Зарим төсөл, бизнесийн санаа нь өөрийн болон бусдын бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагаас үүдэн гарсан байх нь бий. Бэрхшээлийг шийдвэрлэх нь урт удаан хугацаанд тогтвортой ажиллах бизнесийг бий болгох нэг нууц агаад хэрэв зөв менежмент, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр тордож чадвал амжилтад хүрдэг. Үүний нэг жишээ бол байгуулагдсан цагаасаа хойш 3800 гаруй айлд 8000 гаруй захиалгат тавилга нийлүүлж, БНХАУ-ын 30 орчим үйлдвэртэй албан ёсны гэрээтэй ажилладаг “Амазон хатан” ХХК юм.
Онлайн, оффлайн орчинд бизнес бүтээхүй
Одоогоос 31 жилийн өмнө Pizza Hut-ийн захиалгыг амжилттай гүйцэтгэснээр “хөлд орж” байсан онлайн худалдааны салбар нь өдгөө дэлхийн худалдааны нэг том салаа мөчир болон хувирчээ. 2023 онд дэлхийн худалдааны нийт хэмжээ 32 их наяд ам.доллар байсан бөгөөд үүний 7.13 их наяд ам.доллар нь онлайн худалдаанд ногдож байв. Манай улсын хувьд цар тахлын үеэс хойш онлайн худалдаа эрчимтэй хөгжиж, цахим худалдааны сайт болон нийгмийн сүлжээний платформуудаар дамжуулан төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний захиалгыг авч, борлуулдаг бизнес, хувь хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Энэхүү бизнес загвар улам бүр хүрээгээ тэлж, амжилттай ажиллаж байгааг зах, худалдааны төвүүдийн худалдан авагчдын тоо харьцангуй цөөрч буйгаас харж болно.
Онлайн худалдааны салбарт найман жилийн өмнө хөл тавьж, тухайн үед 500 эмэгтэйд БНХАУ-аас онлайн худалдаа хийх талаар хичээл зааж байсан “Амазон хатан” ХХК-ийн захирал, “ZaYa tavilga MICCI групп”-ийн админ Б.Батзаяа-гийн энэ салбарт хөл тавьсан түүх тун энгийн.
Хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж бизнесээ хийдэг бол тэр л хамгийн зөв шийдвэр
“Гэр бүл болоод түрээсийн байрнаас амьдралаа эхлүүлж байлаа. Хямд учраас тавилгагүй байр түрээслэдэг байсан. Тухайн үед тавилга мэддэггүй, тавилга авах гээд хайхаар өндөр үнэтэй, эсвэл хямд тавилгын загвар, өнгө нь сэтгэлд нийцдэггүй байсан. Тийм болохоор шинэ тавилга хямдаар оруулж ирэхийг хүсдэг байсан нь энэ бизнесийг эхлүүлэх санаа болсон” хэмээн тэрбээр өгүүлэв.
Б.Батзаяа холбооны инженер, дараа нь маркетингийн чиглэлээр суралцаж төгсжээ. Сургуулиа төгсөнгүүт ээж болсон тэрбээр хүүхдээ харахын хажуугаар нөхөртөө туслах, өмнө нь бодож байсан бизнес санаагаа хэрэгжүүлэх зорилгоор онлайн худалдаа хийж эхлэв. Японы хөрөнгө оруулалттай гадаад худалдааны компани, БНХАУ-ын ачаа тээврийн компанид ажиллаж байсан туршлага нь түүнд энэ үед хэрэг болжээ.
Урд хөршид суралцаад ирсэн эгчийгээ дагаж, түүн шиг болохыг хүссэндээ богино хугацаанд хятад хэлийг өөрийн болгосон нь түүнд түншүүдээ олох, бизнесээ өргөжүүлэхэд түлхэц болсон байна. “Ер нь ямар ч ажлыг дуустал нь хийдэг, заавал чадна гэж хичээдэг зантай. Турах гэж фитнест яваад тамирчин болж байсан, уралдахдаа хүртэл заавал түрүүлэхийг хүсдэг. Нэг талаас, энэ зан маань өөрийгөө зовоодог юм шиг боловч нөгөө талаар маш их хэрэг болдог” гэж Б.Батзаяа өгүүлэв.
