5000 мянган жилийн түүхтэй монгол анагаах ухаан 1930-аад оны дунд үеэс 1960-аад он хүртэл хэлмэгдэн балартаж байсан ч монголчууд бид биеийг тэтгэн илааршуулах үнэт жор, уламжлалт арга ухаанаа авч үлдэж чадсан азтай ард түмэн. Өдгөө уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эмнэлэг, сувилал олноор байгуулагдахын зэрэгцээ уламжлан ирсэн үнэт жороор шүншиглэсэн үндэсний брэндүүд ч төрөн гарч байна.
“Гэхдээ саяхныг хүртэл нэг л зүйл дутуу байлаа” гээд хэлчихвэл бараг л буруудахгүй болов уу. Энэ бол хүүхдийн эмнэлэг. Хүүхдийн эмнэлэг, хүүхдийн эмчилгээ гэхээр та бидний дийлэнх нь “өрнийн анагаах”-ын эмнэлэг, эм, витаминыг л хамгийн түрүүнд санах байх. Тэгвэл хоосон бөгөөд хариуцлага нэхсэн энэ орон зайг залуу эмч С.Сувд тун соргогоор мэдэрч чадсан юм.
Түүний байгуулсан “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төв нь мэргэжлийн эмч, сувилагч бүхий зөвхөн хүүхдээр дагнасан Монголын анхны эмнэлэг гэдгээрээ онцлогтой.
Одоо С.Сувдад маш том мөрөөдөл бий. Тэр нь “Бомбордук”-аа улам “том” болгох. Ингэснээр хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэхээс гадна уламжлалт анагаах ухааны салбарт “хүүхдийн” гэх тодотголтой эмч мэргэжилтнүүд төрөн гарахад гол үлгэрлэгч нь болно гэж тэрбээр үзэж буй юм.
Мөн тэрбээр “Бомбордук” нэрийн дор бүтээгдэхүүн хөгжүүлэх ч зорилго тавьжээ. Түүний Увс нутгаасаа авчирсан давс, чацарганы тосоор хийсэн хүүхдийн ванны давс нь “бяцхан”-уудыг дархлаажуулж, тамир оруулахад тун үр дүнтэй байдаг аж.
“Бомбордук” мэндэлсэн нь
“Бомбордук”-ын мэндэлсэн түүх одоогоос найман жилийн өмнө эхэлжээ. АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийг төгсөөд удаагүй залуу эмч С.Сувд багш нарынхаа зөвлөснөөр нутагтаа очиж ажиллахаар шийджээ. Ингээд 2015 онд Сумын эрүүл мэндийн төвд ажиллахаар очихдоо тэрбээр дотор хариуцсан их эмчээр ажиллана гэж зорьж очсон байна. Гэвч эмнэлгийн удирдлагууд түүнийг хүүхэд хариуцсан их эмчийн албанд томилсон нь эргээд харахад тун зөв шийдвэр болсныг тэрбээр хэлж байсан юм.
С.Сувд нутагтаа ажиллаж амьдарч байхдаа хоёр ойрхон төрсөн. Хүүхдүүд нь хоёулаа хугацаанаасаа эрт, жин багатай төрсөн учраас тэрбээр дутуу нярайд тохиолддог цөөнгүй хүндрэлийг давжээ. Мөн хүүхдүүд нь хүчилтөрөгч-цусан хангамжийн дутмагшилтай, харшилтай байсан нь түүнд багагүй сорилт авчирчээ. “Үрсээ эрүүл өсгөхсөн гэсэн ээжийн хичээл зүтгэл өнөөдрийн Бомбордукын тусламж үйлчилгээний суурь болсон” гэж тэрбээр хэлж байсан юм. С.Сувд 2017 оноос “Бомбордук” нэрийн дор фэйсбүүк хуудас нээн хөгжүүлж, хүүхдийн асаргаа, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байсан. Үүний зэрэгцээ нутагтаа дөрвөн жил ажиллаж амьдрахдаа Сумын эрүүл мэндийн төвийн даргын албыг ч хаших болсон байв. Гэтэл нэг л өдөр нөхрийнхөө ажлаас шалтгаалан Улаанбаатар хотод ирж суурьших шаардлагатай болжээ. Энэ нь 2019 он. “Хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихөөд юу хийх талаараа би их бодсон. Хоёр жаахан хүүхэдтэй учраас гэрийнхээ ойролцоох хувь, хувьсгалын олон ч эмнэлэгт хандсан. Үнэндээ намайг ажилд авах газар олдоогүй” гэж С.Сувд инээмсэглэн ярьж байлаа. “Хоёр жаахан хүүхэдтэй, дээр нь тэд жин бага төрцгөөсөн. Энэ ханиад томууны үеэр ажил хийх нь яг зөв үү…” гэсэн ажил олгогчдын эргэлзээ түүнийг мөн л зөв зүгт нь чиглүүлж орхижээ.
