Сэтгэл ханамжтай чанартай үйлчилгээ авсан үйлчлүүлэгч бүр дараагийн танилдаа “Лумо Тур”-ийг санал болгосноор таван үе дамжсан үнэнч үйлчлүүлэгчидтэй болжээ. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг татахын зэрэгцээ урт хугацаанд тогтмол хурдаар өсөж, тун удахгүй БНСУ-д шинэ салбараа нээхээр төлөвлөж буй тэдний амжилтын “нууц”-ыг сонирхлоо.
Хүйтний эрч үл ялиг буурсан нэгэн өдөр “Лумо Тур” аялал, сургалт зуучлалын компанийн үүсгэн байгуулагч Б.Отгончимэгтэй бизнес, ажил хэргийнх нь тухай ярилцахаар оффист нь зорин очлоо. Тохирсон цагаасаа ялимгүй эрт очсон тул уулзахаар хүлээж суухдаа ажилтнуудтай нь яриа өрнүүлсэн юм. Тэр мөчид тэдний наргианч зан, асуултад төвөгшөөлгүй хариулах соёл, бие биеэ дэмжсэн эерэг үгсийг сонсох нь надад сэтгэлийн урам, инээд хөөр бэлэглэж байлаа. Тэгвэл халуун дулаан уур амьсгалтай энэ хамт олон хэрхэн ажилладаг бол?
Бусдын дэмээр урагшлагч
Дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмшихийг эрмэлзэж буй монгол залуусыг зорилгодоо хүрэхэд нь тусалж буй Б.Отгончимэг 2015 онд өөрийн суурь ур чадвартаа түшиглэн “Лумо Тур” аялал, сургалт зуучлалын компаниа байгуулжээ. Одоогоос 25 жилийн өмнө бага насандаа тэрбээр гэр бүлийн хамт БНСУ-ыг зорьж, төсөөлөө ч үгүй шинэ орчинд дасан зохицож, арван жилийн суурь боловсролоо тус улсад эзэмшсэн.
Улмаар эх орондоо 2007 онд буцаж ирээд барилга, эрүүл мэнд, медиа, энтертайнмент, бетон зуурмагийн үйлдвэр гэх мэт төрөл бүрийн салбарт солонгос хэлний орчуулагчаар ажиллаж, танилын хүрээгээ тэлсээр байв. Үүний зэрэгцээ түүний танилууд Өмнөд Солонгос улс руу виз мэдүүлэхдээ материалаа орчуулах ажлыг хийлгэсээр иржээ. Гэтэл жил өнгөрөх тусам Монголын зах зээлд Өмнөд Солонгосыг зорих иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр олон үйлчлүүлэгчтэй харьцаж эхэлсэн тул албан ёсны тамга тэмдэг бүхий компанитай болохоор шийдсэн аж. Уг шийдвэртээ бат зогсоход нь түүний найз Г.Буяндэлгэрийн дэмжлэг, урам зориг чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ тухай Б.Отгончимэг “Өнөөдөр манай компани урт хугацаанд тогтвортой ажиллаж, амжилттай яваа нь надад тусалсан хүмүүсийн хүч” хэмээн онцолж байсан юм.
Шинэ зүйл санаачилсан ч эхлүүлэх бүрэн итгэл нэг л төрөхгүй байх үедээ тэрбээр Өмнөд Солонгосын Хэжон их сургуулийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцдаг Г.Буяндэлгэр найздаа компани байгуулах санаагаа хэлж, цаашлаад Өмнөд Солонгосын их, дээд сургуульд оюутан элсүүлэхийг хүсэж буйгаа дуулгажээ. Тэгмэгц найз нь маш эерэгээр хүлээн авч, түүнд урам зориг өгч дэмжлэг үзүүлсэн байна.
Ингээд үйл ажиллагаа эхлээд ердөө жилийн дараа Өмнөд Солонгос улсын Сожон их сургуультай 2016 онд “Лумо Тур” компани хамтын ажиллагааны гэрээ байгуулж их, дээд сургуульд оюутан зуучлах эхлэлээ тавьжээ. Бизнесийнхээ анхны жилүүдэд Б.Отгончимэг 13 м.кв өрөө түрээслэн ганцаараа бүх зүйлээ эрхлэн явуулахаас гадна давхар Өмнөд Солонгос улсын “Нанури” үе мөчний эмнэлгийн монгол талыг хариуцан ажилладаг тун ч завгүй мэргэжилтэн байв.
