлосон хугацаандаа барилгаа хүлээлгэн өгч, өөрсдөө мөн тус барилгынхаа гурван давхарт гурван өрөө байртай болж чадсан. Үүнээс хойш нийт гурван ч орон сууцыг барьж ашиглалтад оруулаад байна. Одоо ч бид барилгын салбартаа тууштай ажиллаж байна.
Орон нутагт бизнес эрхлэх нь таньдаг үйлчлүүлэгчдийн нүдэн дээр ил тод өрнөдөг тул үнэнч шударга, ёс зүйтэй байх нь нэн тэргүүний шаардлага болдог.
Та өөрийн эрхэлж буй бизнесээрээ дамжуулан нийгэмдээ ямар үнэ цэнийг бүтээж байна вэ?
Манай улсад хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдал бүрэн хангагдаагүйн улмаас орон нутагт ажлын байр дутмаг байдаг. Харин тухайн бүс нутагт бизнес эрхэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлснээр орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй юм. Цаашлаад бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын адил хамтдаа суралцаж, улам чанаржиж тэдний нэгэн адил орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Та барилгын салбараас гадна зочлох үйлчилгээний “Өлзийт Палас” компанийг үүсгэн байгуулсан. Энэ компани тань бусад ижил төрлийн үйлчилгээ эрхэлж буй газруудаас юугаараа онцлог вэ?
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зан төлөвийг судалж үзэхэд манай нутагт зочлох үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй нь анзаарагдсан. Энэхүү зах зээлийн судалгаандаа үндэслэн 2015 онд уг төслийг эхлүүлж, 2018 онд “Өлзийт Палас” компанийг үүсгэн байгуулсан.
Манай компани 200 хүний багтаамжтай ресторан, 50-60 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай зочид буудлын үйлчилгээтэй. “Өлзийт Палас” компанийн бусдаас ялгарах онцлог бол бид орон нутгийнхаа зочлох үйлчилгээний салбарт шинэлэг санаачилга, чанартай үйлчилгээний жишгийг анх нэвтрүүлж чадсан.
Тиймээс их хотын жишгээр чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорин Баянхонгор аймагтаа хамгийн анхны босоо хүлээн авалтыг зохион байгуулснаас гадна тэмдэглэлт баярын өдрүүдэд сургуулийн заалыг түрээслэн 300-1000 хүнтэй катеринг үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн өглөөний цайтай зочид буудал болон буфет хоолны үйлчилгээг нэвтрүүлснээрээ анхдагч болж байлаа.
Tа өөрийн ажлын болон удирдлагын арга барилынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Миний хувьд бизнес эрхлэх явцдаа үнэ цэнтэй ажил олгогч байхыг эрхэмлэж, ажилтнаа тогтмол ажлын байраар хангаад зогсохгүй хаана ч очсон өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд мэдлэг, ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэхийг зорьдог.
Одоогоор “Өлзийт Палас” компани 30 орчим ажилтантай бөгөөд жил бүр гадаад, дотоодын үзэсгэлэнт газруудаар хамт олноороо аялж, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээдэг. Энэ бол миний хувьд хамгийн баяр хөөртэй мөч байдаг. Учир нь хамтран зүтгэж буй хүмүүсийнхээ баярлахыг харж, нүдийг нь нээж, хамтдаа хөгжиж буйдаа бахархаж явдаг.
Түүнчлэн манай ажилтнууд ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж, эрч хүч, энергиэ зарцуулж буй учраас хамт олноо сэтгэл ханамжтай байлгаж, амьдралд нь шаардлагатай бодит тус дэм үзүүлэхийг хүсдэг. Учир нь аз жаргалтай ажилтан амжилтын үндэс гэдэг. Тиймээс хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, ажилтнаа урамшуулж, харилцан хүндэлж, сургаж хөгжүүлэхэд анхаарах нь удирдлагын хувьд миний гол анхаарах зүйл. Түүнээс гадна ажилтан сонгон шалгаруулахдаа зөвхөн туршлага шаарддаг нийтлэг жишгээс татгалзаж, чадна гэсэн итгэл үнэмшил, суралцах хүсэл тэмүүлэлтэй залуу төгсөгчдийг ажилд авч, практик дээр сургахыг илүүд үздэг.