“Бомбордук” нэрийн дор фэйсбүүкээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж байсан С.Сувд 2019 оноос гэрээр хүүхдийн иллэг бариа, бумба, төөнүүр гэх мэт засал эмчилгээ хийж эхэлсэн байна. Энэ нь тун эрэлттэй байсан учраас 2022 онд компаниа албан ёсоор байгуулж, “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төвийг байгуулжээ.
Одоогоор түүний байгуулсан “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төв 14 хоногтой нярайгаас 10 нас хүртэлх хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Хэдийгээр “Бомбордук” насны хязгаараа 10 гэж хязгаарласан ч дийлэнх үйлчлүүлэгчид нь 0-5 насныхан байдаг аж. Тэр дундаа ханиад хатгалгаа нь дутуу эдгэсэн эсвэл ойр ойрхон ханиад хүрдэг хүүхдүүд голцуу ирдэг байна. Бүр жилд хоёр, гурван удаа хатгаа авчихсан хүүхдүүд ч тэднийд ирдгийг С.Сувд эмч хэлж байсан юм. Мөн “Бомбордук” цар тахлын дараа албан ёсоор үүдээ нээсэн болоод тэр үү ханиад томуу, ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ, уушги цэвэрлэх эмчилгээ, дархлаа дэмжих, чийрэгжүүлэх засал эмчилгээ нь тун эрэлттэй байдаг аж.
Ханиад томуу, хатгалгаанаас гадна хүчилтөрөгч, цусан хангамжийн дутмагшил, булчингийн чангарал, хөдөлгөөний хоцрогдол, нярайн гэдэсний дүүрэнгэ, өтгөн хаталт, ужиг суулгалт, шөнийн шээрэнгэ гэсэн шалтгаанаар бяцхан үйлчлүүлэгчид “Бомбордук”-ыг зорьдог байна. Түүнчлэн нүүр мурийж, хүзүү гилжийх, саажих зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд ч уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг сонгож, зорьж очдог байна.
С.Сувд эмчийн байгуулсан “Бомбордук” хүүхдийн эмчилгээний төв бол уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эмнэлэг. Гэсэн ч тус хамт олон өрнө-дорнын анагаах ухааны хавсарсан үзлэг, оношлогоо хийдгээрээ давуу талтай.
Харин засал эмчилгээний хувьд, иллэг, бариа засал, бумба буюу соруул засал, жин засал, төөнүүр засал зэрэг засал эмчилгээнүүд хийдэг байна.
Мөн өнгөрсөн онд тус хамт олон хүүхдийн асаргаа, сувилгааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн нь тун үр дүнтэй байжээ. Уламжлалт анагаах ухаанаар хүүхдийн дархлааг дэмжиж, биеийг шимжүүлэх уг хөтөлбөрт 10 хүүхэд бүртгэн хамруулснаас орон нутаг дахь нэг хүүхэд нь л хуваарийн дагуу эмчилгээ, үйлчилгээ хийлгэж чадалгүй эмнэлэгт хэвтсэн байна. Харин үлдсэн есөн хүүхдийн тухайд, “ханиадны улирал”-ыг эрүүл чийрэг давж чаджээ. Иймээс тэд жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эл хөтөлбөртөө энэ онд 30-аад хүүхэд хамруулахаар шийдэж, бүртгэл нь энэ сараар хаагдаж байгаа аж.