Гэрээ тохижуулах хүслээс нь төрж гарсан бизнесээ хөл дээр нь босгохын тулд тэрбээр эхнээсээ зөв шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгчээ. Юуны түрүүнд, онлайн дэлгүүрээс бараа захиалахад зарим тохиолдолд найдваргүй харилцагч таарах, чанаргүй бараа явуулах зэрэг асуудал байдаг учир энэхүү эрсдэлийг үгүй хийх, хэрэглэгчдийн айдсыг бууруулах зорилгоор БНХАУ дахь үйлдвэрүүдтэй холбогдож, албан ёсны түншүүдтэй болох нь зөв гэж тэрбээр шийдсэн байна.
Ингээд тавилга зардаг хүмүүстэй хамтрах байдлаар бизнесээ эхлүүлж, тавилгын үйлдвэрүүдийн гэрээт борлуулагч болохыг гол зорилгоо болгож ажиллав. Улмаар БНХАУ-д түнштэй болж, тэд Б.Батзаяагийн компанийг төлөөлөн тавилгын үйлдвэрүүдэд биечлэн очиж, бүтээгдэхүүнтэй нь танилцдаг болжээ. Нэг ёсондоо “шалгалт” хийсний үндсэн дээр бараа нийлүүлэх үйлдвэрээ сонгож эхлэв. Гэрээ байгуулдаггүй, хямд бараа зардаг дэлгүүрүүдтэй харилцахгүй гэж Б.Батзаяа анхнаасаа шийдсэн нь зөвхөн чанарыг эрхэмлэнэ гэсэн зорилготой нь холбоотой байлаа. Ийнхүү БНХАУ-д гурван дэлгүүртэй түншилж, улмаар гэрээтэй ажилладаг 30 орчим үйлдвэртэй байнгын харилцаатай болсон нь түүний найман жилийн хөдөлмөрийн үр дүн юм.
Монголд үйлдвэрлэсэн тавилгыг олон улсын зах зээлд гаргах зорилго тавиад ажиллаж байна
Хил дамнасан бизнесийн хувьд нийлүүлэлтийн найдвартай гинжин хэлхээг бий болгох нь чухал гэдгийг Б.Батзаяа ойлгосон нь түүнийг цөөнгүй сорилттой нүүр тулахад хүргэсний зэрэгцээ туршлагажиж, хөгжихөд нь нөлөөлжээ. Тухайлбал, Эрээн хотод агуулахтай болохдоо нэг дор хэд хэдэн агуулах түрээсэлсэн байна. Хэрэглэгчдийнхээ барааг дэлгүүрийн шоурүүмд байгаа юм шиг цэвэрхэн, эмх цэгцтэй хадгалах зорилгоор түрээсэлсэн эдгээр агуулах нь цар тахлын үеэр “аминд оржээ”. Ковид-19-ийн үеэр маш олон компанийн бараа гацаж, гадаа хонож, чанар нь алдагдаж байхад Б.Батзаяагийн бараанууд тийм “зовлон” үзсэнгүй. Тэр хэрээр цар тахлын үед татан авалт нь хамгийн сайн байжээ. “Олон танил түншийн буянд каргогоо хурдан оруулж ирж, хэрэглэгчдэдээ өгч байсан тэр үед л би энэ бизнесийг хийж чадах юм байна гэдгээ мэдэрсэн” хэмээн тэрбээр дурсав. Улмаар үйл ажиллагааг тэлэн Эрээнд дэлгүүр, агуулахаас гадна бараа шалгадаг гурван хүнийг гэрээтээр ажиллуулдаг болжээ.