Бизнес хийх явцдаа тулгамдсан саад бэрхшээлийг хүнд хэцүү гэж харах бус эсрэгээрээ хөгжих боломж хэмээн үзэж, хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа явуулдаг.
Удалгүй үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэнээр анхны менежерээ ажилд авч, мэргэжилтнээс энтрепренер болох гараагаа эхлүүлжээ. Мэдээж энэ бүхэн тийм ч дардан байсангүй. Бизнес эрхлэгчдийн өмнө тулгамддаг татвар, эргэлтийн хөрөнгийн дутагдал, дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 цар тахлын нөлөөг давах гэх мэт олон саад бэрхшээлийг тэр даван туулах шаардлагатай болсон юм. Гэхдээ Б.Отгончимэг эдгээр бэрхшээлийг хүнд хэцүү гэж харах бус эсрэгээрээ хөгжих боломж хэмээн үзэж, хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа эрхлэн явуулахыг чухалчилсаар иржээ.
Харин түүнд хамгийн хэцүү санагддаг байсан зүйл нь бухимдуу үйлчлүүлэгчдийн хэцүү харилцаа, хандлага байсныг хуваалцлаа. Учир нь зарим хүн “Лумо Тур”-ыг виз гаргадаг байгууллага гэж андуурах тохиолдол гарч байв. Гэвч үнэндээ үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг ном журмын дагуу бэлтгэн Өмнөд Солонгос руу илгээсний дараагаар тэнцэх, тэнцэхгүйг Өмнөд Солонгос улсын Элчин сайдын яам болон цагаачлалын алба шийдвэрлэдэг.
Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүйн улмаас “Виз гаргана гэчихээд гаргасангүй” хэмээн элдвээр бүдүүлэг авирлах тохиолдол цөөнгүй байв. Эхний жилүүдэд энэ бүхэнд тун эмзэглэдэг байсан ч одоо бол ямар ч ууртай, түрэмгий зантай хүнтэй маш сайн ярилцаж, нөхцөл байдлыг ойлгуулж чаддаг болжээ.
Ийнхүү бизнес эрхлэх явцдаа өдрөөс өдөрт суралцан хөгжиж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ирсэн нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрснээр “Лумо Тур” компани зах зээлээ органикаар тэлж буй. “Сэтгэлдээ хүртэл чанартай үйлчилгээ авч чадсан үйлчлүүлэгчид цааш ойр дотны хүмүүс, танилууддаа манай үйлчилгээг заавал санал болгодог. Үүний үр дүнд, өдгөө бид таван үе дамжсан үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгож чадсан” хэмээн Б.Отгончимэг инээмсэглэн хэлж байлаа.
Тэгээс эхлүүлсэн бизнес нь өдгөө 10 орчим ажилтантай болж, цаашид ч тогтвор суурьшилтай ажиллах эрүүл уур амьсгалтай хамт олныг бүрдүүлж чаджээ. Мөн урт хугацаанд тогтмол хурдаар өсөж явсаар энэ онд Өмнөд Солонгос улсад шинэ салбараа нээхээр төлөвлөж, үйл ажиллагаагаа аажмаар өргөжүүлэн, олон улсын түвшинд хүрэхийг зорьж байна. Ингэснээр тус хамт олны үйл ажиллагаа хоёр улсын улс төр, эдийн засаг болон эв найрамдлын харилцаанд ч чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж буй.

Итгэл түгээх эргэх холбоо
Өмнөд Солонгос улсад суралцаж буй монгол оюутнуудын тоо жил ирэх тутам тогтмол өссөөр байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын Цагаачлалын албаны 2023 оны статистик мэдээллээр тус улсад 13,802 монгол оюутан суралцаж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, Ковид-19 цар тахлын дараа буюу 2021-2022 онд ихэнх орны хувьд тус улсыг зорих элсэгчдийн тоо буурч байсан бол эсрэгээрээ монгол оюутнуудын тоо 3000 гаруйгаар огцом нэмэгдсэн байна.