С.Сувд эмчийн хувьд, уламжлалт анагаах ухааны салбарт “хамгийн анхны” гэх тодотголтой хүүхдийн эмнэлгийг байгуулсны хувьд жишиг тогтоохыг хичээн ажилладаг. Тиймдээ ч тэрбээр анагаах ухааны салбарын тэргүүлэгч их дээд сургуулиудыг уламжлалт анагаах ухааны их эмч, засалч, сувилагчийн мэргэжлээр суралцаж төгссөн “жинхэнэ мэргэжилтэн”-үүдээр багаа бүрдүүлэхийг зорьдог.
Чадварлаг, сэтгэлтэй, цомхон багаар үйл ажиллагаа явуулж буй “Бомбордук” өдгөө гэрээр болон эмнэлгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ гэрээр үйлчлэхдээ зөвхөн дархлаа дэмжих, нөхөн сэргээх зорилгоор засал эмчилгээ хийдэг аж.
Бурхангүй газрын бумба
Монгол уламжлалт анагаах ухааны хүүхдийн эмчийн мэргэжлийн индексийг ердөө гурван жилийн өмнө л салбар яамдуудаас баталсан байна. Энэ дагуу өнгөрсөн намар хамгийн анхны нарийн мэргэжлийн дөрвөн эмч төгсжээ. Харин С.Сувдын хувьд, багш нарынхаа даалгавраар тэр дөрвөн резидентийг дадлагажуулжээ. “Анхны дөрөв дадлага хийх гэтэл хүүхдээр дагнасан уламжлалт эмнэлэг манайхаас өөр байгаагүй. Багш нар маань ч тэр үед тэднийг дадлагажуулах үүрэг даалгаврыг надад оноосон. Эхэндээ манай эмнэлэг жижигхэн гээд халгаахгүй байсан ч сүүлдээ жижиг гэж голдоггүй юм бол ирцгээ гээд л тэр дөрвийг дадлагажуулж байлаа. Одоо анхны дөрвийг буухиалж магистрантууд ирцгээх гэж байна” хэмээн С.Сувд эмч ярьж байлаа. Салбартаа сайны үрийг суулгаж, түүнийг арчилж ургуулна гэдэг хамгийн том “үнэ цэн” бүтээж буйн илрэл юм.
“Анагаах ухааны дөрвөн үндэс” судар уламжлалтынхны хувьд “цагаан толгой” нь. Эл судрын 31 дүгээр бүлэгт эмч хүн ямар байх ёстойг нарийн зааварласан байдаг аж. Бүр багшаа болоод мэргэжил нэгтнээ хүндэтгэхдээ хүртэл ямар байх ёстойг сударт өгүүлжээ. “Одоо ингээд харахад уламжлалтын эмч, багш нар маань их даруухан. Попрох гэдэг зүйлээс ангид. Анагаах ухааны дөрвөн үндэс судрынхаа 31 дүгээр бүлгийг хэтэрхий сайн уншчихаж дээ гэж би хааяа харамсдаг” гэж С.Сувд эмч хошигнож байсан юм. Учир нь “бурхангүй газрын бумба” гэгчээр эмчээс давсан “хийрхэгчид” бий болох нь “уламжлалт”-ын салбарт олонтаа тохиолддог. Тиймээс багш эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд дуу хоолойгоо хүргэж байх шаардлагатай гэж тэрбээр үздэг байна.
Бариачийн удам, гарын дүй, олны ам бол баталгаа биш.