Өдгөө түүний үнэнч хэрэглэгчдийн тоонд айл өрхүүдээс гадна бөөнөөр худалдан авалт хийдэг Монголын төдийгүй Казахстан улсын тавилгын дэлгүүрүүд, хувь хүмүүс багтдаг болсон. Энэ бүхэн түүнийг онлайн худалдааны найдвартай бизнесийг угсарч чадсаныг нь харуулж байгаа билээ.
Амжилтын жор
Түүний фэйсбүүк групп 44 мянган гишүүнтэй, инстаграм хуудас нь 12 мянга гаруй дагагчтай болжээ. Нийт 3800 гаруй айлд 8000 гаруй тавилга нийлүүлж, компанийнх нь борлуулалтын хэмжээ нэг тэрбум төгрөгт хүрсэн. Бизнесийн цар хүрээг нь илтгэх эдгээр тоон үзүүлэлтэд хүрэхэд хоёр зүйл нөлөөлсөн юм болов уу хэмээн түүнтэй ярилцаж суухад бодогдож байлаа.
Нэгдүгээрт, чанар. Түүнийг бизнесээ эхэлж байхад хятад харилцагчид нь “Чам шиг монгол түнштэй таарч байсангүй” гэж хэлдэг байжээ. Учир нь буйдан захиалбал хамгийн үнэтэй, чанартайг нь авах захиалгыг тэрбээр түншүүддээ өгдөг байв. “Монголчууд ихэвчлэн хямдыг нь авъя гэдэг. Чанартай, үнэтэйг авъя гэдэг компани тун цөөн” хэмээн түүнтэй хамтран ажилладаг үйлдвэрүүд үнэлдэг байсан аж. “Тэд чанартай тавилга үйлдвэрлэж, борлуулахыг, би ч мөн адил чанартай бараа борлуулахыг хүссэн учраас аль аль нь чанарт маш их анхаардаг. Ингэж л хэрэглэгчдээ татсан” хэмээн Б.Батзаяа өгүүлэв.
Хоёрдугаарт, тус компани сүүлийн үеийн трэнд загвартай тавилгуудыг оруулж ирдэг. Тодруулбал, захиалагчийн интерьерт нийцсэн, шинэлэг загваруудыг дэлгүүрийн бус үйлдвэрийн үнээр захиалж, өнгө, хэмжээ, загвар, материал, буланг хүссэнээрээ сонгодог нь тэдний давуу тал төдийгүй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ялгарах гол онцлог нь юм. Ингэснээр гэрийнхээ интерьерт нийцсэн цорын ганц тавилгыг захиалах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог байна.
“Вэбсайтын болон үйлдвэрийн бараануудын чанар, хийц, материал нь ялгаатай байдаг. Гэтэл зарим хүн янз бүрийн вэбсайтын барааны үнийг хараад танайх үнэ нэмж зарлаа гэх тохиолдол гарч байсан. 5000 юань болон 3000 юанийн барааны чанарыг харьцуулах боломжгүй шүү дээ. Ялангуяа сүүлийн үед онлайн худалдааны сайт, хувь хүмүүс борооны дараах мөөг шиг олширсон. Тэр хэрээр захиалгаа өгсөн хүмүүс луйвардуулж, сэтгэл санаа, хөрөнгө санхүү, цаг хугацаагаар хохирох тохиолдол гарч байна. Худалдан авагчдынхаа хэрэгцээнд нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг учраас бид одоо болтол оршин тогтнож, хэрэглэгчидтэйгээ байнгын холбоотой явна” хэмээн Б.Батзаяа онцолсон.
Түүний хувьд бизнесээ анх эхэлж байх үеийнх нь хүсэл тэмүүлэл одоо ч хэвээрээ. “Зарим хүн ажлаа, бизнесээ албатай юм шиг хийдэг. Харин миний хувьд бараг л хобби минь учраас ажлаа дурлаж хийдэг. Хэрэглэгчдээсээ “Маш их баярлалаа” гэсэн үгийг сонсох бүрийд шар үс маань босдог” гэж хэлсэн түүний дараагийн зорилго нь олон улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэртэй болох.
