Сократус студио ХХК-ийн гүйцэтгэх захирал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх А.Мөнхцогтой гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж буй туршлага болон харилцан ашигтай хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа. “Сократус студио” компани 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 500 орчим гарааны бизнесийг сонгон шалгаруулалтад хамруулж, 23 бизнест 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээр компанийн зах зээлийн үнэлгээ нь 35 тэрбумыг даваад байгаа юм.
Та компаниа товч танилцуулна уу. Яагаад Сократус гэж нэрлэсэн бэ?
Ярилцлагынхаа эхэнд товч түүх яръя. Манай толгой компани болох “Гүнд инвестмент” хөрөнгө оруулалтын сангийн (national venture capital) чиглэлийн компани байгуулж, бизнес төслүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн юм. Харамсалтай нь, тэдгээр төслийн дийлэнх нь бүтэлгүйтсэн.
Бизнес төслийг зөвхөн мөнгөөр дэмжих нь амжилтад хүргэдэггүй. Компаниудын бүтэлгүйтлийн суурь шалтгаан нь тухайн компанийн менежментийн тогтолцоонд байдаг бөгөөд үүнийг системийн инженерчлэлийн аргаар бүтээвэл алдах, бүтэлгүйтэх эрсдэл нь буурдгийг бид тухайн үед ойлгож авсан юм. Энэ туршлагадаа үндэслээд стартап компаниудад хөрөнгө оруулах, тэднийг бойжуулах чиглэлээр “Сократус студио” компанийг 2018 онд байгуулсан.
Нэрний хувьд эртний Грекийн гүн ухаантан Сократыг та бүхэн мэдэх байх. Түүний “Би юу ч мэдэхгүй гэдгээ мэднэ” гэсэн алдартай үг бий. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй байгаагаа танин мэдсэнээр хүн мэдлэгийг бүтээдэг. Харин стартап бол шинэ мэдлэгийг бүтээдэг бизнес. Стартапууд мэддэггүйгээ мэддэг байх ёстой, тэгж байж мэдлэг үйлдвэрлэнэ, хэн их мэдлэг үйлдвэрлэсэн нь амжилтад хүрнэ. Тийм учраас бид компанийн нэрэндээ Сократыг оруулсан юм.
Харин “Тус” гэдэг нь “Тохируулгатай угсардаг систем” гэсэн үгний товчлол. Нэг үгээр хэлбэл, стартап компани зорилгоосоо хамаарч менежментийн тогтолцоогоо бүтээх ёстой. Бид стартап компанид хөрөнгө оруулалтаас гадна мэдлэг бүтээх, менежментийн тогтолцоогоо бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх давхар зорилготой учраас компаниа Сократус гэж нэрлэсэн.
Танай компани гарааны бизнесүүдэд зориулж хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгнө үү?
Бид тус бүр нь хоёр жилийн хугацаатай iStep-Up, bizStep-Up хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. iStep-Up бол манай нөөцийг ашиглаад тухайн бизнес санааг ажил хэрэг болгож, хамтдаа бизнес бүтээх зарчимтай. Харин bizStep-Up хөтөлбөр бол тодорхой түвшинд хөгжүүлсэн бизнесийг дэмжиж, улам томруулах зорилготой юм. Бидний хувьд эхний шат буюу үхлийн хөндийдөө явж байгаа гарааны компанид эрсдэлтэй хөрөнгө оруулж байгаа хэрэг юм.
Эдгээр хөтөлбөрийн хүрээнд бид тухайн гарааны компанид 100 хүртэлх сая төгрөгийн бэлэн мөнгөний болон хоёр жилийн турш оффис, ня-бо үйлчилгээ, хууль, менежмент, санхүү, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ментор, зөвлөх үйлчилгээ, бизнесээ өргөжүүлэх хамтрагч, дараагийн шатны хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчтэй холбох нэтворкинг үйлчилгээ зэрэг мөнгөн бус хэлбэрийн хөрөнгө оруулалт хийдэг.
Байгуулагдсан цагаасаа хойш бид 500 гаруй гарааны бизнес, бизнес санааг сонгон шалгаруулалтад хамруулж, үүнээс 23 гарааны бизнес, бизнес санаанд 1.5 сая гаруй ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө оруулалт хийгээд байна.
Сократусын стартап бойжуулалтын хөтөлбөрт хамрагдсанаар тухайн стартап бизнес ямар үнэ цэнийг олж авах вэ?