Гагцхүү эмч мэргэжилтнүүдэд итгэх хэрэгтэйг С.Сувд эмч онцолж байсан юм. Сонголтоо буруу хийж, буруу хүн дээр очсоноос эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс ч бишгүй бий. Мөн монгол тан, эмийн жорын талаар түүний хэлсэн нь анхаарал татаж байлаа. “Зарим хийрхэгч жор зохиолоо гэж цээжээ дэлдэх нь бий. Үнэндээ олон мянган жилийн турш өвлөн уламжилсан үнэт жоруудыг орчин үеийн анагаах ухаанаар баталж байж эмчилгээнд хэрэглэдэг. Олон зуун жороос 100 хүрэхгүйг нь л клиникт өргөн ашигладаг. Хэн дуртай нь хэдэн өвс нийлүүлчихээд жор зохиолоо гэж болохгүй. Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамлууд чадал их тул дур зоргоороо хэрэглэх нь эмийн буруу хэрэглээтэй адил сөрөг үр дагавартай” гэж тэрбээр сануулж байсныг энд онцолъё.
Мөн С.Сувд болоод түүний багш нарт нэг том зорилго бий. Тэр нь Монголын уламжлалт анагаах ухааны хүүхдийн эмч нарын нийгэмлэг байгуулах. Хэрэв энэ нийгэмлэгийг байгуулчихвал заавар зөвлөмж, стандартуудаа нийтээрээ боловсруулж, хэвшүүлэх боломжтой. Хамгийн гол нь салбарт нь шургалсан мэргэжлийн бус хүмүүсийг цэгцэнд нь оруулах боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж.
Төөрөгдлийн залруулга, эмчийн сануулга
Сэтгүүлч миний хувьд, эмч нартай ярилцах тун дуртай. Танин мэдэхүйн ач холбогдолтой, бас сонирхолтой учраас тэр байх. “Бомбордук”-ын “ээж” С.Сувд эмчтэй ярилцах зуурт зарим нэгэн төөрөгдлөө залруулах шиг болсноо нуух юун. Түүний зөвлөмжүүдээс тоймлон хүргэе.
Өвчний сүүлийг таслагтун: Хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүүхдийн уушги бүрэн дүүрэн нөхөн сэргэхэд багадаа 14-28 хоног шаарддаг. Харин ханиад хүрсэн бол эргээд хэвийн болох хүртэл нэг сарын хугацаа шаардлагатай. Гэтэл миний хүүхэд эдгэчихлээ гээд эмчилгээг нь зогсоочихдог. Энэ бол маш буруу, бичиж өгсөн эмчилгээг бүрэн хийх ёстой. Мөн цэртэй ханиад хүрсэн хүүхдэд өвчний сүүлийг таслах зорилгоор төөнүүр засал хийлгэвэл үр дүнтэй байдаг.
Дэвтээлэг засал бол ид шид: Хүүхдийг усанд оруулахдаа цай, овьёос, чацарганы тос, давс зэргээр усыг баяжуулах нь дархлааг дэмжиж, биеийг шимжүүлдэг. Харин шөлөнд оруулж, өөх тосоор нялж болохгүй. Ялангуяа дөнгөж төрсөн хүүхдийн арьсны нүх нэгж талбайд илүү шигүү байрладаг учраас бодисын солилцооны хамгийн чухал эрхтэн болох арьсыг нь цэвэр байлгах хэрэгтэй. Нярай үед хүүхдийг өдөр бүр усанд оруулах хэрэгтэй бол 28-аас дээш хоногтойд долоо хоногтоо 2-3 удаа усанд оруулж болно. Мөн хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалтай, булчин чангаралтай хүүхдэд хөвөгч зүүлгэж, ойр дамтамжтайгаар аль болох их усанд чөлөөтэй хөдөлж байхаар оруулж байх нь маш үр дүнтэй.