Би ажил хийхийг амь зуух төдийхнөөр тодорхойлох зүйл байгаасай гэж хүсдэггүй. Харин хөдөлмөрийнхөө үр шимээр дамжуулан өөрийн зорилго, мөрөөдлөө биелүүлэх зэвсэг байгаасай гэж боддог.
Тийм ч учраас жил бүрийн эхэнд хамт олонтойгоо тухайн жилийн зорилго, хүрэх үр дүнгээ ярилцаж, мөн тэдний хувь хүний зорилгыг сонсдог. Яагаад гэвэл таны зорилго биелснээр байгууллагын ч зорилго биелнэ гэсэн зарчимтай тул тэднийхээ зүтгэлийг үнэлж, биелүүлэхэд нь бага ч болов туслахыг эрмэлздэг. Жишээлбэл, 2024 онд хоёр ажилтны маань нэг нь өөрийн хашаатай болж, нөгөө нь хүүхдээ гадаадад дээд боловсрол эзэмшүүлэх мөрөөдлөө биелүүллээ.
Ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлэн цаг хугацаагаа зарцуулж буй гэдэг утгаараа ажилтнууддаа амьдралд нь шаардлагатай бодит тус дэм хүргэхийг зорьдог. Учир нь ажилтан аз жаргалтай, сэтгэл хангалуун байвал амжилт өөрөө ирдэг.
Бизнес хийнэ гэдэг их тэвчээр шаарддаг. Олон жилийн турш энэ замаас эргэж буцахгүй явж чадсаны нууц вэ?
Бизнесийн салбарт 15 жилийг өнгөрүүлэхэд бүх зүйл тийм ч дардан байсангүй. Бүсээ чангалж, өмсөх хувцас, идэх хоол, нойроо хугаслан байж, шүдээ зуун зүтгэсэн өдрүүд ч бий. Ялангуяа бизнесийн эхний жилүүдэд. Энэ үедээ хааяа шантармаар санагдаж, төсвийн цалинтай үеэ санагалзаж байсан удаатай. Ингээд зогсохгүй анхны барилгаа хүлээлгэж өгөхдөө би бие давхар байсан тул хараахан СӨХ үүсгэж, орцны жижүүр авч амжилгүй амаржихаар эмнэлэгт хэвтэх болсон юм. Тухайн үедээ нярайлаад хэдхэн хоногийн дараа гэртээ гарч ирээд шууд л цэвэрлэгээний бээлий, малгай өмсөөд таван давхар байрныхаа коридорыг угааж байсан.
Тэглээ гээд бууж өгөхгүйгээр тууштайгаар зүтгэсэн. Энэ хугацаандаа бизнес хийх амар биш, бизнес эхлүүлж буй хүнд олон саад бэрхшээл тулгардгийг ойлгосон. Түүнчлэн урьдаас бүхнийг төлөвлөсөн мөнгөтэй хүн бизнес хийдэггүй, гагцхүү хийнэ бүтээнэ гэсэн зорилгодоо үнэнч, хичээл зүтгэлтэй хүн хийдэг гэдгийг ойлгосон.
Хөдөө орон нутагт бизнес эрхлэхийн давуу болон сул тал нь юу вэ?
Орон нутагт бизнес эрхлэх нь жижигхэн зах зээлд, голдуу таньдаг үйлчлүүлэгчдийн нүдэн дээр ил тод өрнөдөг тул үнэнч шударга, ёс зүйтэй байх нь нэн тэргүүний шаардлага болдог. Анхны барилгаа хүлээлгэн өгсний дараа тог тасрах төдийд л манай хаалгыг тогшдог байлаа /инээв/.
Нөгөө талаар, нэг нутгийнхан учир бидэнд итгэн тусалж, хамтран ажилладаг. Тиймээс нутгийнхаа хэрэглэгчдийн итгэлийг олж, чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг. Бүхнийг тэгээс эхлэн олон жилийн турш амжилттай ажиллаж ирсэн маань бидэнд итгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, урам зориг хайрлаж байсан хүмүүсийн ач тус юм. Ялангуяа бидний хамгийн итгэлтэй удирдагч, чиглүүлэгч, зоригжуулагч нь ээж маань юм. Одоо ч ээжийн минь тууштай дэмжлэг, урамшуулал бидний бизнесийн үндсэн тулгуур болсоор байна.
Өнөөдөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү системтэй, урт хугацааны төлөвлөгөөтэй ажиллах шаардлага тулгараад байна. Та бизнесээ дараагийн түвшинд гаргахын тулд ямар стратеги, арга барилыг хэрэгжүүлж байна вэ?
Зочлох салбар бол үйлчилгээний бизнес гэхээс илүүтэй системийн бизнес гэдэг. Тухайлсан нэгж бүрд тохирсон тодорхой стандартуудыг хэрэгжүүлж хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт шинэлэг байдлаар үйлчлүүлэгчдэд хүргэх нь чухал.
Тиймээс уг зах зээлийн зарчмаар “Өлзийт Палас” компанийнхаа менежментийг сайжруулах шаардлага тулгарсан. Энэ хүрээндээ олон улсын томоохон компани, байгууллагад хэрэгжүүлдэг бизнесийн аргуудыг судалсаар байлаа. Үүний үр дүнд байгууллагадаа хамгийн тохиромжтой системийг нарийн бодож, төлөвлөж, бизнесээ системчлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр бүхнийг ганцаар манлайлан хийж, зогсолтгүй зүтгэх шаардлагагүй болох буюу удирдлагаас 100 хувь хамааралтай бус бизнесийг бүтээх юм. Нэг үгээр хэлбэл манай компани жолоодлоготой бизнес болох аялалдаа гарсан гэж ойлгож болно.
Амжилтаа ахиулах, шинэ зүйл сурахын тулд бизнес эрхлэгчийн хувьд ямар алхмуудыг хийдэг вэ?
Бизнесээ амжилттай зөв удирдлагатай хийхийн тулд байнга суралцаж, шинийг эрэлхийлэхийг зорьдог. Өөрийн цагаа төлөвлөн 650 км замыг туулж Улаанбаатар хотод ирж, хувь хүний хөгжил, бизнесийн өглөөний сургалтуудад хамрагддаг. Олон чанартай сургалтад хамрагдсанаар маш олон шинэлэг санаа, гарц шийдлүүдээ олдог.
Өөрөө сурч хөгжөөд ирэхээр дагаад байгууллагынхаа менежмент, арга барилаа өөрчлөх шаардлагатайг ойлгосон. Энэ шинэчлэлийг хийхийн тулд өдгөө Улаанбаатар хотноо Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдаад зогсохгүй өөр шинэлэг зүйлүүдийг судалж, суралцсаар бүтэн хоёр сар өнгөрчээ. Уг сургалтаас гадна өөрийн бизнесийн алдаа, амжилт дээрээ тулгуурлан туршлага, мэдлэгээ системтэйгээр боловсруулах, бусдад хуваалцахаар зорьж мэргэжлийн сургагч багшийн сургалтад давхар хамрагдаж байна.
Энэ утгаараа миний энэ жилийн томоохон зорилго бол орон нутагтаа шинээр бизнес эхлүүлж, олон сорилттой тулгарч буй залууст суралцах боломжийг олгохоор боловсролын чиглэлийн шинэ төслийг эхлүүлсэн. Уг төсөл нь залуу үеийг дэмжих, хөгжүүлэх, тэдний бүтээлч санаачилгыг урамшуулахад чиглэгдсэн бөгөөд үүгээр дамжуулан нийгэмдээ илүү өргөн хүрээнд эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.
Яагаад гэвэл олон улсын бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн Прайс Притчетт хэлэхдээ “Та эх үүсвэр, боломждоо бус хүрэх газартаа анхаарах ёстой. Тэгэж чадах юм бол түүндээ хүрэх арга барил, нөөц боломж, шийдлүүд бий болж” эхэлнэ хэмээн хэлсэн байдаг. Тиймээс өөрийн хүрэхийг хүсэж буй алсын зорилгодоо гол анхаарлаа хандуулан бүх хүчээрээ урагшилсаар байна.