Энгийнээр хэлбэл, стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан бизнес болж хөгжинө. Гарааны бизнесийн Series үе шатны хөрөнгө оруулагчид нь тухайн компанид магадлан шинжилгээ (due diligence) хийсний үндсэн дээр хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Санхүүгийн сахилга бат, тайлагнал, ТУЗ-ийн үйл ажиллагаа, хүний нөөц, зах зээл, оюуны өмч, компанийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж байгаа менежментийн шийдэл, түүнийгээ хэрхэн дагаж мөрддөг эсэх гээд маш олон зүйлийг нь шалгадаг.
Яагаад гэвэл ганц супер санаа, бүтээгдэхүүнээр амжилттай бизнесийг бүтээх боломжгүй шүү дээ. Санаа хаа сайгүй байгаа. Харин уг санааг компани, бизнес болгож хөгжүүлж чадах эсэх нь л хамгийн чухал.
Бид жишиг менежментийн шийдлүүдийг системийн инженерчлэлд суурилж боловсруулсан юм. Тэдгээр арга аргачлал, шийдлийг манай хөтөлбөрт хамрагдсан гарааны компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар маш их цаг хугацаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, заавал өөрсдөө алдаж онож ухаарч, танин мэдэхийн оронд цаг хугацааны шалгуур давсан, бидний мэдлэг, туршлага дээр бий болсон менежментийн тогтолцоог ашиглана гэсэн үг. Ингэснээр алдаа багатай, өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болох юм.
Бид дотоодын гарааны компаниудыг гадаадын зах зээлтэй холбохын тулд олон талт хамтын ажиллагаа үүсгэж байна. Жишээлбэл, Сократусын хөтөлбөрт хамрагдсан гарааны компаниуд Google for startups хөтөлбөрөөс 200 мянган ам.доллар хүртэлх үйлчилгээний кредит авах боломжтой. Казахстаны Тураны их сургуулийн бизнес инкубатор, БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төв, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай хөрөнгө оруулагч, менторууд зэрэг олон институц, хувь хүмүүстэй хамтын ажиллагаа үүсгэх сайхан боломжууд бий.
Нэг жишээ дурдахад, манай хөтөлбөрт бойжсон ясны эрдсээр инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой Янзтай брэндийн ясны шөл үйлдвэрлэгчтэй БНСУ-ын Тэжон хотын нэг стартап компани хамтарсан бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Эдгээр хамтын ажиллагаа нь Монголын гарааны бизнесийг бүс нутгийн болон олон улсын зах зээлд гарахад нь дэмжих зорилготой юм.
Дүгнээд хэлэхэд, хоёр жилийн хугацаанд манайд бойжоод гарч байгаа гарааны компаниуд нь шалгагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй, стратегиа тодорхойлсон, бизнес загвараа олсон, дотоод үйл ажиллагаа нь цэгцэрсэн, тогтвортой хүний нөөцтэй, жаахан хүч нэмэхэд л цаашдаа улам өсөж, хөгжихөд бэлэн бизнесийг бий болгохыг зорьж байгаа юм.
Цаашид эдгээр хөтөлбөрт ямар өөрчлөлт, шинэчлэл хийгдэх вэ?
Бид бизнес загвар, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрөө өөрчлөн шинэчилж, SOCRATUS NEXUS хөтөлбөрийг энэ жилээс гадаад, дотоодын гарааны бизнесүүдэд санал болгож эхэлсэн. Энэ бол олон улсын зах зээлд гарах зорилготой гарааны компаниудад зориулсан, гадаадын туршлагатай менторуудтай хамтарсан хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд гарааны компаниуд гурван сарын хугацаанд тодорхой даалгавруудыг гүйцэтгэнэ. Улмаар хөтөлбөрийг сайн дүнтэй төгссөн гарааны компанид хөрөнгө оруулах юм.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбох, хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгнө. Эдгээр гарааны компаниудын өсөлт, хөгжлийн талаар хөрөнгө оруулагчдад бодит цагаар мэдээлэл өгөх бөгөөд ингэснээр тэд сонирхсон бизнесээ тодорхой хугацаанд ажиглах, дүгнэлт хийх замаар хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах, эрсдэлээ бууруулах боломжтой болж байгаа юм.
Бид уг хөтөлбөрөө гадаадын гарааны бизнесүүдэд ч санал болгож эхэлсэн. Одоогоор Сингапур, Филиппиний гарааны гурван компани Nexus хөтөлбөрт хамрагдаж байна.
Та гарааны бизнесийг юу гэж тодорхойлох вэ. ЖДҮ, бичил бизнесээс юугаараа ялгаатай вэ?