Хүүхдийн бариа хүссэн бүхний хийдэг зүйл биш: Хүүхдэд үе хамгаалах техник хэрэглэхгүй бариа хийх нь үе мултлах эрсдэлтэй. Мөн тархины даралттай гэсэн шалтгаанаар хүүхдийнхээ толгойг бариулах гээд байдаг нь маш буруу. Ялангуяа зулай битүүрээгүй, гавлын яс бэхжиж амжаагүй үед толгой бариа хийлгэж болохгүй. Үүний оронд бүтэн биеийн бариа хийлгэж, цусны эргэлтийг сайжруулж, булчингуудыг суллах нь илүү нийцтэй. Харин зөөлөн иллэгийн хувьд төрснөөс хойш 14 хоногтойгоос хийж болох бөгөөд төөнүүртэй хослуулснаар нярайн гэдэсний дүүрэнгийг үр дүнтэй эмчилдэг.
Хаана хэрхэн төөнөхийг эмч л мэднэ: Хүний биеийн өвөр болон ард талд зүү хатгадаг цэг шиг төөнийн бэлчир орнууд байдаг. Аль бэлчир дээр хэрхэн төөнөхөөс хамаараад үр дүн нь өөр. Хүүхэд шингэн алдах болон өтгөн хатахад төөнөдөг цэгүүд өөр хоорондоо маш ойр байрладаг. Тиймээс эмчид л хандах хэрэгтэй. Төөнө засал нь ходоодны үйл ажиллагааг сайжруулах, ядаргаа тайлахад өндөр үр дүнтэйгээс гадна ханиад, хатгааны үед хамгийн тохиромжтой эмчилгээ болдог.
Нярай үеэ өнгөрөөчихвөл бумба тавьж болно: Бумба буюу соруул засал нь нэг сартайгаас дээш хүүхдэд илүү зохимжтой. Гэхдээ ханиад, хатгаа туссан яалтчгүй үед 28 хоногтой нярайд ч бумба тавих нь бий. Бумба нь суваг, хэрдсийг чөлөөлснөөр хий, цусны гүйдлийг сайжруулдаг. Хэсэг газрын цусны эргэлтийг маш сайн дэмждэг төдийгүй булчин сулладаг. Гол нь хүүхдэд бумба тавих үед хүчийг нь маш сайн тохируулахаас гадна хориглох заалтуудыг мэддэг байх хэрэгтэй.
Жин заслаар өвчнийг илааршуул: Халуун, хүйтэн болоод эмийн ургамалтай жингүүд нь хүүхдийн өвчлөлд олон талын нөлөө үзүүлдэг. Гэдэс хэвлий, хөлийн эрээн булчин, дөрвөн толь буюу гарын алга, хөлийн уланд жин тавих нь өвчнийг намдаах, ядаргаа тайлах ач холбогдолтой. Мөн ханиад, хатгаа хүрээд байдаг “нөхдүүд”-ийн ар нуруунд жин тавих нь эмчилгээг илүү дэмждэг.
Зөгийн балтай татлага бол “тоглоом” биш: Зөгийн балтай татлагын хүч, техникийг тохируулахгүй бол хүүхдийн уушги ховхрох эрсдэлтэй. Ялангуяа нярайд цэр ховхлох татлага хийхдээ гарынхаа бүх хүчээр овс овс хийтэл татах нь маш буруу. Татлага хийсний дараа ховхорсон цэрийг нялх нярай хүүхдүүд гадагшлуулж чаддаггүй учир уушгинд цэр хуримтлагдах аюултай. Тиймээс гэрийн нөхцөлд зөгийн балтай татлага хийсэн бол эмчээр заавал хянуулах ёстой.
Монгол тангийн гайхамшиг: Тамир доройтож, дархлаа суларсан, эм нь эс шингэх хэмжээнд хүрсэн хүүхдүүдэд монгол тан ид шидийн гэмээр үйлчилдэг. Гол нь тууштай байх тусам үр дүн гардаг. Хоолой нь идээлээд халуурч байгаа хүүхдүүд ч антибиотик уухгүйгээр тан уугаад зүгээр болдог. Гэхдээ өрнийн анагаахаас төрсөн эм, монгол тангийн алиныг нь уувал зохимжтойг зөвхөн эмч л шийдэхийг санаарай.