Ийнхүү хувь хувийн хүсэл мөрөөдөл, зорилгоо тээн Өмнөд Солонгосыг зорьж буй залууст дэмжлэг үзүүлж ажилладаг цөөнгүй байгууллага байдгийн нэгэн тод төлөөлөл бол “Лумо Тур”-ийн хамт олон юм. Тус компани Өмнөд Солонгос улсдаа магадлан итгэмжлэгдсэн 30 гаруй их, дээд сургуультай албан ёсоор хамтран ажиллаад 11 жилийг үджээ. Үүнээс 10 орчим сургууль нь “Лумо Тур” компанийн туршлага, ур чадварт үндэслэн Өмнөд Солонгос улсаас өөрсдөө холбогдон хамтрах санал тавьж байсныг дурдах хэрэгтэй.
Тухайлбал, Өмнөд Солонгосд томоохонд тооцогддог Сэжүн их сургуулийн гадаад харилцааны ажилтан тэдэнтэй анхлан холбогдсоноор хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Мөн хамтарч буй сургуулиудын байршил зөвхөн Сөүл хотоор хязгаарлагдахгүй бөгөөд бусад бүс, хотод ч байрладаг сургуулиуд бий.
“Лумо Тур” компани Өмнөд Солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистр, хэлний бэлтгэлд зуучлахаас гадна Шенгений (Австри, Бельги, Чех, Дани, Финланд, Франц, Герман тэргүүтэй Европын 26 улс) орнууд руу аяллын виз зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Үүний зэрэгцээ Шенгений орнууд руу виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж буй. Түүнчлэн докторын зэрэгтэй мэргэжлийн гадаад багш бүхий солонгос хэлний сургалтын үйлчилгээг эрхлэн явуулж, сургуулийн сурагчдад зориулсан School Tour хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг.
Их сургуульд элсэгчдийг сургуульдаа тэнцэж, визээ амжилттай авсны дараа БНСУ-д очоод анхаарах шаардлагатай зүйлсийг заах тусгай хичээлийн хөтөлбөртэйгөөрөө онцлог.
Тус компанийн бүх ажилтан Өмнөд Солонгос улсад суралцаж төгссөн тул зөвлөгөө мэдээлэл өгөхдөө илүү практикт суурилсан үнэн бодит мэдээллийг хүргэдэг. Нэмж дурдахад жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж буй “Лумо Тур” компани хамгийн багадаа улирал бүр 100-130 орчим хүнийг сургалтын визтэй болгож, сар бүр 100-150 хүнд аяллын визийг амжилттай гаргасаар байгаа аж.
Тус компанийн бас нэг онцлог нь их сургуульд элсэгчдийг сургуульдаа тэнцэж, визээ амжилттай авсны дараа Өмнөд Солонгос улсад очоод анхаарах шаардлагатай зүйлсийг өргөн хүрээнд багцлан тусгай хичээлийг заадагт оршино. Учир нь амьдралд хөл тавьж буй залуу хүүхдүүд дэврүүн хүсэл мөрөөдлөөрөө Өмнөд Солонгос улсад очоод бүх зүйл шууд л болчих мэт санадаг байна. Гэтэл бага залуудаа гадаад улс орныг зорих нь соёлын ялгаатай байдалд дасан зохицох, хэлний бэрхшээл, буруу зүйлд уруу татагдах, санхүүгийн дарамт гэх зэрэг олон хүндрэлийг даван туулахад хүргэдэг.
Тиймээс “Лумо Тур” компанийн хамт олон үйлчлүүлэгчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг арга барилтай. Тэд дөнгөж насанд хүрээд бие даан гадаад орныг зорьж буй оюутан хүүхдүүдтэй маш нээлттэй харилцааг үүсгэж, ээж, аавдаа хэлж чадахгүй зүйлс болон хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй хүнд хэцүү зүйлсээ хэлэхийг зөвлөж, байнгын холбоотой байж найз шиг нь тусалж дэмжиж ажилладаг.
Энэ утгаараа “Лумо Тур” компанийн хамт олон оюутан залуусын ирээдүйн амжилтын суурийг тавихад чиглэсэн бодит шийдлийг гаргаж, найдвартай хамтрагчаар ажилладаг давуу талтай. Учир нь тэдний хувьд үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж, урт хугацааны үнэ цэнийг бий болгох нь хамгийн эрхэм зорилго ажээ.