Гарааны бизнесийн олон тодорхойлолт байдаг ч ерөнхийдөө шинэ бизнес загвартай, шинэ зах зээлийг бий болгодог, уламжлалт зах зээлийг түйвээж, хурдацтай өсдөг зэрэг голлох хэв шинжүүдээр ялгаж үздэг.
Харин Сократусын хувьд гарааны бизнесийг “Шинээр үүсгэсэн мэдлэгт суурилж хөгжүүлсэн шинэ арга замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, харьцангуй давуу талыг бүтээх, турших, төлөвшүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа” гэж тодорхойлсон. Энд онцлон дурдах ёстой нэг хэв шинж нь “төлөвшүүлэх зорилготой” буюу урт хугацаанд тогтвортой ажиллах компанийг бүтээх юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нь гарааны бизнесийг бойжуулах хөтөлбөрийн маань гол онцлог.
Харин ЖДБ-ийг “Урьд өмнө бүтээгдсэн, нотлогдсон арга замаар хязгаарлагдмал тооны хэрэглэгчдэд харьцангуй давуу талыг бүтээх үйл ажиллагаа” гэж тодорхойлсон. Ташрамд дурдахад, бид ЖДБ-ийг бойжуулах хөтөлбөрийг энэ жилээс зах зээлд албан ёсоор танилцуулах гэж байна. Манай гарааны бизнесийг бойжуулах, ЖДБ-ийг бойжуулах хоёр хөтөлбөр эхний сонгон шалгаруулалтаа энэ сард зарлана.
Таны бодлоор гарааны бизнес нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Гарааны бизнесүүд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, улс орны эдийн засгийг солонгоруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, уламжлалт томоохон бизнесүүдэд шинэ боломжуудыг нээж, бизнесээ диверсификац хийх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг маш олон боломжийг бий болгодог.
Мөн гарааны бизнесүүд нь нийгмийн асуудлыг инновацаар шийдэх санаачилгыг их гаргадаг. Улс орнууд юникорн төрүүлнэ гэсэн зорилго тавьж байгаа нь өндөр үнэлгээтэй, том компанийг бий болгоно гэсэн үг. Үүнийг дагаад ажлын байр ихээр бий болж, эдийн засагт орох орлого нэмэгдэнэ.
Үүнтэй холбоотой асуухад, Монголоос дэлхийд гарах стартап, магадгүй юникорн хэзээ, ямар салбарт төрнө гэж та боддог вэ?
Нэгдүгээрт, юникорн том зах зээлээс төрдөг. Хэрэглэгчийн тоо, орлогоос юникорн төрөх эсэх нь хамаарч байгаа юм. Тиймээс Монголын гарааны бизнесүүд олон улсын зах зээлд амжилттай гарч чадвал бид юникорнтой болно. Өөрөөр хэлбэл, бид дэлхийд өрсөлдөх чадамжтай бизнес санаа, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох шаардлагатай байна.
Стартап эхлүүлэх гэж байгаа залуус юникорн бий болгоё гэвэл шийдэх асуудлаа дэлхийгээс хайж, улмаар өрсөлдөх чадвартай, харьцангуй давуу талтай шийдэл санал болгож чадах компанийг бүтээх хэрэгтэй.
Жишээлбэл, Израилын стартапууд эх орондоо бус дэлхийд бизнес хийхийн тулд дэлхийн асуудлыг шийдэх гэж ажилладаг. Гэтэл 3,5 сая хүн амтай Монголын зах зээлийн асуудлыг шийдэх гэж байгаа гарааны компанид гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Нөгөө талаар, стартап компаниуд, энтрепренерүүдийг улсаас бодлогоор дэмжвэл олон шинэ санаа, шийдэл төрж, тэр хэрээр тухайн улсаас юникорн төрөх боломж нэмэгддэг.
Бид шинжлэх ухаан, боловсролын салбараа дэмжихгүй бол манай улсаас юникорн төрөх нь хоосон мөрөөдөл болж хувирна. Учир нь стартап бол инновацаас, инновац нь шинжлэх ухаанаас, шинжлэх ухаан боловсролоос эхэлдэг гэж хэлж болох юм. Тийм учраас миний бодлоор бид эхлээд боловсролын салбарт сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэлт хийх хэрэгтэй.