Энэ зорилгынхоо төлөөх эхний алхам болгож тэрбээр 500 м.кв үйлдвэрийн байртай болж, аж ахуйн нэгжүүдийн захиалгат тавилгыг үйлдвэрлэж эхэлжээ. “Тууштай зан чанар маань өнөөдрийн намайг бүтээсэн. Би тавилгын бизнесийг олон жил дагнан хийж, салбарынхан дундаа багагүй танигдсан. Тууштай л ажиллаж чадвал амжилтад хүрдэг гэж боддог учраас цаашид өөрийн гэсэн тавилгын брэндтэй болохыг, уг брэнд маань олон улсад танигдаж, гадаадын улс орнууд руу экспорт хийнэ гэж мөрөөддөг. Манай компани Казахстан харилцагчдадаа БНХАУ-аас тавилга худалдаж авахад нь зуучилдаг юм. Гэхдээ тэд цаашид хятад бус монгол брэндийн тавилгыг худалдаж авдаг болоосой гэж хүсэж, өөртөө ийм том зорилго тавиад ажиллаж байна. Хэдий тавилгын үйлдвэртэй болно гэж анх бодож байгаагүй, тэгэх боломжгүй юм шиг санагдаж байсан ч одоо боломжтой гэдэгт итгэж эхэлсэн. Зөв хүмүүстэйгээ сайн баг бүрдүүлээд ажиллаж чадвал уг хүсэлдээ нэг л өдөр хүрнэ гэж боддог” хэмээн Б.Батзаяа өгүүлсэн.
БНХАУ-д гурван дэлгүүртэй түншилж, улмаар гэрээтэй ажилладаг 30 орчим үйлдвэртэй байнгын харилцаатай болжээ
Ажлын онцлогоос шалтгаалж тэрбээр өдөр бүр маш олон хүнтэй онлайнаар харилцаж ажиллах шаардлагатай болдог. Бага насны хүүхдүүдтэй болохоор ажлын ачааллаа зохицуулах нь түүний хувьд нэг том сорилт хэдий ч сайн төлөвлөж сурсны ачаар энэ асуудлаа шийдвэрлэж даджээ. Энэ ч шалтгаанаар түүний багт гэртээ хүүхдүүдээ хардаг ээж олон бий. Түүнээс гадна захиалгын менежер, хүргэлтийн ажилтнууд дунд нь залуу аавууд цөөнгүй байдаг. “Стресстэй, түгжрэлтэй энэ үед онлайнаар ажлаа хийх нь зөв сонголт гэж боддог. Түүнээс гадна хөдөлмөрлөж байгаа ээжүүдийг хүмүүс дэмжих дуртай байдаг юм шиг санагдсан. Өргөө гэрт нь гоё, шинэ тавилга нийлүүлэх нь аз жаргалтай ажил учраас бид ч ажлаа дуртай хийдэг” хэмээн Б.Батзаяа онцолж байв.
Нэг талаар, адармаатай гэж болох үйлчилгээний бизнес эрхэлдэг түүнээс “Бизнес эрхлэх хүсэлтэй залуус, эмэгтэйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?” гэж асуухад “Би бизнесээ ёс зүйтэй хийхийг хүсдэг. Тийм учраас бизнесээ хийхдээ үнэн байх хэрэгтэй шүү гэдгийг хамгийн эхэнд хэлье. Ямар нэгэн асуудал гарвал хэрэглэгчээ аргалах бус харин асуудлыг нь шийдээд өгдөг байх хэрэгтэй. Асуудлаа ярилцаад хамтдаа шийд. Хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж бизнесээ хийдэг бол тэр л хамгийн зөв шийдвэр” хэмээн зөвлөсөн юм.