Эрсдэлээс хамгаалах хөтөч
Их сургуулиа гадаадад суралцаж төгсөхөөр шийдсэн хүүхдүүд суурь хичээлээ орхигдуулж, зөвхөн гадаад хэлдээ анхаарах хандлагатай байдаг. Ялангуяа МСҮТ-д сурч буй хүүхдүүд зөвхөн мэргэжлийн хичээлдээ анхаараад суурь хичээлээ орхигдуулдаг байна. Гэтэл Өмнөд Солонгос улс их, дээд сургуульд элсэгчдэдээ суурь хичээлийн дүн хамгийн багадаа 85+ байх шаардлага тавих нь бий. Харин магистраа тус улсад хамгаалахаар зорьж буй бол бакалаврын голч дүн 2.4 дээш байх ёстой.
Түүнчлэн Өмнөд Солонгос улсад очсоныхоо дараа монгол залуусын гаргадаг нийтлэг дутагдал бол ихэнхдээ хэлний бэлтгэлдээ явж байхад их сургуульд амархан элсэж чадна гэж боддог байдал. Үүний улмаас оюутнууд хичээлээ тасалж, цагийн ажил олж хийхэд түлхүү анхаарч, “сурах” үндсэн зорилгоо мартаж, мөнгө олоход ихэнх цагаа зарцуулдаг байна. Үр дүнд нь, цаг хугацаагаа үргүй зардаг аж. Тиймээс “Лумо Тур” -ын хамт олон “Зорилготой хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг” хэмээх уриа үгийг дэвшүүлж, энэ тухай үйлчлүүлэгчдэдээ ч мөн хэлж зөвлөдөг байна.
“Лумо Тур” компани хамгийн багадаа улирал бүр 100-130 орчим хүнийг сургалтын визтэй болгож, сар бүр 100-150 хүнд аяллын визийг амжилттай гаргасаар байна.
Хэлний бэлтгэлд суралцах хугацаандаа амралтын өдрүүдээ ашиглан ажиллаж, хичээлдээ тууштай хандах нь үр дүнтэй гэдгийг Б.Отгончимэг онцолж байлаа. Учир нь хэлний бэлтгэлээ төгсөж, их, дээд сургуульд суралцах хугацаанд хичээлийн хуваарь багасдаг тул тэр үед нь цагийн ажил эрхлэх бүрэн боломжтой байдаг. Онцгойлон анхаарах зүйл бол хилийн дээс алхахын өмнө өөрийн зорилгыг зөв тодорхойлж, түүнийхээ дагуу ажил, хичээлийн цагаа төлөвлөх гэдгийг “Лумо Тур”-ийн хамт олон үйлчлүүлэгчдэдээ үргэлж захидаг байна.
Нөгөө талаар, эх орондоо хэлний оноогоо авчихаад их сургуульдаа тэтгэлэг горилох бүрэн боломжтой аж. Учир нь “Лумо Тур”-ийн солонгос хэлний сургалтад докторын зэрэгтэй солонгос багшийн удирдлага дор суралцан зургаан сарын хугацаанд шаргуу хичээллэж, TOPIK-ийн дунд шатны дөрвөн оноогоо авч улмаар их сургуульдаа тэтгэлэгтэйгээр элссэн суралцагчид цөөнгүй бий.
Өөр нэг анхаарах зүйл нь гадаад руу суралцахаар явж буй хүүхдүүддээ эцэг эхчүүд анхаарал халамж төдийлөн тавьдаггүй аж. Гэтэл шинэ газар очоод дасан зохицох эхний зургаан сарын хугацаанд нь хүүхдэд тулгарч буй сэтгэл зүйн хэрэгцээг ойлгож, эцэг эхчүүд долоо хоногт 1-2 удаа холбогдож ярилцдаг байх нь нэн чухал гэдгийг хэлж байлаа.
Энгийн мэт боловч үйлчлүүлэгчдийн төдийлөн мэддэггүй визний нарийн ширийн асуудал, хүүхдүүдэд тулгарч болох бүхий л сорилтод зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, “Лумо Тур” компанийн хамт олон монгол хүн бүрийн хүсэл мөрөөдлийг бодит болгох гүүр болон ажилласаар байна.