Нэн тэргүүнд, өдгөө дэлхий нийтийн чиг хандлага болоод буй STEAM боловсролыг сургалтын хөтөлбөрт албан ёсоор эрчимтэй, хурдтай нэвтрүүлэх шаардлагатай гэж боддог. Сократусын хувьд STEAM боловсролын сургалтын агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн хөгжүүлдэг ШИМТ боловсрол компанид хөрөнгө оруулсан. Тус компанийн боловсруулсан хөтөлбөрийг одоогоор 350 гаруй сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрт хамрагдан суралцаж буй хүүхдүүд ирээдүйд шинэ бүтээл гаргаж, Монгол Улс баттай юникорнтой болно гэдэгт би итгэдэг.
Манай улсаас зүйлсийн интернэтийн (IoT) чиглэлээр амжилттай компани төрөх боломжтой гэж боддог. Яагаад гэвэл хиймэл оюуны хурдацтай хөгжил, үүнийг дагаад өгөгдлийн хэрэгцээ, интернэт, нам орбитын хиймэл дагуулын дэд бүтцийн хөгжил нь IoT салбарын хөгжлийг хурдасгаж байна.
Цаашид юникорн төрүүлэх боломжтой салбарыг дэмжсэн бодлогыг төр, засгаас хэрэгжүүлвэл тун оновчтой алхам болно. Монгол Улс энэ л салбараар дэлхийд тэргүүлэгч болно гэж тодорхойлоод түүнийхээ төлөө зорих хэрэгтэй.
Та ЦХИХХ-ны сайдын зөвлөхөөр ажилладаг. Стартапуудыг дэмжих, юникорн төрүүлэх боломжийг төрөөс хэрхэн дэмжиж байна вэ. Бодлогын ямар шийдлүүд дутмаг байна вэ?
Улс орнуудын сайн жишгийг харвал татварын хөнгөлөлтүүдийг голчлон олгож байна. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагч татах боломжийг нь нээж өгдөг.
Энэ чиглэлд маш том бодлогыг улс орнууд хэрэгжүүлж байгааг заавал дурдах хэрэгтэй. Тодруулбал, санхүүгийн хөшүүрэг ашиглан гадаадын стартапуудыг урьж буй нь цаад утгаараа өөрийн улс руу мэдлэг, инновацыг татаж байгаа хэрэг юм. Жишээлбэл, Казахстан улс стартапууд, хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлж, тэтгэлэг олгож, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийж байна.
Манай улсын хувьд стартапуудад татварын дэмжлэг үзүүлэх заалтуудыг хуулиндаа тусгасан ч хэрэгжүүлэх журмууд нь удаан гарч байна.
Тухайлбал, 2012 онд батлагдсан Инновацын тухай хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих тухай заалтыг оруулсан. Гэтэл уг заалтыг хэрэгжүүлэх журам нь 2023 онд гарсан.
2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Тус хуульд виртуал бүс байгуулах, виртуал бүсэд бүртгэлтэй компанид татварын дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох зэрэг зохицуулалт орсон. Харин одоо энэхүү виртуал бүсийн ажиллах журам, татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
Хамгийн гол нь тэдэнд урт хугацааны хөрөнгө оруулалт л шаардлагатай байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2025 оны зорилтод Гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулах тухай тусгасан. Тус сан байгуулагдвал гарааны бизнесүүдэд бодитой дэмжлэг болно гэсэн хүлээлттэй байна.
Манай улсад стартап бизнесүүдэд хөрөнгө оруулах экосистем хэр хөгжиж байна вэ. Хөрөнгө оруулалт авах хүсэлтэй болон хөрөнгө оруулагч талууд юунд анхаарах ёстой байна вэ?
Мөнгөтэй хүн бүр хөрөнгө оруулагч биш. Хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээх чадвар, хөрөнгө оруулах арга зам, ашиглаж буй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээрээ ялгаатай байдаг. Стартап руу мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу венчур сангууд ихэвчлэн хөрөнгө оруулдаг. Харамсалтай нь, манай улсад венчур сангууд алга.
Өнөөгийн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хамтын сан нь хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа, үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх хориотой. Хувийн сан хөрөнгө оруулалт хийж болох хэдий ч хувийн санд зөвхөн “мэргэжлийн хөрөнгө оруулагч” л хөрөнгө оруулж болно. Энэ нь хувь иргэнээс хөрөнгө оруулалт татах замаар сан байгуулж, гарааны компанид хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм.
Нөгөө талаас, хөрөнгө оруулагчид тухайн гарааны компанид хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд ногдол ашиг, эсвэл хувьцаагаа борлуулах замаар өгөөжөө хүртэх ёстой. Гэтэл дээр дурдсан мэргэжлийн хөрөнгө оруулагчид байхгүй учраас эхэн үеийн хөрөнгө оруулагчид хийсэн хөрөнгө оруулалтаасаа гарах боломж нь хязгаарлагдмал байгаа юм. Хөрөнгө оруулагчид тухайн хөрөнгө оруулалтаасаа гарах боломж хэр байгаа эсэхийг хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө заавал хардаг. Дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол өндөр өсөлт үзүүлэх, юникорн болох боломж байхгүй учраас гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй. Харин олон улсын зах зээлд гарахаар тэмүүлж байгаа бол олон улсын зах зээлд гарч чадах нотолгоог хөрөнгө оруулагчид асуудаг. Хэрэв ийм хангалттай нотолгоо байхгүй бол хөрөнгө оруулалт хийхээс татгалзахаас өөр аргагүй. Үүнээс шалтгаалаад гарааны компанид хөрөнгө оруулалт хийх сонирхол тун хомс байна л даа.
Хөрөнгө оруулагчдыг татах механизм, хууль эрх зүйн зохицуулалт, том компаниудыг хөрөнгө оруулагч болгохыг сэдэлжүүлсэн бодлогын асуудлууд ч давхар яригдах ёстой. Энэ чиглэлээр санал, санаачилга гаргаж ажиллахаар төлөвлөж байна.
Гарааны компаниуд хөрөнгө оруулалт олдохгүй байна гэж ярих нь бий. Гэхдээ “Яагаад хөрөнгө оруулалт авч чадахгүй байна” гэдгийг өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй юм.
Үүний хариулт нь хатуухан хэлбэл, хөрөнгө оруулагчийн хүсэл сонирхол, шаардлагыг хангахгүй байгаа явдал юм.
Харин хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дотоодын бизнес эрхлэгчдэд зөвлөхөд гарааны компанид хөрөнгө оруулах нь бизнесээ төрөлжүүлэх том боломж юм шүү.
Санхүүжилтээ шийдсэн ч тухайн бизнес дампуурах, хангалттай өсөлт үзүүлэхгүй байх нь түгээмэл ажиглагддаг. Таны туршлагаас харахад амжилттай гарааны бизнесийг юу бүтээдэг вэ?
Энтрепренер, хөрөнгө оруулагч Марк Кубаны хэлсэн үгийг эшилье гэж бодож байна. “Бизнес эрхлэх зорилготой, шинэ санаатай хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол эхлээд мөнгө босгох зайлшгүй хэрэгтэй гэж боддог нь юм. Мөнгө босгосноор бүх зүйл амжилттай хэрэгжихгүй шүү дээ” гэж тэрбээр хэлсэн. Мөн Idealab инкубаторыг үүсгэн байгуулсан Билл Гросс амжилттай гарааны компаниудыг судлахад 42 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оновчтой цаг хугацаанд гаргасан, 32 хувь нь зөв багийг бүрдүүлсэн, ердөө 14 хувь нь санхүүжилт татсантай холбоотой байсныг тогтоосон байна.
Гарааны бизнесийн бүтэлгүйтлийн шалтгааныг тогтоох зорилготой олон улсын судалгаануудыг харахад мөнгө, санхүүжилтээ босгож чадаагүй гэсэн шалтгааныг нэрлэсэн байдаг. Эндээс “Яагаад мөнгө санхүүгээ босгож чадаагүй вэ?” гэдэг асуулт гарч ирнэ. Стартапт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй, сонирхолтой сангууд, хөрөнгө оруулагчид дэлхийгээр нэг байна. Асуудлын гол нь тэдний шалгуурыг хангаж чадахгүй байгаад л асуудал бий.
Энэ бүхнийг базаад нэг үгээр дүгнэвэл, амжилттай бизнесийг бүтээх гол нөхцөл бол тууштай байдал юм. Уналт, босолт тохиолдсон ч зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Би энэ хэмжээний эрсдэл, сорилтыг дааж гарч чадах уу гэдгээ тооцолгүй сэтгэлийн хөдлөл, санаанд тулгуурлаж бизнесээ эхлүүлбэл бүтэлгүйтэх магадлал маш өндөр. Үүн дээр нэмээд багийн ажиллагаа, нэгдмэл нэг зорилго, үүсгэн байгуулагчдын ухаалаг тохиролцоог дурдъя. Тиймээс манай залуус энтрепренер сэтгэлгээтэй болж бэлтгэгдэх хэрэгтэй байна. Энэ зорилгоор инновацын соёлыг сурталчилж, энэ чиглэлийн төрөл бүрийн контентыг түгээх хэрэгтэй гэж боддог.